Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2023-03-20

АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ НАЙМАН ҮСГЭНД АГУУЛАГДАХ ҮНЭ ЦЭН

3-р сарын 20. Өдөр шөнө тэнцддэг энэ өдөр НҮБ-аас хүн бүхэн жаргалтай байх эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн бэлгэдэл болох юм гэж тооцоолон 2012 оны энэ өдрийг аз жаргалын өдөр болгон тунхаглажээ.

Баяр хөөр, гуниг зовлонгоор дүүрэн амьдралыг туулж яваа хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй Аз жаргалтай.

MyArkhangai.mn сайтаас Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан аймгийнхаа иргэдийн дунд “бяцхан” асуулт өрнүүлсэн юм.

Таны хувьд АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ НАЙМАН ҮСГЭНД АГУУЛАГДАХ ҮНЭ ЦЭН юу вэ?

Тэд ийн хариулжээ. Харин та юу гэж хариулах вэ?

ЯРУУ НАЙРАГЧ Ш.ЛХАМНОРЖМАА

Өөрийгөө дахин барьж, босгосон хүнээс илүү хүчтэй зүйл гэж үгүй. Өөрийгөө ялан дийл. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг хэн ч булаахгүй. Тайван амгалан, аз жаргалтай байя гэвэл гаднаас эрж хайх биш, өөрийнхөө сэтгэл рүү өнгийж харах нь зүйтэй. Өөрийгөө олсон байвал энэ л аз жаргал.

НИЙТЛЭЛЧ Г.ГАЛБАДРАХ

Хүмүүс аз жаргалын талаар өөр өөрийн ойлголттой байдаг. Зарим нь их мөнгөтэй байхыг, эсвэл эрх мэдэлтэй байхыг, олны анхааралд өртсөн “Од” байхыг аз жаргал гэж тооцох нь буй. Гэвч бүх хүнд адил байх аз жаргалын хэмжүүр нь сэтгэлийн амар амгалан байх аж.

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТАРХВАР СУДЛААЧ ЭМЧ Г.ОДОНЧИМЭГ

Аз жаргал гэдэг инээмсэглэл. Учир нь инээж байхдаа би аз жаргалтай байгаагаа мэдэрдэг. Инээх шалтгааныг өөртөө өгч, тухайн цаг үедээ аз жаргалыг мэдрэх эсэх нь миний сонголт гэж бодож байна.

АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН Э.ДАРХИЙХҮҮ

Аз жаргал нь хүн болж төрсний дээд мэдрэмж. Хүнээс хүнд өгөх амьдралын том эрчим гэж боддог.

"АВ" ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ М.БЯМБАЦОГЗОЛ

Материаллаг зүйлээс шалтгаалсан аз жаргал хэр удаан үргэлжлэх бол? Хоол дуустал...хувцас хуучиртал... Тэгвэл мөнхөд үргэлжлэх аз жаргал гэж юу вэ? Бодоод үзтэл гэр бүлтэйгээ элэг бүтэн байх нь мөнхийн аз жаргал юм байна. Одоо байгаадаа сэтгэл хангалуун, халуун ам бүлээрээ байх нь миний аз жаргалын тодорхойлолт.

ЦАХИР СУМЫН БАЯНГОЛ БАГИЙН МАЛЧИН Н.ЧУЛУУНБАЯР

Хамгийн хайртай хүмүүстэйгээ хамтдаа байхыг би аз жаргал гэж ойлгодог. Манайх гурван хүүхэдтэй. Ам бүл тавуулаа. Хүүхдүүд минь аав ээж бидэндээ эрүүл, цовоо сэргэлэн байж, халуун ам бүлээрээ инээлдэж хөхрөлдөж суух ч аз жаргал шүү дээ.

12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН АХЛАХ БҮЛГИЙН А.ЭНЭРЭЛ

Аав ээж хотод байгаа. Би өвөө эмээтэйгээ цуг байгаа. Аав ээж хоёр хотоос ирэхэд би аз жаргалтай болдог. Гэр дүүрэн манайхан цуглаад амттай хоол идэхээр би аз жаргалтай болдог.

МОНГОЛ БАНКНЫ АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН ЗАХИРАЛ Д.ОТГОНБААТАР

Сэтгэлийн амар амгаланг л аз жаргал хэмээн тодорхойлно. Хүн яаж ч амьдарч болно. Хол зүйлээс аз жаргалыг хайлгүйгээр өөрийнхөө сэтгэлзүйн амар амгаланг бий болгож, аз жаргалыг мэдрээрэй гэж хэлэх байна.

Б.Мандуул

 

 

 

430   0
НИЙТЭЛСЭН: My Arkhangai

Санал болгох