Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2022-12-07

ИТГЭЛИЙН ДЭНС

Шүүх хуралдааны танхим. “Шүүгч орж ирлээ, бос. Хуралдаан эхэллээ, суу” гэх үгс сүрдмээр. Хуулийн өмнө шударга бус хэргээр сууж буй сэтгүүлч: Олон нийтийн эрх ашгийн төлөө бичсэн би энд суух бус, эсрэг талын ширээний өмгөөлөгчийг ирүүлсэн “нөгөө нөхөр” суух нь зүйд нийцэх байлаа” хэмээн бодно.

Шүүх хурал эхлэхэд Иргэний хэргийн хариуцагч болсон сэтгүүлчийн талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчээс татгалзаж байгаагаа илэрхийллээ. Учир нь шүүгч ээлжийн амралттай байх хугацаандаа шүүх хурлыг хойшлуулсан захирамж гаргасан. Иргэний хэргийн материал бүрдэл хангахдаа нэхэмжлэгчийн талд давуу байдал олгосон. Нэхэмжлэгч хуурамч гарын үсэгтэй албан бичгийг материалд хавсаргасан. Хариуцагч тал шаардлагатай материалыг хуулбарлаж авахыг хүсэхэд зөвшөөрөөгүй зэрэг нөхцөл байдал үүссэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлана.  

Шүүгч хуралдааныг хойшлуулж, танхимыг орхин гарав. Нэхэмжлэгч талч нэхэмжлэлээ татсанаар энэ хэрэг эцэслэгдэв. “Эх голомтын илч” ХХК-ий хууль бус нэхэмжлэл шүүхийг ч эвгүй байдалд оруулсан ийм нэгэн явдал тохиов.

Тохиолдол: “Телевизээс 21,2 сая төгрөгийн хохирлын төлбөр нэхсэн бичиг ирлээ". Жил бүр гэрээлсэн төлбөрөө өгөлцөж авалцдаг ч гэнэт юун төлбөр гаргуулах болов. Энэ бичгийг авах хүртэл үйл явдал өрнөжээ. Халаалт дулаан, утааны асуудлаар телевиз, сониноор мэдээ, нийтлэл гарав. Тэр даруй телевизийн дулааны шугамыг хаалаа, мөн сэтгүүлчийн гэрийн халаалтыг зогсоолоо. 

Бодит байдлыг мэдээлснийхээ төлөө телевиз “өрөнд оров”. 21,2 саяын асуудлаар дээш нь хандлаа. Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооноос “Хуульд заасан үүргээ биелүүл, битгий хэрэглэгчид чирэгдэл үүсгэж, мөнгө нэхээд бай” гэсэн анхааруулгыг “Эх голомтын илч”-д өгсөн байдаг. Иймэрхүү дарамттай үйлдэл шил шилээ дарна. Барилгын компаниуд ч нуруугаа авсан.

“Эх голомтын илч” ХХК-ий захирал нь телевизийн барилгын дулааны шугамнаас ямар нэгэн зөрчил илрүүл хэмээн ажилтнуудаа ээлжлэн илгээнэ. Барилгыг нь гадна, дотроос дахин хэмжүүлнэ. Ингэсээр дулааны шугамаа дулаалаагүй, нүцгэн шугам булсан байж магадгүй гэх мэргэн санааг олж, “Шугамаа шалгуул” гэсэн агуулгатай бичгийг ирүүлэв. Гэтэл тэр шугам нь хэдийн холболтоос салгачихсан, ашиглалтгүй болсон байлаа. Энэ учраа хэлсэн ч санаагаа гүйцэлдүүлэхээр баг илгээжээ. Нэгэн өдөр телевизийн эзэмшлийн хашаа руу хүрз, жоотуу барьсан олон хүн орж ирэн шугамын газрыг ухна гэж муйхарлав. Бичлэг хийж дураараа авирлав. Бусармаг энэ үйлдлийг нь хэл амаараа зогсоох боломжгүй тул цагдаа дуудаж болиулжээ.

Ингээд асуудал дууссангүй. Илчийн захирлын чаддаг арга буюу шүүхд өгөх хувилбар руу шилжсэн юмсанж. Сэтгүүл зүйн ажлаа хийснийх нь төлөө шүүхд хариуцагч болгоод хэрэг үүсгүүлсэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ татсанаар энэ хэрэг өндөрлөсөн түүх ийм.

Архангай аймгийн удирдлагуудыг, Цэцэрлэг хотын ард иргэдтэй хамтад нь утаа, Дулааны станцын асуудлаар сойж, сорьж буй монополь энэ үйлдвэрлэгчийн шүүхдэлт энэ мэтчилэн үргэлжилнэ.

Сэтгүүлч асуудал дэвшүүлсэн өгүүлэлдээ: “10 аймагт БНСУ-ын зээлээр Дулааны станц барих боломжийг Архангай аймаг атгаж аваад алдсан юм. Шалтгаан нь өнөөх дулаан үйлдвэрлэгч эзэн аймгийг шүүхд өгсөн. Учир нь түүний барихаар дөрвөлсөн гэрээ байгуулсныг зөрчлөө гэж үзжээ. Аль 2014 онд Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам, аймгийн Засаг дарга, Эх голомтын илч дөрвийн хооронд станц барихаар хийсэн гэрээ ийнхүү хүчин төгөлдрөөр хүчийг үзүүлэв. Аймаг утаатайгаа, станц шүүхтэйгээ гацав. Аймгийн үе үеийн удирдлагуудын шат дараатай шийдвэрүүдийн үр дүнд Цэцэрлэг хотын газар доорх дулааны шугам сүлжээ Ч.Өсөхбаяр захиралтай “Эх голомтын илч” ХХК-ий мэдэлд бүрэн шилжсэн байдаг. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд дулааны шугам сүлжээгээ 100хувьчилсан цор ганц аймаг бол Архангай юм.” хэмээх агуулгыг дурьдана.

“Дулааны станцын гацаа”, “Цэцэрлэг хотын дулаан хангамж ямар байдалтай байна вэ”, “Утаан дунд”, “Шүүхээр даажигнасан нэхэмжлэлээ татав”, “Хуульчийн эрх мэдлийг хэн нэгэнд давуу байдал олгох хэрэгсэл болгон ашиглаж болохгүй” зэрэг нийтлэл нь баримт өгүүлэн сонинд дурайна. Архангай агаарын бохирдолтой аймгуудын тоонд жишээ дурьдагдан төвийн телевизээр цоллуулна.

Иргэдийн бухимдал өвөлжин үл тасрах ч хаврын сүүл, зуны сар, намрын эхэнд утаагаа мартаж орхино. Харин сэтгүүлч сонинд нийтэлж, телевизээр мэдээлсээр л байлаа.

Халаалтаа салгуулсан, өндөр төлбөр нэхүүлсэн, шүүх дээрээ тулсан иргэд, аж ахуйн нэгжүүд сэтгүүлчид хандсаар байв. Хохирсон хүмүүс нэгдэж, дулааны асуудлаарх түр хороо байгуулах санал ч гаргаж, хэвлэл мэдээллийг хүч хавсраач хэмээн хүснэ. Тэдэнд сэтгүүлч, хэвлэл мэдээлэл дэм болно гэж итгэсэн эцсийн арга ч байж мэдэх. Гэвч ийн хандагсад нам жим болов. Магадгүй шүүхдэхээс өмнөх “тохироо” хийсэн байж болзошгүй.

Анх удаа шүүхд дуудагдсан, дотроо сандралтай байгаа сэтгүүлч: “Хэрвээ би итгэмжлэгдсэн төлөөлөлгүйгээр шүүгдсэн бол 21,2 сая төгрөгийг төлөхөөр шийдвэр гарах байжээ” гэж бодно.

Түүний үзэг, цаас нийлүүлсэн 20 жилийн хөдөлмөр, үнэн мөнийн төлөөх итгэл үнэмшил энэ л шүүх хуралдаанаар дэнслэгдэх шиг болжээ. Орон нутгийн жижигхэн редакцид 21,2 сая төгрөг гэдэг бол даашгүй төлбөр байлаа. Харилцагчаа юм л бол шүүхд өгдөг гэгддэг Илч компаний ээлжит айлган сүрдүүлэлт ингэж хэвлэл мэдээлэл рүү чиглэсэн удаатай. Нийтлэлд нэхэмжлэл гаргасангүй. Харин хэвлэлийн амыг хамхих гэсэн давхар санаа агуулсан нь лавтай.

“Эх голомтын илч” ХХК-ийг төлөөлж шүүх хуралд оролцсон ажилтан нь дараагийн шүүх хуралдаа орохоор тэнд зогсож байв. Илчийн шүүхдэлт үргэлжилсээр...

Яндангуудаас бөөн хар утаа саагна. Нэг нь ч шүүлтүүргүй. Гудамжаар алхах хүмүүсийн нүүрэн дээр тортог буух нь энүүхэнд. Дулааны станцтай болтол тэсээд цор ганц дулаан үйлдвэрлэгчтэйгээ л байхаас өөр аргыг одоогоор олоогүй байна.

Дулааны шугамыг хэрхэн хувьчилсан баримтууд сонины хуудаснаа түүх өгүүлнэ. Тэнд харлаган шийдвэр хожим хойчид ямар уршигтай талаар сэтгүүлч бичжээ. Шүүх танхимаас гарахдаа: Төрийн хуулийг хэрэгжүүлэхэд хүний хуулийг эрхэмлүүштэйг бодсон түүний нийтлэл, нэвтрүүлэг үргэлжилнэ.

Авлигатай тэмцэх газар, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн хамтран зохион байгуулж буй “Түүний түүх” бүтээлийн уралдаанд зориулав. 

Ц.ӨНӨРЦЭЦЭГ 

156   0
НИЙТЭЛСЭН: My Arkhangai

Санал болгох