Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2025-06-02

ХӨРШ АЙМГИЙН ХОЁР СУМЫН СУРАГЧИД ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛД ОРОЛЦОВ

Цахир сумын Хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачлан “Оролцсон хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” уриан дор аялал зохион байгууллаа.

Аялалд Цахир сумын сургуулийн эко клубийнхэн, 5,6,7-р ангийн сурагчдын төлөөлөл 24 сурагч, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р 10 жилийн сургуулийн “Сурагчдын оролцооны удирдах зөвлөл”-ийн 12 сурагч багш Б.Наранчимэгийн хамт ирж оролцлоо.

Аяллын багийнхан Цахир багийн нутагт байдаг гурван хүн чулуун хөшөө, Хан-Уул багийн нутагт дахь байгалийн өмөртөц тогтоц бүхий агуйг үзэж, домог түүхтэй нь танилцлаа. Мөн олон түмэнд Хоёр багш шүтээн хэмээн нэрлэгдсэн Увидасын орон, сайн энергийн төв, байгалийн сайхнаар аялан хичээлээр үзсэн мэдлэгээ бататган, сэтгэл оюуны алжаал тайлав.

Аялын явцад үе тэнгийнхний далд дээрэлхэлт сэдэвт сургалт, хөгжилтэй тоглоомууд, танин мэдэхүйн тэмцээн зэргийг явуулж, идэвхтэй оролцсоныг нь урамшуулсан юм.

Энэ аяллыг зохион байгуулахад сумын хүүхэд, гэр бүл, хөгжлийн нийгмийн ажилтан И.Отгонжаргал, хүүхдийн элч Т.Мөнхнаран, сургуулийн нийгмийн ажилтан С.Чисмаа, бага ангийн багш П.Жавхлантөгс нар хамтран ажиллав.

Цахир сумын хүүхэд, гэр бүл, хөгжлийн нийгмийн ажилтан И.Отгонжаргал: Энэ аялал Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдийг тохиолдуулж байгаагаараа онцлог юм. Цаашид ийм аяллыг уламжлал болгоно. Өнөө жил орон нутагтаа зохион байгуулсан бол дараа жилээс хөрш зэргэлдээ сумын байгалийн үзэсгэлэнт газруудаар илүү олон хүүхэд хамруулан аялах юм гэв.

Сургуулийн нийгмийн ажилтан С.Чисмаа: Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт бүсийн сургуулийн сурагчдын төлөөлөл оролцсоноороо онцлог. Мөн хүүхэд хүүхдээсээ суралцах, хүүхдийн оролцооны байгууллагын ажил, туршлага, мэдээллээ солилцох боломж бүрдэж байна. Цаашдаа бид бүсийн сумдын сурагчдыг хамруулсан хүүхдийн чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р 10 жилийн сургуулийн нийгмийн ажилтан багш Б.Наранчимэг: Цахир сумын Хүүхдийн төлөө зөвлөл, нийгмийн ажилтан И.Отгонжаргал, С.Чисмаа, багийн дарга Н.Бат-Эрдэнэ, жолооч Л.Баянтөр нартаа баярлалаа. Аялалд манай сургуулийн сурагчдыг урьж оролцуулан мэдлэг, мэдээллээ хуваалцаж, орон нутгийнхаа байгалийн сайханд аялуулж, Хоёр багш шүтээндээ мөргүүлж, хамтран ажилласанд баярлалаа. Шинэ хичээлийн жилээс сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байна гэлээ.

Аяллыг МУ-ын гавьяат малчин Д.Энхбаяр, сумын аварга малчин П.Цэрэндондог нар ивээн тэтгэжээ. Хөтөч тайлбарлагчаар Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Цахир хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Л.Ганхуяг ажиллав.

Архангай медиа группийн Цахир сум дахь сурвалжлагч Л.Ганхуяг

 

268   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох