Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   6 цаг 37 мин

АРХАНГАЙН МАЛ АЖ АХУЙН "АЛТАН ҮЕ"-ИЙГ ТҮҮЧЭЭЛСЭН ГАВЬЯАТАН

Түүхийн шарласан хуудаснаа 1984-1990 он бол Архангай аймгийн мал аж ахуйн салбар тооноос чанарт шилжсэн, хөгжлийн оргил үе хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү түүхэн шинэчлэлийн гол архитектор, "Архангай аймгийн нөхцөлд бэлчээрийн мал аж ахуйг хөтлөн удирдах систем" хэмээх алдарт хөтөлбөрийг санаачлагч нь Архангай аймгийн ХААУГ-ын дарга асан, Монгол Улсын Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан Сэнгийн Пүрэвдорж юм.

Тэрээр ажил амьдралынхаа 44 жилийг аймгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зориулсан ажээ.

Мал аж ахуйг хөтлөн удирдах "Архангай систем"

1980-аад оны дундуур Архангай аймгийн мал аж ахуйн салбар хүндхэн сорилттой тулгарч, малын өвчлөл, хорогдол ихэссэн үед С.Пүрэвдорж аймгийн ХААУГ-ын даргаар томилогджээ. Тэрээр ажлаа хүлээн авмагц шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын томоохон шинэчлэлийг эхлүүлсэн юм. Түүний санаачилсан “Мал аж ахуйг хөтлөн удирдах систем” хөтөлбөрийг боловсруулахад малчин, тариаланч, эрдэмтэн мэргэжилтэн гээд 1400 гаруй хүний саналыг тусгасан нь тухайн үедээ маш том ардчилсан бөгөөд мэргэжлийн хандлага байв.

Энэхүү системийн үр дүнд мал сүргийг эрүүлжүүлэх ажил хавар, зун, намар, өвлийн нарийн технологийн удирдамжтай болж, мах иддэг, сүү уудаг хүн бүр малын чанарыг сайжруулахад оролцох ёстой гэсэн бүх нийтийн ойлголт төлөвшжээ.

/Хөдөлмөрийн баатар Д.Санжжав малчдад зөвлөгөө өгч байгаа нь. 1988 он/

Шинжлэх ухаан ба Бүх нийтийн хүч

Түүний ажиллаж байсан үеийн нэгэн бахархам амжилт бол 1989 онд Архангай аймаг түүхэндээ анх удаа 830 гаруй тонн цөцгийн тос үйлдвэрлэсэн явдал юм. Социализмын 70 жилийн түүхэнд улсын хэмжээнд аль ч аймаг ийм хэмжээний тос бэлтгэж байгаагүй бөгөөд энэ нь Архангайн малчид, саальчдын хөдөлмөрийн охь байв.

Мал аж ахуйг удирдлагын цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, бүх нийтийн анхаарлыг үүнд төвлөрүүлсний үр дүнд Архангай аймаг: Жил бүр 20.0 мянган тонн мах, 10.0 мянган толгой агт бэлтгэж, улсын хэмжээнд тасралтгүй тэргүүлсэн. Газар тариалангийн салбарт ч тэрээр "Атрын хоёрдугаар аян"-ыг амжилттай удирдаж, Архангай аймаг улсын хэмжээнд улаан буудай, төмс хүнсний ногооны бэлтгэлээр тэргүүлж, Хархорины гурилын үйлдвэрийн хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг байсан түүхтэй. Улмаар Архангай төдийгүй Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор гэсэн таван аймгийн иргэдийн гурилан бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг бэлтгэдэг "тэжээгч аймаг" болсон байлаа.

/МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга Б.Дэжид Малчдын зөвлөгөөнд оролцсон нь. 1987 он/

Чанар бол малчны баялаг

Тухайн үед Хотонт суманд "Илүү нуруу нугаламт" хонийг, Цэнхэр суманд цэвэр "Баяд" үүлдрийн хонийг дагнан үржүүлж, үр төлөөр нь бусад сумын сүргийг сэлбэжээ. Үүний үр дүнд: Нийт хонины амьдын жин болон гулуузын гарц 3-5 кг-аар нэмэгдэж, ноосны гарц 10-15 хувиар ахиж, малын зүй бус хорогдол 55-62.5 хувиар буурсан. "Чамар" үүлдрээр сайжруулсан хонины ноосыг Эрдэнэтийн хивсний үйлдвэрт нийлүүлэх стандартыг тогтоов.

С.Пүрэвдорж даргын удирдлага дор Архангайнхан хонин сүргээ Баяд, Дархад, Чамар омгоор, ямаагаа Говь-Алтайн улаан, Хөвсгөлийн эрчмийн хар, Сүхбаатарын Баяндэлгэрийн улаан зэрэг шилмэл үүлдрээр сайжруулж эхлэв. Үүний үр шим нь өнөөдөр ч малчдын гарт мэдрэгдсээр байна.

Ихтамир сумын Борт бригадын даргаар ажиллаж байсан Г.Бямбасүрэн өгүүлэхдээ: Ямааны ноолуурын гарц эрс нэмэгдэж, өмнө нь 250 гр ноолуур тушаах гэж "ядардаг" байсан бол одоо борлон ямаанаас л гэхэд 300 гр, эр ямаанаас 1120 гр хүртэл ноолуур гардаг болжээ хэмээв. 

С.Пүрэвдорж: Саяхан Жаргалант суманд хамгийн их ноолууртай ямааг шалгаруулахад нас гүйцсэн эр ямаа 1120 гр, эм ямаа 1060 гр, борлон 780 гр ноолуурын гарцтай байв. Энэ мэтчилэн сумд малыг ашиг шимийн үзүүлэлтээр сонгон шалгаруулж, малчныг алдаршуулахын зэрэгцээ өндөр ашиг шимт малын үр удмыг сонгон өсгөх зэргээр сонирхолтой арга хэмжээг өрнүүлэх нь зүйтэй санагдана гэсэн юм.

/Өлзийт сумын хоньчин Жамсранжавд улсын аварга малчны шагнал гардуулж байгаа нь. 1989 он/

Хүний нөөцийн "уурхай"

С.Пүрэвдорж зөвхөн малын ашиг шимд бус, малчдын нийгмийн асуудал, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаардаг байлаа. Түүний удирдлага дор нэг баг болж ажиллаж байсан мэргэжилтнүүдээс өнөөдөр есөн Гавьяат ажилтан төрөн гарч, тэрээр өөрөө 10 дахь нь болж байгаа нь түүнийг ямархуу түвшний удирдагч байсныг илтгэнэ. Мөн УИХ-ын депутатаар 5 хүн: Б.Гомборагчаа, Д.Дамбийжанцан, Ё.Давааням, Д.Лонжидсүрэн, Т.Ядамсүрэн нар сонгогдож, шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон байдаг. Тэрчлэн түүний удирдлагад ажиллаж байсан гурван ч хүн: Л.Эрхэмбаяр, Т.Цэдэндамбаа, Ц.Мөнхнасан нар Архангай аймгийн Засаг дарга болж байжээ.

Харамсал ба Бахархал

Зах зээлийн нийгэмд шилжих үед тэрээр Австрали, Тайландад туршлага судалж, өмч хувьчлалыг үрэн таран хийхгүйгээр гэрээ, түрээсийн хэлбэрээр явуулах 350 хуудас төлөвлөгөө боловсруулсан ч тухайн үеийн улс төрийн шуурганд уг санал нь орхигдсонд өнөөг хүртэл харамсаж явдаг аж. Гэвч мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах суурийг сайн тавьсны хүчинд Архангайн мал сүрэг өнөөдөр тоо толгой төдийгүй чанараараа дөмөгхөн яваа нь лавтай.

/Хархорины САА-н дарга агсан, гавьяат механикжуулагч С.Цэрэннадмидын хамт Автралид туршлага судлав. 1987 он/

/ХАА-н нэгдэл, САА-н өмч хувьчлах загвар боловсруулахаар томилогдсон төлөөлөгчид Австрали, Өвөрмонгол, Тайландад ажиллав. 1988 он/

Хотонт сумын Улсын аварга малчин Ч.Базаррагчаа: "Бидний хамтын хүчээр хэрэгжүүлсэн энэ систем одоо ч залуу малчдын мал маллагааны үндсэн хөтөлбөр болсоор байна" хэмээн бахархан өгүүлсэн байдаг.

С.Пүрэвдорж хэлэхдээ: Аймгийн эдийн засгийн үндсэн салбар, ард түмний амьдралын эх булаг болсон мал аж ахуйн хөгжил шинэчлэл,  бахдам амжилтад хүрэхэд тэр үеийн аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Г.Бизъяагийн дэмжлэг туслалцаа, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор Д.Цэрэндорж, академич, доктор профессор, гавьяат мал зүйч Б.Минжигдорж, Г.Самбуу, доктор С.Шархүү нарын удирдлагаар ажилласан шилдэг эрдэмтдийн баг бүрэлдэхүүний мэргэжил арга зүйн зөвлөгөөний ач тусыг онцлох нь зүйтэй хэмээсэн юм.

"Бид эх орноо түүхий эдээр, ард түмнээ хоол хүнсээр тасралтгүй хангах ариун үйлсийн төлөө ямар ч бэрхшээлийн өмнө шантарч үзээгүй" хэмээн өгүүлэх Сэнгийн Пүрэвдорж гавьяатын ажил амьдралын замнал бол Архангай аймгийн хөгжлийн нэгэн тод хуудас юм.

О.АМАРЗАЯА

134   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох