НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙГ АВРАХАД НЭГДМЭЛ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Хаврын сар дундаа орсон дөрөвдүгээр сарын эхэн. Булган сумын Тусгалт багт ажиллах үеэр малчид: “Жаахан л чийг өгчихвөл ногоо цухуйх гээд байна даа. Салхи ихтэй байна” гэлцэнэ.

Мал төллөх үеийг ташруулан сурагчдын амралт болж байгаа тул малчин айл бүл сайтай байх аж. Ишиг, хургаа ялган тэмдэглэж, ээж аавдаа тусалж буй хэвлүүн хүүгээр төлчдийн ажлыг төлөөлүүлэн зураглав. Ишиг ба ээжийг нь ижилхэн дугаарлаж, цаасан дээр бичээд хөлд нь скочдон тогтоожээ. Хүүгийн ээж нь тэд дугаарын ишгээ гаргаарай гэхэд дорхноо олчихно. Аав нь: “Хүүхдүүд явчихвал хурга, ишгээ танихгүй хэцүүднэ. Хүүхдүүд зөв арга олж өглөө шүү” хэмээв.
Хонинд хурга авхуулах, ямааныхаа ноолуурыг самнах, хурга ишгээ хөхүүлж ялгах гээд малчны хотонд хаврын ид ажил өрнүүн. Хаа сайгүй хурга ишиг хөөцөлдөн тоглох, төлийн дуутай хүүхдүүдийн цолгиун дуу шуу хорших, хажуугийн горхи жирэлзэн урсах, нар ээж налайх, урин цагийн тогтуун өдөр энэ л зураглал хөдөө нутгийн хаврын уянга гэлтэй.
/Зураг: Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 2а ангийн сурагч Б.Мөнхтулга: Энэ хаврын анхны ишиг маань энэ байна/
Бэлчээрийн бодит байдлыг хавар цаг илүү тодотгоно. Хавар өдийд цасгүй, салхи шуурга ихтэйг хэлэх үү, өвс муутай бэлчээр нүцгэрч, бэлчээрийн өвсийг мөлийтөл мал идэж цаанаа гунигтай. Бэлчээр дүүрэн аргал, хомоол хөглөрөх нь асгаж цацсан чулуу шиг л харагдана. Олон малын хөлөөр талхлагдан байгаа бэлчээрийн доройтолд нэрмээс болж буй хүчин зүйл бол малын баас. Малын өтөг баас бэлчээрт бордоо болдог байх ёстой хэмжээнээс ихдэх нь хангайн бүсэд задрал удаан, бордоо болохоосоо илүү хог болж байх шиг.

“Аргалыг үртэстэй хольж түлш хийх” саналыг Булган сумын Засаг дарга хэдэнтээ ярьж хэлсээр л. Нээрээ л, энэ их аргалыг түлдэгсэн бол уулын модоо огтлохын хэрэг юусан. Булган суманд ойгоо хамгаалах нөхөрлөлүүдийг байгуулсны шалтгаан нь ойн нөөц рүүгээ өм цөм ороод, энд тэндээс модны хулгай нэрвээд байснаас үүдэлтэй. Нутгийн иргэд л нутгаа хамгаална гэдэг хандлага, тогтолцоог эдний сумынхан нөхөрлөлийн зарчмаар бий болгожээ.
Нөхөрлөлүүд одоо бэлчээрээ хамгаалан сэргээхийг зорьж байгаа юм. Гэхдээ яаж? гэдэг аргаа олоход нь Монголын бэлчээр судлалын Ногоон алт төвөөс хэрэгжүүлж буй “Хүртээмжтэй, тогтвортой өртгийн сүлжээг бий болгох замаар малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” /NABU/ төсөл тусалж байна. Архангай аймгийн Булган сумын Тусгалт, Чулуут сумын Хүрэм, Хангай сумын Тэрх, Өвөрхангай аймгийн Уянга, Зүүн баян-Улаан, Батөлзий сумдад хэрэгжиж буй энэ төслийн зорилго нь чанартай малын ашиг шимт бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн борлуулснаар малчдын амьжиргааг дэмжих, эцсийн үр дүнд нь бэлчээр сэргэх өгөөжид чиглэж байгаа юм.

Булган сумын Тусгалт багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж байхтай таарлаа. Хурлаар хэлэлцэж буй асуудлын дийлэнх нь бэлчээр, байгаль орчинтой холбоотой байх аж. Байгалийн баялаг ашигласны орлогыг эргээд байгаль хамгаалах, сэргээхэд зарцуулах, малын тоо толгойн албан татварыг зарцуулах эрхийг багт нь олгодог байх, малаа эрүүл байлгахад малчдын үүрэг оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэж буй нь ажил хэрэгч байв. Төслийн багийнхан “Биологийн олон янз байдлыг хамгаалах” чиглэлээр малчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд: малаа чанаржуулан цөөлөх, бүтээгдэхүүний үнийг өсгөх, булаг шандаа хамгаалах, төсөл хөтөлбөр, төр засаг, малчид хамтран ажиллах зэрэг саналыг гаргасан юм. Малчид: Бэлчээр үгүй бол мал аж ахуй үгүй. Тиймээс бэлчээрээ хамгаалах, сэргээх нь туйлын зорилго гэдэг дуу хоолойг илэрхийлж байв.

Монгол орны бэлчээрийн 70 орчим хувь нь тодорхой хэмжээнд доройтсон гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ нь бүрэн устсан гэсэн үг биш. Харин ургамлын төрөл зүйл багасаж, шим тэжээл буурч байгаа юм. Гол шалтгаан нь: Малын тоо толгойн өсөлт, Уур амьсгалын өөрчлөлт.
Бэлчээрийн доройтол ба менежмент /Архангай аймгийн малчдын түвшинд хийсэн судалгааны үр дүнгээс/
1. Бэлчээрийн төлөв байдал ба доройтлын шалтгаан
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь бэлчээрийн даац хэтэрч, ургамлын бүтэц өөрчлөгдсөнийг онцолсон байна. Гол шалтгаануудыг дараах байдлаар эрэмбэлжээ. Үүнд:
-Мал сүргийн тоо толгой: Бэлчээрийн даацаас давсан малын тоо толгой нь бэлчээрийн нөхөн сэргэх боломжийг хязгаарлаж байна.
-Уур амьсгалын өөрчлөлт: Хуурайшилт, хур тунадасны хуувирлалт өөрчлгөдсөн нь бэлчээрийн ургац болон чанарт сөргөөр нөлөө үзүүлж байна.
-Усжуулалт: Бэлчээрийн алслагдсан бүсүүдэд усны эх үүсвэр дутагдалтай байгаагаас шалтгаалан гол, горхи дагасан төвлөрөл үүсэж, тухайн орчимд талхлагдал ихэссэн.
2. Бэлчээр ашиглалтын өнөөгийн хэлбэр
Малчид бэлчээрийг ашиглахдаа уламжлалт арга барилаас гадна зарим зохицуулалтыг хийхийг оролдож байна:
-Бэлчээрийн хуваарь: Судалгаанд оролцсон малчдын тодорхой хэсэг нь бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэж ашиглахыг эрмэлздэг ч нийтийн эзэмшлийн бэлчээрт энэ нь хэрэгжихэд хүндрэлтэй байна.
-Хөрш айлын нөлөө: Бэлчээр ашиглалтын маргаан болон бусдын бэлчээрт дур мал бэлчээрлүүлэх асуудал нь бэлчээр хамгаалахад гол саад болж байна.
3. Малчдын хандлага ба менежментийн шийдэл
Судалгаагаар малчид бэлчээрийн менежментийг сайжруулах дараах шийдлүүдийг дэмжиж байна. Үүнд:
-малчин өрхийн анхдагч холбооны зохион байгуулалт: Малчдын бүлэг, нөхөрлөл болон зохион байгуулалтад орж бэлчээрээ хамтран хамгаалах нь үр дүнтэй гэж үзэж байна.
-Хууль эрх зүйн орчин: Бэлчээрийн тухай хуулийг баталж, ашиглалт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай байгааг онцолжээ.
-Мал сүргийн чанар: Тооноос чанарт шилжих буюу өндөр ашиг шимт мал маллах замаар малын тоог цөөлөх замаар бэлчээрийн ачааллыг бууруулах сонирхол нэмэгдэж байна.
Бэлчээр зөвхөн малынх биш. Бэлчээр бол том агуулгаараа амьтан, ургамлын оршин амьдрах бүхэл бүтэн тогтолцоо, орчин нь юм. Үүнийг шинжлэх ухааны хэллэгээр “биологийн олон янз байдал” хэмээн тодорхойлдог.

Нүүдлийн мал аж ахуй: Биологийн олон янз байдал, тогтвортой хөгжлийн баталгаа
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Монголын Бэлчээр Судлалын Ногоон-Алт төвөөс хамтран хэрэгжүүлсэн шинэ судалгаагаар Монголын нүүдлийн мал аж ахуйн тогтолцоо нь биологийн олон янз байдлыг хадгалах, бэлчээрийн экосистемийг хамгаалахад онцгой ач холбогдолтой болохыг баталлаа.
Судалгааны үр дүнгээс харахад нүүдлийн мал аж ахуй нь хагас эрчимжсэн болон эрчимжсэн мал аж ахуйн системтэй харьцуулахад биологийн олон янз байдлаар баялаг байна. Үүнд улирлын нүүдэл, нутаг сэлгэн бэлчээр ашиглах уламжлалт арга барил чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
Мөн малчин эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал нь зэрлэг ан амьтан хамгаалах, малын арчилгаа, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг судалгаа онцолсон байна.
Энэхүү үнэлгээг Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дорнод аймгийн таван суманд нийт 424 малчин өрхийг хамруулан хийжээ. Судалгаанд нүүдлийн, хагас эрчимжсэн, эрчимжсэн аж ахуйн хэлбэрүүдийг харьцуулан судалсан байна.
Оролцогчид уламжлалт нүүдлийн мал аж ахуйн сайн туршлагыг дэмжихийн тулд урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн малчдын байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээх нь тогтвортой хөгжлийн чухал үндэс болохыг судалгааны үр дүн дахин нотолсон юм.
Дээрх судалгаа нь нүүдэл бол хуурайшилтын сөрөг нөлөөг сааруулах “экологийн хамгаалалтын механизм” болж байгааг онцлох дараах дүгнэлт, шийдлүүдийг тодорхойлжээ.
-Нүүдэл бол экосистемийн хамгаалалт. Бэлчээрийг улирлаар нүүдэллэн ашиглах нь нөхөн сэргэх боломж олгож, ургамал, шавьж, шувуу, зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалдаг.
-Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн МАА-н зохистой дадлын стандарт эерэг нөлөөтэй. Баталгаажуулалтад хамрагдсан малчдын хувьд тоос хүртээгч шавьж, ургамлын төрөл зүйл, шувуу, туруутан амьтдын тоо толгой нэмэгдэхэд нөлөөлж буй хандлага ажиглагдсан.
-Үр дүн хугацаа шаарддаг. Баталгаажуулалтын эхний жилд мэдлэг, дадал сайжирдаг бол 2–3 жилийн дараа биологийн олон янз байдалд бодит, тогтвортой ахиц гардаг.
Монголын нүүдлийн мал аж ахуй бол зөвхөн соёлын өв биш, харин биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийг хангах чухал шийдэл юм. Үүнийг бодлого, стандарт, орон нутгийн засаглал, жендерийн тэгш оролцоотой уялдуулан дэмжих шаардлагатай байна.
НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь нүүдлийн мал аж ахуйн дэлхий дахины ач холбогдлыг онцлон харуулж байна. Энэхүү санаачилга нь бэлчээр, нүүдлийн мал аж ахуйг зөвхөн уламжлалт амьжиргааны хэлбэр бус, харин байгаль хамгаалал, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чухал тулгуур гэдгийг олон нийтэд таниулах зорилготой.
Нүүдлийн мал аж ахуй дэлхийн улс орнуудын 75 хувьд ямар нэг хэлбэрээр оршиж байна. Дэлхий даяар 200 сая гаруй хүний амьжиргааг дэмждэг. Бэлчээр нь дэлхийн хуурай газрын бараг талыг эзэлдэг. Өнөөдөр бэлчээрийн мал аж ахуй дараах сорилтуудтай тулгарч байна. Үүнд:
-Газрын ашиглалтын өрсөлдөөн нэмэгдэж байна.
-Уламжлалт мэдлэг, үе дамжсан залгамж чанар алдагдах эрсдэлтэй.
-Газрын эзэмшил, ашиглалтын баталгаа хангалтгүй байна.
-Малчдын дуу хоолой бодлого боловсруулах түвшинд хангалттай хүрдэггүй.
-Судалгаа, хөрөнгө оруулалт дутагдалтай хэвээр байна.
Олон улсын жилийн зорилго:
-Бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн үнэ цэн, нэр хүндийг нэмэгдүүлэх
-Тогтвортой мал аж ахуйг байгальд ээлтэй амьжиргааны хэлбэр болгон хүлээн зөвшөөрүүлэх
-Малчдын бодлого боловсруулах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх
-Судалгаа, инноваци, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих
Монгол Улс 2020 онд энэхүү санаачилгыг НҮБ-д дэвшүүлж, улмаар 2022 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг албан ёсоор олон улсын жил болгон зарласан. Энэ нь Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн дэлхийд оруулж буй хувь нэмрийг олон улсад хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм.
Нүүдлийн мал аж ахуй бол өнгөрсөн үеийн өв биш, ирээдүйн тогтвортой хөгжлийн шийдэл юм. 2026 оны олон улсын жил нь энэ үнэ цэнийг дэлхий нийтэд дахин таниулж, малчдын дуу хоолойг дэлхийн бодлогын төвд хүргэх түүхэн боломж болж байна.
Нүүдлийн мал аж ахуйн оршин тогтнох үндэс нь болсон бэлчээр нутгаа одоо л хамгаалахгүй бол ирээдүйд нүүдэлчдийн аж амьдралыг төсөөлөхийн аргагүй. Ойлголтоо нэгтгэх, хандлагаа өөрчлөх, хамтарсан үйлдэл хийх нь хамгийн оновчтой шийдэл болоод байна.

Бэлчээрийг яаж хамгаалан сэргээх вэ?
Бэлчээрийг хамгаалах хамгийн зөв гарц нь малын тоог хүчээр бууруулах биш, харин бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх. Ингэж чадвал малчид цөөн, чанартай мал өсгөх сонирхолтой болно. Хөдөөгийн байдал хүндхэн буюу малчид бүл муутай, залгамж халаагүй болсон, мал малын захтай байх боломж хомс, нөгөө талаар олон малаар амьжиргаагаа залгуулахаас өөр гарцгүй байгаа энэ үед ашиг шим өндөр малыг чадалдаа тааруулан маллах хүсэлтэй малчин олон.
Тэгвэл малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг яаж өсгөв вэ?
NABU төслийн гол зорилго нь “Цөөн мал, өндөр ашиг” загвар буюу Олон улсын стандарт, баталгаажуулалт, Хариуцлагатай нүүдэлчин мал аж ахуйг төлөвшүүлэх юм.
Мал аж ахуй ч бас цаг үеэ дагаад хөгжих ёстой. 21-р зууны малчид нүүдэлчин ахуйдаа хэрхэн зохицож, соёл уламжлалаа яаж хадгалан аж төрөх вэ? гэдэг энгийн асуултад хариулт олох шаардлага үүсэж байна. Магад малчдаас хамаарах ганц зүйл нь “хариуцлагатай нүүдэлчин” байх, байгаль орчиндоо ээлтэй хандах. Хэрвээ малчин үүнийгээ нотолж, баталгаа олж авч чадвал цөөн малын өндөр ашгийг хүртэх тэдний хүсэл биеллээ олох юм.
Дэлхийн хэрэглэгчид ирээдүйд найдвартай чанар, баталгаатай гарал үүсэлтэй бол үнэ харамлахгүй худалдан авах тэр л зарчим руу чиглэнэ. Гэтэл монгол малчид үйлдэл хийхгүй удвал бэлчээр нутаг улам доройтсоор оройтсон байх болно.
Нүүдэлчин соёлоо хадгалан хэрхэн чанартай аж төрөх вэ гэдэг дээрх асуултын хариулт нь энгийн. “Хэрвээ бид чанарт анхаарвал бэлчээр сэргэнэ, малчдын орлого өснө.” Монголын мал аж ахуйд боломж хангалттай бий. Харин зөв бодлого, зөв хандлага л хэрэгтэй байна.
Хаврын налгар өдрүүдэд малчдын сэтгэл тэнийнэ. Гэвч хавсарга салхи, нойтон цас, гэнэт хүйтрэх тохиол хавар цагт олонтаа. Уламжлалт мал аж ахуйг тэнгэрт найдан, бэлчээрт даатган авч явах уу, малаа дагах уу, маллагаагаа өөрчлөх үү... гэх олон асуудал малчдад тулгарч байна. Тэдгээрийг шийдэхэд зөвхөн малчдын хичээл зүтгэл хангалтгүй бөгөөд төрийн бодлогоор шийдвэрлэх, бэлчээрийн даацад тохирсон мал маллах шинэ соёлыг төлөвшүүлэх зэрэг яаралтай хэрэгжүүлэх ажлууд хүлээгдэж буй.
Ногоо цухуйхыг хүлээн буй мал сүрэг бэлчээртээ багтаж ядан холхино. Малчид: Энэ хавар салхи ихтэй гэлцэнэ. Тийм ээ, ирэх хаврын салхинд ч өвсгүй бэлчээр өртөнө. Бэлчээрт амрах боломжийг л өгчихвөл байгаль зохилдлогоороо сэргээд л ирнэ. Тэр боломж хамтын оролцоогоор л бий болох учиртай...
О.АМАРЗАЯА
/Энэхүү нийтлэл нь ”Архангайн амьдрал” сонины №08/917 дугаарын
“Бэлчээр ба мал аж ахуй” буланд нийтлэгдсэн/