Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЭНТЭРТАЙНМЭНТ   2020-02-14

АМЬДРАЛЫН МИНЬ ТҮШИГ ЧАМДАА БАЯРЛАЛАА

Гэр бүл бол хүний амьдралын хамгийн нандин хэлхээ. Чин сэтгэлийн хайраар холбогдон хувь заяагаа хамтдаа зурж, үр хүүхдийнхээ өсөн торниж байгааг харан сууна гэдэг хүн болсны зол жаргал.

“Архангай” сэтгүүлийн “хойморт” заларсан эрхмүүд хань ижлийнхээ тухай өгүүлсэн дурсамж хэсгээс түүвэрлэн уншигч танд хүргэж байна.

Өнөөдөр “Гэгээн хайрын өдөр”. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр, дурлал, хань ижлийн тухай тэд юуг өгүүлсэн бол...

 

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр:

Хүний нэгэн насны түшиг тулгуур болсон амьдралын хань гэдэг бол тухайн хүний ажлын, амжилтын нэр нүүр, бүх юмны тавь илүү хувь нь байгаа юм шдээ. Монголчууд гэрийн эзний нэрээр орж, гэргийн нэрээр гардаг гэдэг. Өсөхбаярынх гэдэг айлыг айлын дайтай авч явж, хүний дунд нэр бүтэн байлгадаг хань ижлийн минь ач гавъяа. Хүний амьдралын утга учир гэдэг бол харилцан хүндлэл, ойлголцол, элэг бүтэн байх, сэтгэл ханамж гэж ойлгодог доо.

Хайрхан сумын Засаг дарга В.Мөнхбат:

Ханьтайгаа бага ангиасаа нэг ангид сурч байсан. 2000 онд гэр бүл болж, одоо ам бүл зургуулаа. Гурван охин нэг хүүтэй. Хань минь миний ажлыг ойлгож, асар их дэмжлэг болдог доо. Албаны ажлаа хийхийн хажуугаар ар гэрийн маань бүхий л ажлыг амжуулдаг. Сайхан ханьтай учирсандаа өөрийгөө азтайд тооцдог.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатар:

Өдий зэрэгт хүрэх, сурч боловсрох, төрийн хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэхэд түшиж дэмжиж, үр хүүхдүүдийг минь төрүүлж өсгөх гээд ар талыг хариуцаж яваа ханийн үүрэг маш их байдаг. Ханьдаа талархаж явдаг аа.

ХСҮТ-ийн Ангиографийн тасгийн эрхлэгч Н.Юмчинсэрчин:

Эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж байлаа. Хань маань багш мэргэжилтэй. Манайх ам бүл тавуулаа. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад гэр бүлдээ цаг зав гаргах нь ховор. Ажлыг минь ойлгож ар талыг минь асуудалгүй авч явдаг ханиараа бахархдаг. Амралтаа аваад гэр бүлээ дагуулаад нутагтаа очихдоо би үнэхээр дуртай.

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан:

Бид хоёр 7-р ангиасаа нэг ангид суралцаж төгссөн. Тэгээд үерхэж нөхөрлөөд ханилсан. Төрийн ажлын ачааг ойлгож, бүх талаар минь дэмжиж, дотно зөвлөгч болдог хүн бол миний хань.

Төвшрүүлэх сумын “Бага хангай” ХХК-ий захирал, тариаланч Б.Жавхлан:

Эхнэртэйгээ их сургуулиа төгсөөд 1986 онд ханилсан. Түүнээс хойш өдий зэрэгтэй амьдарч явна. Гурав гурван насны зайтай гарсан гурван хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэхэд ханийн маань үүрэг их байсаар ирсэн дээ. Тариаланч хүн чинь гэрийн бараа харахгүй шүү дээ.

Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Ганхуяг:

Бид хоёр нэг сумынх болохоор багаасаа бие биенээ мэддэг байлаа. Тэр үед чинь харилцаа холбооны зүйл нь захиа л байлаа. Захидлаа шүлэглээд, гоё дөрвөлжин нугалаад л шууданч найзуудаараа зөөлгөнө. Тухайн үедээ хайр дурлалдаа үнэнч, цэл залуухан хос хувцсаа чирээд Цэцэрлэг хотдоо ирж байлаа. Одоо санахад саяхан мэт боловч 22 жил өнгөрчээ.

Газар зохион байгуулалт, Геодези зурагзүйн газрын орлогч дарга А.Батбаяр:

Миний хамгийн үнэтэй зүйлсийн нэг бол гэр бүл. Бид хоёр их сургуулийн нэг анги. Нэг мэргэжлээр сургууль төгссөн. 2001 онд анх танилцаж 3-р курсээсээ хамтын амьдралаа эхлүүлсэн. Одоо хоёр хүүтэй. Миний гэр бүлд олон зорилго байгаа. Гэхдээ их яардаггүй. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, эрүүл байх нь чухал.

Аймгийн БТСГ-ын дарга асан Ц.Нэргүйбаатар:

Манай гэр бүлийн хувьд спортоо хаялгүй, одоо ч хамтраад хичээллэж байгаа Монголын цөөхөн гэр бүлийн нэг. Бид хоёр Азийн аварга шалгаруулах тэмцээнд хамт оролцдог. Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, орон нутгаа төлөөлөн хамтраад оролцож байгаа ганцхан гэр бүлийн төлөөлөл. Бид Монголын шилдэг спортын гэр бүлээр шалгарч байлаа. Бид хоёр спортын нэг ангид орж, нэг ширээнд суусан цагаасаа танилцаж, үерхэж ханилсан түүхтэй.

Аймгийн НҮЭМК-ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Т.Баянмөнх:

Хоёулаа эмч байхын жаргалыг мэдэрсэн хүмүүс бол бид хоёр. Хамт санаа зовж, хамт баярлаж, хамт завгүй байдаг ажилтай. Энэ бүхэнд бие биенээ дэмжиж сэтгэлийн урам өгч өдий хүрсэн дээ. Тулгамдсан асуудлаа хоёулаа их ярилцанаа. Нас ахих тусмаа зан зангаа ойлгож, нэгнээ өрөвдөх нь их болдог.

 

759   2
НИЙТЭЛСЭН: Б. Мандуул

Санал болгох