Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2023-02-04

БАГШАА ДЭМЖСЭН БАЙГУУЛЛАГА

Архангай аймгийн Цэнхэр сумын цэцэрлэгийн хамт олон "Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд "Бүтээлч ажил" уралдааныг өрнүүлжээ.

Хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэх, хүүхэд бүрт хүртээмжтэй, тоглонгоо суралцах хэрэгцээг хангах зорилготой багш нарын дунд явуулсан энэ уралдааны 1-р байранд: Бэлтгэл А бүлгийн багш Д.Мөнгөнцэцэг, С.Орхонтуяа, 2-р байранд: Бага бүлгийн багш Д.Ганчимэг, С.Болортуяа, 3-р байранд: Ахлах бүлгийн багш Ц.Уранчимэг, Ж.Жавзандулам нар шалгарчээ.

Багш Д.Мөнгөнцэцэг: Хүүхэд монгол өв соёл, ёс заншлаа танин мэдэх, амрах агшин, Монгол ахуй, Байгаль нийгэм гэсэн төвүүдийг багш С.Орхонтуяатай хамтран тохижуулж, 1-р байранд орсондоо баяртай байна. Бид хамтран ажиллаж чадлаа гэв.

Багш Д.Ганчимэг: Хүүхэд өөрийн сонголтоор чөлөөтөй тоглонгоо суралцах талыг дэмжиж малчин, үсчин гоо сайхан, эмч, дэлгүүр, амрах агшин, байгаль нийгэм, ёс заншил, шагайн наадгай гэх мэт хүүхдийн сонирхлыг татсан орчин бүрдүүлсэн нь миний хичээлийн онцлог байсан. Хүүхэд насан туршийнхаа зөв дадал хэвшил, төлөвшлийн 70-80 хувийг 2-5 насандаа олж авдаг. Хариуцлагатай бөгөөд бахархалтай энэ мэргэжилдээ би маш их дуртай. Хүссэн хүн болгон хийж чадахгүй, хамгийн нарийн ажиллагаатай, олон талын ур ухаан шаардсан, хамгийн ариун гэгээлэг сайхан мэргэжил дээ хэмээв.

Залуу багшийг дэмжсэн, урам өгсөн ажлыг зохион байгуулсан цэцэрлэгийн удирдлагуудыг ч энд дурдах нь зүйтэй.

Цэцэрлэгийн арга зүйч Л.Сарнайнтөгөл: Бид сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн судалгааг нарийвчлан авч, бүх багийн дарга нартай хамтран ажиллаж, эцэг эхтэй тулж уулзан, байгаа газрыг тогтоон ажилласны дүнд өнөөдөр хамран сургалт 100 хувьтай явна. Манай хамт олон сэтгэл, зүтгэлээ шингээн хамтарч ажиллаж чаддаг. Энэ ч утгаараа БШУЯ-ны үнэлгээний 3-р түвшинд үнэлэгдсэн гэлээ.

Цэцэрлэгийн эрхлэгч Г.Хоролсүрэн: "Нийгмийн хариуцлагын хүрээнд "Алтан нутаг" жуулчны баазаас 3.750.000 төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж, эцэг эх, асран хамгаалагчдын хандиваар 3.400.000 төгрөгийн эд хогшил, тоног төхөөрөмж, иргэний хандиваар 1,0 сая төгрөгийн хүүхдийн буйдан авсан. Мөн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 3 түвшинд үнэлэгдэн, улсын төсвөөс 7.962.000 төгрөгийн тавилга, эд хогшил зэрэг хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэ бүтээлч ажлын хүрээнд "Алжаал тайлах" булан, "Монгол ахуй", "Дэлгүүр", байгаль нийгэм, ёс заншил, шагайн наадгай гэх мэт хүүхдийн сонирхлыг татсан орчинг бүрдүүлсэн. Биднийг дэмжиж, хамтран ажилласан аж ахуйн нэгж, эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа гэв.

Архангай медиа группын Цэнхэр сум дахь сурвалжлагч Х.Энхмандал

 
 

 

244   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох