Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-11-30

Б.ЖАВХЛАН: БАЯН ХАНГАЙГАА АРГАДАЖ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ

Аймгийн хошой Алдартан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, тариаланч Балдангийн Жавхлан бол хөдөлмөрч Архангайнхны төлөөлөл билээ. Сэтгэлтэй, тууштай хүн л газар тариалангийн салбарт амжилтанд хүрдэг юм байна гэдгийг түүнтэй ярилцсаны дараа ойлголоо. Байгалиас хараат тариалангийн үйлдвэрлэлийг үеийн үед үргэлжлүүлэх зам тэртээд дурайна. Ургацаа алдаж, мохож, шантарсан олон дундаас цуцашгүй зорилго, уйгагүй хөдөлмөрөөрөө тэсч үлдсэн энэ л тариаланчийн өдий зэрэгтэй яваа нь аавынхаа даалгаврыг биелүүлснийх, басхүү баян хангай хишиг хүртээснийх аж. Газар эхийг аргадаж, гуйж, хайрлан байж шимийг нь хүртдэг жамтай. “Газраас ургасныг чамлаж болохгүй. Ургацын их, бага биш ургасан нь л чухал. Баян хангайн хишиг гэж залбирах хэрэгтэй” гэсэн агуулгаар бидний ярилцлага өрнөсөн юм.

-Төрсөн нутаг усны яриа ямагт сайхан байдаг. Бага, залуу насны дурсамж шингэсэн болохоор тэр биз ээ. Эндээс ярилцлагаа эхэлье дээ?

-Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. Эхээс зургуулаа. Би айлын бага хүү. Эцэг, эх маань Цэнхэр суманд мал маллаж байсан хүмүүс. Бага нас маань Төвшрүүлэхийн 8 жилд өнгөрсөн. 1981 онд Хотонтын 10 жилийг төгсөж байлаа.

Төвшрүүлэхийн Ар булаг, Гивх гэдэг газруудад нутаглаж, хурга тугал хариулж, бас тариалангийн талбайн ойролцоо л өссөн дөө.

Манай Төвшрүүлэх бол улсын дөрөв дэх Сангийн аж ахуй, хоёр Хөдөлмөрийн баатартай, 32 Улсын аваргатай юм шүү дээ. Намайг ХААИС төгсөөд ирэхэд аав минь: “Би бол малчин удмаар зургаан хүүхдээ өсгөж, гадаад дотоодод их, дээд сургуульд хүргэлээ. Чи бол “газрын хүн” боллоо. Тийм учраас Сангийн аж ахуйн улбааг сайн авч явж, үр тарианы хүн болно шүү” гэсэн даалгавар өгч байсан юм. Тэр ёсоор л би тариаланч болсон доо.

-Газрын шимийг хүртэх хувь тохиолд хөл нийлсэн түүх тань ямар эхлэл, өрнөлтэй байдаг юм бол?

-ХААИС-ийг 1986 онд агрономич мэргэжлээр төгссөн. Тэгээд Өлзийт сумын нэгдэлд ерөнхий агрономичоор ажиллаад, 1991 онд Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд агрономичоор ирсэн. 1992 онд энэ сангийн аж ахуй гурав хуваагдаж хувьчлагдсан. Тэгэхэд гуравны нэгийг нь авч, “Бага хангай” компаниа байгуулсан. Тэр цагаас хойш одоог хүртэл газар тариалангийн үйлдвэрлэлээ эрхэлж байна. Манайх байнгын 12 ажилчинтай ч хавар, намрын ид ажлын үеэр тээврийн жолооч нар, сумын ажилгүй иргэд гээд 30-40 хүн байнга ажилладаг. Түр ажлын байрыг бий болгодог.

Тариаланч хүн газрын шимийг хүртэгч. Улаан буудай, үр тариа бол хүн ардын хүнсний хэрэгцээ, улсын стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Нэг будаа тарихад 30-80 ширхэг болж үрждэг, сайхан сүүн бүтээгдэхүүн л дээ. Хүн ардыг хүнсээр хангаж байдаг буянтай салбар. Дэлгэрэх, үржих заяатай буудайгаа тариалаад 33 жил болж байна. Баян хангайнхаа буянаар газрынхаа үржил шимээр ард иргэдэд цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хүргэж байгаадаа л их баярлаж явдаг даа.

Зөвхөн тариа тариад зогсохгүй, түүнийгээ бүтээгдэхүүн болгох зорилгоор 2013 онд өдөрт 6 тонн гурил хийх хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Аймгийнхаа нэг хэсэг гурилын хэрэгцээг хангаж байна. Бас малын тэжээл, овьёос, ногоон тэжээл, хивэг үйлдвэрлэж байгаа. Ер нь хаягдалгүй үйлдвэрлэл л дээ. Наанадаж л талбай дахь тарианы иш нь ойр орчмын мал аж ахуйд өгөөжтэй л байдаг. Малд маш сайн шүү дээ. 2001 оны зуднаар тарианы орчмын мал ажрахгүй орж, хорогдоогүй юм даг. Ингэхээр үр тарианы шимийг олон талаар хүртэцгээж байгаа биз.

-Хамтын хүч оломгүй. Тэр дундаа газар тариалангийн салбарт ёстой л тариа будаа шигээ буцалж байдаг биз ээ?

-Хамт олны маань зүтгэл, баян хангайн үр шимээр бид амжилттай л явна. 2006, 2016 онд тус бүр 12 хүнээр аваргалж, Улсын тэргүүний тариаланч хамт олон болсон. Манайх чинь Төв, Сэлэнгийг бодвол өндөр уулын бүс учраас ургац хэцүү л дээ. Гэвч бид хүмүүсийнхээ зан араншиг тариатайгаа холбож, сайн ажилласнаар энэ амжилтанд хүрсэн. Тариаланчдаас маань аймаг, сумын аваргууд олон төрсөн. Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медальтай хүмүүс ч хэд хэд бий.

Цалинг хийснээр нь олгодог. Гарынх нь ургацтай нь холбодог. Өөрсдөд нь 5-10 га-д тариулж, ашгийг нь жилийн эцэст бодож өгдөг. Улирлын чанартай хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт гээд гурван хэсэг болгоод тариалалтанд сайн ажилласан хүмүүсээ 900,0 мянгаас 1,0 сая төгрөгөөр урамшуулдаг. Бүтэн ажилласан хүмүүс маань 2,7-3,0 сая төгрөгийн шагнал авдаг. Манай сарын дундаж цалин 1,2-2,0 сая байдаг. Хүмүүсээ газартай нь ойртуулаад ирэхээр компаний ургац маань ч нэмэгддэг. Учир нь компаний ургацын дунджаар шагнал олгодог болохоор ажилчид маань идэвхтэй, технологио барьж ажилладаг даа.

Хөдөө хөхөрч, гадаа гандаж ажилладаг болохоор хүмүүстээ өндөр цалин өгье гэж боддог. Найман хүн тэтгэвэрт гарахад бүгдэд нь машин авч өгсөн. Одоо ч ажиллагсдадаа хадгаламж үүсгээд явдаг. Тариалангийн салбарыг удирдаж яваа хүн хаврын хавсарга, намрын цас гээд хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсээ л их бодох хэрэгтэй байдаг.

-Хавар, намрын улирлын чанартай мэт боловч хэрэг дээрээ жилжингээ ажил мундахгүй дэг ээ. Та бүхний ажлын дараалал, хэмнэл ямар байдаг юм бол?

-Газар тариалангийн үйлдвэрлэл жилийн дөрвөн улиралд явагддаг л даа. Хүн харахад өвөлдөө ажилгүй юм шиг харагдаж байгаа юм. Манайх бол 11 сарын сүүл хүрч байж намрын ажил дуусдаг. Залгуулаад гурилын үйлдвэрийн ажил эхэлнэ. Тэгэхлээр хүмүүс маань ч сул зогсдоггүй, жилийн турш ажилтай байдаг.

Дараалал гэвэл технологийн картаа гаргахаас эхэлнэ. Жилд ямар хэмжээний талбайд яаж тарих, шатахуун, сэлбэг, хөлс зэргийг тооцно гэсэн үг. Ажил 3 сарын 20-доос хаврын чийг хаалтаас эхэлнэ. Бэлтгэсэн уриншийнхаа чийгийг хааж борнойддог. Дараа нь хаврын тариалалтынхаа үрийг бэлтгэж, нарлуулна. Хорхой шавьж, хортонгоос хамгаалсан ариутгалууд хийдэг. Тэгээд хаврын тариалалт. Бас дараа жилийнхээ тариалалтад бэлтгэх уриншаа 3-4 удаа боловсруулдаг. Тэгээд л намрын тарианы бэлтгэл ажил өрнөнө дөө. Үтрэмийн ажил бас чухал. Талбайгаас хураасан будааг нааш цааш болгох гол хэсэг. Үтрэмийн техникүүдээ янзална, талбайн зэрлэгээ цэвэрлэнэ, будаа буулгах талбайгаа бэлдэнэ. Ингээд л үргэлжилсэн ажилтай явна даа. Хаврын эхнээс намрын адаг, өвлийн эхэн сар хүртэл зогсоо зайгүй л ажилладаг даа.

Ургац хураалтын эх үндэс нь уринш байгаа юм. Уриншгүйгээр манай өндөр уулын бүсд тариа авна гэж байдаггүй л дээ. Уринш хийснээр шим тэжээлийн бодис хуримтлуулдаг, чийг хадгалдаг, хог ургамал устгадаг ач холбогдолтой. Ийм сайхан бэлдэц л дээ. Зүйрлэвэл идэш л гэсэн үг. Тэрэнтэй адил дараа жилийн тарих тарианыхаа нөөцийг хийж байгаа юм. 

-Энэ их ажлыг нугалахад, бас өдий зэрэгт ирэхэд бэрхшээлийг туулсан л байж таараа. Эрсдэлгүй үйлдвэрлэл гэж байдаггүй шүү дээ?

-Бэрхшээл их гарнаа. Түүний өмнө сөхөрч л болохгүй. Тариаланчдад хамгийн том эрсдэл, бэрхшээл бол ургац алдах. Ургац алдаж байсан жилүүд бий. 1994-2000 он хүртэл ган болоход аж ахуйгаа зараад тарсан газрууд олон. Хамгийн хүнд эрсдэл бол 1998 онд. 2400 га-д 400тн үр хавар тариалалтанд хэрэглэчихээд намар 300тн будаа авч байлаа. 58,0 сая төгрөгийн өрөнд орсон. Тэр үед нийтээрээ л тэгэж ургац алдсан л даа. Нөгөө хоёр компани маань юмаа зараад, өрөө дараад, тараад явсан.

Энэ хооронд би аавынхаа захиасыг биелүүлж, компаниа бүрэн бүтэн авч үлдсэн дээ. “Энэ мундаг сангийн аж ахуйн ул мөрийг хэзээд босоо авч явна шүү” гэсэн үг л санаанд бууж байлаа. Тэгээд л тээвэрт явж, банз зүсүүлж зарж байж, ажилчдынхаа цалинг олж, компаниа аварч байсан юм даа. Ингэж Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн ул мөрийг таслаагүй явна даа.

-Зөвхөн тариа тариад зогсохгүй гурилын үйлдвэр байгуулах санаа яагаад төрөв? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд байгаа. Танай гурил хэр эрэлттэй байна?

-Гурилын үйлдвэр 30-40 хувийг ашиг нэмдэг. Нөгөө талаар улирлын чанартай ажилчид маань өвөлдөө ажилгүй байхаар эндээ ээлжлээд ажиллах боломжийг бий болгох үүднээс 2013 онд үйлдвэр авсан. Манайх хил залгаа Цэнхэр, Хотонт, Өгийнуур, Батцэнгэл сумдад гурилаа хүргэдэг. Мөн аймгийн хэрэгцээний 20-30 хувийг хангахаар борлуулалтыг хийж байна.

Ер нь сүүлийн үед аймаг, орон нутагт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санаанууд гарч байна л даа. Худалдааны төвд тусгай лангуу гаргаж өгнө гэсэн. Цаашид аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд борлуулалтаа хийвэл гэдэг санаа ч бий. Нэгдэж аймгийнхаа үйлдвэрлэгчийг дэмжээд, хоёрдож хольцгүй цэвэр бүтээгдэхүүн гэдэг саналыг тавиад байгаа. Манайх бас арвайн гурил хийдэг. Одоогоор Амтлаг цех зэрэг газруудад гурил, арвайн гурилаа нийлүүлдэг.

-Арвайн гурил гэснээс халтар арвайг нутагшуулсан эрдэм, туршлага танд байдаг гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Бурхны арвай гэлцдэг, “ноёд” гээд улсын хэмжээнд тасарчихсан, алаг хүрэн арвайг гар аргаар түүж үржүүлээд одоо 4тн арвайтай болсон. Хойтонгоос 25 орчим га-д тарихаар үрийн арвайтай болчихсон. Анх айлын бурхан тахилын арвайг гуйж аваад, энд тэнд боогоод тавьчихснаас цуглуулаад гар аргаар цайруулаад, тэрийгээ ялгаж түүгээд 20кг болгож, үржүүлж эхэлсэн дээ.

-Хамгийн арвин ургац авсан нь мэдээж Улсын тэргүүний болдог жил байх л даа. Тэр жил га-гаас хэдийг авсан юм бэ?

-2006 онд га-гаас 17 цр, 2016 онд 16 цр авч байсан. Ер нь манайх чинь өндөр уулын бүс учраас Архангай аймгийн дундаж 10 цр байдаг. Улсын тэргүүн болоход нэг жилийн ажлын үзүүлэлт биш хоёр гурван жилийн дунджаар үнэлдэг л дээ. Гурилын үйлдвэртэй болж, ажлын байр нэмсэн, ургац арвин байсан гэдгээрээ шалгарсан юм.

-Буудайгаа хаана тушаадаг вэ?

-Манайх өндөр уулын бүс дэх үрийн аж ахуйгаар ажилладаг. 2001 оноос эхлээд ХААЯ-аас зарлаад, 17 аж ахуйг шалгаруулсан. Тэрний нэг болж, богино буюу дунд болцтой сортуудыг үржүүлээд 17 жил болж байна. Тэгээд ойролцоох аж ахуйн нэгжүүдэд үр нийлүүлдэг. Хархорины Тариалан эрхлэгчдийг дэмжих санд өгдөг.

Манайх чинь зах зээл багатай ш дээ. Ялангуяа энэ жил болц оройтоод, 5 сарын 1-нээс 6 сарын 16 хүртэл бороо дусаагүй. Сайн уринштай байсан талбайнууд гайгүй байлаа. 11 сар хүргэж хурааж дууслаа ш дээ. Будааны чанараас бас хамаарна. Хархорин стандартад заасан будаагаа авдаг учраас энэ жилийн хувьд борлуулалт муу байсан. Дандаа нийслэл рүү тээсэн. Зах зээл сайтай газарт бол шувуу, гахай, тахианы тэжээлийн үйлдвэр, спиртийн үйлдвэр гээд цавуулаг багатай, цардуул ихтэй, уураглаг будааг авдаг юм байна. Тээврийн зардал л өндөр гарах юм даа. Энэ жилийн хувьд чамгүй ургац авсан. Үнэ бага байлаа. Гэхдээ баян хангайн буянг чамлалтгүй ээ.

-Гэр бүлийн тань тухай яриа руу шилжье дээ?

-Манайх ам бүл тавуулаа. Эхнэрийг маань Гуунаагийн Наранцэцэг гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Сумын сургуулийн ахлах ня-бо. Том хүү Өлзийбуян. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо ХААИС-д агрономичоор суралцаж байгаа. Дунд охин Хажидмаа. АУИС-ийг төгссөн, эмч. Бага охин Отгонбаяр. ШУТИС-д суралцсан. Хүнсний технологич. Хүүгээ хотод ХААН банкинд эдийн засагч хийж байхад нь газар тариалангийн үйлдвэрлэлийг залгамжлуулахаар дэргэдээ аваад ирсэн. Компанийхаа гүйцэтгэх захирлаар ажиллаад хоёр гурван жил болж байна. 

Эхнэртэйгээ их сургуулиа төгсөөд 1986 онд ханилсан. Түүнээс хойш өдий зэрэгтэй амьдарч явна. Гурав гурван насны зайтай гарсан гурван хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэхэд ээжийн үүрэг л их байсаар ирсэн дээ. Тариаланч хүн чинь гэрийн бараа харахгүй шүү дээ.

-Наранцэцэг эгч ээ, та наашаа суугаач. Сайн сайхан яваа эр хүний ард хүчтэй, түшигтэй гэргий байдаг гэдэг дээ. Амьдралаа эхлүүлж байсан үеэ дурсахгүй юу?

-1986 онд манай хүн сургуулиа төгсөж ирэхэд би Эмийн сангийн удирдах газарт тооцооны нягтлан хийж байсан. Тэгээд нөхөр маань Өлзийтөд томилогдоод явчихлаа. Тэгтэл аймгийн Санхүү хэлтсийн дарга Халтар гуай намайг дуудаад “нөхөр чинь Өрнөл нэгдэлд хуваарилагдсан болохоор чамайг тийш явуулъя, Санхүү тасгийн дарга хий дээ” гэж билээ. Ингэж бид хоёр нэг дороо төвхнөж байлаа. Аймгаас хоёулаа мотоцикльтой, чемоданаа дүүрээд л явж байлаа даа. Тэнд очоод хүүтэй болсон минь хамгийн сайхан үе байсан.

Амьдрал эхлэх, өрнөх, үргэлжлэх бүх цаг үе сайхан л байна. Том хүү маань сурлага сайтай байсан. Аймгийн гадаад хэлний олимдиадад байнга оролцоно, түрүүлнэ. Чимиддорж багшийн нэрэмжит олимпиадад сүүлийн гурван жил түрүүлээд, 10 төгсөхдөө тэдний урилгаар сургуульдаа сурч төгссөн. Энэ мэтчилэн баярт үйл явдлууд зөндөө.

-Ханийнхаа ажилдаа ханддаг хандлага, хувь хүний мөн чанарын тухайд та юуг онцлох бол?

-Түрүүнд манай хүн амжилтынхаа талаар ярихдаа нэг зүйлийг орхичихлоо. 2016 онд улсын хэмжээнд Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч компаниар шалгарсан гэдгийг нэмчихье.

Манай хүн чинь ажлын хэнээтэй хүн дээ. Хүмүүс ажлаа хийгээд л байвал сайн ханддаг, ажилдаа хойрго байх юм бол уцаарлана аа. Мөн чанар нь үнэнч шударга, хөдөлмөрч л хүн дээ. Энэ чанарыг нь хүүхдүүддээ өвлүүлэх гээд би ч байнга ааваасаа суралцах тухай хэлж ярьдаг юм.

Нэг түүх ярья л даа. Өмч хувьчлалаар Сангийн аж ахуй гурав тасрахад Багахангай, Эрдэнэтолгой, Мандах гээд гурван компани болж салсан. ТСАА-н техник, байшин барилгыг тэнцүү хувааж өгсөн л дөө. Тэгээд л тариа тарьж эхэлсэн. Эхний нэг хоёр жил ургац гайгүй байлаа. Гэтэл ургац алдаад эхлэв ээ. Түрүүнд өрөнд орсон тухай манай хүн ярилаа ш дээ. Тэгсэн нөгөө хоёр компани өрөндөө техник юмнуудаа өгөөд тарсан. Манайх тэсээд үлдлээ. Дахиад л өнөөх 1998 оны ургац алдалтаар өрөнд орчихвоо. Тэгэхэд нь би “Яасан хэцүү юм бэ, энэ хэдэн улаан төмрөө зараад өрөө дараач дээ” гэхэд Жавхаа: “Зүгээр ээ хөгшөөн, жаахан л тэсчих. Наадах чинь чулуу болно” гэж билээ. Одоо ч тэр техникүүд байж л байгаа. Хаа байсан 80 оны юмнуу д ш дээ. Эд нараараа явсаар байгаад л саяхныг хүргэсэн дээ. Ингэж л чулуу болгож, өрнөөсөө гарсан түүхтэй.

-Жавхлан ах, та хүүхдүүддээ захиж хэлдэг, өвлүүлэх үнэт зүйл, үнэ цэн гэдгийн тухайд юуг чухалчилдаг вэ?

-Хүүхдүүдээ хөдөлмөрлөж сур л гэж хэлдэг дээ. Бид чинь социализмын үед өдөр шөнөгүй л ажилладаг байсан. Хөдөлмөр хийснээр хүн муудна гэж байдаггүй. Тиймээс хөлсөө дуслуулж олсон мөнгө “амттай” байдаг гэж хэлдэг. Тэгээд худлаа хэлж болохгүй, дээдсээ хүндэлж, уламжлалаа сэргээж яв гэж л захидаг даа.

-Та бас улс төрч байх аа?

-Аймгийн хурлын төлөөлөгчөөр нэг удаа, 2012-2016 онд сонгогдон ажилласан. Сумандаа бол хоёр удаа сонгогдсоон.

-Тариаланчдыг дэмжих, урамшуулах тал дээр сум, аймгийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлдгийг танаас л асуухад бодит хариулт авах байх аа?

-Улсын хэмжээнд атрын аянууд зарлаад, техник, үр, бордоо, химийн бодис, шатахууны урьдчилгаа өгч, их хэмжээгээр тусалж байгаа. Манай аймгийн хувьд мал аж ахуйг голчилдог учраас газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар үндсэн бодлогодоо тусгагдаагүй юм шиг санагддаг. Харин сүүлийн үед овоо анхаараад тариалангийн эрчимжсэн бүсийг тогтоож, УИХ-аар батлуулсан. Энэ бол том алхам. Аймгийн гол гол сумд тариалангийн бүсд хамрагдсан байна лээ. Дорвитой нь энэ болж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл бол хавар их мөнгө зарж, намар 11 сар хүртэл долоон сарын хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэл удаан явагддаг учраас бага хүүтэй, урт хугацаатай зээл их хэрэг болдог. Төв, Сэлэнгийн бүсд бол үүнд их анхаардаг юм билээ. Манайд бол энэ дэмжлэг доголдолтой байдаг. Сум хөгжүүлэхийн зээлэнд бол хамрагдахгүй шүү дээ.

-Техникийн шинэчлэлт хэр зэрэг хийж байна вэ? Мэдээж хүчин чадал ч, үнэ өртөг ч өндөртэй техникүүдийг ашигладаг байх?

-Газар тариалангийн үйлдвэрлэлд хамгийн түрүүнд технологи чухал. Мэргэжлийн хүн болохоор арга хэмжээ аваад явдаг. Хоёрдугаар асуудал бол техник. Шинэчлэлийг сүүлийн жилүүдэд баян хангайн буянаар компаний эдийн засгийн боломж гайгүй учраас хийж байна. 2017 онд гэхэд 500,0-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Техникүүд маань 20-25 жилийн насжилттай, өвгөрчихсөн. Иймэрхүү байдлаар цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг явуулах боломжгүй болсон. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, яамнаас бодлоготой алхмыг хийж байгаа. 30 хувийн урьдчилгаатай техник өгөөд 5 жилийн хугацаатай лизингээр олгодог болсон. Харин 300-400 га-тай хувь хүмүүст бол техникүүд дутагдалтай. Шинэчлэгдэж байгаа техникүүд нь томдчихдог, үнэ нь ихэдчихдэг. Газар тариалан чинь эхэндээ зардал их орно шүү дээ. Үүн дээр манай аймаг, ХХААГ-аас бодлогын чанартай техникийн хүсэлтүүдийг цааш нь дамжуулах хэрэгтэй гэж боддог.

-Энд тэндэхийн тариаланчид танаас туршлага судлахаар ханддаг байх. Сумдад тариалангийн бүс тогтоочихоор нэг хэсэгтээ тийшээ хошуурцгаана даа. Нэг үгээр чадвартай, чадваргүй “сайн дурын” тариаланчид олширно. Гэтэл энд баахан газар онгичоод тарьж ургуулсан ч юмгүй нөгөө л цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэл ч гарч магадгүй. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Сүүлийн үед хүмүүс газар тариалан руу орж ирж байгаа. Үүнд би дуртай байдаг. Тусалчихъя гээд зөвлөгөө өгдөг. Манайхыг тариандаа гарахаар л дагаад гарна. Нэг ёсны сэрүүлэг маягийн л байдаг л даа. Газар тариалан руу орж ирж байгаа хүмүүс дандаа сайн улсууд байдаггүй. Зальтай, хөрс хоослох гэсэн хүмүүс зөндөө байсан. Адаглаад л рапсыг хоёр гурван жил дараалан тарьдаг, үр тарианы ургамал тарьдаггүй. Сайдын тушаал бий ш дээ. Рапсыг нийт тарьсанн талбайн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн. Үүний эсрэг 80 хувьд рапс тариалдаг хүмүүс байдаг.

Энэ салбарт дээд боловсролтой залуучууд нэлээд орж ирж байгаа. Энэ дээр нэг зүйл бий. Аав ээж нь тариаланч байсан улсуудын хүүхдүүд ирээд газаргүй болчихоод байгаа. Аавынхаа комбайн, тракторыг аваад үлдчихсэн хүн газаргүй байх жишээтэй. Гэтэл зүгээр л танил тал харсан хүмүүс Дундын төвийн техник хэрэгслийг үрэн таран хийгээд дуусч байна.

Дундын аж ахуй гэж байлаа. Тухайн үед би нэг тэрбум 235,0 сая төгрөгийн техник татаж оруулж ирж байлаа ш дээ. Компани дээр түшиглэнэ гээд. Тэр үед хүүхэд өвдөөд буцаагаад өгчихсөн юм. Тэр сайхан техник тараад алга болсон. Газрыг нь танил тал харж, хэсэг хүмүүст өгчихсөн. Нөгөөдүүл нь ч хийж байгаа юм байхгүй. Гэтэл юм хийх гэж байгаа хүмүүст газар ч олдохгүй байна шүү дээ. Энэ талаар манай аймаг бодмоор юмнууд байгаа. Төвшрүүлэхд насаараа трактор, комбайн барьсан хүмүүс давуу эрхийнхээ газрыг авч чадаагүй л байна шүү дээ.

-Тийм шүү, тийм тал харагддаг. Үр тарианаас гадна төмс хүнсний ногоо тариалагчид ч их хөдөлмөр зарцуулдаг. Талбайгаа арчлахаас эхлээд газрыг аргадаж ажилладаг юм билээ. Гэтэл ёстой л эрх мэдлээр газар авчихсан хүмүүс адууны тэжээл тарихаас хэтэрдэггүй, газрыг онгичоод тарьсан болдог, ямар ч эргэлтгүй болгодог, эдийн засгийн үр ашиггүй ашигладаг байдал хаа сайгүй л анзаарагддаг шүү?

-Тийм аргаар их хэмжээний газар авчихсан хүмүүс буцаагаад газраа үнэд хүргээд зарчихаж байна. Газрын наймаа хийдэг. Хоёр жил рапс тарьж шимийг нь авчихаад л хямд авсан газраа өндөр үнээр зарчихаж байгаа жишээ ил байна шүү дээ. Манай суманд гэхэд л энэ жил 700-800 га зарагдчихлаа. Ийм газрыг нь нөгөө л газаргүй хүмүүс яах ч аргагүй худалдаж авдаг. Хуваарилалт нь харьцангуй байгаад байна.

-Тариаланч, малчдын хоорондын маргаан гэж асуудал байна аа. Хуулийн дорвитой зохицуулалт байхгүй л байна. Манайд хууль хэрэгжитлээ өдий. Амьдрал л бүхнийг зохицуулдаг хойно. Малчидтай яаж хэл амаа ололцож байна даа?

-Газар тариалан, мал аж ахуй хоёр бол байнга зөрчилдөж ирсэн. Харин Тариалангийн хууль гарлаа. Гэхдээ сайн хууль гарсан боловч журам нь хүлээгдээд л байдаг. Хууль зүйн яам, Байгаль орчин, ХААЯ гээд гурван яамын журам гарна гэсэн байдаггүй. Амьдрал дээр хэрэгждэггүй хуультай болохоор мал орлоо гэхэд оногдуулах шийтгэлгүй л сууж байна. Мал ороод идэхээсээ илүү гишгэчээд их хэмжээний хохирол учруулдаг. Уг нь яамнаас хашаажуулахад тариаланчдаа дэмжиж байгаа юм билээ. Манайд бол ирээгүй л байна.

Манай Төвшрүүлэхд арваад мянган га эргэлтийн талбай ашиглаж байна. Бид ноднингоос эхлээд өөрсдөө хөрөнгөө гаргаад л хашиж байна. 2017 онд 20,0 гаруй, 2016 онд 20,0 гаруй сая төгрөг гаргаж, нийт талбайгаа хашсан. Энэ хоёр жилд малчидтай зөрчилдөх нь гайгүй боллоо. Харин сум орон нутгаас тариаг малаас хамгаалах талаар огт анхаарал тавьдаггүй. Хувийн өмч гэж хараад л. Угтаа энд хүнсний стратегийн бүтээгдэхүүн бий шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрснээс газрын шим гэдэг юм байхгүй боллоо шүү дээ. Малын тоо толгой замаа алдлаа. Ийм тохиолдолд бие бие рүүгээ муухай хардаг малчид тариаланчдын асуудал ч хурцдаж таараа. Та энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Төвшрүүлэх сум 18,0 мянган га-д тарьж байхад 17,0 мянган толгой малтай байсан. Одоо 160,0-аад мянган малтай болсон. Малчид тооны хойноос хөөцөлдөхөө болимоор байгаа юм. Эрчимжүүлээд чанартай малтай болох хэрэгтэй. 2010 оны зуднаар чанаргүй мал их хорогдсон ш дээ. Эр, сувай малаас чинь төл гарах биш, хураагаад л байх юм. Зах зээлийн эргэлтэнд оруулаад борлуулмаар байгаа юм.

Малын хөлийн татварыг авах хэрэгтэй. 200-аас доош толгой малтай бол татвар хэрэггүй, 500, 1000-аас дээш малтайгаас нь өндөр татвар авах хэрэгтэй. Жишээ нь манай тэнд олон адуутай, малтай хүн байлаа гэхэд тойрсон 20-иод айлын мал тэр айлын малд хүрэхгүй ш дээ. Тэгэхээр хичнээн айлын малын бэлчээрийг эзэгнэж байгаа нь илэрхий. Бэлчээр талхлаад ургамал ургахгүй болчихлоо. Ийм байдлаар явбал хоёр гурван жилээс юмаа үзэх болоод байна шүү. Арга хэмжээ авах л хэрэгтэй байна.

-Бидний яриа жаахан хэлбийчихлээ. Гэхдээ газар тариалангийн салбар мал аж ахуйтай зэрэгцэн оршдог болохоор энэ сэдэв рүү орчих шиг боллоо.

Монгол улсын хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байгаа гэдэг утгаараа ганц компаний ажил бус, маш хариуцлагатай үйлдвэрлэл. Энэ түвшинд үзвэл та улс түмэндээ ямар хувь нэмрийг оруулж яваа гэж цэгнэдэг вэ?

-Энэ аж ахуйг олон жил авч явлаа. Татвар, даатгалаас гадна хүнсний түүхий эд бий болгож байгаа хувь нэмэр. Жилдээ манайх 800-1000тн будаа тушаадаг. 30 жилээр үржүүлэхээр 30,0-40,0 мянган тн будаа гэдэг чинь хөдөлмөр шүү. Мөнгөөр бодохоор овоо л юм гарна. Хамт олны минь хөдөлмөр л юм шүү дээ.

-Байгаль дэлхийтэйгээ харьцах шүтэлцээ бол тариаланч хүний сүсэг бишрэл болдог байх даа?

-За ер нь тариаланч хүн аяндаа сүсэг бишрэлтэй болдог юм даа. Адаглаад үрээ хийхдээ хүртэл хангайгаасаа гуйж, “хур шимээ хайрла” гэж баян хангайдаа цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Сүүлийн үед мундаг шүтлэгтэй болж байгаа шүү. Лам залж, ном уншуулна, уул ус тахина. 2000 онд ургац алдаад, 2001 оноос тэндэхийнхээ Баян-Өндөр хайрханаа шинийн найманд тахидаг болсон. Газар дэлхийгээсээ шим авч байгаа хүн ард түмэндээ өглөг түгээх учиртай гээд есөн жил тахисан. Энэ хугацаанд 17,0 орчим сая төгрөгийг ард түмэндээ хүртээсэн дээ. Хайрханыхаа өвөрт ургац алдаагүй ээ.

-Ард түмэндээ гар сунгадаг гэлээ. Тогтвортой ажилладаг компаний хувьд нийгмийн хариуцлага талаасаа сумандаа хийж хэрэгжүүлдэг юмнууд юу байна?

-1992 онд Сангийн аж ахуйд ажиллаж байсан гээд 150-иад өндөр настан хуваарилагдаж ирж байсан. Эд нарынхаа баярыг жил бүр тэмдэглээд, нэг удаагийн тэтгэлэг олгодог уламжлалтай болсон. Сумынхаа ахмадын байрны тохижилтонд жил бүр тусална. Мөн сумынхаа эмзэг бүлгийн 4-5 хүнд жил бүр 50,0-100,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Зарим хүмүүсийг гадаад дотоодод аялах, рашаан сувилалд амрахад нь тусалдаг. За тэгээд л сумын наадам, тэмцээн уралдаанд ивээн тэтгэгчээр оролцдог л доо.

-Танайх улсдаа жилд хэдий хэр татвар төлж байна даа?

-Зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын татварт 3-5 сая, нийтдээ бол 10-15 сая төгрөг төвлөрүүлдэг шүү.

-Аймгийн газар тариалангийн салбарт тантай мөр зэрэгцэх томоохон үйлдвэрлэл эрхлэгч хуруу дарам гэж харагддаг. Жижиг аж ахуйтай иргэд бол цөөнгүй. Том, бага тариалан эрхлэгчдээ аймгаас дэмжих, тэдэнд урам өгөх аливаа арга хэмжээ тэр бүр анзаарагддаггүй. Ийм байдаг уу?

-Газар тариаланд зүтгэж яваа миний үеийн, надаас дээш насны хүмүүс байна. Сүүлийн үед залуучууд орж ирж байгаа. Өдөр шөнөгүй л зүтгэж байгаа энэ хүмүүст урам өгөх үүднээс Ургацын баяр ч хийдэг юм уу, сайн ажилласан хүмүүсийг урамшуулчих юм дутагдаад байдаг. Хүнийг мөнгөөр биш урмаар ажиллуулах хэрэгтэй. Урмаар тэжээх гэж үгтэй. Ялангуяа залуучуудыг дэмжиж, мохоочихгүй шиг баймаар байгаа юм. Энэ талаар аймагт санал тавьдаг юм аа. Энэ жил харин Ургацын баяр хийсэн. Зарим тариаланч ажил нь дуусаагүй ирж амжаагүй. Гэхдээ компани, аж ахуйн нэгжүүд хандив туслалцаагаа өгцгөөсөн л дөө.

-Ярилцлагаа билэгтэй сайхан үгээр өндөрлөе?

-2019 онд Атар газар эзэмшсэний 60 жилийн ой болно. Энэ ойгоороо арвин ургацтай уулзацгаая. Танай хамт олонд өндөр амжилт хүсье. Тариаланчдын хөдөлмөр, алдрыг түмэнд түгээж байгаарай.

-Үржих заяатай үр тариа шигээ үйлс тань дэлгэрэн түгэг ээ. Танд сайн сайхныг хүсье.

О.АМАРЗАЯА

/Архангай сэтгүүл. 2018 он. 03/03/

102   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох