Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2025-06-02

​​​​​​​А.ТҮВШИНЗАЯА: МОНГОЛ ДАЯАР НЭРЭЭ ДУУДУУЛСАН ТАМИРЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

Өндөр-Улаан сумын сургуулийн 4а ангийн сурагч А.Түвшинзаяа чөлөөт бөхөөр хичээллэдэг. Тэрээр 32 кг-ын жинд барилдаж 2024, 2025 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртжээ.

Түүнтэй ярилцлаа.

-Яагаад чөлөөт бөхийг сонирхох болов?

-2024 оны намар спорт заалны үүдээр явж байтал М.Мөнхтөр багш маань  тааралдаад ”Чи чөлөөтөөр барилдвал чадах юм шиг байна. Удахгүй улсын аваргын тэмцээн болно. Багш нь чамайг дасгалжуулъя” гэж хэлсэн. Ааваасаа асуусан чинь дэмжсэн. Тэгээд улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль аваад их баярлаж, тууштай хичээллэх болсон. Манай авга өвөө, авга ах нар үндэсний бөхийн цолтнууд. Том хүмүүс аливаа зүйл удам дагадаг гэж ярьдаг. Тийм  учраас л барилдах сонирхол цаанаасаа төрөөд байдаг байх.

-Ийм жаахан, бас эмэгтэй хүүхэд гээд барилдахад гэр бүлийнхэн чинь юу гэдэг вэ?

-Бүгд л намайг дэмждэг, урам өгдөг. Ахтайгаа гэртээ барилдана. Улсын аваргын тэмцээнд явахад өвөө маань үнсээд “Миний охин тууштай хичээллээд, медаль зүүгээд ирээрэй. Өвөө нь ирэхэд нь мялаана аа” гэж хэлсэн. Өвөөгийнхөө хэлснээр медаль аваад ирсэн.

-Энэ жилийн тэмцээний бэлтгэлээ хаана, хэрхэн хангав?

-Намайг чөлөөт бөхөөр анх дасгалжуулсан М.Мөнхтөр багш маань Эрдэнэт хот руу шилжсэн тул дасгалжуулагч багшгүй болчихсон. Улирлын амралтаар аав ээж хоёр маань намайг англи хэлний сургалтад суулгахаар Эрдэнэт хот руу  явуулсан юм. Тэнд очсон чинь эмээ маань “Эмээгийн охин англи хэлдээ явах уу?  Эсвэл чөлөөт бөхдөө явмаар байна уу” гэсэн. Би шууд л чөлөөт бөх гэж хэлсэн. Эмээ маань Мөнхтөр багш руу, бас хэд хэдэн хүн рүү утсаар ярьснаа, Эрдэнэтийн Хангарьд ордны Цэрэнпунцаг гэдэг багш дээр дагуулан очсон. Мөнхтөр багш маань эрэгтэй хүүхдүүдийг, Цэрэнпунцаг багш эмэгтэй хүүхдүүдийг дасгалжуулж байсан. Тэнд олон хүүхдүүд бэлтгэл хийдэг. Нэг өдөр Цэрэнпунцаг багш “Чи нэг ч өдөр бэлтгэл сургуулилтаа тасалсангүй,мундаг байлаа” гэж хэлээд улсын аваргын тэмцээнд оролцуулахаар УБ хот руу авч явсан. Анх удаа галт тэргэнд сууж үзсэн.

-Шантрах үе тохиолдсон уу ?

-Жин хасахад их хэцүү. Жингээ шалгуулахын өмнөх өдрийн 5 цагаас эхлээд хэмжүүлэх хүртлээ юу ч идэж уухгүй. Ам хатна, ядарна. Бага зэргийн халуун бүлээн шингэн зүйл ууна. Нэг ширхэг чихэр, жимс ч идэж болохгүй. Жингээ шалгуулахын өмнөх шөнө дасгалжуулагч багш маань нүднээс далд юм идэж уучихна гээд намайг гэртээ аваачиж хонуулсан. Тэмцээнд оролцохоор холын замд явахад нойр хүрч ядарна. “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэдэг дуу байдаг даа.

-Чөлөөт бөхөөс өөр сонирхдог, өөрийгээ хөгжүүлдэг зүйл байна уу?

-Сургуулийнхаа урлагийн үзлэгээр бүжиглэж алт, хүрэл, намрын спартакиадын хоёр төрөлд оролцож мөнгө, хүрэл медаль авсан. Аав маань уяач болохоор морь унах дуртай.

-Мөрөөдөл нь юу бол?

-Монгол даяараа нэрээ дуудуулсан тамирчин болно. Би нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Дүүгээ тамирчин болгоод, өөрийнхөө бөхийн өмсгөлөө өвлүүлж өгнө гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Мөрөөдлөө биелүүлсэн тамирчин болоорой.

 

 Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа

 

 

 

 

 

 

 

281   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох