Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-02-05

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГА ЧУХАЛ БАЙНА

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаагаас улирлын томуу болон короновирусийн үе дэх нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал, орны зохицуулалт хэр байгаа вэ?

Энэ долоо хоногийн байдлаар хүүхдийн ор 70, дотрын тасгийн ор 70 хүрсэн буюу энгийн томуу, ханиадны хүндрэл их байна. Хүүхдийн тасгийг өргөтгөж, уламжлалтын эмчилгээний тасгийг хүүхдийн оронд шилжүүллээ.

-Эмнэлгийн эмч, ажилчдын хүчин чадал ямар байна вэ?

-Хүн хүч, ээлжийн сувилах үйлчилгээний ажилтан, эмчийн үзлэгийн пост, тусгай дуудлагын түргэний машин, эмч, постыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дотрын тасагт найман хүнд өвчтөнтэй, нэмэлт нэг их эмч, нэг сувилагч ажиллаж байна. Цаашдаа томуугийн хүндрэл буурахгүй үргэлжилбэл эмнэлгийн үйл ажиллагаа ачаалалтай болох төлөвтэй байгаа учраас зарим тасгийн чиг үүргийг өөрчлөх, орны зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг авна.

-Ханиалгаж халуурч байгаа хүүхэд заавал эмнэлэгт ирэх шаардлагатай юу, эсвэл дуудлага дуудах уу?

-Дуудлагаа өгнө. Хүүхдийн түргэн очно. 22.00 цаг хүртэл хүүхдийн тасагт үзлэг оношилгоо хийж байгаа. Насанд хүрэгчид 103-т дуудлагаа өгнө. А хүрээний H3N2 вирус эргэлтэнд байна. Энэ нь өндөр халуурдаг, 2-3 хоногийн хугацаанд халуураад хүндэрдэг улирлын томуу юм. Энэ томуугаас сэргийлж хүндрэл гаргахгүй байх нь хувь хүний өөрийнх нь хариуцлагаас шалтгаалж байна. Ханиалгасан, халуурсан, зарим тохиолдолд гүйлгэсэн шинж тэмдэгтэй хүмүүс халдварын бүс нутаг руу зорчсон бол 103-т дуудлага өгөхдөө заавал мэдэгдэх ёстой.

-Улирлын томуу амбулаторийн нийт үзлэгийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

-2020 оны 5 дугаар долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн 20.2 хувийг эзэлж байна. Өмнөх долоо хоногоосоо 1.7 хувиар нэмэгдсэн. Халуурсан нөхцөлд улирлын томуугийн вирусийн эсрэг сонгомол үүдэлтэй эмийг хэрэглэх шаардлагатай. Тодорхой эмийн сангууд дээр энэ эм байршсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр вирусийн эсрэг эм хангалттай нөөцлөгдсөн. Одоогоор эмчилгээнд хэрэглэгдэж байна.

-Шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол улс короновирусийн эрсдлийн зэрэгт шилжээд байгаатай холбогдуулан эрүүл мэндийн алба идэвхжсэн, штаб байгуулагдсан, 24 цагаар жижүүр гарч урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний ажлыг хийж байна. Түүнээс гадна халдварын сэжигтэй болон болзошгүй тохиолдол орж ирэхэд тусгаарлах, оношлох, шинжилгээ авах, эмчилгээг эхлүүлэх зэрэг бэлтгэл ажлууд хангагдаж байна.

-Тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, нөөц ямар байгаа вэ?

-Нэн шаардлагатай зүйлүүдийг ЭМЯ, ХӨСҮТ, Онцгой комисс руу уламжилж, хүн хүч дайчлах төлөвлөгөө, эм урвалж оношлуурын байдал гэх мэт шаардлагатай бүх тооцоо, төлөвлөгөө хийгдсэн.

-Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд короновирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмжүүдийг хэрхэн хүргэж байна вэ?

-Сумдын эмч нар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт томуугийн шинэчилсэн удирдамжаар дахин сургалт хийсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс бүх байгууллагад мэдэгдэл зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу дарга нар ажиллах шаардлагатай. Халдвар авсан бүс нутаг руу хүмүүсээ зорчуулахгүй байх гэх мэт арга хэмжээг авч ажиллах ёстой. Вирусийн эсрэг сонгомол үүдэлтэй эмийг тодорхой эмийн сангуудаар худалдаалж байна.

Улирлын томуугийн тархалт ихсэж, хүндрэл нэмэгдэж байгаатай холбогдуулан орон нутгийн удирдлагууд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүрэлцэн ирж, бодит байдалтай танилцан, тодорхой асуудлуудыг шийдэж, хөрөнгө гарган дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна.

-Короновирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

-Эмнэлэг ганцаараа хичээж зүтгэж ажиллах бус, бусад мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаатай байх, улмаар иргэн хүн өөрөө хариуцлагатай байх ёстой. Юуны түрүүнд халдвар бүртгэгдэж байгаа 27 орон буюу халдварын бүс нутаг руу зорчихгүй байх хэрэгтэй. Амны хаалтыг тогтмол зүүх, гарын ариун цэврийг сайтар сахих нь зүйтэй. Гараар дамжиж уг халдвар гарсан тохиолдол байгаа учраас 30 минут тутамд бохир зүйлд хүрснийхээ дараа гараа угаах болон шаардлагатай тохиолдолд гараараа нүүрэндээ хүрэхгүй байх, ам хамраа  ухахгүй байх, нүдээ нухахгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй. Хүний гар хамгийн их хүрэлцдэг газруудыг хлор агуулсан уусмал, спиртэн суурьтай уусмалаар ариутгах нь хамгийн чухал. Хаалга цонхны бариул, ширээний давцан мөн суултуур, бохирдсон гар утас зэргийг ариутгах шаардлагатай.

Дээрээс нь дархлаагаа сайжруулах шаардлагатай. Стресстэхгүй тайван байх, бүтэн нойроо авч унтах, бүрэн болгосон уламжлалт хоолыг өлссөн үедээ идэх шаардлагатай. Ингэсэн үед хүний дархлаа амархан сэргэдэг.

Үүнээс гадна олон хүн цуглаагүй газар амны хаалтаа зүүгээд цэвэр агаарт гар алхах, хөдлөх шаардлага. Эдгээр зүйлүүдийг сахиад явбал халдвар авахгүй байх бий.

Монгол улсад халдвар илрээгүй. Гэхдээ бэлэн байдлаа сайтар хангах шаардлагатай. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалтыг сайжруулах хэрэгтэй. Чийгтэй, агаараа сэлгээгүй орчинд ямар ч нян, вирус үүсэх боломжтой. 2 цаг тутамд 10-15 минутын агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх, суултуураа сайтар цэвэрлэх шаардлагатайг анхааруулж байна.

-Албан байгууллагууд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Байгууллагууд дээр ажилчдын дархлааг сэргээх чиглэлээр ачааллыг тэнцвэржүүлж ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах, өдөрт хэдэн хүнтэй харьцаж байгааг тогтоох боломжгүй нийтийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд байнгын амны хаалттай байх, спирт суурьтай гар ариутгалын бодисуудаар гараа ариутгах, гараа тогтмол угаах шаардлагатай.

О.Оюун-Эрдэнэ

896   4
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох