Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   5 цаг 15 мин

О.ЦЭРЭНДОЛГОР: ХАМТЫН ХӨДӨЛМӨР АМЖИЛТЫН ҮНДЭС БОЛДОГ

Өндөр-Улаан сумын улсын тэргүүний хүүхдийн цэцэрлэгийнхэн ажил үйлс нь тэгширсэн, амжилтын буухиа тасардаггүй, бүтээлч хамт олон билээ. Энэ хамт олны 70 гаруй хувь нь залуучууд. Тэднийг төлөөлүүлж, багш Отгонжаргалын Цэрэндолгортой ярилцлаа. Тэрээр энэ онд СӨБ-ийн аймгийн “Шилдэг бүтээлч” багшаар шалгарсан юм.

-Хэд дэх жилдээ ажиллаж байна? Балчир хүүхдүүдтэй ажиллах хэцүү юу? 

-Би боловсролын салбарт 12 жил, үүнээс хүүхдийн цэцэрлэгт 9 дэх жилдээ ажиллаж байна. 9 сарын 1-нд  цэцэрлэгт шинээр ирж буй жаахан хүүхдүүд зэрэгцэж уйлаад, тайвшрахгүй байх нь хамгийн хэцүү. Тийм үед тэвчээртэй байж, ээж нь юм шиг хайрлан халамжилж, шинэ орчинд дасгадаг. Хүүхэд бүр өөр өөр зан ааш, онцлогтой учраас зарим нь хурдан дасдаг бол зарим нь нэлээд хугацаа шаарддаг. Гурван сар уйлж байж цэцэрлэгтээ дассан хүүхэд ч бий.  

-Ажлын арга барил, туршлагаасаа хуваалцана уу?

-СӨБ-ын сургалт нь тоглоомын аргад суурилж, бодит зүйлээр дамжуулан мэдрүүлж, биечлэн оролцуулах аргыг чухалчилдаг. Солонгос улсад туршлага судлах завшаан тохиож, тэндээс бага насны хүүхдийн суралцах үйл явцад бодит үзүүлэн буюу хүүхэд өөрөө барьж, харж, мэдэрч, турших нь ямар чухал болохыг илүү сайн ойлгосон. Жишээлбэл, “Ус” сэдвийг заахдаа зөвхөн зураг үзүүлж, тайлбарлах биш, усанд хүрч, үнэрлүүлж, аяга саванд юүлүүлж, уулгах зэргээр бодитоор мэдрүүлэхийг зорьдог. 

Багш хүн зохион байгуулж буй хичээл, үйл ажиллагааныхаа зорилгоос шалтгаалж янз бүрийн арга хэрэглэдэг. Миний сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн үр дүнтэй, шинэлэг арга гэвэл “Чанга уншлага”, “ДОТ-карт”, зохиолд суурилсан  арга зүй, STEM сургалтын аргыг нэрлэж болно. 

“Чанга уншлага” үйл ажиллагааг 14 хоногийн давтамжтай явуулдаг. Чанга уншлага бол зөвхөн сонсох үйл биш багшийн дуу хоолой, зурагт хуудас, хүүхдийн төсөөлөл 3 нэгдэж буй “амьд” тоглоом юм. “ДОТ”-картын аргаар цифр таниулдаг.

Зохиолд суурилсан арга зүй нь зохиолын баатруудыг 3D загварчлалаар цуглуулан, үйл явдлыг харуулсан зурагт хуудас бэлтгэн, зохиолыг унших явцад “Дараа нь яах бол” гэсэн таамаглал дэвшүүлж, дүрүүдийн дуу хоолойг дууриах зэргээр үйл явдалд татан оролцуулж, сонирхлыг өдөөх ач холбогдолтой. 

SТEM сургалтын арга нь турших, шинжлэх ухаанч, инженерчлэлийн сэтгэлгээний суурийг олгодог бөгөөд бүтээх тэмүүлэлтэй, багаар ажиллах, гарын булчин хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн интерактив аргаар хичээлээ зааж, дижитал хэрэглэгдэхүүнийг биет тоглоомтой хослуулснаар хүүхдүүд илүү хялбар ойлгодог.

-Амжилтуудаа дурдвал?

-Сүүлийн гурван жил гүйцэтгэлийн үнэлгээгээр I,II түвшинд үнэлэгдэж, 2024 онд “Шилдэг” мэргэжлийн хөгжлийн бүлэг болсон. Энэ онд аймгийн “Шилдэг бүтээлч багш-2026” шалгаруулалтад дэд байр эзэлсэн. Энэ нь надад ихийг хийж бүтээх, тасралтгүй суралцаж, хөгжих галыг бадраасан үйл явдал байлаа. Багшийн амжилт шагналаар хэмжигдэхгүй. Хүүхдүүд маань шинийг сурч, бие даах чадвартай болж, өөртөө итгэлтэйгээр хөгжиж, эцэг эхчүүдийн өгч буй урмын үг, үнэлэмж хамгийн том шагнал байдаг.

-Амжилтад хүрэхэд нөлөөдөг чухал зүйл гэвэл юуг хэлэх вэ?

 -Хувь хүний өөрийн хичээл зүтгэл чухал. Багш хүн хүүхдүүдтэйгээ хамт суралцаж, өдөр бүр шинэ зүйл туршиж, бэрхшээлийг шийдэхдээ өөрөө ч бас хөгжиж, чадваржиж байдаг. Би шинэ зүйл сурч, мэдэхийн төлөө өөрийгээ дайчилж, цаг үеийнхээ шаардлагаас хоцрохгүйг хичээж, сурч мэдсэнээ хэрэгжүүлдэг.

Бас нэг чухал зүйл нь хамт олон юм. Манай цэцэрлэгийнхэн бие биенээ дэмжиж, сурч мэдсэнээ харамгүй хуваалцаж, сайн хамтарч ажилладаг. Жишээ нь: Намайг үзүүлэн хийхээр суухад нэг нь ирээд хайчилж, нөгөө нь нааж, бас нэг нь ламинатордаад өгнө. Дарга маань ч бас туслаад, дэмжээд өгдөг. Багаар ажиллах нь бусдынхаа давуу зүйлээс суралцаж, бэрхшээлтэй асуудлыг олон өнцгөөс харж, хялбар шийдэх боломжийг олгодог. Хамтын хөдөлмөр амжилтын үндэс гэдэг дээ. 

-Ярилцсанд баярлалаа. Сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүсье.

           Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа 


 

582   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох