Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2019-10-26

АРХАНГАЙН БЭЛЧЭЭР "СЭРГЭХ БОЛОМЖТОЙ" ГЭСЭН АНГИЛАЛД ОРСОН

...Мянгат малчдыг магтан сайшааж, монголын малыг өсгөсөн гавьяаг нь алдаршуулан шагнаж, Мянгат, Сайн, Гавьяат малчин цолыг үнэд оруулав. Уралдаан зарласан мэт энэ өөхшүүлэлт хавийн малчдыг тооны хойноос хөөцөлдөх шалгуур болов. Үүний цаана малын тоо бодит эсэхэд эргэлзээтэй. Ах дүүс нийлээд нэгнийдээ малаа тоолуулаад Мянгат болж байна л гэнэ, арилжаа наймаагаар арав таван мал нэмээд тэдэн мянгат боллоо л гэнэ...
...Зуд болоход тусламж хүсдэг юм билээ, хотынхонд юуны хүртээлтэй юм бэ. Дэлгэр цагт мах, сүүгээ хямдалдагсан билүү. Хэдэн малаа өвөлжүүлчих өвс хадлангаа эцээхэн бэлдэх нь яасан юм бэ. Хувийн мал хорогдоход хэн хариуцах ёстой гэж...
...Гадныхан нутаг шахаж буулаа, зохицуулж өгөөч, аймаг алгасан ирж суурьшаад ах дүүсээ татаж нутагшиж байна, тэднийх тэндээс мал өвөлжүүлээд хөлс авдаг, хадлангийн талбайгаа идүүлчихлээ, отрын нутаг олдохгүй байна...” гэхчлэн түмэн асуудал хөдөөгүүр нэг...
...Мал махны үнэ тогтворжихгүй байна, мах сүү үнэтэй байна, чанаргүй цагаан идээ, ченж дамнасан мах сүү, эм бэлдмэлээр бульдсан малын мах идэж байна, махны үйлдвэр барилаа л гэсэн ажиллахгүй байна, дахин махны үйлдвэр барина, Архангайн брэнд цагаан идээ чанартай юу, үйлдвэрлэгч аймаг болно...

Ам ажил ачир дээрээ хэрхэн авцалдаж байгааг илтгэх эдгээр яриа үүсэх шалтгаан олон. Дээр дооргүй ярьсаар суутал байдал бишдэж байгааг судалгаа харуулсаар байгаа.

Ус цаг уурын улсын сүлжээний бэлчээрийн мониторингийн мэдээллийг ашиглаж, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсын бэлчээрийг 2017 онд бүхэлд нь тоолсон байдаг. Энэ судалгаа аймаг бүрийг сум болгоноор нь нарийвчилж, бэлчээрийн даацын хэтрэлтийг харуулжээ.

СУДАЛГААНЫ ДҮН:

Монгол улсын нутаг дэвсгэрийн 80 хувийг бэлчээр эзэлдэг. Түүний 65 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж доройтсон.

Архангай аймаг 55,3 мянган км.кв нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 65 хувь нь бэлчээр. Түүний 75 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж доройтсоноос бэлчээрийн чанар хүртээмж буурсан. Энэ нь 5-10 жилд ашиглалтыг нь зохистой түвшинд оруулах буюу малын хөлийн ачааллыг тохируулж чадвал сэргэх боломжтой гэсэн ангилалд хамаарч байна.

БЭЛЧЭЭР СЭРГЭХ АНГИЛЛААР:

Архангай аймгийн нийт бэлчээрийн 25 хувь нь харьцангуй соргог, 43 хувь нь бага зэрэг доройтсон, 32 хувь нь буюу нутгийн баруун хэсэг, уулархаг сумдын бэлчээр дунд зэрэг доройтжээ.

ТООН МЭДЭЭЛЭЛ:

Архангай аймаг мал сүргийн тоогоор улсад тэргүүлдэг. 2000 онд 2,1 сая, 2013 онд 3,7 сая, 2017 онд 5,2 сая мал тоолуулсан. Бэлчээрийн даацыг тооцвол манай аймгийн нийт бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 5,1 сая толгой мал бэлчих даацтай ч 10,6 сая мал бэлчиж байна.

/эх сурвалж: 1212.mn/

2017 оны дүнгээр манай аймагт 1000-аас дээш толгой малтай өрх 827 буюу нийт 15160 малчин өрхийн 5,4 хувийг эзэлж байна. Харьцангуй бага хувь эзлэх боловч малынхаа тоогоор жин дарна.

Малын чанарын талаар ярьсаар байгаа ч тухайлан онцолчихоор ажил алга. “Малаа өсгөөд сайхан амьдарна” гэх малчдын хандлагыг өөрчилж, “бэлчээрийн даацад тохирсон, чанартай мал өсгөнө” гэх мэдлэгтэй малчидтай болох хэрэгтэй байна. Цаасан дээр буусан бодлого, амнаас ам дамжих яриа л “ажиллаж”, харин амьдрал дээр хэрэгжсэн үйлдэл үл үзэгдэнэ.

Тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигтэй болсон хоёр аймгийн нэг нь Архангай. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйд тулгуурласан хөгжлийн бодлогын тунхаглалыг хэдэн ч дөрвөн жилд цаасаар дамжуулж байна даа.

Хэдэн малаа тойгуулдаж, тоолж өсгөсөөр байтал бэлчээр нь даахгүй болчихоод байхад “малын тоогоороо улсад тэргүүлдэг” гэж бахархсаар суух уу.

Оройтсон ч гэсэн сэргэх чадамжтай хугацаанд нь бэлчээрээ додомдохсон.

Бидэнд 5-10 жилийн хугацаа байна...

719   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох