Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-11-24

ӨВ СОЁЛ-АРХАНГАЙ: АРСЛАН ХУУР

ӨВ СОЁЛ-АРХАНГАЙ цуврал-1

Монголын соёлын үнэт өв Төв халхын эртний хөгжмийн зэмсгүүдийн нэг болох шанаган хуур хөгжмийн зэмсгүүдийн ихэнх нь Архангай аймагт байдаг.

Монгол улсын хэмжээнд хутагт хувилгаадын ордон өргөөндөө хэрэглэж байсан 9 шанаган хуурын долоо нь манай аймагт хувь хүн болон музейн сан хөмрөгт эх загвараараа хадгалагдаж байна.

Түүний нэг төрөл хөгжмийн зэмсэг болох Заяын гэгээний арслан толгойтой, хоёр чавхдастай хуурын өвөг шанаган хуур хөгжим  юм. 

Одоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн иргэн Дэчингалавт дөрөв дэх үедээ үе дамжин хадгалагдаж байна. Энэ шанаган хуурын арслан толгойг бүдүүн Банжаа гэдэг  хүн урлан бүтээжээ. Бас Довдонбадам гэдэг бурханыг бүтээж байсан уран хүн юм. Хуурын доод шанаган хэсгийг Нацаг хиа гэгч урлан бүтээсэн ба авьяаслаг маарамба тэрээр доод хүрээний хийдэд шавилан суудаг байжээ.

Арслан хуурыг Зая гэгээнтэн ордон өргөөндөө тодорхой хүндэтгэлтэй өдрүүдэд  эгшиглүүлэн залахаас гадна хөдөөлөх үедээ уул усыг баясгах, сайн цагийг уриалан дуудах, хийморь сүлдийг бадруулахад хэрэглэж, олон түмнээрээ шүтэн дээдэлж ирсэн уламжлалтай хөгжмийн зэмсэг юм.

Зая гэгээнтэн Донгийн давааны овоон дээр залран очих үедээ Нацаг хиагаар хуураа татуулж, ард олноороо уул усаа тахиж байсан тухай олон түмний дунд ам дамжин яригдаж ирсэн түүхтэй.

Арслан толгойтой шанаган хуур хөгжим нь олон үе дамжсан, 200-аад жилийн настай Монголын соёлын үнэт өв юм. Манай аймаг шанаган хуур хөгжмийн зэмсгийн өлгий нутаг бөгөөд бидний бахархах зүйлийн нэг билээ.

Эртний хөгжим урлаач, соёлын өв тээгч Л.Дэмчиггарав энэхүү хөгжмийн зэмсгийг судалж, орчин цагийн тайзны хэлбэрт оруулан урлан бүтээж, эгшиглүүлсэн байдаг.

/Архангай сэтгүүл. 2018 он. 01/01/

219   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох