Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-08-03

ЗОГСОЛТГҮЙ УРАГШЛАХ Л ХЭРЭГТЭЙ. БУЦАЖ ТОЙРЧ Ч БОЛНО, УХАРЧ Л БОЛОХГҮЙ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын, Өлзийт багийн Засаг дарга Батсамбуугийн ЭНЭБИШ. Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн.

-Та өөрийн нэрний учир холбогдлыг мэдэх үү. Мэдэх бол тайлбарлана уу?

-Монголчуудын энхрий хүүхдүүдэд Энэбиш, Тэрбиш, Нэргүй гэх мэт нэр эрлэг зовлонг төөрүүлж өгдөг. Миний хувьд ч хоёронтоо эндсэний дараа тогтсон айлын нэг хүүхэд.

-Хүн болж төрсний утга учир?

-Хүн гэж юу вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Үүнд Буддизмыг анхаарч судлах хэрэгтэй. Ер нь бол “ ...үлдээх...”

-Уншсан номноос тань хамгийн их сэтгэлд хоногшсон нь. Яагаад?

-Би олон зүйлийг харьцуулах, туурвиж бичих ёстой болдог болохоор авах гээх үйл ихтэй. Ер нь Монголын нууц товчоо агуу. Гэхдээ Хэн? Хэзээ? Яасан? гэж асуувал хариулж чадахгүй ч байж мэднэ .

-Та өөрийгөө амьтантай зүйрлэвэл? Яагаад?

-Ёстой мэдэхгүй. Дэлхийн нэг бактер ч юмуу.

-Та нэг өдөр хэн нэгэнтэй солигдох боломж олдвол хэнтэй солигдох байсан бэ? Яагаад?

-Тэр хүний бүх чадвар минийх болно гэвэл эмч л болмоор байна. Зарим нэг хүнд өвчинтэй хүмүүсийг таньдаг.Тэдэн дээр ажлынхаа заваар очиж өчүүхэн ч гэсэн тусалмаар байна.

-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлооч?

-Харьцангуй.

-Ямар төрлийн кинонд дуртай вэ?

-Буудалцаад л зодолдоод л байвал үзээд л байдаг юм даа (инээв). Гоё, сонин зохиолтой кино бол давтаж үзнэ.

-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэлийн зорилгоос шалтгаална даа. Чин сэтгэлийн шүүмжлэл бол үг хөөгөөд, шарваганаад байхгүй .

-Амьдралынхаа хамгийн гэгээлэг үеэс хуваалцаач?

-Миний амьдрал тэр чигтээ гэгээ дээ. Өдөртөө хэд хэд жигтэйхэн гэрэлтэх үе ч бий.

-Амьдралд тань хүнд үе тохиолдож байсан бол яаж даван туулж байв?

-Бусдын хүчээр л... Өөрт тодосгоод байх юу байх вэ. Өөрийнхөө төлөө явах л үүрэгтэй.

-Эх оронч байна гэж таныхаар?

-Аливаа зүйлийг хийхийн тулд ухаан, арга, сэтгэлээ зориулах.

-Хамгийн сүүлд хэзээ уйлав?

-Кино үзээд уйлдаг болохоор мэдэхгүй юмаа. Амьдрал дээр бол бараг уйлдаггүй. Ямар гэсэн үг юм бол доо...

-Дургүй үг?         

-Зориуд хэлсэн муу үг болгонд дургүй дээ.

-Бүсгүй хүний гоо сайхан таныхаар?

-Ухаанаасаа давсан бол муухай .

-Эзэнгүй арал руу гурван зүйл авч явах боломж олговол юу юуг авч явах вэ?               

-Хутга, сумтай буу, аривхан шүдэнз.

-Юунаас хамгийн их айдаг вэ?

-Муугаар дурсагдахаас...

-Амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг?

-Хүү минь. Өрөөл бусдаас гэвэл амь нас.

-Таны бахархал?

-Одоо байгаа бүхэн минь.

-Аймгийнхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Аялал жуулчлалын орлого. Өөрсдөөсөө, хүч хүрэхгүй бол томоохон корпорациудад боломж олгож, төгс аялал жуулчлал хөгжүүлэх суурь нь байна .

-Баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлдэг вэ?

-Боломжийнхоо хэрээр чин сэтгэлээсээ талархдаг. Баярлуулах гээд хэлбэр хөөгөөд байдаггүй. Мартахгүй байх чухал. Сэтгэлдээ ерөөж явбал тэр хүнд маань сайн сайхан зүйл тохиолдоно гэдэгт итгэдэг.

-Салахыг хичээдэг муу зуршил?

-Их шүү дээ. Ойр дотныхоо хүмүүсийг баярлуулахгүй, хойш тавиад байдаг гэх мэт.

-Таны амьдралдаа хийсэн, бүтээсэн зүйлүүдээс хамгийн их сэтгэл ханамжтай байдаг нь юу вэ?

-Ханиа олсон минь.

-Амьдралдаа мөрддөг зарчим?

-Бүтээлч, бүтээлч сэтгэхүйтэй байх.

-Худалдаж авах дуртай зүйл?

-Багаж л авмаар санагдаад байдаг.

-Хамгийн том өв хөрөнгө?

-Мөрөөдөл. Өөрөөс шалтгаалах ганц зүйл. Хүүдээ өвлүүлнэ .

-Таны хобби?

-Ном.

-Нууц авьяас тань?

-Морь. Даанч аль ч талаасаа бяр хүрэхгүй (инээв)

-Хайр, дурлал хоёрын  ялгаа нь таныхаар?

-Хайр нь өгье гэдэг, дурлал нь авъя гэдэг.

-Таны хийх дуртай хоол?

-Бантан л гэе дээ.

-Дуртай дуу тань?

-Үлэмжийн чанар.

-Хамгийн их хэлэх дуртай, сэтгэлд хоногшсон шүлгийн дөрвөн мөрийг хэлнэ үү?

-Сэтгэлд гал байхад Зууханд гал олдоно... Нутгийн маань их найрагч Ламжавын Лувсандоржийн хэлсэн үг.

-Багын мөрөөдөл тань юу вэ?  Мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Том зохиолч болох. Хүрээгүй л явна .

-Үлгэр дуурайлал авдаг, хүндэлж явдаг хүн?

-Яг тогтсон нэг хүн байхгүй юм байна аа. Хүн болгонд л авах юм байдаг.

-Амарч алжаал тайлахдаа очих дуртай газар, хийх дуртай зүйл?

-Гэртээ л байх дуртай. Интернэтээр аялах.

-Хамгийн их харамсаж явдаг зүйл?

-Харамсдаг зүйл байхгүй.

-Дэлхий дээр ганцхан зүйл өөрчлөхийг зөвшөөрвөл та юуг өөрчлөх вэ?

-Дэлхийн дулаарлыг л засмаар байна.

-Хайртай хүнээ аврахын тулд та хууль дүрэм зөрчиж чадах уу?

-Наад асуултанд чинь нухацтай хандах уу? Олон хүний амь нас, эх оронд ноцтой асуудал үүсэхтэй холбоотой бол ямар алхам хийхээ мэдэхгүй юмаа. Харин өөрийн амь насаа бол зориулна шүү .

-Хүүхэд насны хамгийн мартагдашгүй сайхан дурсамж?

-8-р ангидаа “Шарай голын гурван хаан” жүжгийн зохиолыг танаж, найруулж, тэмцээнд орж түрүүлж байлаа. Их хөөрхөн болсон санагддаг юм. Тэгэхэд биднийг нэг драм мэддэг хүн харсан бол ч...

-Таны аффоризм?

-Нэгэнт том ангалтай тулсан бол хоёр жижиг алхалтаар давахгүй.

-Өөртөө өгсөн хамгийн том бөгөөд чухал амлалт юу вэ?

-Ач нараа үзэх. Энэ миний эрүүл мэндтэй холбоотой юм шүү .

-Таныг илэрхийлэх өнгө? Яагаад?

-Бэх ягаан. Төвлөрүүлээд байх шиг байдаг.

-Ажил мэргэжлийн тань онцлог?

-Эрхэлдэг ажил маань багийн Засаг дарга. Бодит ажил хийхэд дөрвөн жилийн л хугацаатай. Хийж бүтээх боломжтой, өрхийн мэдээлэл, бодит байдлыг дүгнэж мэдэрдэг албан тушаал боловч эдийн засаг, эрхзүйн чадамж хомс. Одоогоор санаачилж сэтгэх, санал оруулах, хүний гар харах маягтай л явж байна даа.

-Жудаг гэж юу вэ? 

-Хүндлэл, ёс зүйн хэм хэмжээ.

-Хувь хүний хөгжлийн тухай таны бодол?

-Хувь хүний хөгжлийг мөн чанарлаг талаас нь хардаг, эерэг хандлагаар дүгнэх хэрэгтэй . Боловсролын хувьд мэдэхгүй гэдгээ зөвшөөрөх, мэдлэгт тэмүүлэх хэрэгтэй.

-Итгэл гэж юу вэ? Хэр зэрэг итгэмтгий вэ?

-Итгэл гэж өгье гэж өгдөг зүйл. Өөрөө арга чадлаараа авчихлаа гэж бодсоноос бусдын итгэлийг эвддэг. Итгэлд нэг их харам ханддаггүй. Итгэх чухал. Чин сэтгэлээсээ хандвал итгэл эвдэх нь бага байдаг тал ч бий.

-Гэр бүлээс гадуурх харилцааг юу гэж үздэг?

-Мөрийтэй тоглоом, цэнгээн мэт хандаж ийм алхам хийдэг хүмүүс бол жаргал даахгүйн зовлонгоо эдэлж байгаа хэрэг юм уу даа. Бусад шалтгаануудын талаар би юу хэлэх вэ дээ. Харьцангуй. Хохирогч нь хүүхэд, ирээдүй.

-Таны дараагийн зорилго, үйл ажиллагаа?

-Амьдралын зорилго маань амьдарсан шиг амьдрах, аль болох удаан. Бүр сэтгэл ханамжтай үхэлд бэлэн болох. Ойрын зорилт бол одоо байгаа амжилтуудаа бататгаж, зогсолтгүй урагшлах. Удаан ч хамаагүй. Жишээ нь шүлгийн түүврээр тогтохгүй хэмжээ том бүтээл хийх. Цомог гаргах .

-Мөнгө таны хувьд юу вэ?

-Маш чухал зүйл. Гэхдээ эцсийн зорилго зорилт болгож болохгүй. Мөнгөөр худалдаж авч хүчрэхгүй оймс ч бий. Мөнгө бол сахилга, логик, тооцооны хэмжих нэгж ч юм уу .

-Дотоод сэтгэл рүү тань бага зэрэг өнгийвөл?

-Их өнгийсөн ч болно, нээлттэй. Хүн бүхэнд зориулсан өрөө байгаа. Тэгээд түлхүүр нь ч надад байгаа. Таны, миний сэтгэлд байгаа байр суурь руу хэн ч довтлоод онгойлгож чадахгүй. Хэрвээ сэтгэлд хүрэхгүй бол гар энэ тэр гэж хөөхгүй. Өрөөг нь л орхичихно. Тэр өрөөг таныг хэр таньсан хэмжээгээрээ л тохижуулсан байгаа. Бас хэдийд ч тохижуулж өргөтгөл хийнэ. Сэтгэл ийм л байх хэрэгтэй .         

-Иргэн хүний хувьд та нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж байгаа вэ?

-Зөв хандлагатай байхыг, бас сайхан, зөв зүйлийг үнэлж сурах тухай чадлаараа л үлгэрлэх санаатай зүтгэж явна. За тэгээд иргэний үүрэг гэдэгт суралцаад л. Аль болох зөв хүн байхыг хичээж явна.

-Ирээдүйн зовинол?

-Нэг их том зүйл ярьж байна гэж битгий бодоорой. Дэлхий гэдэг гарагийн эрүүл мэндийн асуудал хэцүү байна даа. Бид ашигтай, ашиггүй бактерын аль нь болж хувираад байна даа.

-Таны амьдралыг сайхан өнгөөр тодруулж яваа зүйл юу вэ?

-Гэр бүл.

-Нууц биш бол таны багын хоч?

-Цагаан баавгай. Цагаан баавгайнууд нь одоо нэр төрөө сэргээлгэнэ гэх вий дээ. Гэхдээ мах мариатай л хүүхэд байсан л даа, хөөрхий (инээв)

-Өдрийн дэглэмтэй юу? Сонирхвол?

-Эмчилгээний дэглэмтэй.

-Нөхөрлөлийн үнэ цэнийг юу гэж боддог вэ? Найзын талаарх үнэлэмж тань?

-Маш их чухал зүйл. Хүн найз нөхдөө ноход боллоо гэх биш, харин өөртөө л дүгнэлт хийх хэрэгтэй. Нөхөрлөлийн хэм хэмжээг, хууль, дүрмийг маш сайн барих хэрэгтэй. Учир нь тэр бүхний цаана жинхэнэ сэтгэл бий. Найз гэдэг тантай ямар ч ураг, төрөл, янаг амраг биш, таны өмнө ямар ч үүрэг хүлээх ёсгүй хүн. Гэтэл тантай хамаатай байна гэдэг бол урлагийн бүтээл мэт зүйл. Бас эмзэг .

-Таны амжилтын нууц?

-Би өөрийнхөө бэлтрэг сэрэх шиг, жараахай хөдлөх шиг, ангаахай дуугарах шиг амжилтандаа сэтгэл ханамжтай шүү. Зогсолтгүй урагшлах л хэрэгтэй. Буцаж тойрч ч болно. Ухарч л болохгүй .

-Ямар спортод дуртай вэ?

-Морин спортод дуртай. Бөхд ч дуртай л байлаа. Даанч тэд маань одоо өөрсдийгөө бөх гэдэг дээд төрөлтөн мэт үздэг болсон. Энгийн хүн мөртлөө энгийн бус мэт авирлаад ирэхээр сонин санагддаг болчих юм. Уг спорт нь бол сайхаан.

-“Баян” бас “ядуу” гэх үгийн учир, ялгаа таныхаар?

-Харьцангуй. Би хоёуланд нь харьяалагдана .

-Өнөөгийн залуучуудын давуу ба сул тал?

-Хүн гэдэг нийгмийн бүтээгдэхүүн болохоор тухайн үеийнх нь үнэлэмжээр хүн тус бүрээр үнэлэх асуудал л даа. Давуу тал нь биднээс өмнөх үе дээр бидний үеийнхний хийсэн, алдсан, оносон бүхэн тэдэнд сургалтын материал болж байна. Сул тал нь материаллаг зүйлд тэмүүлснээс үүдсэн их хүйтэн орон зайд амьдарна. Гэхдээ бидний энэ алдааг ухаарч засна биз дээ.

 -Залууст хандаж хэлэх үг?

-Дээр хэлсэнчлэн та нар биднээс он цагаар, мэдлэгээр илүү. Гэхдээ бид өнөөдрийг төсөөлж, бий болгож авчраагүй бол та нар авчрах байсан гэдгийг ойлгож, өмнөх үеэ хүндэлж, дараа үедээ зөв зүйл үлдээх хэрэгтэй. Бид өмнөх үеэс ухаантай, бүр дээр үед хүмүүс ухаалаг байсан гэх мэт ойлголтууд байхгүй шүү. Зөв зам, буруу зам л гэж бий Чиглэх зүг чинь дэлхийгээ хайрлах л байх аа даа.

АРХАНГАЙ СЭТГҮҮЛ

356   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох