ШҮДНИЙ КАБИНЕТТЭЙ БОЛОХЫГ СУМЫН ИРГЭД ХҮСЧ БАЙНА

Шүдний эмч Л.Сүрэнжав: Миний бие Эрдэнэмандал суманд шүдний эмчээр ажиллаж байх цагаасаа өнөөдрийг хүртэл тус сумын ард иргэдэд жилдээ 1-2 удаа хүрч үйлчилсээр хэдийнээ танил болжээ. Энэ удаа лаборант эмчийнхээ хамт сумын хүүхдийн эмч Б.Бадамцэцэгтэй хамтран 14 хоног ажиллалаа. Тус сумын онцлог гэвэл өндөр уулын бүсэд оршдогоос худаг болон харзны ус хатуулаг ихтэй \химийн найрлага дахь хүнд металлийн нэгдэл өндөр\ тул буцалгаж, шүүж, эсвэл хонуулаад тунгааж хэрэглэх, болж өгвөл урсгал уснаасаа хоол ундандаа түлхүү хэрэглэмээр санагддаг. Шүдний хүзүү хэсгийн паалан нимгэн байдаг тул зөөлөрсөн нимгэн паалан нь хатуулагтай усанд амархан хайлж, цоорч, тасарч байна. Буйлны үрэвсэл, буйл цусархах явц нэлээд ажиглагдаж байна. Цэцэрлэгийн 200 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 90-95% нь цооролтой, 20 ширхэг сүүн шүдний 4-9 нь өнгөц ба гүн цооролтой гарч байна. Сүүлийн үед нийтлэг ажиглагдаж байгаа зүйл бол хүүхдэд оо сойзыг зөв сонгож өгөөгүй, зөв угаах дадалд суралцаагүйгээс гадна зажлах үйл ажиллагаа хийхгүйгээс сүүн шүд унах насандаа унахгүй шүдлэх шүд нь давхарлаж ургаж байна. Уул нь шүдний сурвалж нь шимэгдэж унах ёстой. Гэтэл ясраад унахгүй эгнээний гажиг үүсч, яваандаа нүүрний хэлбэрт өөрчлөлт өгөх, гоо сайханд муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Насанд хүрэгчдийн 50% хиймэл шүдтэй байна. Эмчид орой хандсанаас, мөн цоорол бага байхад ломбодуулаагүйгээс өндөр өртөгтэй сувгийн эмчилгээнд орох, шүдээ авахуулах, улмаар эрт хиймэл шүд хийлгэж байгаа юм. Эцэг эхчүүд бид эрүүл ахуйн энгийн дадал хэвшлийг өөртөө болон хүүхэддээ хэвшүүлснээр амны хөндийн эрүүл ахуй сайжирч, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна.
- Чихэрлэг зүйлсээс аль болох татгалзаж, кальцаар баялаг сүү, цагаан идээ хэрэглэж хэвших, аливаа зүйлийг хүлхэж биш хазаж идэх
- Орой бүр, болж өгвөл юм идсэний дараа шүдээ заавал угааж хэвших, шүдний завсрыг цэвэрлэх утас ашиглаж сурах, хүүхэдтэйгээ хамт шүдээ угаах
- 6 сар тутамд 1 удаа эмчид үзүүлж зөвлөгөө авах, чанартай оо сойзыг зөв сонгож хэрэглүүлэх, шүдийг зөв угаалгаж сургах гэж зөвлөе гэлээ.

Сургуулийн эмч А.Мягмаржав: Манай сургуулийн 1-12-р ангийн сурагчдын дунд 5 хүүхэд тутмын 3-4 нь шүдний гүн болоод өнгөц цооролтой байдаг. Хамгийн нийтлэг тохиолддог өвчлөл нь шүдний цоорол, буйлны үрэвсэл, шүдний чулуу, өнгөр байна. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн шүдний цоорол гүн, өвчлөл нь илүү өндөр, эмчлүүлэхгүй удаан явснаас хүндэрсэн байдаг. Эмийн эмчилгээнд өвчин дарагдаж өвдөлт зогсдог ч цаашид сувгийн эмчилгээнд орох шаардлагатай болсон байдаг. Хүндрэх шалтгаан нь миний ажигласнаар 1.Айдас \шүдний эмчээс айх\ 2.Эмчилгээ, үзлэгийн явц дахь өвдөлтөөс зайлсхийх. 3.Цаг зав муу, эмчилгээнд хол явахад эдийн засгийн хүндрэл гардаг тул дундаас нь орхидог. 4.Өвдөхгүй бол эмчлүүлэхгүй гэсэн буруу ойлголттой байна. Хэрэв эмчлүүлэхгүй удвал шүдний мэдрэл үхжих, халдвар тархах, хацар буйл хавдах зэрэг хүндрэлүүд гардаг гэдгийг сануулж, хүүхэд бүр шүдээ арчлах өдөр тутмын дадлыг хэвшүүлэхэд эцэг эхийн зүгээс анхаарахыг уриалаад байнга хамтран ажилладаг Л.Сүрэнжав эмчдээ талархсанаа илэрхийлсэн юм.

Үйлчлүүлэгч Т.Сувд-Эрдэнэ: Манай суманд төв суурин газраас шүдний эмч нар ирж үйлчилдэг. Л.Сүрэнжав эмч маань жилдээ 1-2 удаа ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Бид ч ирэхийг нь сураглаж хүлээдэг дээ хэмээгээд суманд шүдний кабинеттэй, мэргэжлийн эмчтэй болоосой гэж хүсдэгээ илэрхийлсэн юм.
Үйлчлүүлэгч Ч.Тунгалаг: Хөдөөний малчин бид цаг улирлын аясаар завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Төв суурин газар руу явах ажлын далимаар шүдээ үзүүлж ломбодуулдаг. Гэвч эмчлүүлэх шаардлагатай ч цаг зав, бололцоогүйгээс хойш тавиад ирдэг. Цаг алдсанаас эмчилгээ авахгүй болох тохиолдол ч бий. Сумандаа эмчтэй бол явдал суудалгүй, хямд төсөр эмчлүүлэх боломжтой санагддаг даа гэсэн юм.
Архангай медиа группийн Жаргалант сум дахь сурвалжлагч Д.Энхжаргал