УРИН САЛХИ УТААГ ҮЛЭЭДЭГ Ч ДАЛД АСУУДАЛ ДУУСААГҮЙ БАЙНА
Өглөө эрт босоход тэнгэр цэнхэр биш, бараан. Хүүхдүүдийн ханиалга тэнгэрийн гунигийг улам гүнзгийрүүлнэ. Ийнхүү сүүлийн 10 гаруй жил өвлийн улирал эхлэх бүрт Цэцэрлэг хотын утаа улам өтгөрсөөр, энэ байдал хэвийн амьдрал мэт санагдах болов.
Харин хавар ирж залгуулаад зун эхэлмэгц салхи утааг арчин одсоноор бүх аюулыг бид мартсан мэт амьсгална. Мартаж болох уу? Эсвэл асуудал далдраад, дараа жил дахиад хүчтэй дэгдэх гэж хүлээж байна уу?
Архангай аймаг уушгины хорт хавдрын өвчлөлөөр 2017-2021 онд улсдаа тэргүүлжээ. Уушгины өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь эдийн засгийн, эрүүл мэндийн томоохон асуудал болж байна. Аймгийн дундаж үзүүлэлт 10000 хүн тутамд 7,9-14,1 байна. Архангайд уушгины хавдартай 28 хүн байсан бөгөөд 42 хувь нь аймгийн төвд амьдарч байсан нь энэ асуудал төв суурин газруудын амьдралд ямагт нөлөөлж байгааг харуулж байна. Эдгээр тоо баримт тэр бүр ил тод бус. Харин ЛЭОС-ийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс нийгмийн эгэх хариуцлагыг нэхэх хүрээнд олсон баримтууд нэгийг өгүүлэв.
"Ханиалгах нь хэцүү болсон. Хөдөө гарахаараа гайгүй болдог. Эмчийн зөвлөснөөр байнга эрүүл агаарт байх ёстой гэж хэлсэн."
Утааны тухай ийм үл үзэгдэгч, эсвэл аюултай нөхцөл байдал бүх иргэний гэрт алгуурхан нэвтрэн орж байна.
Энэ оны эхний улиралд аймгийн хэмжээнд 6700 гаруй хүн амьсгалын замын халдварт өвчнөөр өвджээ. Үүний ард өвлийн утаа, уушгины өвчлөл хоёр салахын аргагүй холбоотой оршиж байгааг шинжлэх ухааны баримтууд нотолно.
Цэцэрлэг хот дахь агаарын чанарын харуул өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг хэмжсээр ирсэн ч үнэн дүр зургийг бүрэн тусгаж чаддаггүй байна. Хэмжилт хийдэг станц нь хотын төв хэсгээс зайдуу, харьцангуй цэвэр агаартай газарт байрладаг тул бохирдлын төвөгтэй байдлыг гүйцэд илэрхийлдэггүй. Ямартаа ч 2024 онд РМ2.5 тоосонцор 27 удаа, РМ10 тоосонцор 35 удаа агаарын чанарын стандартыг давсан үзүүлэлттэй байжээ. Азотын давхар ислийн агууламж мөн галлагааны саруудад өсч, өвлийн саруудад агаар дахь бохирдол эрс ихэссэн байна.
Шинжилгээнээс үзвэл, өвлийн саруудад хүхэрлэг хий болон азотын давхар ислийн агууламж аюултай хэмжээнд дөхдөг ч стандартыг заавал давсан гэж бүртгэгддэггүй. Гэвч энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг түвшинд хүрдэг байна. Цэцэрлэг хотод утааны гол эх үүсвэр нь гэр хорооллын айлуудын галлагаа (50%), уурын зуухны утаа (30%), автомашины угаар (20%) гэсэн бүтэцтэй. Одоогоор хотын дулааны хэрэгцээг хангаж буй ганц нэгж болох "Эх голомтын илч" ХХК-ий уурын зуухнуудын яндангууд бүгд шүүлтүүргүй, 5-50 жилийн насжилттай хуучин төхөөрөмжүүд байдаг.
Архангайнхны утаанаас гарах гол найдвар бол дулааны станц. Гэвч энэ төсөл урсан өнгөрөх жилүүдтэй хамт улирсаар ирэв. 2015 онд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр станц барих шийдвэр гарч, 2018 онд гэрээ зурагдсан ч 2025 он болчихоод ч бүтээн байгуулалт эхлээгүй байна. Санхүүжилт дутагдалтай, гүйцэтгэгч байгууллагын дампуу бодлого нь энэ асуудлыг улам түвэгтэй болгож байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд дулааны станц барих асуудал дахин дахин яригдсан ч шийдэл гарсангүй.
Өнөөдрийн байдлаар зураг төсөв дуусч, тендерийн бичиг баримт боловсруулж эхэлсэн гэх боловч яг үнэндээ төслийн хэрэгжилт тодорхойгүй хэвээр байна. Харин энэ хугацаанд "Эх голомтын илч" ХХК-ий 50 жил хүртэлх настай уурын зуухнууд Цэцэрлэг хотыг утаанд манаруулсаар. Шүүлтүүргүй яндангаас хар утаа цацарч, өдөр тутмын амьдралд хорт хий шингэсээр байна. Иргэдийн дунд "Дулааны станц гэж ярих ч аргагүй болсон. Ярихаасаа илүү үйлдэл хэрэгтэй" гэсэн яриа газар авсан нь ч учиртай.
Өвлийн саруудад Цэцэрлэг хотын агаарт хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж эрс нэмэгддэг нь галлагаа, автомашины түлшний шаталтын нэмэгдэлтэй шууд хамааралтай байна. Архангай аймагт 2024 оны байдлаар 10 мянга гаруй галлагаатай айл өрх бүртгэлтэй. Өвлийн улиралд 73030 м³ мод, 6795 тонн нүүрс хэрэглэгдсэн нь агаарын бохирдлыг улам гүнзгийрүүлж буй.
Уурын зуухнуудын нүүрс, үнсний сав ил задгай оршдог тул салхиар хийссэн үнс, нүүрсний хаягдал хөрс, агаарыг давхар бохирдуулж байна. Мөн зуухны шүүлтүүрийн дутагдал, түүхий нүүрсний дутуу шаталт орчны бохирдлыг ноцтойгоор нэмэгдүүлжээ.
Дулааны станц, агаарын бохирдол, өвчлөл гэх мэт олон асуудал нь дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бодлого хамаарсан томоохон шийдлийн хүлээлт гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Цэцэрлэг хот, Архангай аймаг утаанаасаа сална гэдэг нь ирээдүйн асуудал төдийгүй өнөөдөр хэрэгжүүлэх нэн шаардлагатай бодлого юм. Өвлийн хүйтэн өнгөрөхөд утаа намддаг ч өвчлөл, амьсгалын замын өвчин болон уушгины хорт хавдар амьдралын хэв маяг болж үлдэж байна. Дулааны станцын төсөл нь удаан хүлээлт үүсгэж, иргэдийн хүслийг үл харгалзан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Цаашид энэ асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулахын тулд бодит судалгаа, шинжилгээ, хөрөнгө оруулалт, төрийн үүрэг хариуцлагыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тэр үед бид утааг мартах боломжтой байх болно.
Сэтгүүлч О.Амарзаяа
Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Б.Батцэцэг
/ЛЭОС-ийн Архангай дахь салбарын тэргүүн/