Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2024-02-27

ХҮНИЙ ӨӨРИЙН ЯЛГААГҮЙ ХҮҮХДИЙН ӨМНӨ ТОМЧУУД БИД ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ

Хангай сумын харьяат 16 настай Б гэдэг хүү Ихтамир суманд отор хийж явна. Харин мал нь өөрийнх нь биш. Ах дүү гурван айлын 300 орчим малыг хариулж, хөдөө хөрч, гадаа гандаж явна гэх хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээлэл “Архангайн амьдрал” сонины редакцид ирж, түүнчлэн Хүүхдийн 108 утсанд бүртгэгджээ.

Хүүхэд хамгаалах хуулийн дагуу, эрсдэлт нөхцөлд орсон хүүхдийн талаар 108-д ирсэн дуудлагын мөрөөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон харьяалах сумын Хүүхэд хамгаалах хамтарсан баг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлын шинжилгээ хийж, зохих арга хэмжээг авах үүрэгтэй. Энэ үүргээ хэрхэн биелүүлж, ямар арга хэмжээ авсан талаар ХГБХХГ-аас тодруулахад, цас их, замын нөхцөл муугаас Хангай сумруу явах боломжгүй тул хүүгийн оторт яваа нутаг буюу Ихтамир сумын Хүүхэд хамгаалах хамтарсан багт ажиллах үүрэг өгсөн гэлээ.

Нэгэнт, хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн хүнд нөхцлийн талаар мэдээлэл авсан тул Архангай медиа группийн “АВ” телевиз, “Архангайн амьдрал” сонины сурвалжлах баг оторчин хүүтэй уулзаж, нөхцөл байдлыг тодруулахаар 2024 оны 1-р сарын 16-ны өдөр Ихтамир, Батцэнгэл сумын зааг нутаг болох “Сонор хайрхан”-ыг зорилоо. Сурагласаар, морьтой, мотоцикльтой малчдаас асуусаар “Хангай сумын оторчид ээлж солилцож байна. Тэрүүхэнд байгаа” гэсний дагуу цагаан өнгийн Prius-20, саарал өнгийн Delica маркийн машинууд эгнэн зогссон зүг яаравчиллаа. Prius 20 машин хөдлөөд бидэнтэй алсуур тойрон зөрөөд явлаа.  Үлдсэн нэг машины гадаа хоёр хүн ойр зуурыг эмхлүүлнэ. Отор нүүдлийн талаар сурвалжилга бэлтгэж яваагаа тайлбарлаад хоёулангаас нь ярилцлага авъя гэж хүслээ. Өөрийгөө Б гэж танилцуулсан өндөр хүн хажуудаа байсан залууг машиндаа суугаад хүлээж бай гэж зааварчилгаа өгөөд бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрөв.

Хангай сумаас гараад сар орчим болж байгаа. Ингэхдээ төрсөн ахынхаа болон өөрийнхөө нийлсэн 200 гаруй үхрийг адгуулж яваа гэнэ. Оторлож ирсэн ч мал нь үхэж байгаад харамсаж байгаагаа хэллээ.

- Нутгийн малчин та хэдийг ээлж солилцож байгаа гэсэн. Хэд хоноод ээлж солилцож байна гэж асуухад:

- Үгүй ээ. Ээлж солилцоод байсан юм байхгүй. Манай нэг өргөмөл банди 9 дүгээр ангиасаа сургуулиас гарчихсан юм. Тэр бид хоёр л ээлжилж, энэ муу малтайгаа халз үзэж байна шүү дээ гэв.

Энэ хүний ярианаас бид уулзах хүмүүс дээрээ яг яваад ирснийг ойлгож, лавшруулж хэдэн зүйл асуухын зэрэгцээ хүүтэй нь уулзаж, ярилцлага авахыг хүслээ.

Толгодын энгэрээр сарлаг голдуу сүрэг бэлчиж, цаагуур нь хоёр хүүхэд нааш цааш холхино. Хоёр хүүхдийн нэг нь бидний зорьсон Б хүү мөн ажээ. Хүүг өргөж авсан гэх иргэн Б хүүгийн урдуур хойгуур холхиж, “Буруу зөрүү юм ярьчихав аа чи...” гэж цухалдуу зааварчлан тухтай ярилцах боломж өгсөнгүй. Бид Б хүүтэй товчхон боловч ярилцаж, шаардлагатай мэдээллүүдээ авч чадсан юм.

“Хүүгийн харц өнгөрсөн, одоогийн бүх үйл хэргийг хэлж өгч буй мэт тод“.

Хүү 9 дүгээр ангиа 2023 онд дүүргэжээ. Сургуулиасаа бүрмөсөн гарч, малчин болсон. Ээжтэйгээ нагац эгчийндээ амьдардаг. Сүүлийн нэг сар энд мал оторлож яваа ажээ.

Нагац эгч, хүргэн ах, хүргэн ахын талын ах дүүсийг судлаад үзвэл төрийн алба хашдаг, сумандаа эрх мэдэл бүхий хүмүүс байна. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлдэггүй хэнэггүй хүмүүс юмсанж. “Хэнэггүй” гэдэг үгийг ихэд зөөлрүүлэн хэлэхийн тулд хэрэглэв. Мөн хуулийг хийдүүлж болно гэсэн хандлагатай нь ганц үгэндээ танигдсан.

Сэтгүүлч: -Ярилцлага дундаа та өргөмөл хүү гэж онцоллоо. Телевизээр гарахаар хүмүүс эгдүүцэх байх даа.

Иргэн Б: - Өө тийм л дээ. Өргөмөл гэж хэлснийг нь хасчихгүй юу. Надад төрсөн хоёр хүү бий. Их сургууль төгсөөд сайхан мэргэжил боловсрол эзэмшсэн. Отроор хамт явж байгаа энэ хүү бол миний өргөж авсан хүү байгаа юм гэв.

Б хүүгийн ярьснаар хичээлийн дэвтрээ нүүрлэхдээ өргөж авсан ааваараа бус төрсөн ааваараа овоглодог. Мөн хүүд 30 гаруй толгой мал зүсэлж өгсөн гэлээ.

Хүүхдийн эрхийн зөрчлийг ярихад хүний, миний хүүхэд хамаагүй. “Өргөмөл”,  “миний хүү” гэсэн үгээр халхавчилсан ч энд хууль зөрчиж байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-д. “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан.

Боловсролын ерөнхий хуулийн дагуу сургуульд сурч байх ёстой хүүхэд сургуулиас гарч, айлын мал маллаж, улмаар орон гэрээсээ хол отор хийж, бусдын малыг маллаж байгаа нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг тохиолдол юм.

Б хүү манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа 138 мянга гаруй хүүхдийн нэг, түүн дотроо аюултай ажил хийж буй 58183 хүүхдийн төлөөлөл. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг халахын төлөө манай улс хичээн ажилладаг. Хөдөө аж ахуйд, хурдны морь унуулахад хөвгүүдийг ашигладаг, сургуулиас завсардуулдаг тоо баримтаар олон улсын хараанд орсон улс. 2021-2022 онуудад Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үндэсний статистикийн хорооноос хамтран явуулсан Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны гол дүгнэлт нь “Тогтвортой хөгжлийн зорилтын 8.7.1 үзүүлэлт дор авч үзвэл 5-17 насны хүүхдэд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7.4% байсан бол сүүлийн 10 жилд нэмэгдэж, 2022 онд 16.2% болжээ.” гэсэн баримт юм.

Энэ хүүхдүүд хаанаас бий болдгийн нэгэн жишээ нь иргэн Б түүний ахан дүүс. Төрийн хуулийг анхан шатанд хэрэгжүүлэх ёстой албан хаагчид хувийн аж амьдралдаа хүүхдийн хөдөлмөрийг завшиж, олон хуулийн олон заалтыг зөрчиж  буй нь энэ.

Хүний хэдэн зуун мал хариуцан оторлож яваа малчин хөвгүүдийн жишээ бол Хангай сумын Б хүү юм. Тэдний олонх нь сургуульгүй, найз нөхөдгүй, тоглох орчин, тав тухгүй байдаг. Хамт яваа ах нар, хамжаа болох томчууд нь сайны үлгэрлэл болохгүй нь олонтаа...Отрын отгуудаар бууж мордоход гэрийн хаяагаар хөглөрөх хог, архины шил, бэлэн хоолны сав сагсайх нь амьдрах орчны эрсдлийг үггүй илэрхийлнэ. Цаашилбал хүүхдийн эсрэг хүчирхийллийг ч хөндөнө. Хөдөөгүүр явахад дээлээ хөөргөсхийн бүсэлсэн, тийм, үгүй-гээс өөр олон үггүй өсвөр насны хөвгүүд малын бэлчээр, отрын отгоор тааралддаг. Эдгээр хүүхдүүд хамгаалагдах ёстой...

Архангай  аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, аймгийн Засаг дарга 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Хөгжил хамгааллыг байшин барилга, дугуйлан секцээр хязгаарлахгүй, өргөн хүрээнд харахсан.

Хөдөөд хүүхдийн эрх зөрчигдөж буйг энэ мэтээр мэдээлдэг, Хүүхэд хамгаалах тухай хууль болон бусад хууль хэлбэрэлтгүй хэрэгждэг, хуулийг дагасан бүтэц бүрэн ажилладаг байгаасай...

Сурвалжлагч: Б.МАНДУУЛ

Дата аналист: Р.ОЮУНБИЛЭГ

Редактор: О.АМАРЗАЯА 

480   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох