Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   Өчигдөр 10 цаг 56 мин

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ СОРИЛТ БА ШИЙДЛҮҮД

Сүрьеэ нь дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн ноцтой сорилт хэвээр байгаа бөгөөд Монгол Улс сүрьеэгийн өндөр дарамттай 30 улсын жагсаалтад багтдаг. Жил бүр дунджаар 3000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 150–200 хүн сүрьеэгийн шалтгаант нас баралттай байна. ДЭМБ-ын тооцооллоор дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдварт өртсөн байдаг бөгөөд халдвартай нэг хүн эмчлэгдэхгүй бол жилд 10–15 хүнд халдвар тараадаг эрсдэлтэй гэж үздэг.

Монгол Улсын хэмжээнд жил бүр 3,000–4,000 шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд үүнээс 10–11 хувь нь бага насны хүүхдүүд байна. Гэвч мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор жилдээ 12–13 мянга орчим хүн сүрьеэгээр өвчлөх магадлалтай гэдэг боловч дөнгөж 20 орчим хувийг илрүүлж байгаа нь бодит байдлын зөрүүг харуулж байна.

ДЭМБ-аас баталсан “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийн дагуу 2035 он гэхэд сүрьеэгийн нас баралтыг 95%, шинэ тохиолдлыг 90%-иар бууруулах зорилт дэвшүүлжээ. Монгол Улс 1994 оноос хойш нийт долоон удаагийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн ба 2025–2028 онд хэрэгжих “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө” дараах онцлогтой:

  • Анхан шатны тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх
  • Сүрьеэг заавал мэдээлэх тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэх
  • Шинэ технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоог өргөжүүлэх
  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй тэмцэх тусламж, үйлчилгээг сайжруулах
  • Нийгмийн хамгааллын дэмжлэгийг нэмэгдүүлэх

Эдгээр бодлого нь орон нутгийн хэмжээнд сүрьеэг эрт илрүүлэх, эмчлэх, хавьтлыг хянах ажлыг эрчимжүүлэх суурь нөхцөл болох юм.

Эрт илрүүлэг ба эмчилгээний хүртээмж

Улсын хэмжээнд жил бүр сүрьеэгийн амбулаториор 4,000–5,000 хүн үйлчлүүлдэг. Илрүүлгийн үзлэгүүдийн 60–70 хувь нь урьдчилан сэргийлэх шинжилгээ байдаг. Архангай аймагт энэ оны 11 сарын байдлаар 36 шинэ тохиолдлыг илрүүлэн эмчилгээнд хамруулаад байна.

Сүрьеэгийн улмаас эмнэлэгт хэвтэх хоног урт, халдваргүй болох хүртлээ заавал тусгаарлан эмчлүүлэх шаардлагатай. Дундаж хэвтэн эмчлүүлэх хугацаа хамгийн багадаа 56 хоног үргэлжилдэг. Дараах эмчилгээ нь 6–8 сарын турш тасралтгүй эм ууж, хяналтад байхыг шаарддаг. Эмчилгээний явцад зарим өвчтөн сэтгэл санааны тогтворгүй байдал, нийгмийн харилцаанаас тусгаарлагдах асуудалтай тулгардаг тул эмч, сувилагчдын сэтгэлзүйн дэмжлэг чухал ач холбогдолтой юм.

Сум, дүүргийн түвшинд нарийн мэргэжлийн эмч, рентген оношилгоо хүрэлцээтэй бус байгаагаас эрт илрүүлэгт хүндрэл тулгардаг ажээ. Сүрьеэг зөв оношлохын тулд рентген аппарат, туршлагатай эмч зайлшгүй шаардлагатай ч анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн хүчин чадал харилцан адилгүй байна.

“СҮРЬЕЭГИЙН ЭРСДЭЛГҮЙ АРХАНГАЙ”

Архангай аймагт сүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодит хэрэгцээ ба зохион байгуулсан үйл ажиллагаа

Архангай аймагт сүүлийн жилүүдэд илэрч буй сүрьеэгийн шинэ тохиолдлын тоо буурахгүй, тогтвортой өндөр хэвээр байгаа нь эрт илрүүлэг, оношилгоо, халдварын хяналт, нийтийн эрүүл мэндийн боловсролыг эрчимжүүлэх шаардлагыг харуулж байга юм. Аймгийн хэмжээнд 2023 онд 40, 2024 онд 34, харин 2025 оны 10 сарын байдлаар 35 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн халдварт өвчний нийт тоонд сүрьеэгийн эзлэх хувь 0.4% байгаа ч өвчлөл буурахгүй, хавьтал удирдлага, эрт илрүүлэлт нь бүрэн гүйцэд хийгдэхгүй байх хандлага ажиглагддаг.

“Хаалганаас хаалганд” – 2025 оны идэвхтэй илрүүлэг

2025 онд Архангай аймгийн 8 суманд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг зохион байгуулжээ. Илрүүлэгт 1200 иргэн хамрагдахаар төлөвлөснөөс 987 хүн буюу 82% хамрагджээ. Жаргалант, Чулуут, Өгийнуур сумдын оролцоо 83.4–95.2% хүрч, өндөр идэвхтэй байсан аж. 2025 оны 10-р сард Хайрхан суманд GeneXpert аппарат нэвтэрснээр сумандаа богино хугацаанд нарийвчилсан шинжилгээ хийх боломж бүрдсэн сайн жишээ болж байна.

“Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэг нь эрсдэлт бүлгийн иргэдийг нэг дор, богино хугацаанд бүрэн хамруулах боломж олгосон томоохон ажил бөгөөд цаашид сум бүрт GeneXpert оношилгоог үе шаттай нэвтрүүлэх нь аймагт сүрьеэгийн хяналт, эмчилгээний үр дүнг мэдэгдэхүйц сайжруулах боломжтой юм.

Сайн дурын ажил ба олон нийтийн оролцоо

Сүрьеэгийн эмчилгээ урт хугацаанд үргэлжилдэг учир эм таслах, орхих эрсдэл өндөр байдаг. Иймээс сайн дурын ажилтнууд эмийг хугацаанд нь уулгах, хяналт тавих, гэр бүлийнхэнд зөв мэдээлэл өгөхөд чухал дэмжлэг үзүүлдэг. Тэд долоо хоног бүр эмийг хүлээлгэн өгөх, зайнаас (утас, цахим харилцаа) хяналт тавих, хавьтлын хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэг ажлыг тогтмол хийдэг байна.

Ихтамир сумын жишээгээр 2023–2024 онд “Сүрьеэгүй Ихтамир” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хаалганаас хаалганд үзлэг зохион байгуулан 189 иргэнийг хамруулж, зорилтот бүлгийн 90 хувьд хүрч ажиллажээ. Сүүлийн жилүүдэд илэрсэн тохиолдлын хавьтал хүмүүст жилд хоёр удаа үзлэг тогтмол хийсний үр дүнд тухайн айл өрхөөс дахин өвчлөл гараагүй нь томоохон ололт юм.

Нийгмийн ойлголт ба анхаарах асуудлууд

Сүрьеэ нь амьсгалын замаар дамжин халдварладаг, бүрэн эдгэрдэг боловч оройтож оношлогдвол хүндрэл ихтэй өвчин. Гэсэн хэдий ч сүрьеэтэй хүнийг нийгмийн ялгаварлан гадуурхах явдал элбэг бөгөөд энэ нь өвчтөнүүдийг үзлэг, шинжилгээ, эмчилгээнээс зайлсхийхэд хүргэдэг томоохон шалтгаан болж байна.

Сүрьеэтэй тэмцэхэд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна иргэдийн хариуцлага, олон нийтийн дэмжлэг, сайн дурынхны оролцоо, орон нутгийн удирдлагын бодлогын дэмжлэг хамгийн чухал хүчин зүйл болж байна.

Иргэдийн дуу хоолой: Өвчтөн, үйлчилгээ үзүүлэгчдийн санал

Иргэдийн бодит туршлагаас харахад:

  • Сүрьеэгийн анхны шинж илэрдэггүй, өвчин хожуу шатанд оношлогдох тохиолдол олон.
  • Олон сараар эм уух шаардлагатай тул зарим өвчтөн сэтгэлзүйн хувьд тогтворгүй болдог.
  • Эмч, сувилагчдын өдөр тутмын хяналт, дэмжлэг өвчтөнд чухал нөлөө үзүүлдэг.
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд рентген аппарат, мэргэжлийн эмчийн хүртээмж хангалтгүй.

Сайн дурын идэвхтнүүдийн ажил, тухайлбал эмийг хяналттай уух үйлчилгээг дэмжих, хавьтлын үзлэгийг зохион байгуулах, гэр бүлийн оролцоог хангах зэрэг нь эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлж байна.

Сүрьеэгийн эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар нянгаар үүсдэг бөгөөд дараах зуршил, амьдралын хэв маяг эрсдлийг нэмэгдүүлдэг:

  • Архины хэт хэрэглээ
  • Нойрны хэмнэл алдагдах
  • Дэлгэцийн хэрэглээ өндөр байх
  • Шим тэжээлгүй хоол хүнс
  • Тамхи, электрон тамхины хэрэглээ
  • Хувийн ариун цэврийн дадал хангалтгүй байх
  • Нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр ил задгай хаях
  • Дарамттай амьдралын нөхцөл, дархлаа сулрах


Урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээ

  • Нярайд БЦЖ вакцинд бүрэн хамрагдах
  • Эрсдэлт бүлгийн иргэдийг тогтмол үзлэгт хамруулах
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх, дархлааг дэмжих
  • Сайн унтаж амрах, хөдөлгөөнтэй байх
  • Хувийн ариун цэвэр сахих
  • Сэжигтэй шинж илэрвэл яаралтай эмчид хандах

Сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ нь манай улсад үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хийгддэг. Эрт илрүүлэлт, зөв эмчилгээ, гэр бүл–нийгмийн дэмжлэг, эрүүл зан үйлийг хэвшүүлэх нь сүрьеэгийн тархалтыг бууруулах цорын ганц суурь арга зам хэвээр байна.

О.АМАРЗАЯА

Нийтлэлийг бичихэд хамтран ажилласан:

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан

мэргэжилтэн С.БАЙГАЛМАА

/Энэхүү нийтлэлийг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд бүтээв/

75   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох