Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2023-01-24

АРГАЛЬ НУТАГШИЖ, ТОО ТОЛГОЙ НЬ ӨСЧЭЭ

Аргаль бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд нэн ховордсон амьтдын нэг юм. Хангай сумын баруун урд зүгт, Хангайн нурууны дунд орших, Тэрх багийн Байцын эх хэмээх газарт анх 2018 онд цөөн тооны аргаль үзэгдэх болжээ. Энэ газарт ой модгүй, өндөр уулс зонхилдог.

Байцын эх нь тэндээ хамгийн өндөрлөг хэсэг юм. Тус газрыг 2012 онд орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг сумын ИТХ-аас гаргажээ.

Энд сумын сайн малчин О.Баяраагийнх 1994 оноос хойш нутаглаж байна. Тэрээр: Манай энэ нутгаар анх хар алаг, ягаан алаг зүсмийн 2 том угалзтай, нийт 4 тооны аргаль ирж байсан. Түр зууртаа л энүүгээр гүйж яваа байхдаа хэмээн бодож байлаа. Харин одоо 5 жил тогтвортой байршиж, 50 гаруй тооны аргаль, угалз болсон гэв.

Энэ нутаг бол баруун талаараа Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хар усан даваа, хойд талаараа Архангай аймгийн Цахир сумын Ужигийн эхтэй залгаа юм.

О.Баяраа: Эдгээр аргаль энэ газраасаа нэг их холдохгүй, холдлоо гэхэд нуруугаараа залгаа Мөрөнгийн эх (15км) хүрдэг. Манай намаржаа, өвөлжөө байрлах газрын уул, нуруудаар ургамал тачирхан ургах мөртлөө ботууль гэх мэт амтлаг өвс ихтэй. Иймд мал ч тарга тэвээрэг сайн авдаг. Түүнчлэн энэ хэдэн аргаль маань энэ хавьдаа суурин нутагшиж байна даа. Энд вансэмбэрүү, ванжингарав (цагаан дэгд) зэрэг эмийн ургамал ч ургадаг сайхан нутаг. Царам газар болохоор өвөлдөө хүйтэн, зундаа сэрүүхэн байдаг. Ийм л газар аргалийн нутагладаг орчин юм билээ. Манайхан хонь байхгүй. Сарлаг л малладаг. Эндэхийн аргалиуд явган хүнээс төдийлөн айхгүй, бага зэрэг дассан, заримдаа сарлагтай хамт бэлчээд явж байдаг. Газар дээр нь аргалийн зургийг авъя гэвэл морины аргамжааны зайнаас л ойртож авах боломжтой шүү гэлээ.

Манайхны зусдаг газарт аргаль, угалзууд тугалын зэл, аргамжаатай морины дэргэд хүртэл ирчихсэн байдаг байсан. Аргалийн хурганууд сэргэлэн, их чадмаг, хөлөөрөө газар цавчлаад л үсэрч тоглох нь бахархалтай. Ажиглаад байхад жилд 10-аад хурга гардаг. Дараа хавар болоход 5-6 болчихсон байдаг. Хангайн амьтад хургыг иддэг шиг байгаа юм. Бид энэ хэдэн аргальдаа их хайртай. Сүүлийн үед аргалиуд байгалийн жам зохилдолгоогоороо гурван хэсэг хуваагдчихаад яваад байгаа гэж хуучиллаа.

Аргалиудаас минь агначихвий дээ гэхээс сэтгэл зовниж, байнга л нүд, чих тавьж, хүмүүсээс хамгаалж өнөөг хүрлээ. Үржиж илүү олон болохыг нь харах юмсан” гэсэн түүний яриа бахархмаар...

Архангай медиа группын Хангай сум дахь сурвалжлагч П.Баттулга

 

639   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох