Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2020-02-20

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

ТӨГСБАЯСГАЛАНТ БУЯНДЭЛГЭРЭХ ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Х.БААСАНЖАРГАЛ

Нутгийн зон олон та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Цаг үеийн учир шалтгаантай холбоотойгоор аймгийн төв гандан сүсэгтэн олондоо уншлага номоо нээлттэйгээр айлдаж чадахгүй байгаа ч лам хуваргууд бид та нарынхаа өмнөөс номын дуу, зулын гэрэл тасдалгүй хурал номоо хурж байна. 

Сар шинээр Булган хайрхандаа зул өргөх ёслол бол Архангайчуудын өнө эртний уламжлал билээ. Энэ ёслолыг ч бид та бүхнийхээ өмнөөс үйлдэх болно. Өрх бүхэн сэтгэл юундаа сүсэглэн Булган хайрхандаа харагдах байрлалд зулаа барьж болгоовол зулын гэрэл холдодгүй юм шүү.

Далай багшийн айлдвар ёсоор хүн бүр Ногоон дарь эхийн зүрхэн тарни “Ум дарэ дүдарэ дүрэ суха” маанийг олон удаа уншвал эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд таны хийж байгаа томоос том буян болох юмаа.

Энэхүү тарнийг олонтаа уншвал жилийн заслаа хийлгэсэнтэй дүйцэхүйц авшиг ерөөлтэй.

Сүсэгтэн олон та бүхэн минь аймаг орон нутгаас гаргасан захирамж шийдвэрийг даган аюулт өвчнөөс сэргийлэн гэр гэртээ цай сүүнийхээ дээжийг өргөн, арц хүжээ уугиулж, сэтгэл амгалан сайхан ёслоорой.

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

УЛСЫН САЙН МАЛЧИН, 2019 ОНЫ АЙМГИЙН АЛДАРТАН М.ЭРХЭМБАЯР

Малчид бид сар шинийн баярыг ахмад буурал, айл саахалтаараа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өвлийг өнтэй давж, хавартай золгож байгаа малчин түмний хүсэн хүлээдэг баяр нь яахын аргагүй Цагаан сар боловч энэ жилдээ бүгдээрээ гэр гэртээ байж, Хулгана жилээ угтъя хэмээн уриалж байна.

Хүн бүр сонор сэрэмжээ алдахгүйг хичээж байна. Малчид бид ч зуны дэлгэр, намрын налгар цагтаа хот айлдаа золгож, амар мэндээ ирэх нь оройтохгүй ээ.

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

“АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД” БАГИЙН АХЛАГЧ ОУХМ Э.ЦЭВЭЛДОРЖ

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр маань хайртай дотны хүмүүстээ хүндэтгэл үзүүлж, уулзаагүй удсан ах дүү, найз нөхөдтэйгөө уулзах боломж олгодог өргөн дэлгэр сайхан баяр.

Харамсалтай нь дэлхий нийтийг айдаст автуулсан аймшигт өвчин гарсантай холбогдуулан манай гэр бүлийн хувьд эрүүл мэндээ нэн тэргүүнд тавьж, энэ жил Булган хайрхандаа очиж амжихгүйгээс гадна хол ойрын ах дүү, хамаатан садантайгаа цахим сүлжээ ашиглан уламжлалт баяраа тэмдэглэхээр болсон.

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

МУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН 28 ДАХЬ САЙД, АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР А.ЦОГЦЭЦЭГ

“Хувьтай хүн хулгана жилийг үзнээ” гэдэг. Монголчууд бид энэхүү жилийг бэлгэшээж ирсэн нь цаанаа утга учиртай санагдана.

Өнөөдөр дэлхий дахиныг донсолгож буй аюулт корона вирусээр үүсгэгдсэн тахал хөрш зэргэлдээ БНХАУ-д анхлан гарч, сар гаруй хугацаанд нэг аймгийн талаас  илүү  хүн амтай тэнцэх хэмжээний хүнийг өвчлүүлж, тэдний амь насыг эрсдэлд оруулж байна. Улмаар дэлхийн 26 орныг хамарч, өвчлөлийн тархалт маш хурдтай явагдаж, 75307 хүн өвчилж  2012 хүний /02.19-ний байдлаар/ халуун  амийг авч одоод байна. Хэдийгээр Монгол улсад минь энэхүү тахлын вирус илрээгүй ч халдвар авах магадлал маш өндөр, дээсэн дөрөөн дээр байна.

БНХАУ-д корона вирусын тахал огцом тархсаныг Цагаан сарын баярыг тэмдэглэсэнтэй холбож үзэж байгаа. Тэгвэл бидэнд нүдэн дээр гашуун сургамж байхад энэхүү эрсдлээс сэргийлж болно. Ийм үед хувь хүн бүр ДЭМБ-аас гаргасан зөвлөмж, МУ-ын Засгийн газрын шийдвэрийг ягштал мөрдөж, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлэхийг Та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье! 

Төрсөн нутгийнхаа ахан дүүс та нартаа Хулгана жилдээ төрлөөрөө түмэн амгалан элгээрээ энх амгалан байхын өлзий буянтай ерөөлийг  дэвшүүлье!

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Н.МӨНХ-ИТГЭЛ

Дэлхийн олон улсад тархаж, гамшгийн түвшинд хүрээд байгаа шинэ төрлийн коронавирусын аюулт тахал азай буурал, хүүхэд, залуучууд хэнийг ч ялгахгүй улам хүрээгээ тэлж, аюулын харанга дэлдээд байна. Энэхүү аюулт тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн үүрэг, хариуцлага чухал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөн хэрэгжүүлж, сар шинийн баярыг зөвхөн энэ удаа тэмдэглэхгүй байж, аюулт тахлын эсрдлээс удам угсаа, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлэхийг нутгийнхаа зон олонд уриалж байна.

Өвөг дээдсийнхээ “Амьд явахад алтан аяганаас ус ууна” гэх үнэт сургаалийг дагаж, эрүүл энх амьдрахыг хүсэн ерөөе.

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

ЛАБОРАТОРИ 1-Р СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Т.УРТНАСАН

Сар шинийн баярыг аав ээж, настан буурлуудаараа айлчлан золгож, ах дүү хамаатан садангаа цайлж, дайлан тэмдэглэж өнгөрүүлдэг билээ. Манай гэр бүлийн хувьд хамгийн хүндэтгэлтэй бөгөөд хүсэн хүлээдэг баяр бол Цагаан сар.

Энэ жилийн хувьд халдварт вирусын тархалт их, улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа учраас айлчлан золголтыг хойшлуулж, гэртээ шинэлж, ах дүү, хамаатан саднаараа айлчлахгүй байхаар шийдсэн.

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЭМЧ Б.ГАНБАТ

Монголын уламжлалт баяр Цагаан сарыг хүн бүр, айл бүхэн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дэмжиж байна.

Монгол улс Covid-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш эрчимтэй, үр дүнтэй авч байгаа энэ үед ард иргэд хариуцлагагүйн улмаас эрсдлийг нэмэгдүүлж болохгүй.

Эрүүл саруул, элэг бүтэн байхад зуны дэлгэр сайхан улиралдаа баяртайгаар учран золгох үе олон бий.

“Монгол улс Covid-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлж чадлаа” гэсэн сайхан үгийн доор эргэн уулзацгаана гэж найдаж байна. Үүний тулд иргэн бүрийн хариуцлага чухал шүү.

#ГЭРТЭЭ ШИНЭЛЦГЭЭЕ

АРХАНГАЙ МЕДИА ГРУППЫН ЗАХИРАЛ О.АМАРЗАЯА

Билгийн тооллоор сар шинийн өдрүүд болоод л өнгөрнө. Хориглолоо гээд цаг тооллыг зогсоох биш. Гэхдээ бид баяр ёслол талаас нь нэгэн цагаан сарыг тэмдэглэхгүй байлаа гээд ямар ч муу зүйл ирэхгүй. Харин ч аюулт өвчнөөс сэрэмжлэх нь ашдын энх тунхыг авчрах билээ.

Манайх л лав гэртээ шинэлнэ. Хөдөө байгаа аав ээж, аравхан алхмын цаана суугаа эмээ маань учир явдлыг ойлгосон тул тумлаж туних явдал үгүй гэж тохиролцсон.

Мэдээж бэлгэ дэмбэрэлээ болгоож, битүүн, шинийн нэгнээ ёсолж л таараа. Бурхандаа идээгээ тавьж, зул арцаа өргөөд, багахан таваг засчихна. Шинийн нэгний өглөө тэнгэр хангайдаа цайгаа дээжлээд сүсэлнэ. Тэгээд л ам бүлээрээ золгоно доо. Ингээд л сайны ерөөлийг сэтгэлдээ тунгаагаад шинэлчихнэ.

Иймхэн зохицуулалт хийхэд л айхтар вирусээс хамгаалчихвал ядах юун. Хэдүүлээ дор бүртээ хичээцгээе.

 

 

 

 

 

 

 

 

1153   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох