ӨВ ТЭЭСЭН МОНГОЛ ГУТАЛ
Монгол түмний ахуй соёл, өв уламжлалын нэгэн тод илэрхийлэл бол монгол гутал билээ. Эртнээс нааш нүүдэлчин ардын амьдралд зохицсон хийц загвар, эдэлгээ даах бат бөх чанараараа онцгойрч ирсэн энэхүү өвийг өнөө цагт залгамжлан авч яваа хүмүүсийн нэг нь Жадамбаагийн Оюунсайхан юм.
Тэрээр Эрдэнэмандал суманд нөхөр, дөрвөн хүүхдийн хамтаар амьдардаг, өв соёлоо хадгалан хөгжүүлж яваа залуухан бүсгүй билээ. Оюунсайхан багаасаа л гар урлалын орчинд өссөн. Ээж, эмээгийнхээ дэргэд сууж, арьс шир хэрхэн бэлтгэх, эсгэж тааруулах, оёж урлах нарийн арга ухааныг шимтэн харж суралцаж байв. Хүүхэд ахуй цагтаа тоглоомоо ч арьсны өөдсөөр хийж, жижигхэн гутал урлах гэж оролддог байсан нь түүний сонирхол хэзээнээс эхтэйг илтгэнэ. Ийнхүү уламжлалт урлалын нандин ухаан түүний сэтгэлд багаас нь шингэжээ.
Оюунсайхан өглөө бүр нарнаас урьтаж босон, арьс ширээ ангилан бэлтгэж, гутлынхаа эсгүүрийг гарган ажлаа эхлүүлдэг. Түүний бага охин Ганзоригийн Ганболор нь гурван настай хэдий ч хэвлүүхэн мөртлөө цаанаа л эвсэлтэй, ээждээ ногоон сарьс нааж өгч тусалдаг.

Нэг хос гутал урлахад олон шат дамжлага, анхаарал, цаг хугацаа орно. Гэвч тэр бүтээл бүрдээ чин сэтгэлээ зориулж, хийц бүрийг нягт нямбай гүйцэтгэдэг. Иймдээ ч түүний урласан гутал бат бөх, өмсөхөд эвтэйхэн, удаан эдэлгээтэй байдгаараа нутгийнхны итгэлийг хүлээжээ.
Тэрээр зөвхөн өдөр тутмын өмсгөлд зориулсан монгол гутал урлаад зогсохгүй, зориулалт, хийцийн онцлогоороо ялгарах олон төрлийн гутал урладаг. Ардын бүжгийн уран хөдөлгөөнд тохирсон хөнгөн, уян хатан бүжгийн гутал, барилдааны талбарт хүч чадал, тэсвэр хатуужлыг бэлгэдсэн бөхийн гутал, мөн угсаатны өвөрмөц хийц загварыг шингээсэн буриад гутлыг ч урлана. Тэр бүртээ тухайн гутлын зориулалт, утга бэлгэдэл, хийцийн онцлогийг нарийн судалж, уламжлалыг алдагдуулахгүй хадгалахыг эрхэмлэдэг. Ийнхүү түүний урласан гутал бүр зөвхөн эдлэл бус, соёлын илэрхийлэл болон бүтээгддэг.

Монгол гутал нь зөвхөн өмсөх эдлэл бус, харин үндэсний онцлог, ахуй соёлын нэгэн хэсэг юм. Өвлийн хүйтэнд дулаан, унаа малд мордох, хол замд явахад тохиромжтой хийц нь нүүдэлчдийн ухааныг илтгэнэ. Оюунсайхан энэ уламжлалыг алдагдуулахгүй хадгалж, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн урлахыг зорьдог. Түүний хийсэн гутлыг өмссөн хүмүүс “эвтэйхэн, дулаан, чанартай” хэмээн ам сайтай байдаг.
Гар урлалынхаа хажуугаар Оюунсайхан амтат хоол хийх дуртай. Тэр шинэ жор туршиж, орц найрлагыг нямбай тохируулан, гэр бүл найз нөхдөө дайлах дуртай. Хүмүүс түүний хийсэн хоолыг амсаж үзэхдээ зөвхөн амтыг нь бус, харин халуун дулаан уур амьсгал, чин сэтгэлийг нь мэдэрдэг гэдэг. Энэ нь түүний аливаад сэтгэл гаргаж, нямбай ханддаг зан чанарын илрэл юм.
Залуу насандаа хөдөлмөрийг эрхэмлэн, өв соёлоо үргэлжлүүлж яваа Оюунсайхан олон хүнд үлгэр дуурайл болж байна. Тэр өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгож, нутаг орондоо хэрэгтэй бүтээл хийж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Цаашид олон шавь сургаж, монгол гутал урлах нандин ухааныг ирээдүй үед өвлүүлэн үлдээхийг хүсдэг.
Өв тээсэн монгол гутал ийнхүү нэгэн залуу бүсгүйн гарын ур, сэтгэлийн илчээр урлагдсаар байна. Уламжлал бол өнгөрсөн цагийн дурсамж бус, харин өнөөдөр хөдөлмөрлөж буй хүмүүсийн зүтгэлээр үргэлжилдэг амьд өв гэдгийг Оюунсайханы ажил үйлс тодхон харуулж байна.
Архангай медиа группийн Эрдэнэмандал сум дахь сурвалжлагч Б.Отгонсүрэн