СУДАЛГААНЫ ИЛТГЭЛҮҮД СОНИРХОЛ ТАТАВ

ШУТИС-ийн хот төлөвлөлтийн магистрийн ангийн суралцагч Б.Хишигмаа “УБ хотын тусгай хэрэгцээт газар ашиглалтын өнөөгийн нөхцөл,цаашдын чиг хандлага”, Дархан уул аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын мал үржүүлэг, технологийн хяналтын улсын байцаагч Б.Энхманлай “Эдельбай болон торгууд үүлдрийн хонины үрийн чанар, зохиомол хээлтүүлгийн үр дүн”, ШУТИС-ийн робот, хиймэл оюун ухааны ангийн 4-р ангийн оюутан Ө.Буянхангай “Хиймэл оюунд суурилсан робот замын цагдаа”, Идэр их сургуулийн бизнесийн удирдлагын 3-р ангийн оюутан Э.Энхцэцэг “Хүн амын хуванцар савны мэдлэг хэрэглээ”, ШУТИС-ийн дулааны инженерийн 3-р ангийн оюутан Б.Соёл-Эрдэнэ “Эрдэнэбулган сумын эрчим хүчийг газрын гүний дулаанаар хангах боломж”, МУБИС-ийн оюутан Д.Баясгалан “Дижитал технологийг үр дүнтэй ашиглах нөхцөл байдал” сэдвээр хийсэн судалгаа шинжилгээний ажил, гарц, шийдлээ танилцууллаа.

Хэлэлцүүлсэн илтгэлүүдэд сонирхол татсан мэдээлэл, дата, шийдлүүд агуулагдаж байв. Тухайлбал :
- Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нь нэмэгдэж байгаа. Гэвч өсөлт нь мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлтэй зэрэгцэн хэрэгжихгүй байгаагаас иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, өмчлөх, ашиглах эрх хоорондоо давхцах, тухайн газрын тусгай хамгаалалтын хугацаа дууссан, зориулалт ангилал, хориглох үйл ажиллагаа тодорхойгүй, цаашлаад нөхөн олговор олгох, маргаан үүсэх эрсдэлд хүрч болзошгүй байгаа ажээ. Иймд газар олгох шийдвэр гаргахын өмнө олон нийтэд мэдээлэх, хил зааг, хамгаалалтын бүс тогтоох, бүртгэгдээгүй зөрүүтэй мэдээллийг шинэчлэх, эрхийн хязгаарлалт болон нөхөн олговрын асуудлыг ил тод болгох шаардлагатай ажээ.
- Манай улс зохиомол хээлтүүлгийн ажлыг 1951 оноос хийж эхэлсэн бөгөөд мал аж ахуйн салбар ид цэцэглэж байсан 1960-аад оны үеэр жилд 130 гаруй мянган үнээ, 1 сая гаруй хонь, 20 мянган ямааг зохиомлоор хээлтүүлж байжээ. Эдельбай болон торгууд үүлдрийн хуцаар өдөрт 60-75 хонийг хээлтүүлэхэд хээл авалтын үр дүн 89.8% байж, том биетэй үр төл гарч, махны гарцыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр ашигтай ажээ.
- Хиймэл оюун ухаанд суурилсан робот замын цагдааг бүтээж, практикт ашигласнаар цагдаагийн хүрэлцээг роботоор орлуулан нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах, өвлийн хүйтэн, зуны халуун, цас бороо зэрэг цаг агаарын хүнд өдрүүдэд цагдаа нарын эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн тустай шийдэл болох ажээ.
- Дэлхийн хэмжээнд геотерм буюу газрын гүний дулааныг эрчим хүчний үйлдвэрлэлд 24 орон, дулаан хангамжид 70 гаруй орон ашигладаг байна. Исланд улс манайхтай адил эрс тэс, хүйтэн уур амьсгалтай ч дулаан хангамжийнхаа 90 гаруй хувийг газрын гүний дулаанаар шийдвэрлэсэн. Монголд геотермийн хайгуул, судалгааны ажил 1975-1980 онуудад эрчимтэй эхэлж, улсын хэмжээнд нийт 43 халуун рашаан, дулааны илэрцийг бүртгэж баримтжуулсан. Архангай аймагт 7 байршилд халуун рашаан байдаг бөгөөд Шивэртийн халуун рашааныг ашиглан 3 МВт-ын ГДЦС байгуулах боломжтой бөгөөд экологийн үр ашгаар 30 жилийн хугацаанд 226,335 тн нүүрс хэмнэж, 268,056 тн нүүрсхүчлийн хий агаарт цацагдахаас сэргийлэх тооцоолол хийжээ. 17.8 жилийн дараа өртгөө бүрэн нөхөж, Хангайн бүсийн бусад суманд сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах суурь болох ажээ.
- Судалгаанд хамрагдсан иргэдийн 87% нь ундны усаа, 59% нь айраг цагаан идээгээ, 84% нь хуванцар амсартай халуун сав, 53% нь хуванцар шүүлтүүр, шанага хэрэглэдэг гэжээ. 75% нь хуванцрын хор уршгийг мэддэг ч 87% нь хуванцар сав хэрэглэсээр байна. Хуванцар саванд агуулагдах Бисфенол А (BPA), фталат зэрэг хорт нэгдлүүд нь хүнсний бүтээгдэхүүнд уусч, хүний биед хуримтлагдсанаар дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоог гэмтээх, хавдар үүсгэх, нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй. Ялангуяа сүүн бүтээгдэхүүний исэлт, халуун боловсруулалтын явцад хуванцараас ялгарах хорт бодисын хэмжээ эрс нэмэгдэн, иргэдийн эрүүл мэндэд өдөр тутам үл үзэгдэх хортой нөлөө учруулдаг байна.
- Оюутнуудын 70 гаруй хувь нь хөдөө орон нутгаас элсэн суралцдаг, тэдний компьютерын мэдлэг, хэрэглээний программтай ажиллах чадвар хангалтгүй, ухаалаг самбар, таблет зэрэг төхөөрөмжийн хэрэглээ бага байдаг байна. Тиймээс оюутнуудад зориулсан дижитал ур чадварыг сайжруулах сургалт, арга хэмжээг нэмэгдүүлэх, дижитал орчинг сайжруулах, интернэт холболтын дэмжлэгийг нэмэх, AI технологийг үр дүнтэй ашиглах дадал олгох нь чухал байгаа ажээ.
Судлаач, илтгэгчдээс Б.Хишигмаа, Б.Энхманлай, Ө.Буянхангай нар эхний байруудыг эзэлж, шагналын санг ахмад багш Ш.Цэцэгээ, түүний үр хүүхдүүд ивээн тэтгэлээ. Мөн УБ хот дахь Өндөр-Улаан сумын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Алтантөр бусад илтгэгчдийг шагнаж урамшуулав.

Шүүгчээр Өндөр-Улаан сумын ЕБС-ийн төгсөгч, БХИС-ийн ЭШСА-ны ажилтан, аюулгүй байдлын монгол эрдэмтдийн нийгэмлэгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Энх-Амгалан, Эрдэнэт цогцолбор сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Батцэнгэл, МУИС-ийн математикийн тэнхимийн дэд профессор, доктор Ц.Батболд нар ажиллаж, зочин илтгэгчээр Эрдэнэт цогцолбор сургуулийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Б.Пүрэвдорж оролцлоо.
Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа