Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-06-16

СОНГОГЧ ТА ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАЖ, СОНГУУЛЬДАА ЗААВАЛ ОРОЛЦООРОЙ

Солонгосын төр засаг, сонгуулийн байгууллагаас коронавирусийн тархалттай үед зохион байгуулж байгаа болохоор сонгогчдынхоо ирцэнд ихээхэн санаа зовж байсан байна. Гэтэл сонгуулийн үр дүн эрс өөр байж, сүүлийн 20 жилд байгаагүй, хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон байна. Иргэд нь үүнийгээ бид энэ хүнд хэцүү цаг үед эх оронч гэдгээ харуулж байна гэж тайлбарласан байна. Тэгэхээр бид ч бас бодох л асуудал.

Аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Цэрэннадмидтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн онцлог юу байна?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Архангай аймаг бүхэлдээ гурван мандаттай, нэг томсгосон тойрог болсон бөгөөд өмнөх сонгуулиудыг бодвол цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой бас хариуцлагатай сонгууль болж байна.  

-Мөн УИХ-ын сонгуулийг “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, 5-р сард Засгийн газраас гаргасан “Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар, /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх” журам, Улсын Онцгой Комиссоос гаргасан зөвлөмжийн  хүрээнд зохион байгуулж байна.

Хариуцлагатай гэдгийн учир нь нэр дэвшигчээс эхлэн түүний сонгуулийн штаб, ухуулах байр, сонгуулийн хороод, иргэд бүгд дээрх хууль, журмыг ягштал дагаж мөрдөх шаардлагатайг хэлж байгаа юм.

Нэг жишээ дурдахад, саяхан БНСУ санал авах байруудаа сайтар ариутгаж, иргэдээ маск, бээлий ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсээр бүрэн хангаснаараа, коронавирусийн цар тахлын үед ямар нэгэн эрсдэл гаргалгүй сонгуулиа амжилттай зохион байгуулсан. Солонгосын төр засаг коронавирусийн тархалттай үед сонгуулиа зохион байгуулж байгаа учраас  сонгогчдынхоо ирцэнд ихээхэн санаа зовж байсан байна. Гэтэл сонгуулийн үр дүн эрс өөр байж сүүлийн 20 жилд байгаагүйгээр, хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон байна. Иргэд нь үүнийгээ бид энэ хүнд хэцүү цаг үед эх оронч гэдгээ харуулж байна гэж тайлбарлажээ. Тэгэхээр бид ч бас бодох л асуудал.

-Сонгуулийг аймгийн хэмжээнд хүн хүчний ямар нөөцөөр зохион байгуулж байна вэ?

-Аймгийн Сонгуулийн хороо есөн хүн, сумдын Сонгуулийн хороо 5-7 хүн, хэсгийн хороо 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна. Мөн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа тул мэдээлэл технологийн баг болон мэдээлэл технологийн даамлууд, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд, цагдаагийн албан хаагчид болон цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд  хамтран нийт 1573 төрийн албан хаагчид сонгуулийн үйл ажиллагааг аймагтаа зохион байгуулж байна.

Манай аймаг нийт 5,0 мянга гаруй төрийн албан хаагчтай. Тэгэхээр бараг гурван албан хаагч тутмын нэг нь сонгуулийн зохион байгуулалтад ажиллаж байна гэсэн үг.

-Манай аймагт 19 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэднээс гурвыг нь сонгоно. Хэчнээн сонгогч саналаа өгөхөөр байгаа вэ?

-Энэ жилийн УИХ-ын сонгуульд Архангай аймагт нийт долоон нам эвслээс 15 нэр дэвшигч, бие даагч дөрвөн нэр дэвшигч, нийт 19 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнд: МАН-3, АН-3, “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-3, “ШИНЭ ЭВСЭЛ”-3, “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ”-2, “САХИГТУН! ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ”-1, “ЗОН ОЛНЫ НАМ”-1 хүн тус тус нэр дэвшсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас урьдчилсан байдлаар гаргасан тоогоор манай аймгийн хэмжээнд 62316 сонгогч 105 хэсгийн хороонд саналаа өгнө. Сонгогчдын тоогоороо Эрдэнэбулган сум хамгийн их буюу  14260, Цахир сум хамгийн бага буюу 1500 сонгогчтой байна.

-Сонгогчид саналаа өгөхөд юуг анхаарах вэ?

-Манай аймаг гурван мандаттай нэг тойрог болсон. Иймд сонгогчид нэр дэвшигчдээс өөрийн сонгохыг хүссэн зөвхөн гурван нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг. Харин гурваас цөөн буюу илүү нэр дэвшигчийг сонгосон тохиолдолд таны саналын хуудас хүчингүй болохыг онцгой анхаарах хэрэгтэй. Мөн сонгогчид саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн шалтгаантай бол тухайн иргэн санал авах байран дээр ирж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

-Санал авах байрын ариутгал цэвэрлэгээ, сонгогчдыг цар тахлын тархалтаас хамгаалахад чиглэсэн ямар зохион байгуулалт хийх вэ?

-Аймгийн Сонгуулийн хороо, аймгийн Онцгой комисс хамтран санал авах бүх байруудыг урьдчилан ариутгал хийнэ. Мөн санал авах өдөр саналаа өгөхөөр ирсэн иргэдийн халууныг хэмжин оруулж, маскгүй иргэдэд маск, бээлий өгч, гарыг нь ариутгана. Санал авах байранд хоёр цаг тутамд ариутгал цэвэрлэгээ хийж, хатуу гадаргуутай ширээ сандал, хаалга бариул болон санал тэмдэглэх бал үзгийг ариутгана. Мөн иргэний бүртгэлийн ажилтан техник хэрэгслээ, сонгогчийн  хурууны хээг унших бүрт зориулалтын бодисоор ариутгана. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид иргэдийг санал авах байрын гадаа олноор цуглахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулалт хийж ажиллана.

-Аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдод хандаж, нэмж хэлэх зүйл байна уу?

-Сонгуулийг сайн зохион байгуулахад төр засгаас зардал мөнгөнөөс эхлээд  шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчид ч ихээхэн хөдөлмөр, зүтгэл гарган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэдээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бүх ажлыг зохион байгуулж байна. Иймд сонгогчид маань сонгууль зохион байгуулж буй төрийн албан хаагчдын заавар зөвлөгөө, шаардлагыг биелүүлж, Үндсэн хуульд заасан онцгой эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллагаа дөрвөн жилд нэг удаа сонгодог боломжоо эх оронч сэтгэл гарган бүрэн дүүрэн хэрэгжүүлж, өөрсдөө санал авах байран дээрээ хүрэлцэн ирж, саналаа өгөн, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.  

 

425   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох