ДЕПУТАТ СААЛЬЧИН

Түүнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Тантай ярилцаж буйдаа баяртай байна. Нэгдэлд төлчин, саальчнаар ажиллаж байсан дурсамжаас тань ярилцлагаа эхэлье?
-Би 18 настайдаа ээжийгээ дагаж, саальчин болж, эх нутгийнхаа хөгжилд 40 гаруй жил хүч хөдөлмөрөө зориулсан хүн. Саальчнаар ажилласан он жилүүдэд бүх ажил төлөвлөгөөтэй явагддаг байлаа. Саалийн хугацаанд сарлагийн нэг үнээнээс 420-430л сүү сааж, нэгдэлдээ тушаах нормтой. Өглөө 6 цагт сумын төвөөс сүүний машин эхний фермд ирнэ. Үнээгээ амжин сааж, сүүгээ бүрэн тушаахын тулд үүрийн 3-4 цагт босч, саалиндаа гардаг байлаа. Өдрийн хоёр саалийн хооронд бүсгүйчүүдээ дагуулан үхэр тэргээр өвсөнд явцгаана. Түүнийгээ жижиглэн цавчиж даршилна. Заримыг нь мушгиа болгон хатаагаад нэгдлийн өвс тэжээлийн фондод өгдөг байсан. Хавар хонь хургалах цагаар саальчдад хонь төллүүлэх давхар ажил нэмэгдэнэ. Төл малаа хорогдолгүй бойжуулж, сааль сүүний төлөвлөгөөгөө удаа дараа давуулан биелүүлсэн тул “Таван жилийн гавшгайч” болж, депутатаар сонгогдож байлаа.
-Депутатынхаа тухайгаа яривал?
-Сумын депутатаар хоёр удаа сонгогдсон. Депутат гэдэг нь одоогийнхоор ИТХ-ын төлөөлөгч юм. Хурал зөвлөгөөнд их явна аа. Тэнд яригдсан туршлага, гарсан шийдвэрийг фермийнхэндээ ярина, бас хэрэгжүүлнэ. Оролцсон хурал зөвлөгөөндөө малчид, саальчдынхаа захиас, санал бодлыг хэлнэ.
-Фермийнхээ тухай дурсамж дэлгээч?
-Нэгдлийн үед бүх ажил хамтын оролцоонд тулгуурлан явагддаг байсны нэг хэлбэр нь фермийн зохион байгуулалт байлаа. Манай ферм есөн саальчин, бас үхэрчинтэй байсан. Нэгдлээс өгсөн төлөвлөгөө нормоо биелүүлэхийн төлөө эв нэгдэлтэй, тусалж дэмжсэн, аливаад оролцоотой, сайхан хот айл байлаа бид. Тэр үед одоотой адил утас, зурагт байгаагүй болохоор цаг үеийн мэдээллээс хоцрохгүйн тулд радио сонсож, сонин сэтгүүл захиална. Захиалсан сониноо айлууд ээлжлэн бусдадаа уншиж өгнө. Сонин уншлага хийх айлд улаан дарцаг аялж, оройдоо дунгийн дуунаар тэр айлдаа цугларч, шинэ мэдээлэл сонсдог байлаа. Миний хань Б.Сэрсэндэмид фермийн эрхлэгчээр ажилладаг байсан. Манай фермийнхэн соёлч байдал, төлөвлөгөөт ажлын биелэлт, идэвх оролцоо гээд бүхий л зүйлээрээ манлайлан, социалист уралдаанд олон удаа түрүүлж, сумын аварга фермээр ч шалгарч байсан.

/"Архангайн үнэн" сонинд нийтлэгдсэн зураг/
-Тэр цаг үеийн сайн сайхан зүйлсээс онцолбол?
-Хүн бүр ажилтай, орлоготой, ядуу хүн байгаагүй. Хөгжлийн төлөө хүн бүр хувь нэмрээ оруулах чин сэтгэлээр завгүй хөдөлмөрлөж байсан ч баярлаж цэнгэхээ ч орхигдуулж байсангүй. Наадмын өглөө сумын захиргаанаас фермүүд рүү ЗИЛ-130 явуулна. Тэр машины тэвшин дээр хүүхэд хөгшидгүй сууж, наадам үзэхээр баяр хөөртэй явдагсан. Орой нь буцаагаад хүргэж өгнө. Сумын уран сайханчид малчдын хотонд ирж, концерт тоглон, шинэ гарсан кино үзүүлнэ. Худалдаа бэлтгэлийн ангиас хүнс, барааны худалдаа ирнэ. Баг бүрд байнгын ажиллагаатай худалдааны агент бас ажилладаг байсан. Амжилт гаргасан малчдыг ховор бараагаар шагнана. Бусдадаа тусалдаг, нэгнээ дэмждэг, ахмад үеэ хүндэлдэг, ёс суртахууны өндөр төлөвшилтэй цаг үе байлаа.
-Таны гэр бүл, үр хүүхдүүдийн талаар сонирхвол?
-Миний хань сайн зохион байгуулагч, сайн малчин байлаа. Бид хоёр 1961 онд гэр бүл болж, есөн хүүхэд төрүүлсэн. Хоёр хүүхэд маань удам дагасан малчин. Дөрвөн хүүхэд төрийн албанд, бусад нь хувийн хэвшилд ажилладаг. Хүүхдүүд минь хариуцсан ажилдаа эзэн болж, сайн сайхан амьдарч байгаад нь эх хүний хувьд сэтгэл амгалан байдаг. Том охин С.Цэнд-Аюуш Монгол Улсын мастер тогооч. Тогооч нарын ур чадварын уралдаанд гадаад дотоодгүй явж, олон сайхан амжилт гаргаж, эрүүл зөв хооллолтын ач тусыг олон түмэндээ түгээж яваад нь бахархдаг.

-Хүүхэд залууст хандаж юу хэлмээр байна вэ ?
-Түмэн олонтойгоо эвтэй байж, бусдад чадах зүйлээр тусалдаг байгаарай. Эмэгтэй хүн бүр орсон гарсанд ундтай цайтай байж, хаана ч байсан хиргүй цэвэрхэн хувцаслаж байвал орчин тойрондоо сайхан энерги түгээж, уул ус, хангай дэлхий баясдаг юм гэнэ лээ.
-Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.
Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа