Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2023-05-25

МАСАМ-II ТӨСЛИЙН ҮР ДҮНГ НУТАГШУУЛАХААР БОЛОВ

Швейцарын хөгжлийн агентлаг, Эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжилтээр Дэлхийн Банк, Глоб Интернэшнл төвөөс хэрэгжүүлж байгаа “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь”  (МАСАМ 2) төслийн дэмжлэгтэйгээр Архангай аймагт хэрэгжсэн төслийн үр дүнг хэлэлцсэн олон талт уулзалтыг хийлээ. 

Төслийг Архангай аймагт хэрэгжүүлсэн “Даацтай хөгжлийн ирээдүй” ТББ, Архангай аймгийн ХБИХЗөвлөлөөс төсөлд оролцсон талуудад төслийн явцад хэрэгжүүлсэн ажлууд, тэдгээрийн үр дүнг танилцуулав. Тодруулбал:

- "Иргэний төсөв 2023 " боловсруулж, олон нийтэд мэдээлж байгаа байдал, тогтвортой байдлыг хангуулах тухай,

- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хэрхэн хангасан үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил,

- "Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ" аргачлалын үр дүн, тогтвортой байдлыг хангах арга зам, 

- Эрүүл мэндийн порталыг түгээн дэлгэрүүлэх, ЗДТГ, ӨЭМТ-ийн хамтын ажиллагааг сайжруулах 

- Хөрөнгө оруулалтын үнэлгээний үр дүнгийн талаар ярилцаж, цаашид тогтвортой байдлыг хангах сэдвээр мэдээлэл өгч, санал солилцсон юм.

Энэ уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Б.Батцэцэг, аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат нар болон Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрдэнэбулган сумын ИТХурал, Эрдэнэбулган сумын ЗДТГазар, багуудын төлөөлөл, Ар манал өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Уулзалтаар улс, орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн, одоо хийгдэж байгаа, хийгдэхээр төлөвлөсөн гурван бүтээн байгуулалт, сонгосон өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт зөвлөмжийг төр, болон салбарын байгууллагуудад танилцуулж, дүгнэн хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Иргэдийн хяналтын бүлэг Архангай аймагт хийгдсэн гурван бүтээн байгуулалтад Иргэдийн оролцоот хяналт үнэлгээ хийх тусгай аргачлалын дагуу үнэлгээ хийсэн юм. Үүнд: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Эрдэнэбулган суманд 3,5,7-р багт хийгдэж байгаа явган хүний зам, Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Хүүхэд залуучуудын чийрэгжүүлэлтийн төв, усан бассейны барилга, Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Багш хөгжлийн төвийн барилгад үнэлгээ хийж, зөвлөмж гарган холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Тэрчлэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар байгуулагдсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ар манал өрхийн эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хяналт үнэлгээ хийх тусгай аргачлалын дагуу үнэлгээ хийсэн. Материаллаг, сэтгэлзүйн, засаглалын гэсэн гурван чиглэлийн дагуу тус эмнэлгийг үнэлж, холбогдох байгууллага, хүмүүст зөвлөмж хүргүүлсэн юм. 

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал: Төслийн нэг хэсэг болох ИТХ-ын дэргэд Иргэдийн хяналтын бүлэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажилд хяналт үнэлгээ хийсэн ажилд хурлын даргын зүгээс талархалтай байна. Цаашид бүх сумын ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлэг байгуулж, хяналт үнэлгээ хийх ажлыг дэмжин ажиллана. 

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид: Аймгуудад гадны тусламж дэмжлэгээр төсөл хөтөлбөрт хэрэгждэг. Гэвч эдгээр төслүүд хэрэгжээд дуусах биш хэрэгжиж дуусаад нутагшиж үлдээсэй гэж боддог. Тийм чиглэлийг ч төрөөс баримталдаг. Бидний хувьд төслийн үр дүнд сэтгэл ханамжтай байна. Иргэдийн төсөв болон бусад ажлуудыг үргэлжлүүлэн ажиллахад анхаарна.

Аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа: ӨЭМТ-д үнэлгээ хийсэн ажилд манай газрын зүгээс хамтран ажилласан. Бид цаашид дээрх аргачлалын дагуу бүх ӨЭМТ-үүдээ үнэлж сайжруулахад бэлэн байна. 

Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хатын захирагч Д.Мөнхбат: Татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд яагаад чанаргүй болдог вэ гэвэл:

-Том улс төрчид дураараа төлөвлөдөг. Анхан шатнаас саналаа эрэмбэлээд, баахан цаас явуулдаг ч тэр эрэмбэ нь дээр очоод эвдэгддэг. Улс төрчид өөрсдөө Сангийн яам, Засгийн газар шахуу болчихсон. УИХ-ын гишүүн өөрөө зураг төсөв хийлгээд хөөцөлдөөд гүйсээр байгаад бүтээдэг. Тэгээд Орон нутагт тэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байхад ариглаж чадахгүй байна гэж ханддаг. Тэд: Монгол Улсын төсвийг бид мэддэг гэсэн тогтолцоо байгаа учраас байдал ийм байна.

Барилга нь дуусчихсан хойно сумын Засаг даргаар гарын үсэг зуруулах гээд явж байдаг. Олон жил царцаж байгаа барилгын гүйцэтгэгч компани мөнгө нэхээд л байж байдаг. Хариуцлага ч байдаггүй. Уг нь хянадаг, төсвийг шийддэг хүмүүс байгаа...Монголд тогтолцоо урвуу болчихсон.

Төрийн хийж чадахгүй, амжихгүй байгаа ажилд ИНБ-ууд оролцоод сайжруулаад явах учиртай. Дэлхий нийтийн жишгээр ИНБ хүчтэй байж, улс орон хөгждөг гэлээ.

Олон талт уулзалтад оролцогчид төсөлтэй холбоотой санал сэтгэгдэл, тулгарсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, тогтвортой байдлыг хангах талаар санал солилцож харилцан ярилцлаа. Төсөлд оролцсон талууд төслийн хэрэгжилтэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид тогтвортой авч явах шийдвэрийг гарган хэрэгжүүлж, тогтворжуулан нутагшуулж ажиллахаа илэрхийллээ.

Олон талт уулзалтад оролцогчид төсөлтэй холбоотой санал сэтгэгдэл, тулгарсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, тогтвортой байдлыг хангах талаар санал солилцож харилцан ярилцлаа. Төсөлд оролцсон талууд төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид тогтвортой авч явах шийдвэрийг гарган хэрэгжүүлж, тогтворжуулан нутагшуулж ажиллахаа илэрхийллээ.

/Бүтээн байгуулалтууд, өрхийн эрүүл мэндийн төвд хийсэн үнэлгээний дүгнэлт болон зөвлөмжийг “Архангайн амьдрал” сонинд нийтэлнэ./

Ц.ӨНӨРЦЭЦЭГ


 

261   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох