Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   8 цаг 30 мин

ХОНИН СУУРИЙН БАГШ

Өндөр-Улаан сумын Бэлхи багийн өндөр настан Додгуугийн Тайвандоржийг онцолж байна. Тэр 1964 онд бага сургуулиа төгсөөд хонин суурийн төлчнөөр ажиллахдаа Хонгорын өвөлжөөний 20 гаруй малчин өрхийн хүүхдүүдэд цэцэрлэгийн боловсрол гэрээр олгож, насанд хүрэгчдийг бичиг үсэгтэй болгож байжээ.

Д.Тайвандорж: Би сургуульд байхын дуу хөгжимд дуртай, мандолин зэрэг хэд хэдэн хөгжим тоглодог байсан. Хонин суурийн төлчин болоход 14 настай өөрөө ч хүүхдээрээ шахуу байж. Хот айлынхаа жаахан хүүхдүүдэд дуу шүлэг уншиж өгдөг байлаа. Сүүлдээ хүүхдүүдийг гэртээ цуглуулаад нийтэд нь дуу шүлэг заадаг болсон. Цэцэрлэг гэдгийг мэдэхгүй хүүхдүүд үүнд их дуртай.

Манай суурь социалист хөдөлмөрийн төлөө бригад болох үүргээ амжилттай биелүүлж цол мандатаа авч, нэгдлээс берзентин ухуулах байраар шагнасан юм. Энэ байр халуун устай учир түүгээр хүүхдийн цэцэрлэгийн байр болгох хүсэлт тавьсныг нэгдэл маань дэмжиж ширээ, сандал, ор зэрэг хэрэглэл бэлтгэн өгч, суурийн соёлын багшаар намайг томилон, цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн семинарт суралцуулж, хүмүүжүүлэгчийн хөлс нэмж өгдөг болсон. Манай суурийнхан хүүхдүүдээ аятай сайхан хувцаслаж, хооллох, сурч мэдэхэд нь тусалж, ном сонин, тоглоом наадам, хөгжим худалдан авч, соёл ахуйн нэлээд баазтай болсон. Дараа жил нь манай хот айлын эрчүүд авсаархан байшин барьж өгч билээ. Ийм учраас хүүхэдтэй ажиллах тэднийг зөв хүмүүжүүлэх асуудлыг онцгой анхаарч, үлгэр жишээ гэр цэцэрлэгтэй болох зорилт тавин ажилласан.

Хүүхдүүдэд хичээл, дуу шүлэг заахаас гадна томчуудыг бичиг үсэг дунд, муу мэдэгчээр нь 2 групп болгож, бичиг үсэг, тоо бодлого, урлаг уран сайхны хичээл зааж, муу мэдэгч 4 хүнийг сайн мэдэгч, дунд мэдэгч 5 хүнийг 2-3-р ангийн боловсролтой болгож байлаа. Зун хот айлынхаа дунд асар бариад, хичээл сургалтаа явуулдаг байсан хэмээн хуучлав.

Түүний энэ санаачилга, зүтгэлийг нийтэд түгээхээр аймгийн эмэгтэйчүүдийн IV чуулган, тэргүүний хөдөлмөрчдийн хөдөлмөр соёлын чуулганд оролцуулж, арга туршлагыг нь яриулж, төв орон нутгийн сонин хэвлэлд бичиж, өөр сум аймгийн хүмүүс ч ирж, биечлэн танилцаж байжээ.

150 эм хонь хариуцан маллаж, гарсан төлөө бойжуулах, сааль сүү боловсруулах,  хүнхээл, агь таана түүж, гар тэжээл бэлтгэх зэрэг малчин хүний нөр их ажлаа цалгардуулж байсангүй, чанартай биелүүлж, социалист хөдөлмөрийн төлөө бригад болоход бусадтайгаа эн зэрэгцэн, үүргээ биелүүлж байснаа тэрээр дурсан ярилаа.  

Суурийн сургуулийн багшийн ажлаа 1971 он хүртэл хийгээд амьдралын жамыг даган нөхөрт гарч, Тариат сум руу шилжжээ. Түүний нөхөр Б.Лхаасүрэн Тариат,  Өндөр-Улаан, Ихтамир сумын баг, бригадуудад олон жил ажилласан, алтан гартай эмч хүн байсан. Ясны хөдөлмөрч тэд 1985-1994 онд хотын соёлд суралцахаар Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт ажиллажээ.

1994 онд нутагтаа эргэн ирээд, аяны хүмүүсийн алтан шар зам дагуу үзэсгэлэнт Чулуут голын дэргэд хоолны газар анх нээсэн нь олон айл өрхүүдэд бизнес эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх шинэ санаа, гаргалгааг нээж, өнөөгийн суурьшлын бүсийн эхлэл нь болжээ.

Найман хүүхэд төрүүлж өсгөсөн Тайвандорж гуай үр хүүхдүүдээ ч ажил хөдөлмөрт сургасан буянтай ээж. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, 1967 онд Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлий ерөнхий хорооны баярын бичиг, 1968 онд аймгийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн зөвлөлийн баярын бичиг, МЭХ-ны жуух бичиг, 1969 онд намын Төв Хорооны баярын бичиг, 2021 онд Алтан гадас одонгоор шагнажээ.       

  Архангай медиа группийн Өндөр-Улаан сум  дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа

124   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох