Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2019-12-27

ИРЭЭДҮЙД ТЭМҮҮЛСЭН “ИХ НҮҮДЛИЙН” ЭЗЭД

Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 2Б ангид даамны спортын нэгдүгээр зэрэгтэй хоёр охин суралцдаг. Буянтогтохын Нарансолонго, Цогтбаатарын Буянцэцэг нар хүүхдийн 4-р цэцэрлэгт нэг ангид орсноос эхлэн үерхэж нөхөрлөсөөр яваа.

Буянцэцэгийн гэр бүл оюун ухааны спорт шатар, даамаар гэр бүлээрээ хичээллэдэг. Түүний аав Цогтбаатар 4-р цэцэрлэгт даамны хичээлийг сайн дураараа зааж эхэлснээр найз Нарансолонго нь дааманд “дурлаж”, энэ спортын тамирчин болох гараагаа ийнхүү дөрвөн настайдаа эхлүүлжээ.

Цэцэрлэгт байхаасаа л хоёр охин даамны тэмцээн уралдаанд амжилттай оролцож, шагналт байруудад шалгарч, урмаар тэтгэгдэж ирсэн. Сургуульд ороод хоёулаа нэг ангид суралцан, хамтдаа бэлтгэлээ хийж, хожиж хожигдож олон ч тэмцээнд оролцжээ.

2019 онд 100 буудалт даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлж, хоёулаа нэг дор даамны спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчид болжээ.

Хэдий балчир, даамаар хичээллээд удаагүй ч гэлээ тамирчин охид аймаг, бүс, улсын чанартай тэмцээнүүдэд алгасахгүй оролцож, тэмцээн бүртээ сургуулийнхаа, аймгийнхаа нэрийг гаргасаар явна.

Ц.Буянцэцэг 2019 онд Узбекстаны Ташкент хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд насныхаа төрөлд 4-р байранд шалгарчээ.

Аав ээж нар нь хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэн, цаг, хүч хөрөнгө зориулна. Бүс, улсын чанартай уралдаан, цаашлаад тив дэлхийн тэмцээнд оролцоход санхүүгийн бэрхшээл тулгарна.

ТОМ АСУУДАЛ ...

Амжилт бол хүсэл эрмэлзэл, уйгагуй хөдөлмөр, дэмжлэгийн нэгдлээр бий болдог. Үүнээс илүү нэг том асуудал байна. Энэ бол санхүүгийн хүндрэл. Одоохондоо гэр бүлийн хүрээндээ шийдээд явж байна. Тамирчдыг чансаа өндөр олон тэмцээн хүлээж байгаа. Санхүүгийн асуудлаас болоод зуу, зуун хүүхдүүд дуртай зүйлээ орхиход ч хүрдэг. Үүнийг тохиолддог л зүйл гэж тоомжиргүй орхиж боломгүй санагдана.

Нийтийг хамарсан хөтөлбөр, бодлого хэний ч үед хэрэгжиж л байдаг. Хэлбэр төдий нь ч бий. Дэмжлэг дутмаг наад захын жишээ нь Архангайд спортынхон цуглачих, хичээллэчих ордон байхгүй. Түүнийг байя гэхэд хүүхдүүдэд зориулсан орчин бүхий Хөгжлийн төв ч алга.

“Амьгүй” зүйлс рүү хөрөнгө хэлбийгээд байна гэж бие биенээ хэмлэдэг. Хүнээ хөгжүүлье гэж “чанга дуугардаг” ч ХҮҮХЭД төвтэй бодлого, шийдвэр хэтэрхий чамлалттай.

Тамирчдын хүч хөлсөө дуслуулсан бэлтгэлд нь дэмждэггүй мөртлөө тив дэлхийн тавцанд гарангуут нь хошуурч, “манайх” гэж хамаатуулдаг муухай хандлага байсаар...

Бор зүрхээрээ зүтгэж байгаа тамирчдынхаа “том асуудлаас” хөнгөлж, амжилтынх нь уухайг хамтдаа түрэх хэрэгтэй байна.

АМЖИЛТЫН УУХАЙ

Долоон настайдаа нэгдүгээр зэрэгтэй тамирчид болсон Ц.Буянцэцэг, Б.Нарансолонго нар шатар, даам тоглохын зэрэгцээ хичээл сурлагандаа ч тэргүүний сурагчид. Хоёулаа ангийнхаа цэвэр бичигтэн. Математикийн сонгонд суралцдаг.

Урлаг уран сайханд ч товхийсэн авьяастайг багш нь хэлж байлаа. Үе тэнгийнхнээ даамруу “урвуулж”, өсвөрийн тамирчдын эгнээг өргөжүүлэхэд үлгэрлэж яваа бяцхан тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.

Ирээдүйд тэмүүлсэн их нүүдлийн эздийн амжилтад уухай нэмье.

Б.МАНДУУЛ

 

393   0
НИЙТЭЛСЭН: Б. Мандуул

Санал болгох