“АМЬД” ХӨГЖИМТЭЙ НӨХӨРЛӨСӨН 25 ЖИЛ
СССР улсаас гаралтай Цэвэрхэн цагаан цаасан дээр... хэмээн уянгалах хөнгөн хөг аялгуу нэгэнтээ мартагдаж, мэргэжлийн уран бүтээлчид “панаграм” хэмээх шинэ түвшинд ирсэн. Гэвч моод эргэж, буцаад “амьд” хөгжим сонсох, түүгээр хичээллэх сонирхолтой залуус өнөөдөр олон болжээ.
Архангай аймагт амьд хөгжмийн “гол тоглогч” болсон WEEK хамтлаг 2020 онд 25 нас хүрнэ. Тэд шинэ уран бүтээлүүдээ туурвиад завгүй байхын зэрэгцээ шинэ жилийн баярын захиалга ихтэй байна.
WEEK ХАМТЛАГ
- БАЙГУУЛАГДСАН ОН: 1995
- ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД: Ү.Ганболд, Ч.Жаргалсайхан, Б.Цогтбаатар, Ж.Зоригтбаатар, П.Ганхуяг
- ГИШҮҮД: Бөмбөрчин Р.Энхбаяр, хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин Ч.Төгсбаяр, аргил гитарчин Б.Мөнхбат, гоцлол дуучин Б.Минжүүр, дууны техникч Д.Нямдорж, бөмбөрчин, даралтат хөгжимчин Ү.Ганболд, ритм гитарчин, дуучин, хамтлагийн ахлагч А.Эрдэнэбаатар
- ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮД: Тама бөмбөр, Yamaha s710 даралтат хөгжим, Fender гитар, Royal Yamaha.
- ТОГЛОЛТУУД: Тэр намрын салхи /2000он/, Эргэн дурсахуй - 20 жил /2014 он/
ХАМТЛАГАА ЯАГААД WEEK ГЭЖ НЭРЛЭСЭН БЭ?
Ү.Ганболд: 1995 онд урлагт хайртай долоон хүн бие биенийгээ олсон байдаг юм. Одоо Америкт байгаа Ганхуяг, нийслэл хотод байгаа Цогтоо, Зоригоо гээд залуус тухайн үедээ ярилцаж байгаад долуулаа юм чинь долоон гаригийн нэрээр нэрлэе гээд WEEK гэж хамтлагаа нэрлэж байлаа.
25 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТЛАГИЙН ГИШҮҮДЭД ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ?
А.Эрдэнэбаатар: Тэгсэн. Амьд хөгжим нэг хэсэг уналтанд ороод панаграмтай дуулж эхэлсэн. 2010 онд үүсгэн байгуулагчид болох Гааяаа /Ү.Ганболд /, Нямдорж ах, Жаргалсайхан, Төгсбаяр бид хэд ярилцаад эргээд нийлж уран бүтээлээ эхлүүлье хэмээн ярилцаж хөгжим хэрэглэлүүдээ цуглуулж эхэлсэн дээ. Хамтлагтаа “цус сэлбэж” залуу уран бүтээлчид болох Минжүүр, Энхбаяр дүү нартаа санал тавьж, хамтлагаа эргэн нэгтгэсэн.
ХАМТЛАГИЙН ГИШҮҮН БОЛОХ САНАЛЫГ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙСАН БЭ?
Б.Минжүүр: 2017 оны 12 сарын 1-нд бие даасан анхны тоглолтоо хийж байлаа. Тоглолтын нэг хэсэгт амьд хөгжимтэй дуунууд орсон. Амьд хөгжимтэй миний хоолой их тохирч, гоё нийлж байсан л даа. Тоглолтын дараа ах нар маань надад хамтлагийн дуучин болох санал тавьсан. Энэ саналыг би мэдээж баяртай хүлээн авч, өнөөдрийг хүртэл хамтран уран бүтээлээ туурвиж байна. Бид аймгийнхаа бүх сумдад болон нийслэл хотноо аймгийнхаа нэрийг гаргаж, олон тоглолтуудад оролцсон.
Р.Энхбаяр: 2011 онд Нэптун паласд Цэцэрлэг хотын үдэш гээд цэнгүүнд ах нартайгаа таарч, танилцаж байлаа. Би морин хуур тоголдог. Ах нар амьд хөгжмөө тоглоод явдаг байлаа. Би Өвөрхангай аймагт нэг хэсэг ажиллаж байгаад 2017 онд энд ирж, театрт ажилд орсон. 2018 оноос ах нарынхаа тавьсан саналын дагуу хамтлагтаа бөмбөрчнөөр орсон.
Б.Мөнхбат: 1989 оноос эхлэн театрт хоёр жил ажиллахдаа эвлэлийн хорооны дэргэд амьд хөгжмийн хамтлагт сонирхлоороо тоглодог байлаа. Тэгээд хотруу сургуульд явж, энэ хэдээсээ нэг хэсэгтээ хөндийрсөн. Буцаж ирээд 2008 онд театрт хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн. Манай Төгсбаяр, Жагаа гээд залуучууд хамтлагаа эргэж сэргээе, хүмүүс панаграммаас уйдаад байна гэж ярьж эхэлсэн. 2010 оноос эхлээд энд тэндээс цахилгаан хөгжмүүд аваад дуулж эхэллээ. Нарангийн Түмээ болон хамтлагийн үүсгэн байгуулагчид болох Цогтоо, Зоригоо нар хамтлаг эргэн нийлэхэд их тус болсон.
УРЫН САНДАА ХИЧНЭЭН УРАН БҮТЭЭЛТЭЙ ВЭ?
А.Эрдэнэбаатар: Бид хуучны сайхан уран бүтээлүүдийг дуулдаг. Алтан хавчаар, Дандаа чамайг хайрлаж явъя, Учралын хорвоо, Нарлаг Монгол орон гээд. Хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр манай хамтлагт байдаг учраас яг өөрсдийн уран бүтээл гэвэл мэдээж их. Бид тоог нь нарийн гаргаагүй юм байна. /инээв/
БЭЛТГЭЛЭЭ ХААНА ХИЙДЭГ ВЭ?
А.Эрдэнэбаатар: Театртаа хийнэ. Бэлтгэлээ хийхэд дунджаар 2-3 цаг зарцуулдаг л даа. Байнга бэлтгэл хийгээд байдаггүй ч бид чинь бие биенээ харцаараа л ойлголцоод ажлаа зохицуулаад сурчихсан. Цоо шинэ уран бүтээл дээр л цаг гаргаж бэлтгэл хийхээс биш бусад үед тогтмол цагаар цуглаад бэлтгэл хийгээд байдаггүй.
ЗАЛГАМЖ ХАЛААГАА БЭЛДЭХ ТАЛ ДЭЭР ХЭРХЭН АНХААРЧ БАЙНА?
Ү.Ганболд: Аймгийн төвд амьд хөгжим сонирхдог хүүхэд залуучууд цөөн юм шиг санагддаг. Бид арван жилийн сургуулиудын дэргэдэх амьд хөгжмийн хамтлагуудад зааж зөвлөе гээд оролдлого гаргаж байсан. Харамсалтай нь тийм үр дүнтэй ажил болоогүй. Батцэнгэл, Чулуут, Цэнхэр сумын сургуулиудын дэргэдэх амьд хөгжмийн хамтлагуудад зааж зөвлөөд явж байна. Тэд харин идэвхтэй, санаачилгатай хөөрхөн байдаг шүү.
WEEK ХАМТЛАГИЙН VIP ТОГЛОЛТЫГ ФЕНҮҮД НЬ ХҮЛЭЭДЭГ ЮМ БИЛЭЭ?
А.Эрдэнэбаатар: Манай аймгийн нөхцөлд тоглолт хийгээд байх том талбайтай газар төдийлэн ховор. Арвис, Neptune хоёр л байна. Асуудал их байдаг л даа. Бид “Тэр намрын салхи”, “Эргэн дурсахуй-20 жил” гэсэн бие даасан тоглолтуудаа хийж байсан. Ирэх жил 25 жилийнхээ ойн жинтэй тоглолт хийх гээд л харзнаад байна.
25 ЖИЛИЙН ОЙН БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА УУ?
А.Эрдэнэбаатар: 12 сард өдөр бүр шинэ жилийн захиалгуудтай. Ерөнхийдөө завгүй байна. Төгсбаяр маань таван шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа. Уран бүтээлүүд маань 2020 ондоо олны хүртээл болоод явна. Амьд хөгжим өөрөө их онцлог. Масс ихтэй. Олон хүний хүч хөдөлмөр шингэж байж, уран бүтээл төрдөг. Тун удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ та бүхэнтэйгээ уулзах болно. Ирэх жил шинэ театр ашиглалтанд орно. Тэгэхээр 25 жил, шинэ театр гээд баяртай үйл явдлууд ар араасаа тохиох нь дээ.
АРХАНГАЙН "АМЬД ХӨГЖМИЙН" АНХДАГЧ ХАМТЛАГИЙН 25 ЖИЛИЙН ОЙГООР "БУТ АВСАН" ТОГЛОЛТЫГ ҮЗЭХИЙН ЕРӨӨЛ ТАВЬЯ. ТА БҮХЭНД УРАН БҮТЭЭЛИЙН ЧАСХИЙСЭН АМЖИЛТЫГ ХҮСЬЕ.
Б.МАНДУУЛ
WEEK: "ТЭР НАМРЫН САЛХИ”
Хөгжим: Ч.Төгсбаяр
Шүлэг: Ч.Мөнхбаяр
Дуучин: А.Эрдэнэбаатар