ГУРВАН ЧУХАЛ
Архангай аймгийн Хүүхдийн номын сангаар жилдээ давхардсан тоогоор 15,000 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Номын сангийнхан уншлагын бүтээлч хэлбэрүүдийг нэвтрүүлж байгаа аж. Ангиараа номын санд ирж ном унших “Ангийн уншлага”, сумын хүүхдүүд автобусаар аймаг руу ирэх замдаа ном уншиж, Архангай аймгийнхаа түүх соёлтой танилцах “Автобустай уншлага”, дөнгөж ном уншиж сурч байгаа хүүхдүүдийг зөв тод уншиж сургах “Чанга уншлага”, эцэг эхийн хамт бүтээлчээр унших “Эцэх эхтэйгээ хамтын уншлага” зэрэг үйл ажиллагаанд хүүхдүүд идэвхтэй хамрагддаг болжээ.
Монголд хуруу дарамд тооцогдох зориулалтын байртай энэ номын санд хүүхдийн төлөө цохилох зүрхтэй нэгэн ажилладаг билээ. А.Ундармаа номын санчтай хэдхэн хором ярилцахад гурван чухал зүйлийн талаар хэлснийг нь тодотгон бичмээр санагдав.
- Ном бол хүн төрөлхтний оюуны үнэт өв юм. Ном нь их нарийн шалгуураар бүтдэг. Зохиолч хүн ухаан бодлоо ширгээн байж номоо бичдэг. Оросын нэрт зохиолч Л.Н.Толстой “Дайн ба Энх” романаа 15 удаа бүрэн хуулж бичиж байж сая ном боллоо гэж үзсэн байдаг. Тиймдээ ч цаг хугацааны нарийн шалгуурыг даваад гарсан, үе үеийн уншигчдад үргэлж шинэ соргог мэт сэтгэгдэл төрүүлж, цагийн цагт уншигдаж одоог хүртэл шинээрээ байгаа тэр л номыг л сонгодог бүтээл гэнэ шүү дээ. Сайн номыг унших нь саруул ухаант хүнтэй ярилцахын адил гэж үг бий. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ ном авч өгөх нь түгээмэл болсон ч тэр нь ямар ном байх вэ гэдгийг огт бодолгүйгээр худалдан авалт хийдэг.
Хэвлэгдэн гарч байгаа номыг ажиглаж байхад сайн зүйл ч байна, учир дутагдалтай зүйл ч их байна. Өнгө зураг, хавтас чимэглэл нь сайхан ч хуудсыг нь сөхөөд үзэхээр доторх мэдээллээсээ даваад нэр нь томдчихсон байдаг. Тэр бас бизнесийн маркетинг байх л даа.
Хүүхдэд зориулсан ном гэхэд л бичгийн хэв нь стандарт бус, бүх үсгийг нь томоор бичсэн, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц бүдүүлэг үг хэллэг орсон, хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаатай, зураг нь урд хуудсандаа, өгүүлэмж нь арын хуудсандаа байх жишээтэй. Биднийг бага байхад ном, сонин хэвлэлээс л үгийг хэрхэн зөв бичих вэ гэж нотолж хардаг байсан. Тэр үеийн хэвлэл өндөр цензуртай, үг, найруулгын алдаа бараг байдаггүй байсан.
Тиймээс би хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хэвлэлийн чанар, агуулгын хувьд шаардлага хангахуйц номоор үйлчлэхийг хичээдэг. Хүүхдийн ном унших үйл явцыг дэмжин, зөв удирдан чиглүүлэх нь номын санч хүний эрхэм үүрэг. Иймд номын санчид бид тэр үеийн монголын уран зохиолын шүр, сувд болсон зохиол бүтээлийг заавал уншихыг уншигчдадаа, ялангуяа хүүхэд, залууст зөвлөдөг.
Бидний хүүхэд ахуй үед номыг эрдэнэ мэт дээдлэн шүтдэг цаг үе байлаа. Хүн бүрийг хүүхэд ахуйгаас нь номтой нөхөрлүүлж, “Номын сайн нөхөр” 1,2,3-р шатны болзлыг өрнүүлж, өрх бүр гэрийн номын сантай болж, шинэ номоор тогтмол баяжуулан, үр хүүхдэдээ уламжлан өвлүүлж ирсэн. Эдэд шунадаггүй, эрдмийг дээдэлдэг тэр үед мэдлэгийн охь болсон номон дээр чин сэтгэлийн үгээ бичиж, дурсгах шиг үнэ цэнэтэй бэлэг гэж үгүй байлаа.
1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр нэгэн үе хүмүүс номоос их хөндийрсөн. Харин одоо ном унших хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм. Гэхдээ номыг сайн унших нь биш сайн номыг сонгож унших нь чухал.
Олон жил хүүхэдтэй ажилласан хүний хувьд одоогийн хүүхдүүдийн хүмүүжил төлөвшлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ном унших нь өөрийн гэсэн дараалалтай ухаалаг, нарийн үйл явц байдаг. Сүүлийн хэдэн жил манай номын сангаас хэрэгжүүлж байгаа нэг үйлчилгээ бол ангийн уншлага, эцэг эхтэй хамт ном унших үйлчилгээ. Ингэснээр тодорхой үр дүнд хүрч байгаа. Хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн соёл олон нийтийн ажил дутмаг санагддаг. Хувь хүн байх, байгаль дэлхийгээ хайрлах, хүнтэй мэндлэх талархах гэх мэт яриаг хүүхэд зөвхөн сургуулиас олж авах биш гэр бүлийн орчноос л олж авах нь зүйтэй. Хүүхэд хүмүүжих, хөгжих, төлөвших гол орчин нь гэр бүлийн орчин байдаг. Гэр бүлдээ хүүхдүүддээ анхаарал хандуулж, хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэж баймаар байна. Энэ байдал дутмаг байгаад бид дүгнэлт хийж, эцэг эхтэйгээ хамт номын санд ирж ном унших шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Энэ маань маш үр дүнтэй байна. Гэртээ тэр бүр дотно харилцаа үүсгэдэггүй, хүүхдийнхээ юу хүсч сонирхож байгааг сонсдоггүй дутагдал нь ажиглагддаг.
Хүүхдийг эцэх эх, эмээ өвөө, асран хамгаалагчтай нь номын санд урьж авчирдаг. Манай эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргахгүй байна. Нэг л их завгүй хүмүүс. Тэднийг ангийн багш, сургуулийн захиралтай хамтарч урилга өгч байж авчирдаг. “Энэ намайг чирсээр байгаад дагуулаад ирлээ” гэх эцэг эх ч байдаг.
Номын сан бол номын цагаан буян шингэсэн гэгээлэг, номын өв соёлыг хадгалж өвөлж байдаг ариун газар. Ийм сайхан эрдмийн өргөөд орж ирсэн ээж, аавын хандлага аяндаа өөрчлөгддөг. Номын санчтай ярьж байгаа хүүхдүүдээ хараад тэд хүүхдээ шинээр мэдэрдэг, өөрөөр хардаг. “Миний хүүхэд ийм сүрхий байжээ”, “ийм хүсэл мөрөөдөлтэй” юм байна гээд магтаад, яриад гарах нь дийлэнх. Дотоод ертөнцийг нь ойлгож, тэднийг ойлгож харилцах юм бол хүүхэд гэдэг хэнд ч сэтгэлээ нээдэг гэгээлэг өвөрмөц ертөнц. Тиймээс хүүхдээ ойлгож, тэдэнд цаг гаргаж байх нь чухал.
Москва хотын Соёлын дээд сургуулийг номзүйн-номын сан судлалын ангийг төгссөн тэрээр төгссөн цагаасаа аймгийнхаа номын санд ажиллаж байгаа бөгөөд хэдийнээ 25 жилийг үджээ. Бяцхан охин Ундармаагийн гэр баялаг номын сантай байсан бөгөөд багаасаа номтой нөхөрлөж, номоор хүмүүжсэн нь энэ мэргэжлийг сонгоход нь нөлөөлсөн байдаг.
Тэрээр “Ер нь ном бол тухайн цаг үе, нийгмийн хөгжлийг тодорхойлогч үнэт капитал байдаг. Мэдээлэл, хэрэглэгч хоёрыг холбогч гүүр болохын хувьд номын санч хүн аливаа номын анхны уншигч байх ёстой. Номоо судалж байж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа уншигчдын оюуны хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэнэ шүү дээ” гэсэн юм.
Хүүхдийн оюун тархи аливаа зүйлийг их эмзэг, соргогоор хүлээж авдаг онцлогтой. Аливааг даган дуурайх хандлагатай. Ном уншихаар ирсэн хүүхэд бүрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон номыг сонгож уншуулахаас гадна өөрөө тэдэнд ном уншиж өгөх дуртай. Уншихдаа дүр бүрээр нь ялгаж, өнгө хоолойгоо өөрчилж уншихад нь хүүхдүүд дуртай гэнэ. Мөн хүүдүүдэд өөрийн бэлдсэн хүмүүжлийн лекц, яриа таниулгуудаа заавал хэлж өгдөг. Хэдийгээр энэ нь түүний ажлын чиг үүрэгт байхгүй ч яг л үүрэг нь юм шиг бодож ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Түүний бидэнд хэлсэн гурав дахь чухал зүйл нь ажлыг чин сэтгэлээсээ хийх нь чухал гэдэг үг юм.