Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2023-01-20

С.ӨЛЗИЙЖАРГАЛ: СУМАНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын дарга С.Өлзийжаргалтай төрийн албаны нэр хүнд, албан хаагчдын ёс зүйн сэдвээр ярилцав.

Сундуйравдангийн Өлзийжаргал: Удирдлагын Академийг 2004 онд дүүргэж, 2012 онд Төрийн захиргааны удирдахуйн ухааны магистр хамгаалсан. 2008 онд Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон 14 дэх жилдээ ажиллаж байна.

-Төрийн байгууллага, албан хаагчдын манлайлал, ёс зүйн асуудал байнга л яригддаг. Анхан шатны байгууллага дээр тулгамдсан ямар асуудал байдаг вэ?

  -Тийм ээ. Тулгамдсан асуудал их, бага хэмжээгээр байнаа. Ажлын ачаалал янз бүр байх, цаг ашиглалт хангалтгүй, хайнга хойрго, харьцаа хандлага учир дутагдалтай гээд иргэдийг чирэгдүүлэх, бухимдуулах асуудлууд гардгийг нуух хэрэггүй л дээ. Өнгөрсөн жилээс төрийн захиргааны байгууллагын хувьд үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэх зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Албан хаагчдын дунд “ Хамтдаа хөгжье “ сэдэвт хэлэлцүүлэг ярилцлагыг тодорхой давтамжтай зохион байгууллаа. Сэдэв бол өргөн агуулгатай. Энд манлайлал, ёс зүйн асуудал ч багтаж байгаа. Сумын хурлын хороодоос бүх төрийн байгууллагын ажил үйлчилгээнд хяналт хийн үнэлгээ өгч, ажил сайжруулах хугацаатай үүрэг чиглэл өгсөн.  Өнөөдөр бидний ярилцаж буй албан хаагчдын манлайлал ёс зүйн асуудал ч хөндөгдсөн. Төрийн үйлчилгээний хүртээмж чанарт шууд нөлөөлдөг зүйл л дээ. Тиймээс ёс зүй, харьцаа хандлага зөв, эерэг байх нь төрийн аль ч шатны ажилтны том шалгуур гэж ойлгон ажиллаж байна даа.

-Танай байгууллага энэ чиглэлээр сургалт явуулсан гэсэн?

-МУ-ын ЗГ-ын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор УБ дахь Тэнүүн сэтгэмж ХХК-тай хамтран 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа. Ажлын төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэл, үр дүнг тооцох, эрэлт хэрэгцээг оновчтой тодорхойлох, орчин нөхцлөө сайжруулах, шинэлэг байх гээд олон асуудлуудыг тойрч хэлэлцэн дадлага хийсэн. Ач холбогдол ихтэй арга хэмжээ болсон. Аудитын байгууллага хяналт хийгээд, олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх стандартын шаардлагыг 89,47% хангасан гэж дүгнэн гэрчилгээ олгосон байгаа.

Бид ”Эрүүл харилцаа-Эерэг хандлага” уриалгад нэгдэн албан хаагч бүр шинийг, сайныг бүтээгч байх, үйлчилгээг угтаж хүргэх, судалгааг бодитой хийх, асуудлыг шийдвэрлэх гарц, боломж, шийдэлтэйгээр ажлаа төлөвлөх зэргээр хамтран ажиллаж байна. Саяхэн “Нөхөрсөг Үдийн цай” арга хэмжээг санаачлан хүн бүрийн эерэг давуу зан чанарыг тодорхойлж, бие биедээ хүндэтгэлтэй байх хандлагыг хэрхэн бий болгох талаар харилцан ярилцлаа. Мөн хурлын төлөөлөгчидтэй хамтарч, сар бүрийн долоо хоногийн 1 өдрийг “Сонсох өдөр” болгон сонгож, суурин утас ажиллуулж эхэллээ. Эхний ээлжинд иргэддээ мэдээлэл өгөх, таниулах ажлууд хийгдэж байна. Сонссон асуудлуудыг эрэмбэлэн хариу өгөх, шийдвэрлүүлэх, тайлагнах, үр дүнд хүргэх нь бидний гол зорилт байгаа. Цаашид иргэд рүү чиглэсэн ажлууд хүрээгээ тэлж сайжирна, иргэдийн оролцоо ч идэвхжинэ гэж харж байгаа.

-Үр дүнг хэрхэн тооцох вэ?

-Иргэдийн сэтгэл ханамжаар үнэлэгдэнэ гэсэн үг. Бид ёс зүйн дүрэмтэй, хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй, түүнийгээ мөрдөнө. Ажлын төлөвлөлт, цаг хугацаа, хурд, гүйцэтгэл, энэ бүхэн тухайн албан хаагчийн мэдлэг чадвараас ихээхэн шалтгаална. Дээр нь өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа эзэн болох гээд олон хүчин зүйлс яригддаг даа.

 -Баярлалаа. Дараагийн ярилцлагаар үр дүнгийн тухай мэдээлье. Амжилт хүсье.

Анхан шатны төрийн захиргааны байгууллагаас ямар ажлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талааар цуврал ярилцлага, сурвалжилга хийхээр зорьж байна. Эхнийхийг хүргэлээ. 

                 Төвшрүүлэх сум дахь сурвалжлагч Ч.Түмэнжаргал

1291   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох