НЭР ДЭВШСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ДЭМЖИЖ БАЙЖ, ДЭЛХИЙН ЖИШИГ РҮҮ ДӨХНӨ
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын 126 гишүүний 25.4 хувь буюу 32 нь эмэгтэй гишүүд байна. Энэ нь манай парламент хүйсийн төлөөллийн хувьд Азийн дунджийг давж, дэлхийн дундаж руу дөхсөн дэвшилтэт алхам болсон юм. Парламент дахь энэ ахиц орон нутгийн түвшинд улам бүр нэмэгддэг дэлхийн жишиг байдаг. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийн дундаж хэмжээ 35.5 хувь байдаг бол Азийн үзүүлэлт 31.9 хувь байна.
Тэгвэл манай улсын аймаг, нийслэлийн түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн 16.1 хувь буюу 813 төлөөлөгчийн 131 нь эмэгтэй, үлдэх 682 төлөөлөгч нь эрэгтэй байна. Сум, дүүргийн хувьд энэ үзүүлэлт 28.6 хувь буюу 7307 төлөөлөгчийн 2089 нь эмэгтэй, 5218 нь эрэгтэй төлөөлөгч байгаа юм. Архангай аймгийн хувьд аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 9 нь эмэгтэй, сумын 429 төлөөлөгчийн 110 нь эмэгтэй байна.
Хэт нэг хүйс давамгайлж, төлөөллийн байгууллага төлөөллийг хангаж чадахгүй ажиллах нь иргэдэд хамгийн ойр шийдвэр зөв гарч чадахгүйд хүрдэг. Тиймээс энэ удаагийн Орон нутгийн сонгуульд иргэд идэвхтэй оролцохоос гадна төлөөллийг хангахад анхаарах нь зүйтэй.
Бид энэ удаагийн Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдээ бүгдийг нь дэмжиж сонгож байж, дэлхийн жишиг рүү багахан дөхнө, хэрэв хангалттай дэмжихгүй бол энэ үзүүлэлт бүр буурах юм.