РАШААНАА ХАМГААЛАХААР НЭГДЬЕ
Хангай сумын нутагт байх хоёр багш, Заяын хүрээний хойморт залрах хоёр гэгээний мөргөлийн шүтээн, Булган уул гээд сүсэгтэн олны өргөл мөргөлийн орон. Аймгийн нутгаар аялан явахуйд бэлчээр дүүрэн мал сүрэг, цайран ярайх гэрүүд нүүдэлчин ахуйг нүднээ тольдуулж, буугаад мордох хүсэл төрдгийг хэн хүнгүй л мэднэ.
Аймгийн эдийн засгийг хөгжүүлэх, улсаас авдаг нэмэлт санхүүжилтээ орон нутгийн нөөцөөр бүрдүүлэх зорилгын нэгэн бай нь аялал жуулчлалыг сайжруулах шийдэл юм гэдгийг ойрын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөнд тодорхой тусгасан байдаг. Төлөвлөгөөг хурдавчлахаар 2026 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгохоор шийдвэрлэсэн биз ээ. Энэ салбарт үйлчилгээ эрхэлдэг иргэд ч тааламжтай хандаж, бодлогын дэмжлэг, хөнгөлттэй зээл, тусламж дэмжлэг хүсэмжилж байгаагаа илэрхийлцгээж буй. Энэ зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд санаа нэмэрлэхээр энэхүү нийтлэлийг уншигч танаа хүргэж байна.

Архангай аймагт зохион байгуулалттай хөгжүүлбэл зохих аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүн байгаа нь рашаан дагасан “рашаанчдын аялал” юм. Хангайн нурууны ар, өврөөр нутаглагчдын эртнээс хийж ирсэн эмчилгээ сувилгаа бол зун, намрын улиралд рашаан усаар биеэ тэтгэн тэнхрүүлэх уламжлал билээ. Хүүхэд ахуйгаас эмээ өвөөгийн заавраар рашаан хүртэж, боргионд цохиулж, гам барьж сурсан хүн олон бий. Манай аймгийн нутаг рашаанаар элбэг, сум бүхэнд л нутгийнхан “рашаан” хэмээн дээдлэн, хайрлаж хамгаалан, энэ тэр өвчинд сайн гэлцэн анагаах чадлыг нь магтан байх ус булаг олон.
Архангайнханд рашаан хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн 53 ус рашаан бий гэлцдэг. Эднийг бараадан дулааны сайхан улиралд найз нөхөд, ахан дүүсээрээ уулзах, амрах, агаар усанд биеэ тэнхүүлэх, “рашаанд орох” далимаар эцэг өвгөдийн нутгаар амран зугаалах хүмүүсийн аяллын хөлд Архангайнхан зуны зунд дарагддаг. Энэ нь хол ойрын энэ хөл хөдөлгөөнийг “дотоодын аялал жуулчлал”-ын нэгэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломж бидэнд байна гэсэн үг.

2026 оны 3 сарын 9-10-ны өдрүүдэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Орон нутгийн байгаль хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Байгаль хамгааллын төслийн санал боловсруулах сургалт явагдаж, бүх сумын төлөөлөл хамрагдлаа. Төслийн ажиллагаа төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжих бодлоготой тул 6-7 сумын байгаль хамгаалах чиглэлийн төрийн албан хаагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, хөдөө аж ахуй, агро-экологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл гэх бүрэлдэхүүн уг хичээлийг сонсон суралцсан юм.
Товчхондоо, энэ сургалт Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Төв, Булган, Дархан уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Орхон, Хэнтий гэх 13 аймагт нийт 230 оролцогчтой, төсөл бичих санаа сэдлийг орон нутагт төрүүлэх зорилготой ажээ. Улмаар төслийн уралдаан зарлаж, 3-4 сард “Орон нутгийн уугуул иргэдийн уламжлан хамгаалж ирсэн газар нутагт байгаль хамгаалах ажлыг дэмжих” төслийг сонгон шалгаруулж, дээд тал нь 50 мянган доллар хүртэл санхүүжилт өгч, дэмжин хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй юм билээ. Төслийн тэргүүлэх ландшафт нь Хангай Хөвсгөлийн бүс, тэргүүлэх зорилго нь биологийн олон янз байдлын хамгаалал, хамгаалж буй газар нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих юм байна. Биологийн олон янз байдал нь генетик, популяци, зүйл, экосистемийн олон янз байдлыг багтаадаг бөгөөд энэ нь дэлхий дээрх амьдралын олон янз байдлын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, устахаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалж байдаг тогтолцоо юм.
Уг төсөл нь орон нутгийн иргэдийн уламжлалт мэдлэг, шинжлэх ухааныг нэгтгэж, соёл, экологийн ач холбогдолтой байгаль хамгаалах шийдлийг бий болгодог гэнэ. Иймд 13 аймгийн олон төсөлтэй уралдан санхүүжилт авч ирэхийн тулд аймгийн хэмжээнд байгууллагууд хамтран нэгдсэн бодлого зохион байгуулалттайгаар оролцвол орон нутагтаа хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Нэгэнт төслийн хүрээнд бодлого технологийг дэмжихээ зарлаж байгаа тул аймгаас ус, рашаан, түүний эко системийг хамгаалах, рашааны эхийг тахин хамгаалдаг эртний уламжлалыг сэргээн хэрэглэх, нутгийн иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох зэргээр ажиллавал болох талтай.

Төслийн хичээлд суух зуураа аймгийн хэмжээнд рашаан хамгаалах нэгдсэн бодлого, эрх зүйн ямар нэгэн хэм хэмжээ байдаг эсэхийг Байгаль орчны газрын мэргэжилтнүүдээс тодруулахад, орон нутагт энэ талаар тусгайлан анхаарал хандуулсан ямар нэгэн бодлого байдаггүй нь тодорхой байв. Усны тухай хууль, түүнийг дагалдан гарсан Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан тушаалаар бүх зүйл зохицуулагддаг гэдэг хариултыг мэргэжилтнүүд өгсөн. Энэ нь Усны тухай хуулийн дараах заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гаргасан журам бололтой, мэргэжилтэн маань рашааныг шинжлэн чанар тогтоож байж хамгаалах тухай яригдана гэж хэлсэн. Үүнд, Усны тухай хуулийн заалт 10.1.25:
10.1.25. рашааны эмчилгээний чанарыг тогтоосон стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж батлуулах; гэж заасныг хэлж буй бололтой. Харин тус хуулинд заасан аймаг, сум, багийн засаг даргын хариуцах үүргийн хүрээнд заагдсан дараах зохицуулалтыг ашигламаар санагдаж, асуулт тодруулга авахаар оролдсон билээ.
Үүнд: 13.1.2. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад рашааныг ашиглуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих;
15.1.2. гол, горхи, булаг, шанд, рашааны эхийг хамгаалах, тохижуулах, мод тарих, ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах;
Энэ заалтын дагуу эхний ээлжинд иргэдийн итгэл үнэмшлээр олноороо рашаан хэмээн амралт сувилгаандаа өргөнөөр хэрэглэдэг рашааны жагсаалтыг гаргах нь зүйтэй. Улмаар тухайн рашааны эхийг хамгаалж ирсэн уламжлалыг сэргээх талаар орон нутгийн удирдлагаас бодлогын нэгдсэн шийдвэр гаргаж, үүнийгээ орон нутгийн иргэдэд танилцуулан, усны эхийг хамгаалах талаар мэдлэгжүүлэх, хамтрах санаа сэдлийг өдөөх чиглэлээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй хамгаалалт болох талтай.

Рашааны эргэн тойрон эко системийн хамгаалалтын нэгдсэн стандарт гаргах, нэгэнт устай орчны тухай яриа тул амарч яваа иргэдэд зориулсан орчин цагийн шийдэл бүхий дэд бүтцийг бий болгон тохижуулах, нүхэн жорлонгоос татгалзан эколос зэргийн шийдэл бүхий байгууламж бий болгох зэрэг зоримог шийдэл гаргах хэрэгтэй. Ингэж байж л рашааны эхийг бохирдуулдаг, рашаан гэх хэдэн модон амбаар, эсгий гэр тойрсон халцархай газар, уул овоо шиг их хог хаягдал, ялгадсаас салж чадна. Сумаас томилогдсон нэгэн рашаанчдад ад үзэгдэн, үглүүлж, загнуулж 50-60 мянган төгрөг хурааж, томхон хогийг зайлуулж, үе үе гүнзгийхэн жорлон ухах нь удаан хугацааны шийдэл биш болжээ.
Рашаанд орохоор ирж буй олны дунд архидалт, мөрийтэй тоглоом түгээмэл харагддаг. Рашааны отог хүний эрхийн хамгаалал талаасаа тун муу газрын нэг мөнөөсөө мөн. Тэнд гэрэлтүүлэг, зам, галын аюулгүй байдал хангагдаагүй. Янз бүрийн хэрэг зөрчил гарахыг үгүйсгэх аргагүй орчин байдаг. Хамгийн олон хүн нэгэн зэрэг цуглардаг Мухар хужирт, Төвшрүүлэхийн Бор бургаст, Тариатын Хадат, Цэнхэрийн Цагаан сүм, Хангайн Ноён хангайн рашаан зэрэг олноо танигдсан рашаандаа стандартыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх санал санаачилга гаргах хэрэгтэй.
Төсөл боловсруулах шаардлагад орон нутгийн иргэдийн оролцоог машид чухалчилж байгаа тул сумын захиргаанаас үүнд хүч анхаарал тавин иргэд, төсөл боловсруулах багийн хооронд холбоос гүүр болон ажиллах хэрэгтэй. Аймгийн эрх бүхий байгууллагаас нэгдсэн бодлого чиглэлээр ханган, хамтран ажиллах иргэний нийгмийн байгууллагыг сонгон санал тавьж, төслийн боловсруулалт хийхэд нь хэрэгцээтэй мэдээ мэдээллээр ханган, бүх талаар дэмжин хамтран ажиллах шаардлагатай юм. Ингээд 2-3 сайн төслийг боловсруулан хүргэж, удирдлагын түвшинд санхүүжүүлэгч байгууллагатай уулзан ярилцаж, төслийн санхүүжилтийг орон нутагтаа авч ирэх талаар санаачилгатай ажиллавал рашаан дагасан аялал жуулчлалыг зохион байгуулалттай хөгжүүлэх эхлэл тавигдана. Рашааны хөл бараадсан нутгийн иргэдийн ахуй амьжиргаанд ч нааштай үр нөлөө ирэх юм.
Р.ОЮУНБИЛЭГ
/"Архангайн амьдрал" сонин №06/915 дугаарын нийтлэл/