Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-11-19

ТУУШТАЙ ЗАМД...

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Гочоогийн ЖАМЦ

Цаасан овогт Гочоогийн Жамц 1946 онд Архангай аймгийн Баян-Улаан сумын нутаг Цагаан эрэг гэдэг газарт төржээ. Түүний эмээгийн /ээжийн нь ээжийн/ эцэг нь Чуваандондог гэдэг бичиг номтой, заргач цуутай нэгэн байжээ. Цаас, номтой нөхөрлөдөг байсны учир нутгийнхан нь Цаасан Чуваандондог гэсэн нэр хайрласнаар эднийхний овог болсон аж. Харин өвөг эцэг /ээжийн нь аав/ хохь тайж Сэнгэ нь үлгэр домог мэддэг нэгэн байж. Өвөө эмээгийн гар дээр өссөн Жамцыг өвөө нь байнга л үүрч дүүрч явсан гэдэг.

Тэрээр 1955-1963 онд аймагтаа наймдугаар анги төгсөөд Политехникумд элсэн, уул уурхайн ашиглалтын техникч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Булган аймгийн Сайхан-Овоогийн нүүрсний уурхайд малтагчаас эхэлж байжээ.

1973-1977 онд МАХН-ын Төв хорооны мэдлийн Намын дээд сургуулийн Сэтгүүл зүйн ангид элсэн дөрвөн жил суралцаж, улаан дипломтой төгсчээ. 1977-1991 онд “Үнэн” сонинд, 1991 оноос “Ардын эрх” сонинд эдийн засгийн тоймчоор, 1993-2011 онд “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагчаар нутагтаа ирж ажилласан юм.

Сэтгүүл зүй, утга зохиолын салбарт олон жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулсан түүнд төрөөс 2006 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн шагналыг хүртээсэн билээ. 

Уурхайчин эр сэтгүүлч болсон товч намтрыг ийн дурьдаад бүтээж туурвихын одонд төрсөн, найрагч, зохиолч, сэтгүүлчийн өнцгөөс нь түүнтэй ярилцан тэмдэглэснээ уншигч танд толилуулъя.

ТУУШТАЙ ЗАМД...

 “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” нийтлэл сэтгүүл зүйн сургуулийн оюутнуудын заавал унших бүтээлийн жагсаалтад байдаг. Тэнд Монголын сэтгүүл зүйд оргил болсон бүтээлүүд бий. Оюутан ахуйд Жамц гэж Архангайн сэтгүүлч байдаг юм байна гэж мэдэх болсон. “Ногооноороо” сэтгүүлч аймагтаа ирчихсэн үе. Жамц гуай гэж МонЦаМэ-гийн сурвалжлагч, хээгүй нэгэнтэй хааяахан тааралдаад ойр зуурын “номлол” сонсох. Тэгэж ингэсээр аймгийнхаа хэвлэл мэдээллийн салбарт 10 жил ажиллачихсан хойно 2010 онд Жамц ах надад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбарын тэргүүнийхээ ажлыг хүлээлгэн өгөх саналаа гишүүдийн хурал дээр хэлснээр дэмжлэг авч билээ. Түүнээс хойш найман ч жил өнгөрч дээ. Их хүнээс ийм тоомж хүртсэндээ одоо ч талархдаг. За, энэ ч яахав, бидний харилцааны буйдхан орон зай. Харин өвгөн ахтай сонин хэвлэл, хууч яриа, телевизийн ярилцлага гээд илүү ойрхон харьцаж, мэдлэгийн их сан хөмрөгөөс нь бага сагахан зүйлийг шүүрдэн өдий хүрсэн билээ. Нас нь тэтгэвэрт гаргасан ч оюуны нь хүрдэн туурвиж эргэлдэхийг хараад “энэ насан дээр ийм байвал ч...” гэж өөрийн хаа хэтийг төсөөлөн жишдэг юм. Харин сүүлийн нэг хоёр жил бие нь чилээрхүү тул үе үе очихыг хичээнгүйлэх ч, жилдээ нэг хоёроос хэтрэхгүй юм даа. Загасчны морь усгүй гэдэгчлэн салбарынхаа мундагчуулын нэг энэ хүнтэй ойр хамт байгаа ч ярилцлага авчих сөхөөгүй явснаа одоо бодохнээ ичгэвтэр. Гэвч хожимдоогүй биз. Харин ч бидний дунд илүү баялаг яриа өрнөж, Жамц ахай ч бүтээлийн ургац арвинтай уулзалдав.

УУРХАЙЧНААС СЭТГҮҮЛЧ БОЛСОН ТОХИОЛ

“Үнэн сонины Жамц” гэгдэн мандаж явсан нь үнэний эрэлд жолоо тавьж, нам төрд ташуур болж явсны оносон алдар биз ээ. Одоог бодвол “хаалттай” нийгэмд аль ч түвшний асуудлыг нь хөндөж, эрэн сурвалжилсан, чамбай нийтлэлээр бөмбөгдөж байсан нь сонины шарласан хуудаснаа түүх үлдээсэн байдаг.

Дорнод аймгийн хилийн заставт очиход л “Үнэн сонины Жамц” ирж гэнээ гэлцэж, бөөн юм болдог байж. Булган аймгийн Дэвшилт сонин, Хөдөлмөр сонинд мэдээ, сурвалжлага, шүлэг сэлтийг бичиж эхэлсэн нь түүний уурхайчин ахуйд.

Булган аймгийн Сайханы уурхайд малтагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байхдаа хожим нэртэй сэтгүүлч болно чинээ мөрөөдөө ч үгүй явсан биз. Уурхайчин түүний мэдээ сурвалжлага Булганы “Дэвшилт” сонинд нийлэгддэг байжээ. Сонин хэвлэлтэй холбогдсон үүнээс өмнөх түүх бол анхны шүлэг нь “Хөдөлмөр” сонинд аль 1966 онд гарснаас эхтэй. Хожим “Залуу үе” сэтгүүлд хэд хэдэн шүлэг нь нийтлэгджээ. Төрийн шагналт Ж.Дашдондог гуай сэтгүүлдээ хоёр шүлгийг нь нийтэлчихээд дурсамжийн хуудас ч ирүүлж байсан удаатай. Ингэж түүний бичиж туурвих зам “Хөдөлмөр” сониноос эхэлжээ.

Уурхайчнаас сэтгүүлч болсон хувь тохиол нь угаасаа төрөлхийн авьяастайн улбаа. Үлгэрч өвөөгийнхөө нуруун дээр өдрийг барж, айлаас айлын хооронд явахдаа аман зохиолд амтшиж л дээ. Тэр улбаа хожим утга зохиолд хорхойсож, шүлэг найраг оролдоход нь өөрийн гэсэн арга барилыг буй болгосон байх.

“Халтар хувцастай уурхайчин явснаас энэ Жамц зургийн аппарат зүүчихээд гялалзаж явах ёстой хүн. Мэргэжлээ буруу сонгочихож” гэж уурхайн дарга нь нэгэнтээ шогширч байжээ. Эзэмшсэн мэргэжлээ голох юун. Зургаан жил уурхайдаа ажиллаад, өнөөх “хатгалга” ажил хэрэг болж, 1977 онд Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцан, Сүхбаатарын цалинтай төгсөж, “Үнэн” сонины хүн болж байжээ.

“Үнэн сонины Жамц” гэж алдаршуулсан гол нийтлэл нь 1986 онд гарсан “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” цуврал сурвалжлага байв. Бүтэн хоёр, гурван жил эрэн сурвалжилж цувралаар нийтэлсэн төдийгүй тэндээс улбаалан 10 гаруй жил байгаль орчны сэдвээ орхисонгүй. ТУУШТАЙ...

ТӨРИЙН ЯАМЫГ ТАТАН БУУЛГАСАН СЭТГҮҮЛЧ

“Үнэн” сонинд гарсан цуврал энэ нийтлэлийн үр дүнд Ой, модны үйлдвэрийн яамыг татан буулгаснаар Байгаль орчны яамыг байгуулж байжээ. Нийтлэл гарсан даруйгаас уншигчдаас олон захидал авдаг болж, “Үнэн” сонин долоо хоногт хоёр бүтэн нүүрийг уншигчдын захидлаар гаргаж байсан удаатай жээ. Л.Түдэв гуай нэгэн номоо дурсгахдаа “Үнэний эрэлчин Жамцдаа” гэж бичсэн аж. Үнэний төлөө мохошгүйд суралцах чигийг Х.Цэвэлээ гуайгаар заалгасан. Ийм л “аваргуудын” дэргэд сэтгүүлч болсноо өндөр дээд завшаан хэмээн бахдана. АЗТАЙ...

“Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” нийтлэл нь “Монголын шилдэг нийтлэл” 99 ботийн 18 дахьд орсон нь ямархан зиндааны бүтээл болохыг илэрхийлнэ.

Хэдэн арванаар үнэ цэнээ алдаагүй энэ мэт нийтлэлүүд түүний дагнасан сэдэв байлаа. Хожим 2003 онд “Өнөөдөр” сонинд “Төрийн яамыг татан буулгасан сэтгүүлч” гэсэн нийтлэл гарч, урьдын амжилтыг нь алдаршуулж байжээ. Нээрээ л яамыг татан буугдтал бичнэ гэдэг олон тохиох зүйл биш юм шүү.

Наяад оны эхээр ЗХУ-д өөрчлөн байгуулалтын давалгаа хуйлрахтай давхцан манайх ч нийтлэлийн шинэ түрлэгт шилжиж байв. Энэ үеэс манайд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхлэл тавигдсан гэж болохоор. Ш.Циен-Ойдовын “Зарлигаар дархлагдсан ууланд зэрлэгээр халдсан нь”, Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” нийтлэлүүд чухам л нэг намын тогтолцооны нөхцөлд хориотой бүсэд нэвтэрч, чих дэлдийлгэж байсан нь лавтай.

№1 ГАН ҮЗЭГТЭН

Тэрээр сайтар бодож тунгааж явж байгаад л шууд биччихдэг арга барилтай хүн юмсанж. Нийтлэл бичихээс өмнө судалгаа их хийдэг. Жишээ нь гадаад худалдааны талаар бичлээ гэхэд тэр талаар энд тэндэхийн сонинд гарсан юмнуудыг хайчилж цуглуулна, яамыг судална, энгийн хүмүүстэй уулзана, газар хэлтсийн ажилтнуудтай уулзана. Ингэж явсаар сайд руу нь орно. Тухайн үед эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр дагнаж байсан даг уу. “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” нийтлэлээ бичихээс өмнө ойн модны салбарынхантай ярилцлага хийж л дээ. Тэндээс санаагаа олсон гэдэг.

Бас нэгэн алдартай нийтлэл нь “Хаягдал гэх пайзтай үнэт зүйлс” гарчигтай. Энгийн тохиолдоор том сэдвийн сэжүүр атгаж байж. Нэгэн орой редакц руу нь нэг хүн утасдаад “энд шинэ техникүүдийг металл ломбо, хог гээд Орос руу ачих гэж байна, ирж үзээч” гэж л дээ. Тэр мэдээллээр Толгойтод байдаг хоёр дахь түүхий эдийн хогийн цэг дээр очиж. Тэгсэн баахан хайрцаг савтайгаа запас, техникүүд. Соёмботой гуулин товчнууд хүртэл хайрцаг хайрцгаараа байх юм гэнэ. Тэгээд л “Уулын буга хараад унасан морио хаядаггүй” гэж эхний удаад асуудал хөндөөд биччихэж. Цаашлаад энэ сэдвээр сониноороо хөдөлж, хаягдал ноосыг хүртэл асуудал болгож, шуугиан дэгджээ.  

Жамбын Батмөнх даргын илтгэлд “Манай яам газрууд шүүмжлэлт өгүүлэл, нэвтрүүлгийн дурьдсан дутагдлыг нэгэнт бодитойгоор хэлсэн бол үг үсгээр хөөцөлдөж эсэргүүцэлгүй, тэдгээрийг засаж арилгадаг байх үүрэгтэй. Ганц жишээ татахад сэтгүүлч Жамцын бичсэн хоёрдогч түүхий эдийг үрэгдүүлж байгаа тухай нийтлэлийг Улс төрийн товчоо авч ярилцан холбогдох яам газруудад мэдэгдсэн” гэж нэр цохсон нь нам төрийн удирдагч анх удаа сэтгүүлчийн нэр дурьдсан тохиолдол ч байж мэдэх.

Ингэж бас нэгэн нийтлэлээрээ шуугиулж, тэр нь сэтгүүлчийн шилдэг бүтээлд олгох болсон “Ган үзэгтэн” шагналын №01 үнэмлэхийг авч байжээ.

ГУРВАЛСАН МОРЬТОН

Нэгэн биед тэр бүр цогцлохгүй зохиолч, сэтгүүлч, шүлэгчийн алдар авьяасыг тээж явах бахдалтай. Ном бүтээхийн буян, дуу шүлэглэхийн яруусал, үнэнд эрэлхийлэхийн шударгуу энэ насыг ирээдүйд хэлхэх их үйл юм. Түүнтэй сэтгүүл зүй, яруу найраг, утга зохиолын бүтээлүүдийнх нь талаар дэс дараатай, эрэмбэлэн ярилцахуйд номын санд орчихсон мэт санагдана.

Анхны ном нь сэтгүүл зүйн бүтээл болох “Газрын гүний ургац”. Уурхайчны тухай ном. “Үнэн сонинд ажиллаж байхдаа “Намрын цагаан шөнө” гэж хамтарсан, утга зохиолын анхны номоо 1990 онд гаргажээ. Хожим аймагтаа ирсэн хойноо “Ухаарч амьдрах хорвоо” тууж өгүүллэгийн номоо гаргасан. Ном болгон түүхтэй бүтдэг. Жамц ахайн номнууд ч бас түүх дагуулдаг аж. Уурхайд байхдаа 1981 онд бичсэн “Уул хүн хоёр” тууж нь уралдаанд байр эзэлж, 3000 төгрөгөөр шагнуулж л дээ. Тэр үеийн гурван мянга гэдэг...

Хамгийн сайн номоор “Хар хул” туужаа нэрлэв. Домгоос сэдэвлэсэн энэ туужийг бичих санааг Тэрбишдагва /УИХ-ын гишүүн/ гаргаж, түүхч Ё.Баатарбилэг /УИХ-ын гишүүн/ нэлээд улбааг чиглүүлж өгснийг онцгойлсон юм. Одоо энэ номыг нь дахин хэвлүүлэх хүсэлтийг сайд асан Н.Удвал гаргаад байгаа аж.

Түүний бүтээл Монголын утга зохиолд дээжлэгддэг. “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн 108 дахьд нь эхийн тухай “Бурхан сэтгэл” өгүүлэл нь орсон байдаг.

Голдуу уул усаа магтсан дууны шүлгүүдийг нь би мэднэ. Надад бэлэглэсэн “Таван хангайн бараа” дуун цомогт нь байдаг нутаг амь шингэсэн дуунуудыг нь олны хүртээл болохуйц кино концерт маягийн бүтээл болгохсон гэж санах. Өөрт нь энэ тухай хэлбэл ихэд догдлонгуй дэмжинэ лээ.

“Залуудаа шүлэг их бичнэ ээ. Захын тэнд байшинд байхдаа баахан юмаа шатаачихсан юмаа. Ганц дэвтэр л үлдсэн” гэж хээв нэг ярьж суух нь мөн ч хэнэггүйнх шүү. Дууны шүлэг бичсэн нь нэлээд хожим, аймагтаа ирсэн хойно. 1994 онд хөгжмийн зохиолч Баттөмөр Архангайд ирчихээд байхуйд “Явмааргүй байна” шүлгийг нь тоож, анхны дуу нь бүтсэн түүхтэй.

Бурхантай Булган хайрханаасаа

Булгийн ус шиг холдмооргүй байна

Бугын зоргол нь эрхэлсэн

Бурхан уулнаасаа явчихвал

Ухаарал хайраар согтоосон

Уянгын хаваргүй хэцүүдэнэ

Явмааргүй байна, явмааргүй байна...

Тэр цагаас хойш 10 гаруй дуутай болжээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨХ ДЭЛХИЙН СЭТГҮҮЛЧ

Тууштай, зорилготой байхын үлгэр жишээ. Байгаль орчны сэдвээр сэтгүүл зүйн хараат нийгэмд ч, хараат бус цаг үед ч дагнан бичиж, дорвитой дуугарч байсан нь тод. Сэтгүүлч сэтгүүлчдээ байгаль орчноор мэргэшсэн гэдгийг нь баталсан нэгэн шагнал бол “Глобал 500”. НҮБ-ын ЮНЕП-ийн шагнал. Манайд гурван хүн үүнийг хүртжээ. Эхнийхийг нь Монголын радиогийн дарга байсан П.Баярсайхан /Хөвсгөл нуурын тухай/, хоёр дахийг нь Г.Жамц /Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна/, гурав дахийг Даваажамц гэж Ботаникийн хүрээлэнгийн захирал эрдэмтэн доктор хүртсэн байдаг. Байгаль орчны төлөө хувь нэмэр оруулсан дэлхийн 500 хүнд энэ шагналыг олгосон.

Байгаль орчны сэтгүүлч маань сүүлдээ Зая гэгээнээр дагнаад байна уу даа гэж би жаахан явуулангуй асуухад: Харин тийм ээ. Гэхдээ байгаль орчноо орхиогүй л дээ гэж бид хоёр түүний байгуулсан “Цагаан ус” нөхөрлөлийн тухай жаахан ярилцав. Хулгайн модтой тэмцдэг нөхөрлөлийн ачаар тэр хавиар модны хулгай номхорсон гэнэ. Байгаль орчны талаар бичиж туурвих нь алсарсан ч түүний төлөөх үйлс нь үргэлжилсээр. Отгон хүүгээ экологич мэргэжилтэй болгосон гээд байгаль орчинтойгоо үеийн үед холбоотой байх хүн гэдгээ илэрхийлэх байдлаар яриа дэлгэсэн юм. 

Дашрамд сонирхуулахад “Монголын шилдэг нийтлэл” 99 ботийн 18-р ботийг түүний сэтгүүл зүйн бүтээлээр гаргасан байдаг. Зөвхөн байгаль орчны нийтлэлүүд нь орсон. Ингэж нэг сэдвээр дагнасан боть эдгээр 99 дотор байхгүй аж.

ЗАЯ ГЭГЭЭНТЭЙ ЗАМ ХОЛБОСОН НЬ

Тууж, өгүүллээс роман, жүжгийн зохиол бичтэлээ утга зохиолд шимтсэн өвгөн ах одоо ч үргэлжлүүлэх тухайгаа ярьж сууна. Оюуны хүний тархи амардаггүй аж. Уран зохиол руу урсан орсон тухайгаа ийн хуучлав.

...“Үнэн” сонин, дараа нь “Ардын эрх”-д хүнд ажил хийж байжээ. Бяр амтагдана гэдэг шиг баахан л хүний юм хийж явж л дээ. Үнэн сонинд ажилласан сүүлийн жилүүдэд залуучууд нэлээд орж ирсэн. Тэд нар түүхий юм бичнэ, тэрнийг нь засна гээд ажлын ачаалал ч тэр, ажиллах байдал ч тэр тааламжгүй болж эхэлсэн. Тэгээд л нутагтаа ирсэн дээ. Их ачааллаас салаад нэг их завтай болчихсон юм шиг оргиод юу хийх тухай бодох болсон. Тэр цагаас нэр нь бүдгэрсэн, Архангайн алдартай хүмүүсийг судалж бичье гэж шийдсэн. Тэгээд л Зая гэгээн гэсэн том сэдвийг барьж авсан даа. “Тавилан” роман ингэж эхэлсэн түүхтэй.

Зая гэгээн гэж залбирахаас цаашгүй байсан цаг. Олон зүйлийг санаачилж байлаа. Төрийн бус байгууллага ч байгуулсан. Батмөнх, Бараанасан, Пүрэвсүрэн, Доржсүрэн гээд Цэцэрлэг, мандал талын хүмүүсийг оруулаад сан хөмрөг үүсгэж байлаа. Төвд судлаач эрдэмтэн Л.Хүрэлбаатар гэдэг хүнтэй найзалсан. Тэр хүн их тус болсон. 1994 оноос Зая бандидагийн тухай үлгэр домог мэтийг цуглуулж эхэлсэн. Ингэж явсаар романаа 1998 онд бичиж дуусаад 2000 онд хэвлүүлж байсан. Анхны энэ номонд дутуу дулимаг орхисон юмнууд байсан. Судалгаа ч дутуу байсан юм билээ. Тэгээд сүүлд Зая бандидагийн талаар гурван ч удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Сая Бурхан халдун зүгт яваад ирлээ. Зая бандида, Өндөр гэгээн хоёрын уулзаж байсан газрын тухай түүх судалгаанаас гарч ирсэн юм. “Тавилан” романыг нэлээд шинэчилж байгаа. Энэ уулзалтын талаар нэг бүлэг нэмээд түүхийг нь бүрэн бүтэн болгож, хоёр дахь хэвлэлтээ гаргана аа...” гэж ярих зуурт романаа үргэлжлүүлэхээр компьютер сэлтээ аль хэдийн зэхчихснийг нь олж үзэв.

Хамгийн сайн болсон романаар “Цөвүүн цагийн жавар”-аа нэрлэв. Хэлмэгддэг, сүүлчийн Зая бандидагийн тухай энэ романаа 2008 онд хэвлүүлжээ. Утга зохиол шүүмжлэгч Билэгсайхан “сайн роман болсон байна” гэж магтаж бичиж байсан төдийгүй уншигчид нь ам сайтай байдаг.

Нэг сэдвийг барьж авбал мөрөөр нь мөшгөж, уг мухарт нь тулдаг сэтгүүлчийн арга барилаар Зая гэгээнийг тойруулан тал бүрээс нь “нээжээ”. Архангайн түүхэнд Зая гэгээдийг ингэж тодотгосон цогц бүтээл, судалгаа байгаагүй юм билээ. “Нэн тод гэрэлт Зая бандида” ном бол гэгээдийн 16 дүрийн тухай товчоон юм. Тэр дундаа Лувсанпринлэй гэгээнтнийг тодотгон дэлгэрүүлсэн судалгааны ном болжээ. Домог, бодит түүх сүлэлдсэн, Лувсанпринлэйн тухай барьцтай бүтээл гэгддэг.

Зая гэгээний хөрвүүлсэн нэр нь “Сайн оюут” юм гэнэ лээ гэж тээр жил сэтгүүлчдийн салбарын тэргүүний халаагаа надад шилжүүлж байхдаа хэлсэнчлэн бидний хэдэн сэтгүүлч аймгийнхаа Сэтгүүлчдийн салбар зөвлөлийг түүгээр нэршиж, эдүүгээ авч яваа билээ.

Жамц ахай Зая гэгээнийг Архангайн оюуны нэрийн хуудас болгох шанг татсан гэхэд ононо. Зая гэгээний талаар анхлан дуугарч, ахиулан судалж, хойч үед таниулах ажлыг урагшлуулсан хүн. Ярилцах зуурт надад Зая гэгээнийг тодруулсан түүхийг бас хүүрнэсэн билээ. Товчхон өгүүлье.

Одоогийн Зая гэгээнийг тодруулахаас эхлээд төлөвшүүлэх үйл явцад бие сэтгэл оролцоотой явдгаа учирлаад ийн хуучлав.

...Манай хадам аав Цэрэнбат болон Ломбо, Лувсан гэж өвгөчүүл 1990-ээд хөдөө нутгаас анхлан хийд байгуулах зөвшөөрөл авсан нь одоогийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд юмсанж. Эрдэнэзуу, манай хоёрыг 1989 онд байгуулжээ. Хийдээ байгуулчихаад Зая гэгээнээ тодруулъя гэж ярилцаж л дээ. 1995 оны үед эхнэрийн дүү Отгонбаяр доктор Далай ламын дэргэд сурч байхдаа Зая тодруулах тухай дуулгасан байна. Далай лам зурхайд үзүүлээд хийдийнхээ баруун хойд талд төрсөн байна. 12-25 насны буюу нэгэн мөчлөгийн зайтай хүүхдүүдийн нэрийг олоод ир гэж. Жадай ренбүүчи гэдэг хүнийг явуулаад баахан хүүхдүүдийн нэр цуглуулаад явсан. Орон нутгийн засаг захиргаанаас бичиг хэрэгтэй гэхэд нь би хөөцөлдөөд Чадраабалаар “Иргэдийн хүсэл санаачилгаар Зая гэгээн тодорвол аймгийн захиргаа татгалзахгүй, дэмжинэ” гэх агуулгатай бичиг хийлгээд явууллаа. Үүний дараа манай хадам хөгшин 75 настай байхдаа хөөцөлдөнө гэж Энэтхэг явлаа. Хүү нь тэнд сурч байсан л даа. Ганцааранг нь явуулчихаж байж билээ. Охин Эрхүүд сурч байсан. Тэндээс Казакстан руу явуулаад тэнд элчин байсан Зардыханд миний нэрийг хэлээрэй гэж би захиад явуулсан юм. Тэгсэн элчин сүйд болж хүлээж аваад гэртээ хонуулж байсан гэдэг. Манай хадам чинь ардчиллын хүн байхгүй юу. Тэгээд Энэтхэгийн онгоцонд суулгаж өгчээ. Явсаар байгаад Дармасалад очсон байгаа юм. Тэгээд тэнд сурч байсан Отгонбаяр дээр очиж л дээ. /Хүрмээ өмсчихсөн, богцоо мөрлөчихсөн, ташуур барьчихсан зогсож байсан гэдэг/ Тэгэж анхлан хөөцөлдөж, Далай ламтай уулзсан түүхтэй. Тэгээд 1998 онд тодруулж байсан даа.  

Зая гэгээн тодорсон үед их сонин юм болсон. Энд тодруулаад, музейд мандал өргөсөн ш дээ. Ингээд байж байтал Улаанбаатарт Богд хүрээд ирсэн. Элстэйд айлчилж явсан Богдыг Монголд аваад ирсэн. Богдыг ирүүлэхийг Багабанди зөвшөөрөхгүй байсан юм ш дээ. Хэдэн бизнес залуу Хиагтаар дамжуулаад оруулаад ирсэн байгаа юм. Манай энд урд өдөр нь гэгээн тодорсон, маргааш нь Богд ирсэн. Ингэж холбогдсон доо. Зүй нь Зая гэгээнийг Далай лам тодруулсан ч Богд лам нь батламжлах ёстой байдаг юм билээ. Хэлэлцэж тохироогүй байхад тохиолдлоор таарсан нь сонин байдаг.

Чой хамба сүүлд надад ингэж ярьсан. “Танай энэ гэгээн их сонин шүү гээд. Музейн хоёр талд гэгээдийн хоёр гүдэнг доор нь хийчихсэн хоёр цэнхэр модон сараалж шиг юм байсан ш дээ. Суварга нэртэй шаталсан мод шиг юм байсан юм. Тэрийг хэн ч мэдэхгүй байсан. Зая гэгээнийг тодруулчихаад дагуулаад орж л дээ. Хамгийн түрүүнд Заятай Чой хамба орсон. Зая хадаг байна уу гэжээ. Чой хамба хадаг өгтөл баруун хойд талд нь байсан цэнхэр суварган дээр тавьчихсан. Тэнд нь анхдугаар Зая бандида Лувсанпринлэйн гүдэн байсныг нь олоод тавьчихсан. Дөнгөж хөдөөний малчин залуу тодорч ирээд хэн ч хэлээгүй байхад ингэсэн юм даа” гэж билээ.

Жамц ахай Зая гэгээний талаар ихийг хуучлах янзтай. Үргэлжлүүлээд надад “Энэ Зая чинь их сайхан сэтгэлтэй, өглөгч шүү дээ. Хүнд байраа хүртэл зүгээр өгчихдөг. Ямар сайндаа Хануйн голын нэг нөхөр мотоциклио алдчихлаа яахав гэсэн чинь паспортынхаа дугаар өгчих гээд мотоциклийн мөнгө шилжүүлчихсэн гэдэг. Тусархуу. Биднээс өөр хүн байгаа юм шүү. Далай лам: Гэгээн хүн нэгдүгээрт сэтгэл сайтай байх ёстой, чи бол сэтгэл сайтай хүн юм, хоёрдугаарт ном сайн мэдэх ёстой, аяндаа сурна. Энэ хоёр нийлж хувилгаан чанарыг олно гэсэн гэдэг” гэхчлэн хууч дэлгэсгээд аядав.

Заяыг дагнасан бүтээлүүд нь: “Хар хул” тууж. Энд туслах дүрээр орсон Түмэн хаан анхны Зая аж. Тавилан роман, Цөвүүн цагийн жавар, Нэн тод гэрэлт Зая бандида, Зая бандидын залбирал дуу, Зая бандида залрахуй дор дуулалт жүжиг.

Зая гэгээний талаар бидний яриа баахан өрнөсний эцэст сэтгэл нь ихэд эмзэглэсэн аятай “Нэрийг нь баастсан энэ цогцолборыг хараад сэтгэл өвддөг. Даанч дээ гэмээр хийсэн. Доор нь хог зэргийг хийгээд барьсан. Баахан мөнгө л үрэн таран хийсэн дээ” гэж Булган уулын өвөрт музейн урд байх Зая нэртэй байгууламжийн тухай харамсан хэлнэ лээ.

АМЬДРАЛЫН ЗАМД ТҮШСЭН ХАНГАЙ

Ирэх бүрт сайхан зантай эгч цай цүү болдог юм. Сэтгэл өегшөөд л гардаг. Жамц ахайн хань Хандсүрэн эгч. Энэ хоёр маань нэг нутгийн хоёр гэнэ. Нэг уулын наана цаана, хойд Тамирын урд хойно өсч, насан заяа түшилцэх хоёр байж л дээ. “Тийм ч сайхангүй ааштай миний ая эвийг тааруулж, түшиг тулгуур минь болж өдий хүрсэн дээ” гэх нь ихээ гоёор сэтгэлээ илэрхийлж байгаа үгс юмсан уу даа.

Урт замын “хангай” түшиг хэмээн ханийнхаа тухай цөөн үгээр илэрхийлсэн нь “Үхэр тэргээр аялсан сонин сайхан” номонд нь бий. “Ер нь би алтан нутаг, амраг хань хоёрынхоо ач буянаар хорвоог элээхдээ сэтгэл дүүрэн, итгэл төгс явж ирсэндээ бахархана” гэжээ. Бас “Монголын сайхан ээжүүд” номонд Хандсүрэн эгчийн тухай оруулахаар хүүхдүүдийнхээ бэлтгэсэн бичил бичвэрт “Наран ивээлт ээж” гарчгийг бодож тунгаалгүй шууд хэлчихсэн гэдэг.

...Өчнөөн жил цаас эрээчихдээ

Өрлөг ээж чамдаа зориулж

Бадаг шүлгийн цэцэг хэлхээгүй

Бүдүүлэг өвгөнөө өршөөн соёрх

...Миний уцаарыг чиний тайван билүүдэж

Чиний амгаланг миний цухал хурцалж

Бидэн хоёрын араншин хүртэл уусч нэгдэн

Цагийн эрчлээсэнд аргамжаа шиг нийтгэгджээ

...Таван үрээ энхрийлсэн амин хайр

Дайсныг ч хүртэл өрөвдсөн бурхан хайр

Дажинтай намайгаа энэрсэн уяхан хайр

Тасалдахгүй ундаргатай  мөрөн хайр минь ээ...

1999 онд “Ханьдаа өргөх” хэмээх шүлгээ тэрлэжээ.

Ханьдаа зориулж бичсэн шүлэгтэй ч, дуутай ч. Чулуунхүү гавьяатын эгшиглүүлсэн “Үйлийн үргүй хань минь” дууг нь анх Бямбажав дуулж, сүүлийн үед Лосолын Болдбаатар түмэнд түгээсээр яваа юм билээ.

САХИАС, ЗАХИАС

Хүний мөс чанарын тухай хэлэхгүй байхын аргагүй тул тэр ингэж ярьсан биз ээ. “Хүний мөс чанар хувь хүнээс шалтгаална. Өөрөө сайхан сэтгэлтэй хүн бол тийм л байна. Нийгмийн талаас нөлөөлж байгаа юм бий л дээ. Социализм чинь уг чанартаа хүний төлөө нийгэм байсан. Хүн хүндээ нөхөр, хүн хүндээ тусалж байх ёстой гэсэн зарчимтай. Тэр үед нийгэм нь тийм бодлого явуулж байсан. Одоогийн нийгэм чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн хувиа боддог үзлийг дөвийлгөж, эрх чөлөөг гуйвуулаад байна. Манай улсад төр нь онолгүй байна. Онолгүй учраас хүний хүмүүжилд анхаарахгүй байна. Сургуулиудад хүнийг хүнлэг ёсоор хүмүүжүүлэх хичээл гэж байхгүй. Хүнийг хүн шиг болгож төлөвшүүлэхэд бүх юм чиглэх ёстой. Харин буддын шашин бол хүнлэг, энэрэнгүй юм ш дээ. Шашин ид дэлгэрч байх үед монголчуудын хүнлэг чанар өөр байсан. Тэр нь Буддын шашны онолтой холбоотой юм” гэж жаахан давчуухан өндөр дуугаар өгүүлэв. 

Шулуун шударга гэх тодотгол түүний мөн чанарт дөхөж мэдэх. Хүүхдүүддээ зориулсан “Амьдрахуйн утга” шүлэг нь ч тийм агуулгатай.

Шударга үнэний мөрөөр явахад

Шулуун дардан зам байдаггүй юм

Хударга муутай бялдуучдын зэрэглээнд

Хар цагаан ялгарах нь бүрхэг байдаг юм...

...Хэцүү замаар мятрашгүй бэдэрч

Гэгээн үнэнд ойрхон явах сайхан

Харыг цагаанаар будагчийг илчлээд

Хараалгаж зүхүүлэвч шантарч болдоггүй юм.

Эдгээр мөртүүд түүний сэтгэл, оюундаа сахин чандалдаг, бүтээл туурвилдаа шингээн үлдээдэг мөн чанар нь ажээ.

Өтөл насанд эх орноо зарж идэж байгаа “томчууд”-д ой гутаж суугаадаа бухимдангуй ч амьдралд баярлаж талархах бишгүй олон тохиолдолд сэтгэл хангалуун, магнай тэнэгэр аж.

“Аав ээж минь сургууль соёлд оруулж, ээж минь сүүгээ өргөөд, аав минь хөтлөөд явж байсан үе дэндүү тод сайхан. “Үнэн” сонины 95 жилийн ойгоор, 2015 онд МАН-ын даргын мэндчилгээнд: Хэвлэл мэдээлэл ардчилалд үүргээ гүйцэтгэсэн тухай дурьдахдаа “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” нийтлэлийг маань онцолж, Балдорж бид хоёрын нэрийг оруулсан байж билээ. Тэр олон жилийн өмнөх нийтлэлийг минь дурьдсанд Гавьяат авснаас илүү баярласан даа” гэж чин сэтгэлийн баяраа хуваалцав. Түүний хамгийн том талархал бол бүтээлийг нь ард түмэн уншдагт оршино.

***

Удаахан яривал ядрах янзтай өвгөн ахыг чилээхгүйг хичээн ярилцлагын “жолоо татлаа”. Зүгээр ч нэг зохиолч, сэтгүүлч биш улсдаа, нийгэмдээ жинхэнэ “хоточ нохой” болж ажиллах үүргээ нэр төртэй биелүүлснийг нь нийтлэл, ном зохиол нь үеийн үед гэрчилнэ. Архангайн “Жамц давс” гэх хоч зүүлгэсэн нь олон нийтэд давс шиг үнэнийг өгүүлж байснаар надад ойлгогдоно.

О.Амарзаяа

/"Архангай" сэтгүүл №2/02

246   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох