Ч.МИНЖҮҮРДОРЖ: СОНИНЫ ШАРЛАСАН ХУУДСАНД ТҮҮХ ҮЛДДЭГ НЬ САЙХАН

-Та ямар сургууль дамжаа дүүргэсэн бэ?
-Би 1950 онд төрсөн. Батцэнгэл суманд 8-р ангиа төгсөөд 1966-1967 онд Архангай аймгийн ХАА-н ТМС-д суралцсан. 1975-1976 онд УБ хотод бригадын даргын нэг жилийн курс дүүргэсэн.
-Нэгдэлд ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцвал?
-Тэр үеийн ажилчин албан хаагч, малчид хөдөлмөрчид нэгдсэн зохион байгуулалтад орж, төлөвлөгөө норм, үүрэг даалгавар авч ажилладаг байлаа. Норм төлөвлөгөөгөө 100%, түүнээс дээш давуулан биелүүлэхийн төлөө хамтын хүчээр чармайж, ар гэр, үр хүүхдээ хоёрт тавьж өдөр шөнө, өглөө үдэш гэлгүй халуунд халж, хүйтэнд хөрөхийг юман чинээ саналгүй хөдөлмөрлөж байсан үе дээ. Хурал зөвлөгөөнөөс гарсан уриалга, шийдвэрийг биелүүлэх, МАХН-ын бүгд хурлаас дэвшүүлсэн хоёр том лоозонг найман настай балчраас наян настай буурал хүртэл цээжээр уншиж, мөрдлөг болгодог тийм л үе байлаа. Аливаа юм хоёр талтай. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад дарга цэргээ мэддэг, зах замбараатай, эрх үүргээ гүнээ ухамсарласан эмх цэгцтэй цаг үе байжээ гэж бодогддог. Тэр үеийнхэн маш их тэвчээр хатуужилтай, хөдөлмөрийн хүмүүс байсан тул үр хүүхдээ ч тэгэж өсгөсөн санагддаг. Би 1976-1986 он хүртэл Асайт, Зуслан бригадын дарга, 1986-2002 он хүртэл Жаргалант сумын дунд сургуульд нярав, ”Жаргалант амьдрал” нэгдэлд бригадын дарга, нярав, тоо бүртгэгчээр ажиллаж байлаа. Төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, 5,6,7-р таван жилийн гавшгайч, Хөдөлмөрийн хүндэт медаль, Төрийн удирдлагын тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор шагнагдсан.
-“Улаан од” сонины идэвхтэн бичигч, сурвалжлагч явсан он жилүүдээ дурсвал?
-1969-1972 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж байхдаа байлдагч цолтой, ”Улаан од” сонины идэвхтэн бичигч, сурвалжлагч байлаа. Дайчдынхаа байлдааны бэлтгэл, сурлага хөдөлмөрийн амжилт бүтээлийг сурталчлахын зэрэгцээ тэр үед дэлхийг цочоосон Вьетнам \БНАВУ\-ын эсрэг өдүүлсэн Америкийн империалистуудын түрэмгий дайныг жигшин зэвүүцсэн ”Энэтхэг Хятадын хойгийн фронт дээр”, ”Эрс хатуу шаардаж байна” зэрэг мэдээ нийтлэл бичиж байлаа. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн парадад Улаанбаатар хотод Зүүнбаянгийн цэргийн ангиас ирж оролцож байлаа. 1971.06.17-нд болсон “Армийн тэргүүний ухуулагчид”-ын зөвлөгөөнд уригдан оролцож байв. Мөн 1972.02.07-нд зохион байгуулагдсан “Улсын тэргүүний суртал нэвтрүүлэгчид”-ийн 2-р зөвлөгөөнд урилгаар оролцож, үг хэлж, “Улаан од” сонины оны “Шилдэг идэвхтэн бичигч” цол тэмдгээр шагнагдаж, сонины эрхлэгч Ж.Ядмаа хурандаагаас шагналаа гардан авч байлаа. Энэхүү зөвлөгөөнд Жаргалант сумаас “Архангайн үнэн” сонины сурвалжлагчаар хамтран ажиллаж явсан Л.Доржсүрэн маань сумаа төлөөлөн оролцож байсан гээд сайхан дурсамж үлджээ. “Улаан од” сонины сурвалжлагч Ч.Дамдиндорж гэдэг сэтгүүлч Зүүнбаянд очиж, өчүүхэн миний талаар “Сурвалжлагч байлдагч” нэртэй нийтлэл бичиж, 1972 оны 01-р сард “Улаан од” сонины 100 дахь дугаарт нийтэлж байлаа.

-“Архангайн үнэн” сонинд сурвалжлагч явснаа дурсвал?
-1967-1969,1972-2000 онуудад “Архангайн үнэн” сонинд сум орон нутгаа сурталчилж, ажил хөдөлмөр амжилтаараа бусдыгаа манлайлсан тэргүүний бригад, малчид хөдөлмөрчдийн ажил амьдралыг сурталчлан мэдээ мэдээлэл бичиж байлаа. Миний бие 1968 оны шилдэг бичлэгийн 3-р байрын шагналыг тэр үеийн сонины хариуцлагатай эрхлэгч Д.Товуу гэдэг хүнээс гардан авч байлаа. Хариуцлагатай эрхлэгчээр Д.Самданмөнх, сурвалжлагчаар В.Батсайхан, утга зохиолын ажилтнаар Д.Доржсэнгээ нар ажиллаж байв. Биднийг мэдээ сурвалжлагынхаа агуулга, чанар, бичлэгийн хэв маягт онцгой анхаарч, өнгөц бус гүнд нь орж, бодит баримтад тулгуурлан үнэн зөв мэдээлэл бичих өндөр шаардлага тавьдаг байлаа. Алдаа мадагтай, бусадтай санаа давхцсан мэдээ мэдээллийг хэвлэхгүй буцаадаг, хариуг хүргүүлдэг байлаа. Сонин хэвлэлтэй 30 гаруй жил нөхөрлөсөн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, 1983 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. Ийнхүү “Архангайн үнэн” сонины идэвхтэн бичигч Д.Гүррагчаа, Л.Доржсүрэн, М.Баярмагнай нартай хамтран ажиллаж байснаараа бахархаж явдаг даа.
-Тоншуул сэтгүүлд таны мэдээлэл гардаг. Хүмүүс танаас эмээдэг байсан гэдэг?
-“Үнэн” сонины газраас гаргадаг улс төр, уран сайхны шог сэтгүүл байлаа. Хариуцлагатай нарийн бичгийн даргаар М.Гүрсэд гэдэг хүн ажиллаж байлаа. Бидний үед шат шатандаа алдаа дутагдалтай эвлэрдэггүй, дутагдал доголдол гаргавал ил тод шүүмжилдэг, сонин хэвлэлд сурталчилдаг, хошин шогоор зурдаг, бичдэг, элэглэдэг байлаа. Тэглээ гээд гомдол санал гарч байсангүй. Алдаа дутагдлаа давтахгүйг хичээдэг тийм л сайхан цаг үе байж дээ. Одоо зарим хөгшчүүлтэй хуучилж суухад ”Тоншуул” сэтгүүлд гарчих вий гэж эмээдэг байснаа хөгжөөн болгож ярьдаг юм. \Инээв\
-Сум орон нутгийнхаа соёл, урлагийн арга хэмжээнд их оролцдог, шинэ жилээр алиалагч болж, олноо баясгаж явсныг одоо ч хүмүүс дурсдаг. Энэ талаараа сонирхуулаач?
-Сум орон нутгаа төлөөлж соёл урлагйн арга хэмжээнд их ордог байлаа. Архангай аймагт болсон “Соёл урлагийн 3 хоног” –ийн арга хэмжээнд УГЗ ,ТШ-т Л.Ванганы Арвайхээрийн талд“ инээдмийн жүжгийг МУГЖ Н.Дугарсанжаа найруулж, туслах найруулагчаар миний бие ажиллаж, дүрүүдэд Ч.Ганбат, Л.Доогиншийнэн, Г.Ариунаа, Ч.Хажидмаа, Д.Чилхаажав, М.Жамсранжав нар тоглож, би бригадын дарга Осорын дүрд тоглож байлаа. Жил бүрийн шинэ жилийн арга хэмжээнд “Хавтгай”, ”Шовгор” нэртэй алиалагч болж, багш Б.Батхүү, П.Нямжанцан, ажилчин Ч.Ганбат нартай хамтран тоглодог байв. Концерт болон нийтийн бүжиг их хөтөлнө. Н.Чулуунбаатар, Г.Пүрэв нар баян хуур хөгжим тоглодог байлаа.
-Та гэр бүлээ танилцуулна уу?
-Хань Ж.Цэрэнбалжиртайгаа гэр бүл болж, 12 хүүхэд төрүүлж өсгөн, 55 жил сайхан амьдарч явна. Ач зээ нийлээд 50 гаруй болжээ. Хүүхдүүд маань салбар бүрт үр бүтээлтэй ажиллаж, хариуцсан ажилдаа эзэн болж яваад бахархаж явдаг даа.
-Мэдээллийн эрин зуун, хэвлэл мэдээллийн талаар таны бодол?
-Бид бүх юм цахимжсан, асар их мэдээллийн дунд амьдарч байна. Мэдээлэл түргэн шуурхай хүрдэг болсон. Сонин хэвлэлийн тоо тоймоо алдсан. Гүйцэж хүрэхэд бэрх. Үлдэц бага санагддаг. Шүүмжлүүлэхээсээ магтуулах дуртай болсон цаг. Аль аль нь хамт явах хэрэгтэй санагддаг. Хүүхэд гэлтгүй томчуул өөрсдөө унших соёлд суралцах хэрэгтэй. Хичнээн хугацаа өнгөрсөн ч сонины шарласан хуудсанд мэдээ мэдээлэл түүх болон үлддэг нь сайхан. Өнөөдрийг хүртэл “Архангайн амьдрал” сониноо захиалан уншдаг даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
Архангай медиа группийн Жаргалант сум дахь сурвалжлагч Д.Энхжаргал