Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2023-05-25

ЧАНСАА ӨНДӨРТЭЙ ТЭМЦЭЭНД АРХАНГАЙН БАГ ТЭРГҮҮЛЭВ

Хотонт сумын 100 жилийн ойн хүрээнд 100 буудалт даамны нээлттэй тэмцээн болов. Тэмцээнд Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуул, УБ хотын 3 клубын 264 тамирчин оролцсоноос 10 гаруй спортын мастер, 30 гаруй спортын дэд мастер, улс, тив, дэлхийн аваргууд, зэрэгтэй тамирчид хүрэлцэн ирснээрээ чансаа өндөртэй байлаа. 

Тэмцээнд Архангай аймгийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр 5, тусгай байр 12-ыг авч, амжилтаараа тэргүүллээ. 

Тэмцээний үеэр Архангай аймгийн даамны холбооноос Хотонт сумын ЕБС-ийн даамны багш Б.Амгаланбаатарыг Олимпийн хорооны Алтан медалиар шагналаа.   

Уг тэмцээнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч А.Баттулга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, бизнес эрхлэгч Т.Мөнхцэцэг нар ивээн тэтгэв.

Тэмцээний үеэр хүмүүсийн сэтгэгдлийг сонссоноо толилуулъя.

Тэмцээнийг дэмжсэн хүмүүс, байгууллагуудад талархаж байна  

Архангай аймгийн 100 буудалт даамны холбооны тэргүүн П.Гомбодорж: Өнөөдөр Аймгийн 100 буудалт даамны холбоо Хотонт сумаас аймгийн хуралд сонгогдсон төлөөлөгч дэмжлэгтэйгээр 100 буудалт даамны томоохон тэмцээнийг зохион байгууллаа.  Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 300-аад өсвөрийн болон насанд хүрэгч тамирчин оролцож байгаараа онцлогтой. Даам бол оюуны, шударга, өрсөлдөөнтэй спорт юм. 100 буудалт даам Архангай аймгийн хэмжээнд хөгжиж байгаа, тив дэлхийд өндөр амжилт гаргаж ирлээ. Манай өсвөрийн тамирчдын амжилт багш дасгалжуулагч, эцэг эхийн нөр их хөдөлмөрөөс хамааралтай. Энэ тэмцээнийг зохион байгуулж буй албан байгууллага, хүмүүстээ талархсанаа илэрхийлье.

Тэмцээнээ уламжлал болгон явуулж, ивээн тэтгэнэ

Аймгийн ИХТ-ын төлөөлөгч А.Баттулга: Хотонт суманд маань даамны тэмцээн өргөн дэлгэр боллоо. Сумынхаа 100 жилийн ойдоо зориулж байгаа ажлын нэг билээ. ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнхцэцэг бид 2 энэ тэмцээнээ уламжлал болгон явуулж, ивээн тэтгэхээр шийдвэрлэж байгаа. Аймгийн хэмжээнд даамны спорт хөгжихөд энэ уламжлалт тэмцээн тодорхой түлхэц, хувь нэмэр оруулна гэж бодож байна. Даамны спорт нь насны ялгаа харгалзахгүй хэн ч оролцох боломжтой байдгаараа онцлогтой. Уугуул нутгаас минь Азийн аваргын медальтан төрөн гарсанд баярладаг. Цаашид олон олон аварга, спортын мастер төрөн гараасай гэж хүсэн ерөөе.

Сарын бэлтгэл хийх, нэг том тэмцээнд оролцох хоёр тэнцдэг 

Баянхонгор аймаг, Монголын даамны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ц.Даваасүрэн: Монголын даамны холбоог төлөөлж ирлээ. Энэ тэмцээн чансаа өндөртэй боллоо. Спортын мастер 10, спортын дэд мастер 34 тоглосон нь улсын тэмцээнд үнэлэхүйц тэмцээн боллоо. Тийм учраас тэмцээний чанар, өргийн тооноос хамааран Монгол Улсын зэргийн болзол хангасан 32 тамирчинд зэрэг олголоо. Мөн Архангайн 2 багш зэргийн болзол хангалаа. Энэ том үзүүлэлт, улсад тоглодог спортын дэд мастеруудтай маш сайн тоглосон. Манай аймаг 34 тамирчинтай оролцсон насанд хүрэгчдийн эмэгтэй ангилалд алтан медаль, миний бие мөнгөн медаль хүртсэн. Хүүхдийн 9-10 насны ангилалд 1-р байр, 14-16 насны ангилалд спортын дэд мастер маань мөнгөн медаль авсан. Энэ тэмцээнийг уламжлал болгон, оюуны спортыг дэмжиж байгаа нь аймгийн 2 төлөөлөгчийн хувьд бахархууштай байна. Ирэх жил дахин ирж оролцоно. Ер нь зайнаас хамаарахгүй уралдаан тэмцээнд оролцдог. Энэ том тэмцээнд оролцож тоглох, нэг сарын бэлтгэл хийх хоёр тэнцдэг. 

Амжилт маань дасгалжуулагч багшийн минь хүч хөдөлмөр 

Хотонт сумын ЕБС–ийн 4-р ангийн сурагч Б.Буянзаяа: Би энэ тэмцээнээс 9-10 насны ангилалд 2-р байр эзэлж, мөнгөн медаль, 2-р зэргийн болзол хангалаа. Дасгалжуулагч Б.Амгаланбаатар багшдаа маш их баярласнаа илэрхийлье. 2021 оноос даамны дугуйланд орж хичээллэсэн. Ирээдүйн статистикч, даамны аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс “Өсөх ирээдүйтэй тамирчин“, аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, УАШ шалгаруулах тэмцээнээс 3-р зэрэг, Баянхонгорын ААШ тэмцээнд 5-р байр, Монгол цэргийн зэвсэгт хүчний ойн ААШ тэмцээнээс хүрэл медаль зэрэг аймаг, улсын даамны тэмцээнд амжилттай оролцож ирлээ.

Ирээдүйтэй тамирчдыг урамшуулж, амжилтын бамбарыг бадраав

Хотонт сумын уугуул Чимэддоржийн Золжаргал: Заал танхим дүүрэн хүүхэд багачууд оюунаа уралдуулан хэдэн нүүдлийн цаадахыг тооцоолон суухыг харахад үнэхээр бахдалтай байсан. Хожиж хожигдсон ч найзалж нөхөрлөн, нүүдлээ ярьж тоглонгоо суралцаж, эв эетэй байгаа тэдний гэрэлт ирээдүй итгэл төрүүлэх нь бүр ч сайхан. Миний хувьд зохион байгуулах комисст ажилласны зэрэгцээ аймаг, сум клубүүдээс сайн тоглож ирээдүйн тамирчин болохоо харуулсан 13 хүүхдийг шагнаж урамшууллаа. Энэхүү шагналаа өөрийн хүү 2022 оны дэлхийн өсвөрийн даамны аваргын тусгай байрын шагналт ЭнхбаатарынТүшигсайханы нэрэмжит болгон гардууллаа. Даамны спорт бол оюунлаг, тэвчээртэй, тооцоололтой, ялж ялагдаж чаддаг, хүмүүнлэг хүнийг бүтээдэг гэж би боддог. Хүүгийн минь болон мянга мянган даамчдын оюуны нар нь бадран, хараа нь хурц, нүүдэл нь мэргэн байг гэв.   

Архангай медиа группийн Хотонт сум дахь сурвалжлагч И.Бүзмаа         

800   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох