Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   Өчигдөр 12 цаг 51 мин

АЙМГИЙН МУЗЕЙН АЛДРЫН ТАНХИМД ШАДАР САЙД АГСАН Ч.ПҮРЭВДОРЖИЙН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛЭВ

Монгол Улсын Шадар сайд агсан, УИХ-ын гишүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийн (1948–1998) дурсгалын буланг  “Монгол бахархал – Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд энэ сарын 17-нд аймгийн Музейн Алдрын танхимд нээлээ.

Тус музей нь 1949 онд байгуулагдаж, 1967 оноос XVII зууны Монголын уран барилгын ховор нандин дурсгал болох Зая гэгээний Лаврин ордонд байрлах болсон түүхтэй. 1696 онд байгуулагдсан энэхүү ордон нь өдгөө 4000 орчим үзмэр бүхий музейн нэгэн хэсэг болж, Монголын түүх, соёлын үнэт өвийг хадгалж байдаг ажээ.

Ч.Пүрэвдорж агсны охин П.Батцогт ярихдаа:

-“Юуны өмнө аавын минь Монголын төр, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяаг төрөлх Архангай нутгийнхан нь үнэлэн хүндэтгэж, нэр, үйл хэргийг нь музейнхээ Алдрын танхимд мөнхжүүлж байгаад манай гэр бүл, үр хүүхдүүд үнэхээр их баярлаж, бахархаж байна. Аав минь Архангай нутгийн хүү байсан. Улс орныхоо төлөө олон жил зүтгэсэн түүний дурсгалыг төрсөн нутагт нь ийнхүү хүндэтгэн мөнхжүүлж байгаа нь бидний хувьд онцгой утга учиртай. Энэ бол зөвхөн манай гэр бүлийн баяр бахархал төдийгүй эх орныхоо төлөө зүтгэсэн хүний үйл хэргийг нутгийн зон олон нь нандигнан хүндэтгэж буйн сайхан илэрхийлэл юм.

Өнөөдөр төрийн албаны нэр хүнд, ёс зүй, хариуцлагын талаар бид илүү их бодож, эргэцүүлэх шаардлагатай цаг үед амьдарч байна. Төрийн хүн ямар мэдлэг чадвартай, хөдөлмөрч, зарчимч, эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг байх ёстойг аавынхаа амьдрал, хийж бүтээсэн үйл хэргээр дамжуулан олон нийтэд, ялангуяа залуу үедээ таниулах нь бидний эрхэм үүрэг гэж боддог. Аав минь бидэнд алт мөнгөнөөс илүү эрхэм нэр төр, эх орноо гэсэн сэтгэл, эгэл даруу, хүнлэг, шударга, зарчимч амьдрах хүмүүжлийг өвлүүлсэн. Миний хувьд аавынхаа улс эх орон, төрөлх Архангай нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө тээж явсан хүсэл тэмүүлэл, эрхэмлэж ирсэн үнэт зүйлсийг зөвхөн дурсамж болгон үлдээхийг хүсдэггүй. Түүний эх оронч сэтгэл, шударга, зарчимч зүтгэлээс үлгэр авч, өнөө цагийн хэрэгцээ, боломжтой уялдуулан бодит ажил хэрэг болгох, энэ үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж, манлайлан ажиллахыг зорьдог.

Аав минь бидэнд өвөг дээдсийнхээ таван үеийн түүхийг багтаасан ургийн намтрыг нандигнан хадгалж үлдээсэн байдаг. Түүнд ургийн нэр хэрхэн үүссэн, удам угсааныхаа хүмүүс ямар ёс дэг, зан чанар, үнэт зүйлсийг эрхэмлэж явах учиртайг хүртэл тэмдэглэжээ. Энэ баримт бидний хувьд онцгой үнэ цэнтэй. Учир нь аав минь өөрөө өвөг дээдсийнхээ түүх, сургаалыг хүндэтгэн хадгалж, бидэнд өвлүүлсэн байна. Өнөөдөр бид аавынхаа амьдрал, үйл хэргийг хадгалж, хойч үедээ өвлүүлэхээр ажиллаж байгаа нь тэрхүү уламжлалын үргэлжлэл гэж боддог. Бидний хийж буй энэ ажил бусад гэр бүлийн үр хүүхдүүдэд ч урам зориг өгөөсэй гэж хүсдэг.

Хүн бүрийн амьдралд бахархах, үлгэр дуурайл авах хүн бий. Тэр нь заавал төрийн зүтгэлтэн, олны танил хүн байх албагүй. Өвөө, эмээ, аав, ээжийнхээ туулсан амьдрал, хийж бүтээсэн зүйлс, үр хүүхдэдээ үлдээсэн сургаал, үнэт зүйлсийг мэдэж, нандигнан хадгалах нь өөрөө их үнэ цэнтэй. Гэр бүл бүр өөрийн түүхээ хадгалж, хойч үедээ өвлүүлж чадвал бид хамтдаа Монголынхоо түүх, үндэсний ой санамжийг улам баяжуулна гэдэгт итгэдэг.

Мөн аавын минь амьдрал, үйл хэрэгтэй холбоотой түүхэн баримт бичиг, гэрэл зураг, захидал, ярилцлага, дурсамжийн баялаг өв бидэнд бий. Төр, нийгмийн зүтгэлтнүүд, гадаад, дотоодын хамтран ажиллагчид, мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөд, төрөлх нутгийн найз нөхдийнх нь дурсамж, гэрчлэл ч хадгалагдан үлджээ. Шинэ баримт, дурсамж өнөөдөр ч нэмэгдсээр байна. Бид эдгээрийг цуглуулж, эх сурвалжийг нь нягтлан, цахим архивтаа үе шаттайгаар нэгтгэж байгаа. Зорилго маань зөвхөн аавынхаа намтрыг хадгалах бус, түүний ажиллаж амьдарсан цаг үе, хамтран зүтгэж явсан хүмүүс, Монгол Улсын хөгжил, өөрчлөлтийн түүхийг бодит баримтад тулгуурлан хойч үедээ өвлүүлэх явдал юм.” гэлээ.

Энэхүү үйл хэргийг сэтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн Архангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Н.Сэр-Од, Архангай аймгийн Музейн хамт олон, зохион байгуулалтад гар бие оролцсон Тариат сумын Мөрөн багийн Засаг дарга Ж.Жаргалмөнх, мөн аавын маань дурсгалыг хүндэтгэн хүрэлцэн ирсэн Тариат сумын анхны Засаг дарга О.Цэвэгжав, Монгол Улсын Гавьяат багш М.Шагдарсүрэн нарт гэр бүлийнхээ зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаашид манай “Шадар Түшээ Соёлын Элч” сан Архангай аймгийн музейтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих соёл, боловсролын арга хэмжээг хамтран зохион байгуулахаар зорьж байна гэдгээ ч хэлэв.

Архангай медиа группийн Тариат сум дахь сурвалжлагч В.Хасбаатар

180   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох