АВТОМАШИНЫГ “АРГАЛ ШИГ ТҮҮСЭН” ХУРДАН ХҮЛЭГ ӨНДӨР-УЛААНЫХ

Залуу уяач Г.Нямдорж: Сүүлийн 10 гаруй жил хурдан морь уяж байна. Уяж сойсон морьдууд маань баг, сумын наадмуудад айраг түрүү авч байсан. Томоохон нь гэвэл 2024 онд УБ хотод болсон “Хангарьд-2024” уралдааны сонгомол дунд насанд уясан хүлэг маань аман хүзүүнд хурдалж байсан. Энэ хаврын уралдаанд дааганы минь уяа сойлгыг тааруулсан, аймгийн алдарт уяач Д.Лагнайдорж ахдаа болон хажууд минь хамт байж тусалж дэмждэг аавдаа, нутаг усныхандаа их баярлаж байна гэлээ.

Унаач хүү С.Батзориг: Би одоо 8 настай. Таван настай байхдаа анх морь унаж сурсан. Унасан даага маань түрүүлж, олон машинаар шагнуулсандаа баяртай байна. Дараагийн уралдаандаа уяач ахтайгаа хамт энэ гоё машиндаа суугаад явах нь бүр ч гоё байх даа гэж цовоо хүү инээмсэглэн ярилаа.
“Малчин залуу өөрийн унаган даагаараа төмөр хүлгийг аргал шиг түүж байна. Малчны хотноос Монголын хамгийн өндөр шагналтай уралдааны түрүүг хүртэж болдгийг харууллаа. Эгэл жирийн малчин залуу хөдөлмөрлөсөн хэнд ч амжилт ирдэг гэдгийг нотолж чадлаа ” гэхчлэн цахим орчинд түүний тухай моринд дуртай ард түмэн бахархан бичиж байна.

5 сарын 1-ээс хойш зохион байгуулагдаад байгаа хаврын уралдаануудад Өндөр-Улааны уяачид, хурдан хүлгүүдийн амжилтуудаас дурдвал:
- “Дүнжингарав-2026” уралдаанд Улсын Алдарт, залуу уяач Ш.Бадамжунайн уяж хурдлуулсан их нас айргийн 5-д, соёолон айргийн 4, 5-д, сонгомол дунд насанд түрүү магнайд
- Завхан аймагт болсон “Очирвааны хурд-2026” уралдаанд О.Ванданцэрэнгийн хээр хязаалан 4-т, сонгомол бага насанд хээр даага нь аман хүзүү, ач хүү Б.Мөнх-Өлзийгийн их нас аман хүзүү, хонгор даага аман хүзүүнд, сонгомол бага насанд А.Баттөмөрийн хүрэн 4-т
- “Налайхын хүлэг -2026” сонгомол дааганы уралдаанд А.Өлзийхишигийн зээрд түрүү магнайд, Төв аймагт болсон “Тэргүүн хурд” уралдаанд их нас аман хүзүүнд
- Сүхбаатар аймагт болсон “Жавхлант сүрэг-2026” сонгомол дааганы уралдаанд Б.Батзаяагийн саарал аман хүзүүнд, хул айргийн 3-т, А.Өлзийхишигийн зээрд айргийн 4-т
- Увс аймагт болсон “Зүүн Хөхийн хурд-2026” уралдаанд Д.Батдоржийн халзан 5-д, Т.Алтанхуягийн зээрд хязаалан 3-т, Б.Барбаатарын хүрэн даага 5-д, Б Ган-Очирын бор азарга 5-д
- Баянхонгорын бүсэд Т.Алтанхуягийн зээрд 2-т
- Архангай аймагт болсон “Тэргүүн хурд -2026” уралдаанд С.Батжанцангийн хязаалан 4-т, Г.Нямзагдын хүрэн аман хүзүүнд, сонгомол дунд насанд С.Батжанцангийн халтар түрүү магнайд, С.Лхагвадоржийн бор 4-т, дааганы уралдаанд Ш.Отгонтогтохын хээр 2-т, Б.Барбаатарын хээр 3-т, сонгомол бага насанд Ш.Отгонтогтохын халтар 3-т, С.Батжанцангийн хүрэн 5-д
- Цэцэрлэг суманд болсон бүсийн уралдаанд В.Баттогтохын халиун даага 3-т
- Батцэнгэлийн бүсийн хязаалан насанд Г.Нямзагдын хүрэн аман хүзүүнд, О.Ванданцэрэнгийн хээр 3-т, Д.Лагнайдоржийн хүрэн 4-т тус тус хурдалжээ.
Ийнхүү Өндөр-Улааны уяачид хаврын уралдаан эхэлснээс хойш нэг сарын дотор 30 гаруй айраг түрүү авч, 2026 оны уралдааны гараагаа хийморьтой сайхан эхлүүлж байна.



Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа