Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2 цаг 3 мин

ОФФИСЫН АЖИЛЧДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ БА ХООЛЛОЛТЫН БУРУУ ДАДАЛ ӨВЧЛӨЛИЙН ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Эрүүл байх нь хооллолт, дасгал хөдөлгөөн, нойр гурвыг зөв зохицуулахаас хамаардаг болохыг эрүүл мэндийн олон судалгаа нотолдог. Гэвч үүнийг амьдралдаа хэвшүүлэх тал дээр олон нийтийн ойлголт, хандлага харилцан адилгүй байна. Дадал хэвшил өөрчлөгдөх явц удаан байгаа нь хүн амын дундах халдварт бус өвчний тархалтаас тодорхой харагддаг.

Зөвхөн өглөөний цайгаа тогтмол ууж хэвшихэд л хүний биед эерэг өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд цаашлаад хоолныхоо чанар, цаг, хэмжээг зөв тохируулах нь эрүүл мэндэд том үр дүн авчирдаг болохыг эрдэмтэд онцолдог. Гэвч ихэнх нь ажлынхаа хэмнэлд нийцүүлэн хооллож, эрүүл мэндээ хойш тавих хандлага түгээмэл байна.

Хооллолтод ач холбогдол өгөхгүй, хооллолтын мэдлэг дутмаг байх, буруу хооллох нь “таргалалт” гэх дэлхий нийтийн тулгамдсан асуудлын суурь шалтгаан болж байгаа юм. Улмаар таргалалтаас улбаалсан олон “шинэ” өвчин бий болж байгаа нь эрүүл мэндийн байгууллагууд, улс орнуудын санааг зовоож байна.

Хоололт, хөдөлгөөнтэй холбоотой нэгэн судалгааг авч үзэхэд дээрх асуудлуудыг бататгаж байгаа юм.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд /эх сурвалж: Хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Сүнжидмаа/ нийт найман байгууллагын 106 албан хаагчийг хамруулсан "Ажилчдын хооллолтын дадлыг үнэлэх сорил" сэдэвт судалгааг хийжээ. Судалгаанд оролцогчдын 57.7 хувь нь биеийн хүчний бага ачаалалтай буюу оффисын нөхцөлд ажилладаг албан хаагчид байна.

Судалгааны дүнгээс харахад ажилчдын дунд эрүүл хооллолтын мэдлэг дутмаг, хөдөлгөөний хомсдол ихтэй байгаа нь халдварт бус өвчин болон таргалалтад өртөх эрсдэлийг өндөр түвшинд хүргэж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ БА УСНЫ ХЭРЭГЛЭЭ

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар өглөөний цай тогтмол уух нь таргалалтаас сэргийлэх энгийн бөгөөд хамгийн чухал дадал юм. Түүнчлэн усны хэрэглээг зөв ойлгож хэвшүүлэхгүйгээр унд цай, хооллолтоо бүрэн зөв тохируулах боломжгүйг эмч нар сануулдаг.

Судалгааны үр дүнгээс харахад:

  • Өглөөний цай уудаг байдал:
    • Тогтмол уудаг: 35 хүн (33.3%)
    • Заримдаа / Тогтмол бус: 67 хүн (63.8%)
    • Огт уудаггүй: 4 хүн (2.9% — үүний 3 нь эрэгтэй)

Хүйсийн хувьд эрчүүд өглөөний цайгаа уух дадлаараа эмэгтэйчүүдээс 25.38 хувиар бага байна.

  • Хоногт уудаг усны хэмжээ:
    • 2–3 аяга: 33 хүн (31.1%)
    • 4–5 аяга: 41 хүн (38.7%)
    • 6–8 аяга (Хангалттай): 17 хүн (16.0%)
    • Маш бага: 15 хүн (14.2%)

Эрчүүдийн ус уух дадал эмэгтэйчүүдээс 16.99 хувиар бага байгаа бөгөөд ялангуяа 26–35 насныхан ус хамгийн бага уудаг бүлэгт оржээ.

МАХАН БОЛОН ТҮРГЭН ХООЛНЫ ХЭРЭГЛЭЭ

Монголчуудын уламжлалт хүнсний гол цөм нь мах буюу ерөнхийдөө хүнд бүтэцтэй хооллолттой ард түмэн юм. Гэтэл үүн дээр нэмээд сүүлийн жилүүдэд хэт боловсруулсан бүтээгдэхүүн, шарсан болон чихэрлэг хүнсний хэрэглээ ихсэж байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Уламжлалт хүнс нэрийн дор махыг хэтрүүлэн хэрэглэх нь бөөр, шээсний замын өвчлөлийг үүсгэх хүчин зүйл болохыг судалгаанууд харуулдаг. Бусад өвчин ч мөн нэмж хэрэглэж буй зохисгүй хүнснээс хамаарч байна.

Судалгаагаар дараах дүн гарчээ.

Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ:

  • Өдөрт 2 удаа махан хоол иддэг: 85 хүн (80.2%). Өдөрт хоёр удаа махан хоол иддэг хүмүүсийн дийлэнх нь 26–45 насныхан байна.
  • Тослог, шарсан хоол 82.1% нь долоо хоногт 1-2 удаа, 13.2% нь өдөр бүр хэрэглэдэг.
  • Чихэрлэг ундаа 72.6% нь долоо хоногт 1-2 удаа, 13.2% нь өдөр бүр чихэрлэг ундаа уудаг бол 21.9% нь өдөр бүр амттан хэрэглэдэг.
  • Түргэн хоол 59.4% нь долоо хоногт 1-2 удаа,

Сонирхолтой нь, эмэгтэйчүүдийн хувьд тослог шарсан хоол, чихэрлэг ундаа болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээ эрчүүдээс 15–18 хувиар илүү өндөр гарчээ.

Ямар ажил эрхэлж буйгаас хамаарч хоололтын хэв маягаа зохицуулах нь зүйтэй гэдэг зөвлөмжийг мэргэжилтнүүд өгдөг. Тухайлбал, оффист ажилладаг, хөдөлгөөн багатай хүмүүс “хүнд” хоол идэх нь шингэц удаашрах эрсдлийг үүсгэх нь ойлгомжтой.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ

Шинжлэх ухааны судалгаагаар эрүүл мэндийн 70-80 хувийг зөв хооллолт дангаараа шийддэг бол үлдсэн чухал хэсгийг дасгал хөдөлгөөн, шөнийн чанартай нойр хангаж өгдөг болохыг тогтоосон байдаг. Дасгал хөдөлгөөн гэдэг нь зөвхөн жингийн илүүдэлтэй хүмүүсийн хийх ёстой үйлдэл бус, харин өвдөхгүйгээр урт наслахын тулд хүн бүр өдөр тутамдаа хэвшүүлэх ёстой энгийн дадал юм.

Гэвч судалгаанд оролцогчдын 23.8 хувь (25 хүн) нь огт дасгал хөдөлгөөн хийдэггүй бол 54.3 хувь (57 хүн) нь долоо хоногт ердөө 1–2 удаа л хөдөлгөөн хийдэг гэж хариулжээ. Долоо хоногт 5-аас дээш удаа тогтмол дасгал хийдэг хүмүүс ердөө 2.9 хувийг эзэлж байгаа нь оффисын ажилчдын дунд хөдөлгөөний хомсдол “аюулын түвшин”-д хүрснийг харуулж байна.

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДҮГНЭЛТ БА ЗӨВЛӨМЖ

Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас дараах дүгнэлт, зөвлөмжийг өгч байна.

“Дээрх судалгаанаас дүгнэхэд албан байгууллагын ажилчдын дунд хооллолтын буруу хэв маяг, хөдөлгөөний хомсдол давамгайлж байгаа нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлийг шууд нэмэгдүүлж байна. Иймд албан байгууллагуудын удирдлага болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудаас ажилчдын зөв хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, ажлын байранд дасгал хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна.”

Ажлын байр бол хүний хоёр дахь гэр билээ. Гэр бүл болон албан байгууллага, хамт олноороо эрүүл амьдралын зөв дадлыг түгээн дэлгэрүүлж, бие биенээ үлгэрлэн манлайлах соёлыг төлөвшүүлбэл хүн бүрт эрүүл мэндийн эерэг өөрчлөлт гарах нь дамжиггүй юм.

О.АМАРЗАЯА

89   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох