Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2019-05-30

ЗАЯ ГЭГЭЭДИЙН НАМТАР ЦАДИГ

Монголын бурхны шашны оройн чимэг Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн бээр шавь олныг дээдийн номын Зая рашаанаар цэнгүүлэн зохиож байгаад 17-р жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр ертөнцийн мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураав. Хоёрдугаар сарын 13-нд буюу шинийн 8-нд Гандантэгчэнлин хийдэд Зая гэгээний лагшин шүтээнд хүндэтгэл үзүүлж, ерөөлийн хурал хурсны дараа лагшин шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах ёслол боллоо. 2-р сарын 14 буюу шинийн 9-нд Төгсбаясгалант буяндэлгэрүүлэх хийдэд нутгийн зон олон гэгээний лагшин шүтээнд хүндэтгэл үзүүлсэн юм. Хоёрдугаар сарын 15-нд Гэгээний лагшин шүтээнийг Майдарын замаар гороолж, Зая цогцолборын өмнө шүтээнийг хайлах, жинсрэг өргөх үйл болов.

Зая гэгээдийн намтар цадиг

          АР МОНГОЛД АНХЛАН ХУВИЛСАН ЗАЯ ГЭГЭЭН ТҮМЭНХЭН /1558-1640/

Төв Халхад бурхны шашин дэлгэрч, хүн ардыг соён гэгээрүүлэхэд Абтай ханы дүү, 1558-1640 онд аж төрж байсан Түмэнхэн ноён ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнийг Далай лам, Ванчин богд ламаас өмнө нь Энэтхэг, Түвд оронд найман удаа хувилсан их хутагт номын хаан Чоглонамжил богдын хойд дүрээр өргөмжилсөн. Тиймээс ч Ванчин богдоос Түмэнхэн ноёныг “Ашока номун хан Хүндүүлэн цэхүр“ гэж нэг бус удаа онцолсон нь бичиг судрын хуудаснаа үлджээ. Ашока хаан гэдэг нь Зая гэгээний дээд төрөл Энэтхэг улсыг үүсгэн байгуулагч анхны хаан билээ.

 ЗАЯ БАНДИДА ЛУВСАНПРИНЛЭЙ

/1642-1715/

С.Лувсанпринлэй нь өөрийн намтар зохиолдоо сааршгүй хэмээх морин жилийн /1642/ сага сарын гурван дүйчин бүрдсэн сайн билэгт 15-ны наран ургахаас өмнөхөн одоогийн Архангайн Цэцэрлэг сумын Хужирт багийн Мухар Хужирт хэмээх нутагт мэлмий гийснээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Лувсанпринлэй нь таван наснаасаа бичиг үсэг үзэж, буддын боловсролын суурийг олж авчээ. 5-р далай лам түүнд Зая бандида Хутагт хэмээх цол шагнажээ. Лувсанпринлэй буддын шашныг монголд ноёрхуулах үйлсэд том үүрэг гүйцэтгэж, олон тооны сүм хийд байгуулж, шашин дэлгэрүүлж байлаа. Түүний дотроос 1652 онд өөрөө үндэс суурийг нь тавьсан Заяын Хүрээ хамгийн алдартай нь байсан бөгөөд түүнд дөрвөн салбар бүхий буддын гүн ухааны дээд сургууль байгуулж, түүнийг өөрөө удирдаж байжээ.

Тэрбээр шашин гүн ухаан, яруу найргийн онолын асуудлуудаар зургаан боть зохиол бичиж хэвлүүлсэн ба монголд эмийн дөрвөн үндэсийн сургуулийг анх үндэслэн дэлгэрүүлэгчдийн нэг хэмээн сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Буддын шашнаар бүх монгол угсаатныг холбож, улмаар үндэсний нэгдсэн төрийг сэргээн босгож, эв нэгдэлтэй, энх тайван амьдарч болно хэмээн үзэж, түүний төлөө ихээхэн хүч чармайлт гаргаж явсан шашны томоохон зүтгэлтний нэг байв.

Арваннэгдүгээр  гэгээн ЛУВСАННЯНДАГДЭЛЭГНАМЖИЛ \1716-1765 онд\

Түшээтхан аймгийн Халхын умар замын баруун гарын зүүн этгээдийн ван Цэрэнпилийн хошууны мэйрэн Ванжуурын гэрт хувилан мэндэлжээ. Таван насандаа бичиг үсэг сурсан ба түүнийг 1723 онд хутагтын ширээнд залж, харьяат шавь нарт нь нийлүүлэн суулгажээ. 11-р гэгээнтэн хүрээ хийдээ улмаар өргөтгөж хөгжүүлэн 1738 онд Жанрайсагийн сүм, 1739 онд Ханчин сүмийг байгуулжээ.

                            Арванхоёрдугаар гэгээн ЛУВСАНЖИГМЭДДОРЖ \1767-1803\

Зая бандида Лусанжигмэддорж Сайн ноён аймгийн Чин ван Цэнгүнжавын гэрт хувилан төржээ. Түүнийг гурван настайд нь ширээнд нь залж, шавь нарт нийлүүлэн суулгажээ. Тэрээр түвэд нутагт заларч ном хүртээгүй. Анагаах ухаан зурхайн суралцах лаваа ловирыг сэргээсэн нь их буян аж. Өвөг эцэг Эфү Цэрэнгийн адил Манжийн хааны үйл хэрэгт зүтгэн цол хэргэм шагнуулж байв. Лувсанжигмэддорж нь урлахуйн ухаанд мэргэшин суралцсан хутагт байсан аж.

         Арвангуравдугаар гэгээн ЛУВСАНЖИГМЭДНАМЖИЛ  \1804-1866 он\

Сайн ноён аймгиийн Түйн голын баруун эх орчим нутагтай  Чингис хааны язгуур угсааны ван Сампилдоржийн хошууны тайж Дамираны гэрт хувилан мэндэлжээ. Энэ дүрийн гэгээнтэн шашин соёлоо өргөтгөн, Булган уулын өвөрт жадран барьж, хурал номыг ёсчлон тогтоосон байна.

        Арвандөрөвдүгээр гэгээн ЛУВСАНЧОЙЖИВАНЧИГ \1866-1904 он\

Сайн ноён аймгийн гүн Ганжууржавын хошууны \одоогийн Батцэнгэл сумын нутаг\ тайж Ванчинбазарын гэрт хувилан төржээ. Түүнийг 4 настайд нь шавь нарт нь нийлүүлэн ширээнд нь залж, Богд гэгээнээс бурхны ном, суварга, номын хувцас тэргүүнийг шагнажээ. Энэ дүрийн хутагт Тамирын голын хөвөөнд Лаврин байгуулж, шашин номын дэг жаягийг сайжруулж байсан аж.

                         Арвантав дахь гэгээн ЛУВСАНТҮВДЭНЧОЙЖИНЯМ \1905-1930 он\

Одоогийн Батцэнгэл сумаас баруун тийш өртөө хүрэхгүй зайд буй Ар уртын давааны өмнөх хунх Баян-улаан хэмээх жижиг толгойн орчим Т.Лхамжав хэмээх айлаас 1905 оны хавар нэгэн хүү онцгой билиг шинж үзүүлэн мэндэлсэн нь Зая гэгээнтний хувилгаан дүр байжээ. Түүнийг мэндэлсэн жил 13-р Далай лам Түвдэнжамц Сайн ноён хан аймгийн нутагт заларч, бараг бүтэн жилийн хугацаанд морилсон ховор тохиолдол таарч хутагтын тодруулсан байдлыг болгоон Зая гэгээний хувилгаан эндүүрэлгүй мөн болохыг тодлон баталамжилж, өөрийн мутраар сэвлэгийг нь хөндөж, сахил өгч Лувсантүвдэнчойжиням нэр хайрлажээ. Жамбацэрэн гэгээнтнийг Ардын засаг, гадаадын далд бодлогын шахалтаар цэл залуу насанд нь хилсээр хэрэгт тулган, шорон гянданд тамлан, эцэст нь цаазлуулсан байна. Энэ дүрийн гэгээнтэн өрнийн соёлд шимтэн  оросоор ойр зуур ярьдаг, гэрэл зураг, эгшигт хайрцаг зэрэг шинэ содон зүйлийг өөрөө хэрэглээд зогсохгүй ойр дотныхондоо сурталчилдаг, шинэ соёлын тэмүүлэлтэй нэгэн байсан агаад шүлэг зохиол ч бичдэг байсан бололтой.

          Арванзургаа дахь гэгээн ЛУСАНДАНЗАНПҮЛЖИНЖИГМЭД

Зая гэгээнийхээ дүрийг тодруулж, залах санал санаачилга гарч 199З онд 14-р Далай ламд хандсан байна. Далай лам өөрийнх нь дэргэд сурч байсан лам Ц.Отгонбаярын хамт Зая гэгээн хаана төрсөн байж болох зураглал гаргаж, ажлын хэсэг томилон, 1970-1982 онд Архангайд төрсөн хүүхдүүдийн судалгааг гаргуулж байжээ. 1999 оны 6-р сарын 20- нд Далай ламаас ирүүлсэн бичигт ”Нарийн шинжлээд Архангайн газар нутгийг 16 хуваасан зургийн анхны хэсэг хийдийн ойрхон эцэг Самбуу хүү Баяртай хэмээх машид сайн төлөг гарсан тул  тэр хүүг Зая бандидын хойд дүр гэж баталж байна. Хувилгааны алдар Данзан Пүлжинжигмэд нэр хайрлаж байна. Хувилгаан Мэгзэм, Жамъянгийн Сүн-аг үргэлж тоолох хэрэгтэй. Ном сурах чухалтай. Шагзайн гэлэн Далай лам Данзанжамц” гэсэн байна. Үүний дагуу Далай багшийн төлөөлөгч Жадо ренбүүчи оролцсон тусгай комисс уг бичгийн лацыг ханзлан шинэ гэгээнтнийг тодруулахаар бүтэн өдөр аймгийн төвд ажиллаад олоогүй, өөр сураг судалгаа хийж, шөнө дунд болсон хойно Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл сумын зааг нутгийг зорьсон юм. Тэгээд өглөө эрт ургахын нарнаар Цоргын давааны ард айлд мал маллаж, адуу хурааж явсан Зая гэгээнтнийхээ барааг анх олж харж тодруулжээ.

Энэ дүрийн гэгээнтэн хуучин барилдлагатай байсан Өмнөд Энэтхэгийн Сэражэй дацантай холбоо тогтоон лам нарын боловсролыг ахиулах боломж бүрдүүлжээ. Түүнчлэн Архангай дахь Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийг хөгжүүлж өргөтгөн дэлгэрүүлсээр ирсэн төдийгүй Улаанбаатар хотод Зая гэгээний Гүшог дацанг бүтээн байгуулсан байна. Монгол улсынхаа лус савдгийг аргадаж гол нууруудын лусыг тахиж дүлцэн өргөх ажлыг зохион байгуулж уламжлал болгосон ба Монгол улсынхаа дөрвөн өнцөгт дөрвөн махранз бурхны суваргат цогцолбор бүтээн байгуулсан тэргүүтэй эрдэм үйлсийг хийжээ.

СГЗ Г.Жамц: “Нэн тод гэрэлт Зая бандида” номноос

656   0
НИЙТЭЛСЭН: My Arkhangai

Санал болгох