Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2023-05-18

ХОЛБОО ГУРВАН АЯЛГУУ

Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдын Соёлын төвүүдийн хамтарсан “Холбоо гурван аялгуу“ уран бүтээлийн тоглолт боллоо. Хөдөө сумын Соёлын төвийн ажилтан албан хаагчдын хувьд соёл урлагийн арга хэмжээнд бүх төрлөөр манлайлж оролцдог билээ. Иймээс энэхүү тоглолтыг зохион байгуулах болсон байна. 

Тоглолтод соёлын төвийн үйлчлэгч, галч, номын санч гээд бүх ажилтан, албан хаагчдаа хамруулснаараа онцлог юм. Зөвхөн урлаг биш, спорт, номын сан, өв соёл чиглэлээр багийн иргэдэд ойртсон үйлчилгээ, соён гэгээрүүлэх сургалт зэрэг олон хэлбэрээр хамрах хүрээгээ өргөтгөж хамтран ажиллахаар зорьж байгаа ажээ. Тэрчлэн Хотонт, Цэнхэр сумд 100 жилийн ойгоо угтан хийж буй ажлуудын нэг болжээ. 

Цэнхэр сумын Соёлын төвөөс нутаг орны холбогдолтой уртын болон ардын дууг сэргээн дуулах ажлын хүрээнд өвлөн уламжлагч, авьяастнуудыг тодруулах зорилготой ажиллаж байгаа ажээ. юм. Харин Төвшрүүлэх сумын Соёлын төвөөс соёлын өв тээгч ардын авьяастнуудыг бүртгэлжүүлэн ажиллаж иржээ.   

Хотонт сумын Соёлын төвийн эрхлэгч О.ЭНХЧИМЭГ: Хөрш зэргэлдээ гурван сумын Соёлын төвийн дарга нар хоорондоо уяалдаа холбоотой ажиллаж байя гэж ярилцсаны үндсэн дээр энэхүү хамтарсан тоглолтоо зохион байгуулахаар болсон. Соёлын төвийн албан хаагч бид нэг дор цуглаж харилцан ярилцаж, уран бүтээлүүдээ хуваарилан авч, бэлтгэл ажлаа ханган ажилласан. Бэлтгэлийн явцад Төвшрүүлэх, Хотонт суманд цугларч, хоёр удаа нэгдсэн бэлтгэлийг хийсэн. Хамтарсан тоглолт маань анх удаа болсон бөгөөд бусад байгууллагад үйл ажиллагааны хувьд хамтарч суралцах, хөгжих боломж байдгийг харуулсан байх аа. Сумынхаа 100 жилийн ойд барьж буй томоохон ажлын нэг байлаа. Бид бие биенээсээ суралцаж, туршлагаасаа солилцох зэрэг ажлын бүтээмж өндөртэй уялдаа холбоотой ажиллалаа.

Цэнхэр сумын Соёлын төвийн эрхлэгч Л.БАЯРХҮҮ: Энэ удаа өөрсдийгөө хөгжүүлэх, шинэлэг байх, бусдаас суралцах, хамтарч ажиллахыг чухалчилсан. Хотонт манай сум хоёрын хувьд шинэ байртай, орчин нөхцөл их сайжирсан. Ажлын чухал санаа авч, их туршлага хуримтлууллаа. Хамтын үйл ажиллагааны ололт их байлаа. Энэ маань шинэ туршлага, шинэ амжилт, шинэ эхлэл боллоо гэж үзэж байна. Сумынхаа 100 жилд барьж буй томоохон ажил ч боллоо. Ялангуяа гурван сумын  төрийн албан хаагч нар маань их дэмжлээ. Тоглолт маань бүтэц бүрэлдэхүүн, шинэ дуу бүжиг, үзүүлбэр гээд сонин содон байсан болов уу гэж бодож байна. Бид ч хичээж ажилласан.

Төвшрүүлэх сумын Соёлын төвийн эрхлэгч М.МӨНХТУЯА: Соёлын төвийн маань барилга хуучирч, он цагаар элэгдэж, шал хана гээд асуудал үүссэн. Хөдөөгийн Соёлын төв 11 орон тоотой. Соёлын салбарынхан илүү цагаар ажиллах нөхцөл их гардаг ч үр дүн урамшуулал, илүү цагийн мөнгө төсөвт тусгагдаагүй. Төсөв санхүүгийн хүрэлцээ хангалтгүй. Манай сумын тухайд бүжиг, хөгжмийн багш дутагдалтай. Сонгон шалгаруулах байтугай мэргэжлийн хүнийг зарлаад ч ирэх нь ховор. Монголчууд авьяастай учраас л хамтын хүчээр заримдаа болгодог тал бий. Аймгийн тeатраас мэргэжлийн хүн урьж, богино хугацаагаар сургах дадлагажуулах, цахимаас суралцах, бусдаас туршлага судлах зэрэг бүх л боломжийг хайна даа. Бэрхшээл тоочих биш, болгоё гэж л үзнэ ш дээ. 

Хотонт сумын соёлын төвийн дуу хөгжмийн багш Б.ГАНХУЯГ: Үзэгчдээс урам зориг, эрч хүч авсандаа баяртай байна. Хамтарсан тоглолтоос их зүйл суралцлаа, хөгжлөө. Цаашид манай гурван сум олон зүйл дээр хамтран ажиллах эхлэл тавигдлаа. Хамтын ажиллагаа маань улам өргөжих байх аа. Хамтрагч нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Цэнхэр сумын Цэцэрлэг багийн иргэн Р.ЦЭЦЭГМАА: Бид чинь хажууд ойр байдаг хүмүүсээ сайн мэддэггүй юм байна. Соёлын төвийнхөн чинь бүгд л авьяас, чадвартай юм байна. Сайхан тоглолт үзсэндээ баяртай байна. Ойрд ийм сайхан тоглолт үзсэнгүй. 

Хотонт сумын соёлын төвийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хөгжмийн багш Б.Ганхуяг монгол ардын дуугаар, бий биелгээ, ардын бүжгийг орчин цагийн бүжигтэй хослуулан номын санч Б.Уянга, бусад хоёр сумын соёлын биет бус өвийн төлөөлөл, өвлөн тээгч нар оролцсон тоглолт боллоо. Хамтарсан энэ тоглолтоор өв уламжлал соёлыг сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлах, монгол ёс уламжлал, язгуур өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилго тавьжээ. 

Архангай медиа группийн сурвалжлагч: Ч.Түмэнжаргал /Төвшрүүлэх/, И.Бүзмаа /Хотонт/, Х.Энхмандал /Цэнхэр/


 

627   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох