“ЧУЛУУТ ТУЛ“ ТӨСӨЛ ДОЛОО ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Жил бүр Чулуут голоос эр эм нийлсэн 400 гаруй загасыг барьж, үр тогтоолт хийлгээд, шинэ үр төлийг лабораторид сар гаруй бойжуулаад эх голдоо тавьдаг байна. Нэг эм загаснаас 3-5 мянга орчим түрс гардаг бөгөөд мянга гаруй жараахайнаас 400 гаруй нь бие гүйцсэн загас болдог. 600 орчим нь бусад загасныхаа хоол болж, үхэж үрэгддэг ажээ.
Долоон жилийн хугацаанд Чулуут голын загас 3000 гаруйгаар нэмэгдэх юм байна. “Байгалийн Загас Үржүүлэгчдийн Холбоо”-ны биологич Э.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ төслийг яагаад хэрэгжүүлэх болов, хэн санаачлав?
-Энэ төслийг “Хаан Электрикал Монгол“ компаний захирал Ц.Баянзул санаачилсан. Энэ хүн загасчлах хоббитой бөгөөд 2004-2005 онд Чулуут голд анх загасчилж ирсэн байдаг. Тэр үетэй харьцуулахад загас ховордоод байгааг анзаарч, загас өсгөх төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргасан. Төслийг хэрэгжүүлэхийн тулд 2018 онд Чулуут голд судалгааны ажил хийсэн. Энэ гол нь томоохон гол мөртлөө судалгааны ажил дутмаг хийгдсэн байсан. Төслийг Өндөр-Улаан сумын байгаль хамгаалагч Б.Амармэнд, Загас Үржүүлэгчдийн Холбооны биологич Б.Мөнхзориг, ХААИС-ийн загас үржүүлэх технологийн ангийн оюутан М.Мөнх-Эрдэнэ бид дөрөв гардан зохион байгуулж эхлүүлсэн. Тасралтгүй долоо дахь жилдээ ажиллаж байна.
-Судалгааны үр дүнд юу ажиглагдав?
-Гурван жилийн дата өгөгдөлд дүн жинжилгээ хийхэд зэвэг, хадран төрлийн загасны нөөц эрс багассан нь тогтоогдсон. Энэ төрлийн загаснууд нь усны эко системийн тэнцврийг хадгалдаг бөгөөд цэвэр усны индикатор ч гэж нэрлэдэг. Нөгөө талаас голын усанд амьдардаг ургамал, амьтдын идэш тэжээлийн хэлхээнд гол үүрэгтэй оролцдог загаснууд юм.
-Төслийг хаанаас санхүүжүүлдэг вэ? Өөр хамтрагч байна уу?
-Төслийг санаачилсан Ц.Баянзул, түүний найз нөхөд санхүүжилтийн 80 гаруй хувийг гаргадаг. “Петровис” компани шатахуунаар хангадаг. Машин техникийн түлшнээс гадна лаборториа ажиллуулахад шаардлагатай моторын бензин гээд шатахууны зардал нэлээд гардаг. Тариат, Өндөр-Улаан сумын Чулуут голын ай сав хариуцсан байгаль хамгаалагч, ХААИС-ийн загас үржүүлгийн анги хамтардаг.
-Төсөл цаашид үргэлжлэх үү? Дараагийн төлөвлөгөө юу байна?
-Чулуут голыг экологийн хувьд тэнцвэртэй болтол төслийг үргэлжлүүлэхээр зорьж байна. Мөн бид голын эргийн бүсэд ургамлын судалгаа хийж байна. Судалгааны ажлаа улирал бүр хийдэг бөгөөд дөрвөн жил болоод дүгнэлтээ гаргаж, үр дүнгээ үнэлнэ. Цаашид хөхтөн ан амьтдыг хамгаалах ажил хийхээр төлөвлөж байна гэлээ.
Өндөр-Улаан сумын байгаль орчны мэргэжилтэн Б.Амармэнд: 4 сарын 15-аас үржилд орох эх сүргээ барьж тусгайлан хашсан голын усанд байлгана. 5 сарын эхний 7 хоногт үржлийн ажил явагддаг. Үржилд орсон эр эм загаснуудаа эх голдоо буцааж тавиад, үр төлийг нь лаборторидоо 45 хоног маллаж бойжуулдаг. Лаборотори маань Алтайд багийн Борынтохой гэдэг газар байрладаг. Бидний үйл ажиллагааг дэмжиж буй иргэд хандив өгч болно. Таны өгсөн 1000 төгрөг Чулуут голд нэг жараахай болж нутагшина. Төслийн үйл ажиллагаатай танилцах нь хэнд ч нээлттэй. Chuluut Tul пэйжээс бидний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Жараахайгаа эх голдоо тавих өдрийн товыг олон нийтэд зарладаг. Тэр үеэр хүмүүс ирж сонирхон, олон мянган жараахайг голд тавих ажилд тусалдаг гэв.
Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа