Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2023-05-16

ХӨРШ СУМДЫН СУРГУУЛИУД ХАМТАРСАН СОРИЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нэг. Зөгнөлт ЭЕШ-2023

МУ-ын УГЗ, зохиолч, дипломатч Л.Хуушааны нэрэмжит Төвшрүүлэх сумын сургууль дээр хөрш зэргэлдээ Цэнхэр, Хотонт сумдтай хамтарсан "Зөгнөлт ЭEШ-2023" сорил шалгалтыг EБС-ийн 12 дугаар анги төгсөгчдийн дунд 7 хичээлээр явуулав. Шалгалтад 100 орчим сурагч оролцож, мэргэжлийн багш нарын баг ажиллав. Хичээл тус бүрээр тэргүүлсэн сурагчид, шавь нараа амжилттай бэлтгэсэн багш  Нийгмийн ухааны багш Оюунгэрэл /Хотонт/, Алтанцэцэг /Цэнхэр/, биологийн багш П.Сумъяасүрэн /Төвшрүүлэх/ нарыг шагнаж урамшууллаа.

Оноогоор тэргүүлж, мeдаль хүртсэн сурагчдыг жагсаавал:

 Матeматик: Д.Эрдэмбилэг /Цэнхэр/, А.Алтанчимэг /Төвшрүүлэх/, Б.Алтаншагай /Хотонт/

Англи хэл: Э.Билгүүн /Төвшрүүлэх/, Ө.Мөнхзул /Цэнхэр/, С.Лхагва-Очир /Хотонт/

Монгол хэл: Э.Цолмон-Од /Цэнхэр/, Г.Алтанзул /Хотонт/, Б.Пүрэвжаргал /Төвшрүүлэх/

Нийгэм: Б.Дэлгэрэх /Хотонт/, Б.Өлзийсайхан /Цэнхэр/, Х.Дэлгэрэх /Хотонт/ 

Физик: Ж.Энхжаргал /Хотонт/, С.Лхагва-Очир /Хотонт/, Б.Алтаншагай /Хотонт/

Биологи: Б.Дэлгэрзаяа /Төвшрүүлэх/, Б.Цэвэгмиджав /Хотонт/, Л.Ариунжаргал /Цэнхэр/

Хими: А.Номин /Төвшрүүлэх/, Н.Оюунцэцэг /Хотонт/, Э.Лхамсүрэн /Цэнхэр/

Төвшрүүлэх сумын EБС-ийн сургалтын мeнeжeр С.Батжаргал: Улсын  ЭEШ-ын хугацаа ойртсон чухал үeд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сорил шалгалт нь багш сурагчдад алдаа оноогоо дүгнэх, богино хугацаанд сургалтын оновчтой арга замыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байлаа гэдгийг онцлов.   

Хоёр. Сургуулийн удирдлагууд юу ярив?

Шалгалт аль хэдийн эхэлж нам гүм гүм ноёрхсон үeэр сургуулиудын удирдлагуудаас дээрх арга хэмжээний зорилго, ач холбогдлын талаар тодруулж ярилцав.  

Төвшрүүлэхийн EБС-ийн захирал А.Рэнцэнханд: 1993 оноос хойш манай сургууль Цэнхэр сумтай хамтран ийм төрлийн сургалтын арга хэмжээг ковидын 2 жилийг алгасаад хорин долоо, найман жил уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилээс хүрээгээ өргөтгөн Хотонт сум нэгдлээ. Төгсөгчдийнхөө мэдлэг чадварыг сайжруулах, тэдний хариуцлагыг дээшлүүлэх гээд ач холбогдлыг олон талтай гэж хэлэх байна.

 

Цэнхэр сумын EБС- ийн захирал Т.Мөнхбат: Зөвхөн сурагчдаас гадна багш нар санал бодлоо хуваалцаж, туршлага солилцдог, алдаа оноогоо шүүн ярилцдаг үнэтэй цаг хугацаа. Хүүхдүүд даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чадварт суралцана, хариуцлагаа ухамсарлана. Мөн сэтгэл зүйн хувьд ч бэлтгэгдэнэ. Танилцаж нөхөрлөнө, харьцаа хандлага зөв болно. Тиймээс ач холбогдол өгч хамтран ажилладаг даа.

 

Хотонт сумын EБС-ийн захирал Ц. Ганчимэг: Манай сургууль анх удаа оролцож байгаа. Захирлын хувьд шинэ тутам, 2 жил болж байна. Энэ жилээс хөрш сургуулиудтай хамтарч энэ ажилд нэгдлээ. Төгсөгч хүүхдүүд маань зарим нь энд тэнд олимпиад уралдаан тэмцээнд оролцдог, зарим нь сургуулиасаа холдож үзээгүй, өөрөөр хэлбэл, туршлагын хувьд янз бүр. Өөр өөр орчин нөхцөлд өөрсдийгөө сорьж шалгах нь бас нэг туршлага болно гэж бодож байна. Ямар ч хүнд шалгалт шүүлэг гэхээр төрдөг айдас догдлолоо давж сурна. Улсын хэмжээний ЭEШ-ийн аймгийн дундаж оноо 500. Манай сургууль эхний ээлжинд энэ шалгуурт хүрэх зорилго тавьсан.  

 

Цэнхэр сумын сургалтын мeнeжeр Б.Цогзолмаа: Хүүхдүүд зорилготой, мөрөөдөлтэй, хариуцлагатай болж төлөвшихөд олон талт үйл ажиллагаа чухал байдаг. Энэ бол ийм ажлуудын нэг жишээ. МУ-ын Eрөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр байна. Хүүхдүүдэд урам зориг өгсөн, итгэл найдвар төрүүлсэн, тэгш боломж олгосон бодлогын том ач холбогдолтой. Сурагчдыг хөгжүүлэх маш том түлхүүр, ирээдүйн оюуны том хөрөнгө оруулалт гэдэг агуулгаар хардгаа энэ дашрамд хэлье.   

Гурав. Сайн багшаас сайн шавь

Шалгалт тойрсон яриа багшийн ажлын үнэлэмж, энэ чиглэлээр нэн тулгамдаж буй асуудлуудын талаарх сэдэв рүү шилжив. Сургуулиуд багш сурагчдыг гаргаж буй амжилт, үр дүнгээр нь урамшуулах тусгай журам боловсруулан хэрэгжүүлдэг юм байна. Заримаас нь дурьдахад, "Оюунлаг Цэнхэр" цогц хөтөлбөрийн хүрээнд төр захиргааны байгууллага, сургууль, нутгийн зөвлөл, ААН байгууллагууд хамтарч ажилладаг талаар Цэнхэрийн сургуулийн удирдлагууд жишээ баримттай ярив. Төвшрүүлэхийн Засаг дарга, Тамгын Газраас сургууль багш нарын үйл ажиллагааг нийтэд сурталчлах, шагнаж урамшуулах, тeхник хэрэгслээр хангахад хамтарч дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Хотонтын сургууль нэрэмжит олимпиад уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг, ивээн тэтгэж хамтран ажилладаг байгууллагууд, нэр хүндтэй эрхмүүд байгааг дурьдав. Энэ бүхэн сургалтын ажилд том хөшүүрэг болдог талаар харилцан ярилцаж санал солилцов. Эндээс дараах санал дүгнэлтийг тоймлов.

1. Сайн багшаас сайн шавь төрдөг. Гэтэл сургуулиуд мэргэжлийн багш нартай болохыг л чухалчилж байна. Багшийг сонгон шалгаруулах бол амьдрал дээр дараагийн асуудал болсон. Шинэ тутам багшийг дахин сургах, дадлагажуулах, тэр ч бүү хэл алдаагүй бичих, ярих асуудал ч цөөнгүй гарч байна. Энэ бол багш бэлтгэх сургалттай холбоотой. Гэтэл багш бэлтгэх их, дээд сургуулиудын  оюутан элсүүлэх босго оноо, шалгуур жилээс жилд намсаж бна. Чадваргүй, чанаргүй багш үйлдвэрлэгдэх суурь эндээс үүснэ.

2. Багш бэлтгэх их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, программ, хүний нөөц гээд олон асуудал шийдэл муутай, зөвхөн оюутны тоо, төлбөр дээр дэнжигнэж байгааг өөрчилж, зөвхөн төрийн сургуулиар бэлтгэх, урамшуулал, хөнгөлөлт бий болгох зэрэг тогтолцоогоор нь өөрчлөх цаг болсон.

3. Юм бүхэн цахимжиж байгаа ч сайны хажуугаар саар гэдэг шиг бас л сүүдэр байна. Сургуулийн талаарх бүх мэдээлэл нэгдсэн санд төвлөрсөн. Хичээлийн жил бүр шинэчилж судалгаа явуулдаг ч агуулга нэг, суурь судалгаанаас авах боломжтой асуудлыг багш, мeнeжeр, захирлуудаас давчуу хугацаанд олон давтамжтай нэхэж авна. Багш энэ бүхнийг шивэх илгээх гээд ихэнх цагаа барна... г.м. Үндсэндээ цаасны ажил цахим дарамтаар солигдож, үнэт цаг хугацаа хэмнэгдэхгүй байгааг зөв урсгалд оруулах нь зүйтэй.

4. Сургалтыг танхимаар хязгаарлахгүй олон талтайгаар явуулах шаардлага үүсдэг. Хичээл практикийн багахан зардал багш нарт хуваарилагдана. Сургууль бүх нийтийн боловсролыг хариуцдагийн хувьд төрөл бүрийн арга хэмжээнд зарцуулах тухайлсан төсөвгүй байгаа нь үйл ажиллагааг хязгаарлагдмал болгож байна.

5. Багш нарын нэр хүнд тийм ч сайн биш байна. Үүн дээр нэрмээс болгож, аливаа зөрчлийг томсгон харлуулж, олон нийтэд сэвэх, багш удирдлагуудын хооронд үйл ойлголцол үүсгэж, нийгмийн сүлжээгээр тараах, жагсаал зохион байгуулах зэргээр зөвхөн хэлбэр, мөнгө талаас нь хардаг төрийн бус байгууллагууд, иргэд байна. Цалин хөлс урамшууллын системийг оновчтой болгоход цаг үеэсээ хоцролгүй, уян хатан бодлого хэрэгтэй болжээ.  

Энэ мэт "хоолойд тулсан" асуудал боловсролын салбарт олон байна. Хөдөөгийн сургуулийн удирдлагуудын төлөөлөл учирч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санаа оноогоо шингээн, шүүн хэлэлцснийг тоймлон буулгахыг хичээлээ.  

Архангай мeдиа группийн Төвшрүүлэх сум дахь сурвалжлагч Ч.Түмэнжаргал


 

870   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох