Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2023-02-07

“6 МЯНГАЧ” СААЛЬЧИН

Уйгагүй хөдөлмөрлөж, зорьсон амжилтандаа хүрч, ажил, амьдралдаа гайхширмаар түүхийг бүтээж чадсан залуу хойч үеийн бахархан дуурайх хүний нэг бол Галбаагийн Саранцэцэг гуай юм.

Тэрээр 1952 онд Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн Цурхатын толгой хэмээх газар төрж өсчээ. 1960-1967 онд Хангай сумын бүрэн бус дунд 7 жилийн сургуулийг төгсөөд, илгээлтээр “Социалист хөдөлмөрийн төлөө” бригадад очиж, саальчин, төлчнөөр ажиллажээ. Фермийн хариуцсан үнээнийхээ төлийг бүрэн авах, сүүний норм төлөвлөгөөгөө ч давуулан биелүүлэхийг зорин ажилладаг байв.

Өөртөө зорилго тавьж, сайн хөдөлмөрлөснөөр 25 насандаа сааль сүүний амжилтаараа Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Ийнхүү 1 жилийн саалийн хугацаанд хариуцсан үнээнээсээ нийтдээ 6000 гаруй литр сүү сааж, 1977-1983 онд 6 удаа 6 МЯНГАЧ саальчнаар, 1981, 1984-1986 онд 7000 гаруй литр сүү сааж, 4 удаа 7 МЯНГАЧ саальчнаар шалгарч шагнуулжээ. Сайн саальчин болсон алдраа дуудуулж, нийтдээ 10 удаа гурван сарьстай монгол гутлаар шагнуулж байжээ. Түүнчлэн төл хүлээн авах, бойжуулах амжилтаар 1977-1979 онд 3 удаа “Төлийн аварга болж байжээ. Тэрээр ахмад саальчин Д.Раднаасэдийн туршлагыг эзэмшиж, сааль сүү саах, бод малын төл бойжуулах ажлын арвин мэдлэгийг хуримтлуулсан байна.

Хангай суманд М.Лхогийн ферм гэж алдартай, ажил үйлсээрээ манлайлагч байжээ. “Ардын зориг” нэгдлийн Чандмань бригадын М.Лхогий эрхлэгчтэй фермийн саальчин Г.Саранцэцэг, Д.Раднаасэд нар 1978 онд тус бүр 61 үнээ хариуцан төллүүлж, 61 тугал бойжуулж, сүү, бусад ашиг шимийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тухай “Архангайн үнэн” сонинд нийтлэгдэж байжээ.

Нөхөр Далхсүрэнгийн Банзрагчтай 1970 онд гэр бүл болж, 4 хүү, 4 охин нийт 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. Эхийн 1, 2-р одонтой. Төлчин, саальчнаар 23 жил ажиллажээ.

Тэрээр хөдөлмөр бүтээлээрээ 5, 6, 7-р 5 жилийн гавшгайч болж байв. Мөн сумын ИДХ-д 1978, 1981 онуудад Чандмань багаас 2 удаа депутатаар сонгогджээ. Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж, ЗХУ-д жуулчлах эрхийн бичиг, МАХНн баярын бичиг, МЭХ-ны баярын бичиг, МХЗЭ-ийн тэргүүний залуу мандатаар 2 удаа, Архангай аймгийн Засаг даргын өргөмжлөл, ХАА- байгууллагын баярын бичгээр 3 удаа, дурсамжаар 1 удаа, Сумын аваргын дипломоор 3 удаа,  баярын бичгээр 21 удаа, өргөмжлөл 1, гэрчилгээ, дурсамж, талархал бүхий 22 шагналаар шагнасан байна.  

Ажилдаа амжилт гаргаад өөдлөн дэвжээд ирэхээр мал сүрэг хүртэл ихэрлээд, өсдөг юм билээ. 1978 онд манай мухар алаг үнээнээс 3 ихэр тугал, эвэртэй, сартай үнээнээс 2 ихэр тугал төрж, их сайхан байсан. Мал маллахын хажуугаар олон хүүхэд өсгөхөд бэрхшээлтэй зүйлүүд ч их тохиолдож байсан даа. Бид олон хүүхэдтэй өнөр өтгөн айл учир үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хань бид 2 өөрсдийн хийж буй сайн үйлдэл, хөдөлмөрөөрөө үлгэр дуурайл болохыг эрмэлздэг байсан. Одоо хүүхдүүд маань бүгд гэр бүл зохиож, тус тусдаа сайхан л амьдарч байна гэлээ.

Түүний хууч цааш үргэлжлэхдээ:

Мал маллаж ажил ихтэй байх үед хоол, цайгаа сайн ууж чадахгүй тохиолдлууд ч их гардаг байсан. Нэг удаа бүхэл мах чанаж байтал яаралтай ажил гарангуут чанаж байсан махныхаа борлосон хэсгээс нь хам хум идчихээд л ажилдаа гарсан тохиолдол ч байдаг юм. Зуны улиралд өглөө бүр эрт харуй бүрийгээр 3 цагт босож, фермийн хариуцсан үнээнүүдээ саана. Сүү тээвэрлэдэг машин 6 цагт саасан сүүг авах болохоор хожимдохгүйн тулд эрт босож, хурдан шаламгай ажиллах шаардлагатай байдаг байсан.

1 фермэд 10 саальчин ажиллана. Саальчид зөвхөн үнээ саагаад зогсохгүй, нэгдлээс өгсөн нормт ажлыг хийх ёстой. 7-р сараас эхлэн малын тэжээл хийж эхэлнэ. Морио унаж, ургамал сайн ургасан газраас 2 шуудай өвс зулгааж, мориндоо ганзагалж ирээд, аарцтай хольж, хатаан малын тэжээл хийдэг байсан. Бүх саальчид, эрчүүдтэйгээ хамт 8-р сараас хадландаа гарна. Хавар нь 4-р сард ямаагаа самнана. Баяр наадмаас өмнө суурь хонь,  суурь бярууг бүрэн хяргаж, дуусгадаг байлаа. Мөн адуугаа самнаж, дэл, үсийг нь хяргах гэх мэт төлөвлөгөөт хуваарьт ажлуудыг хийж, чөлөө зав багатай ажилладаг байсан.

Миний хань Д.Банзрагч 1958 оноос Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1966-1969 онд цэргийн алба хаасан. 1969-1973 онд адуучин, 1973-1975 онд Лхогий ахлагчтай социалист хөдөлмөрийн  төлөө бригадад үхэрчнээр ажиллаж, мал маллах арга ухаан, туршлага олж авсан. 1975-1986 онд фермийн эрхлэгч, үхэрчин, 1986-1987 онд бригадын нярав, 1988-1991 онд үхэрчин, 1992-1995 онд ХК-д сүүн тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Ажиллаж байхдаа 5, 6, 7-р 5 жилийн гавшгайч, 1980-1985 онуудад  үйлдвэрлэлийн даалгаврын биелэлт, социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж, 1983 онд бод малын “Сумын аварга    төл бойжуулагч, “Тэргүүний хадланч”-аар 2 удаа шалгарч байсан. 

Тэр үед хадланг гар хадуураар л хадна. Хадлан авахын зэрэгцээ малын ясыг шатааж, нунтаглан давс, хужиртай хольж, минерал тэжээл хийж, төл малд өгдөг байсан. Бидний үед бэлчээрийг сэлгэх, нөөцлөх зохицуулалттайгаар малыг нэг замаар тууж, бэлчээрт нь хүргэх, тэрхүү замаараа буцааж туун хотлуулдаг байсан. Өвөл өглөө эрт үхрээ мориор тууж бэлчээрт нь хүргээд, өдөржин дагаж хариулан, орой од гарах үед л хашдаг байлаа. Өнөөгийнх шиг туугаад орхичихдог биш өдөржин дагаж, хариулдаг байсан давуу талтай. Тэр жил төл бүрэн авсан гээд 3 шүдлэн, 3 бяруугаар шагнуулж байсан нь санаанаас гардаггүй юм хэмээн Д.Банзрагч гуай ярилаа.

Бид 1995 оноос хувийн мал сүргээ өсгөн үржүүлэхэд хөдөлмөрөө зориулан, одоог хүртэл үр хүүхдүүддээ малчин ухаанаа зааж сурган, хөдөөнөө амьдарч байна.

Миний хань надаас 12 насаар ах юм. Залуу байхад манай үеийн хүүхнүүд чи өөрөөсөө өчнөөн ах хөгшин хүнтэй суулаа, үеийнхээ хүнтэй суугаач гэж хэлэхээр нь гэртээ орохоосоо ичдэг үе байлаа. Өдгөө ханьтайгаа 52 жилийн турш амьдарчээ. Одоо манай хүн 80 нас гарч яваа ч хөл, гар нь чанга, бие хөнгөн, хөдөлгөөн сайтай, ануухнаараа. Амьдралын жаргал, зовлонтой мөчүүдэд өмөг түшиг болж яваа ханьдаа их баярладаг. Үр хүүхдүүдээрээ хүрээлүүлэн, энх тунх амьдарч байгаа нь сэтгэлийн их амар амгаланг мэдэрсэн амьдралын хамгийн сайхан үе юм даа хэмээн хуучиллаа.  

Архангай медиа группын Хангай сум дахь сурвалжлагч П.Баттулга

589   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох