Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2025-04-28

ХӨВ ЦӨӨРМИЙГ ХҮМҮҮС БИЙ БОЛГОДОГ

“Хөв цөөрөм нь байгаль орчин, зэрлэг ан амьтан, мал аж ахуйд нэн хэрэгтэй. Хүн малгүй л устай газар руугаа бөөгнөрч байгаа нь бэлчээр доройтох үндсэн шалтгаан болж байна. Малын тоо толгойг сийрэгжүүлэхэд уст цэгийн хүртээмж чухал” гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн малчин Надмидын Чимэдцэрэн гуай 17 жилийн өмнөөс урсац нь багасаж ширгээд байсан Эхэн түрүүний булгийг хашиж, ундаргыг нэмэгдүүлжээ. Мөн нутгийн малчдын оролцоотойгоор булгаас урсаж буй усыг цуглуулж, хөв цөөрөм байгуулах санаачилга гаргаж, 226 м-ийн урт, 86м-ийн өргөнтэй хөв цөөрмийг байгуулсан юм.

Номгон хавьдаа ганц Эхэн түрүүний булаг шавар балчигтаа баригдаад тасарч эхэлсэн тэр үед малчид отор нүүдэл хийж, нутгаасаа дүрвэж байсан цаг. Нүүхгүй үлдэхээр шийдсэн Чимэдцэрэн гуай малчдаа уриалан бог голдуу малаар хөрөнгө босгож, Эхэн түрүүний булгаа лайдаж, хашиж тохижуулан, бургас мод тарьж, хөв цөөрмөө байгуулж эхэлсэн түүхтэй.

Эхэн түрүүний булгаас ундаргатай “Чимэдцэрэнгийн” гэгдэх энэ хөв цөөрмөөс Номгон баг, Хархорин сумын зэргэлдээ багийн малчдын 10 гаруй мянган толгой мал ундаалсаар. Тэрчлэн энд усны шувууд чуулж, Их номгон уулын аргаль, бугын сүрэг ч ундаалдаг болжээ.

/Архангай аймаг. Хашаат сум. Эхэн түрүүний булгийн хөв/

Архангай аймгийн хэмжээнд Өгийнуур сумын Хөөврийн хөв, Хашаат сумын Хадан хошууны адгийн хөв, Эхэн түрүүний булгийн хөв гэсэн гурван хөв бүртгэлтэй байдаг. Архангай аймгийн хувьд гадаргын усны сүлжээ харьцангуй элбэгтэй бүс нутаг хэдий ч нутгийн зүүн, зүүн урд хэсэг буюу Хашаат, Өгийнуур, Хотонт сумд гадаргын усны сүлжээ багатай. Ийм нутгуудад хөв цөөрмийг байгуулбал мал, зэрлэг амьтдын усан хангамжийн үндсэн эх үүсвэр болдог чухал ач холбогдолтой. Хашаат, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл сумдад хөв цөөрөм байгуулах боломжтой найман газрын судалгааг гаргасан. ТЭЗҮ зураг төсөв боловсруулахаар ажиллаж байна гэж аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

/Архангай аймаг. Хашаат сум. Хадан хошууны адаг дахь хөв/

/Архангай аймаг. Өгийнуур сум. Хөөврийн хөв/

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас усны хууль эрх зүй, засаглалыг сайжруулах, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хур тунадас, гадаргын усыг хуримтлуулан, ус хангамжийг сайжруулах, экосистемийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур буюу "Нэг сум-нэг нуур" уриалгыг дэвшүүлсэн. Хиймэл дагуулаас авсан зурагт үндэслэн, сумдын удирдлагатай уулзаж, 318 байршилд хөв цөөрөм байгуулах тохиромжтой гэж шийджээ.

Дээрх байршлуудад тохируулан хэд хэдэн жишиг зураг гаргажээ. Нэгдүгээрт, булаг, шанд, горхины хөлийг дагасан хөв цөөрөм байгуулснаар горхины урсцыг нэмнэ. Хоёрдугаарт, хуурай сайр, жалгыг дагуулан хөв цөөрөм байгуулж, үерийн усыг тогтоон барина. Гуравдугаарт, гүний усны нөөцийг нэмэх зорилгоор газар доорх усан сан байгуулж, говийн бүсэд газар дээрх ус уурших тул гүний усыг нэмж нөөцөө хамгаалахыг зорьжээ.

“Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, хөв цөөрөм байгуулахад улсын төсвийн хөрөнгө, аж ахуйн нэгж байгууллагатай хамтрахаас гадна олон улсын санхүүгийн байгууллагаас, одоогоор 5 сая ам.долларын хөрөнгө босгох боломжтойг Усны газрын дарга З.Батбаяр дурдаад, “Нэг хөв цөөрмийг ойролцоогоор 150 мянган ам.доллар буюу 400-500 сая төгрөгөөр босгох төсөөлөл бий. Хөв цөөрөм байгуулах саналаа орон нутгийнхаа хөгжлийг дэмждэг 21 аймаг, сумын нутгийн зөвлөлд танилцуулна” гэлээ.  /Эх сурвалж: МОНЦАМЭ/. 

“Нэг сум-нэг нуур” санаачилгад “Монголын үндэсний бөхийн холбоо” нэгдэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ нэгдэн иргэд олон нийтэд хөв цөөрөм байгуулах уриалга дэвшүүлэн хамтран ажиллаж байгаа юм.     

Усан орчин бий болгосноор үүл манан, чийг хуримтлагдахад эерэг нөлөө үзүүлдэг. Гол горхины тасарсан хэсэгт хоолой тавьж, цааш урсгах, хөндлөн чиглэлд хаалт босгох, үерийн уснаас үүссэн гуу жалгыг чулуугаар дарах, далан хаалт босгож урсцыг сарниулах, шургасан голыг газар дээгүүр гаргаж ирэх, тасалдаад байгаа нарийн голуудыг цөөрөм болгох зэргээр усан орчныг үүсгэх, тэлэх, байгуулах туршлагууд байдаг ажээ.

ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ТУРШЛАГУУД

-ADAPT төслийн хүрээнд Монгол Улсын дөрвөн аймагт (Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд) уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөв цөөрөм байгуулах ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутагт инженерийн хийцлэл бүхий хөв цөөрөм барих ажил төлөвлөгдөж байгаа талаар мэдээлэл байна. Төслийн хүрээнд эдгээр аймгуудад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуй, усны нөөцийн менежмент зэрэг чиглэлээр хувийн хэвшил, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөв цөөрөм байгуулах боломжтой байршлуудыг судалж, хэрэгжүүлж байна.

-Хөв цөөрөм байгуулах ажлыг Юнител групп 2021 онд анх санаачлан, өдгөө дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд БОУАӨЯ-тай хамтран 80 гаруй хөв цөөрөм байгуулсан байна.

-Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт “Их булаг” хөв цөөрөм байгуулж эхэллээ. Уг ажлыг БОАЖЯ-ны захиалгаар “Усны барилга” ХХК гүйцэтгэж байна. Энд ус хуримтлуулах боомтын барилга байгууламжийг барьж байна. Ингэснээр нийт 11745,6 шоо метр ус хуримтлуулж, хиймэл цөөрөм үүсэх юм. Тус ажлыг улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж буйг Онги-Таац голын сав газрын захиргаанаас мэдээллээ. /МОНЦАМЭ. 2023 он/

-Хөв цөөрөм ус нэвтрүүлдэггүй мембран бүхий материалаар хийгддэг ба энэ нь хур тунадсыг хөрсөнд шингээлгүй тогтоон барьснаар амьтдыг ундаалах суурь болдог. Сүүлийн 40 жилийн хугацаанд Монгол Улс гадаргын усныхаа 22 хувийг алдсан буюу энэ нь 850 нуур, 2000 гол мөрөн ширгэсэн гэсэн үг юм. Энэ өөрчлөлтийг хүмүүс бид төдийлөн анзаардаггүй болохоос алслагдсан бүс нутагт нутагшсан, ховордсон амьтдад тэдний тоо толгойг устгах хэмжээний хүчтэй нөлөөлдөг. Тэр дундаа цоохор ирвэс, мазаалай, янгир зэрэг Улаан номд орсон, ховор амьтдыг авч үлдэхэд энэхүү хөв цөөрөм маш чухал. Зөвхөн зэрлэг амьтдаар хязгаарлагдахгүй, хүрээлэн буй орчныхоо агаарын хуурайшилтыг бууруулж, хөрсний чанарыг сайжруулан ургамал ургах таатай нөхцөлийг ч бий болгодог элдэвтэй эд бол хөв цөөрөм. /unread/

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХОТЫН СТАНДАРТЫН БАРИМТ БИЧИГ Хөв цөөрөм үүсгэх болон хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага гэсэн бичиг баримт байдаг ажээ. /Нээлттэй мэдээллээс хайлт хийж авах боломжтой/

Цөөрөм нь бяцхан нуур юм. Байгалиасаа тогтсон, хүний гараар бүтээгдсэн, эсвэл хавсарсан байж болно. Цас, бороо, шар усны үер зэргийг тогтоож байгуулбал хөв цөөрөм гэнэ. /википедиа/

ХӨВ ЦӨӨРМИЙН АШИГ ТУС

1. Үлэмж дулаарлын оновчтой шийдэл. Монголын газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд хөв цөөрөм нь борооны усыг нөөцлөх, үерээс хамгаалах үүрэг гүйцэтгэх замаар уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх ач тустай. “World Resources Institute”-ийн судалгаагаар хөв цөөрөм нь хуурай болон гантай бүс нутгуудад усны хүртээмжийг 30 хувиар нэмэгдүүлдэг аж.

2. Үржил шимт хөрс. Их хэмжээгээр бороо орж, үер болоход хөрс элэгдэж, шим тэжээлтэй давхарга нь алга болох эрсдэлтэй. Хөв цөөрөм нь борооны усыг хуримтлуулж, урсцын хурдыг удаашруулан, усны хүчтэй урсгалд ургамлын үндэс угаагдаж, шим тэжээлт бодисууд алдагдахаас сэргийлдэг. Судалгаанаас үзэхэд хөв цөөрөмтэй бүс нутагт борооны усны урсгалаас үүдэлтэй хөрсний элэгдэл 20-30 хувиар буурдаг байна.

3. Үр дүнтэй усны менежмент. Борооны улиралд их хэмжээний бороо орсон үед гол мөрөн, гуу жалга дагуух ус хурдтай урсах нь хөрсний элэгдэл үүсгэж, ойролцоох газар нутагт үерийн аюул учруулдаг. Гэвч хөв цөөрөм нь үерийн усны урсцыг сааруулж, ус гол мөрөнд хүрэхээс өмнө түүнийг хадгалж чаддаг. “American Society of Civil Engineers”-ийн судалгаагаар хөв цөөрөм бүс нутгийн үерийн аюулыг 30-40 хувиар бууруулах боломжтойг тогтоосон.

4. Үргэлжлэн тэтгэх экосистем. Дэлхийн байгаль хамгаалах байгууллагуудын судалгаагаар хөв цөөрөм нь зэрлэг ан амьтдын биологийн олон янз байдлыг 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөн ихтэй бүс нутагт хөв цөөрөм нь тэдний усны хэрэгцээг хангаж, амьдрах орчныг хамгаалж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна шувуу, ан амьтад нүүдэллэх зам дагуу байрлах цөөрөм нь тэдний нүүдэллэх үедээ амрах, хооллох, ус уух чухал эх үүсвэр болдог ажээ. /Эх сурвалж: unread/

Хөв цөөрөм нь хүн амын усан хангамж, мал аж ахуйн усан хангамж, газар тариалангийн усан хангамж, үерийн уснаас хамгаалах, бусад усны хэрэглээг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг дэмжихэд чиглэх юм.

УСНЫ ЗАСАГЛАЛД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр: Монгол орны усны нөөц 610км3 буюу 70 хувь нь нуурууд. Нийт усны 50 км3 нь мөс, мөсөн голууд. Монгол орон усны нөөцөөр бага биш орон. Хүн амдаа харьцуулан үзвэл боломжийн усны нөөцтэй ч газар нутгийн хэмжээндээ харьцуулбал бага. Усны нөөцөө ашиглахын тулд усны барилга байгууламж барих шаардлагатай. 10,8км3 газрын доорх усны нөөцтэй. Нийт усны дөнгөж 2 хувь буюу Монгол орны хувьд газрын доорх ус бараг байхгүй. Гэтэл бид усны хэрэгцээгээ үндсэндээ газрын доорх усаар хангаж байна. Монгол орны газар нутгийн 16 хувьд нь газрын доорх усны хайгуул хийгдсэн. Өөрөөр хэлбэл нөөцөө бүрэн тогтоогоогүй. Өргөн уудам газар нутагт усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгох стратеги барьж байна. Өөрөөр хэлбэл нөөцөө бүрэн тогтоох, нөөцдөө тулгуурласан ашиглалт хэрэглээг бий болгох юм. Ирээдүйд ашиглалт, хэрэглээгээ хадгалж үлдэхийн тулд усыг дахин ашиглаж хуримтлуулах ёстой.

Дэлхийн дулаарлын үзүүлэлтээр 2011-2020 оны хооронд өмнөх үетэй харьцуулахад /1850-1900/ 1.09С /0.95-1.20C/-аар дулаарсан. Монгол орон газарзүйн байршил, уур амьсгалын системийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж тодорхойлогдсон. /Эх сурвалж: Ш.Оюунтуяа доктор PhD, дэд профессор “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох мэдлэг” сургалт/

Монгол, БНХАУ, Казахстан улс 2040 он гэхэд нийт нутаг дэвсгэрийнх нь гуравны хоёрт усны нөөц хомсдох мэдээлэл байна. Цэвдэг хайлснаар ус, намгархаг газрууд алга болж, гол мөрөн ширгэж, үерийн аюул нэмэгдэж байна. Эдгээрээс сэргийлэх арга нь усны нөөцийн хуримтлал. Усны засаглал гэж усны нөөцийн нэгдсэн менежментийг хэлдэг. Үүний хамгийн чухал нь бүх хүний оролцоо. Хүн бүр үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой. /Эх сурвалж: Mongolian economy сайт/

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн малчин Н.Чимэдцэрэн: Бий болгосон цөөрмөө сэлгэх, орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжил аргазүйн туслалцаа авах шаардлага үүсээд байна. Анхнаасаа мэргэжлийн зөвлөгөө дэмжлэггүйгээр байгуулсан болохоор хожим тордож арчлах, засаж залах нөхцөл үүсдэг юм байна гэж ярьсан юм.

Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн малчин О.Одгэрэл: Чимэдцэрэн гуайн санаачилга үнэхээр гоё. Хүн бүр ингэх юмсан тэгэх юмсан гэж ярьсаар суудаг бол Чимэдцэрэн ах хийснээ харуулаад, бахархаад сууж байна. Малчин хүний хувьд ийм үр дүнтэй ажлыг биеэр ирж үзээд туршлага судлаад явж байгаадаа баяртай байна гэлээ. /Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин. 2024 он/

Доктор Н.Ганхуяг: Бороо хуртай үед урсаад тасардаг газарт далан хаалт хийж, хөв цөөрөм барьж, усыг авч үлдэх нь зүйтэй. Ингэхдээ боломжтой загварыг гаргаж, санхүүгийн хэрэгцээндээ тулгуурлан хийх нь энгийн шийдэл юм. Ялангуяа сумд малын тоо толгойн албан татварын хураамжийн тодорхой хувийг худаг ус багатай газруудад усан хангамж буюу хөв цөөрөм байгуулахад зарцуулах боломжтой. Малчид өөрсдийн хүчээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, сургалтын дэмжлэгтэйгээр хийх нь илүү үр дүнтэй гэлээ.

О.АМАРЗАЯА

Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд бүтээв.

 

219   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох