Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2020-05-07

ТОГТВОРТОЙ АМЬДРАЛЫН ТУЛГУУР

Тогтвортой хөгжил

Хүний алтан амь, эзэн суух газар нутаг, гарааны хөрөнгө бол тогтвортой амьдралын үндэс юм.

Д.МӨНХЖАРГАЛ

   Хөгжлийн асуудал ярихаас өмнө хүмүүсийн сайн сайхан амьдралын асуудлыг хөндөх хэрэгтэй юм. Юуны түрүүнд хүн төрөлхтний тогтвортой амьдралын тулгуур болох гурван эрхийн тухай хөндье. Монголчууд эртнээс хүний амийг хамгийн чухал зүйл, “алтан ураг”, "алтан амь", “алтан бие”, “эрдэнэт хүмүүн” хэмээж хүний амьд явах эрхийг нэн тэргүүнд өргөмжилсөн байдаг. Хэрэв хүний амьтай холбоотой асуудал гарвал "хүний амийг хөнөөхөд хүндтэй шалтгаан хэрэгтэй" хэмээн сургаж ирсэн хийгээд өнөөдөр цаазын ялгүй орон болохоо дэлхий дахинаа зарласан нь энэхүү уламжлалт сэтгэлгээтэй холбоотой юм. Гэвч өнөөдөр дайн тулаангүй атал дайтаснаас ч илүүтэй олон хүний алтан амь сүйдэж буй жишээ олширсоор. Үр хөндөх, хоол хүнсний хордлогод өртөх, хөрс, агаарын бохирдлын золиос болох, техник технологийн осол гэмтэлд нэрвэгдэх, террорист халдлагад гэнэт өртөх гээд хүний амь эрсдэх хүндтэй бус шалтгаан олширчээ. Иймээс хүний алтан амийг хамгаалах, хүний амьд явах эрхийг хангах асуудлыг тогтвортой амьдрал, хөгжлийн тулгуур болгон авч үздэг байх хэрэгтэй юм.  

   Дараачийн зүйл бол оршин буй газар нутагтаа эзэн байхын учир холбогдлын тухай юм. Монголчуудыг нүүдэлчид гэж ярьдаг боловч угтаа бол тэд тодорхой газар нутагт эзэн сууж, тэрхүү эзэмшил газар нутгаасаа холдолгүйгээр түүнийгээ эзний ёсоор хайрлан хамгаалж арчлан тордож амьдарч ирсэн уламжлалтай. Тэднээс асуулгүйгээр зөвшөөрөл авалгүйгээр газар нутгийг нь ухаж төнхөх, өөр зорилгоор ашиглах боломжгүй байсан бол эдүгээ тэдний газар нутагт юу хийхийг нийслэл хот, аймгийн төвөөс шийдвэр гаргадаг болсон. Хөндлөнгийн хүний шийдвэрийн нөлөөгөөр хонь ямаагаа маллаад өрх гэрээ тэжээгээд сэтгэл хангалуун амьдарч байсан "жинхэнэ эзэн" нэг  л өдөр хот газар тэнүүчлэн амьдрахаас өөр аргаүй болоод үр хүүхдүүд хойч үед нь хүндээр тусч байгаа нийтлэг дүр зургийг өөрчлөхгүйгээр тогтвортой амьдралын асуудлыг шийдэх боломжгүй юм. Францын эрдэмтэн Хюкийн тэмдэглэлд: Өвөр монголчуудын сэтгэгдлийг “Монголчууд чинь гэрт амьдарч, мал ахуйгаа маллаж байхдаа амар амгалан, бэл бэнчинлэг явлаа. Тэгтэл монголчууд байшин барьж, газар хагалаад эхэлтэл ядуурч дордлоо шүү дээ” хэмээн бичсэн нь тогтвортой амьжиргаанд тухайлсан орон нутагт эзэн байх нь чухал гэдгийг илэрхийлж байгаа юм. Туркийн зохиолч Ибшароглу Монголчуудын газар нутаг эзэмших соёлын талаар “Овог аймгуудад бэлчээр нутгийг хуваарилаж өгсөн байдаг бөгөөд хэдийгээр нааш цааш нүүдэг ч гэсэн овог аймаг бүр малын бэлчээрийн тусгай нутагтай байдаг” хэмээжээ. 

   Гутгаар зүйл бол орон байраар хангагдах, өв хөрөнгө өвлөх эрхийн асуудал юм. Монголчууд үр хүүхдээ гэр бүл болох үед гэрийг нь барьж өгч өрх тусгаарладаг, өмч хөрөнгө таслан өгдөг уламжлалтай. Зарим нутагт гэрлэсэн хосууд өмч авахаар ах дүү төрөл төрөгсдийнхөөрөө идээ будаатай зорин очдог заншил бий. Зэрлэг амьтанд хүртэл амь хоргодох агуйн булан олддог атал өнөөдөр том хотуудад амьдардаг залуучууд шууд л өр зээлээр амьдралаа эхэлж, залуу насны амьдралаа бакны барьцаанд тавьж буй. Уг нь эх дэлхий амьтан бүхнийг өлгийдөн авдаг, газар шороогоо алагчлалгүй хайрладаг атал нэг нь нөгөөдөө хүний оршин амьдрах анхдагч нөхцөлийг зарж борлуулдаг өгөөмөр бус зохиомол тогтолцоог бид буй болгожээ. Энэ байдлаас гарахгүйгээр тогтвортой амьдралын тухай санахын ч хэрэггүй юм.

   Финландын монголч эрдэмтэн Рамстед "Хятадууд бичиг баримтаар бүх зүйлийг үйлдэж чаддаг, аль хэдийн нас барсан хүүгээ хүртэл хүнтэй гэрлүүлж, хамаатан болдгийг бол сонссон, харин газар нутгийг зарна, нэг нь мөнгө, нөгөө нь баримт бичиг аваад болчихно гэдэг монголчуудад үнэхээр утгагүй сонстож байв. Нэг монгол үсрэн босоод тэнгэрт мандсан сарыг зааснаа "За чи тэр сарыг худалдаад авчих. Би чамд бичиг баримт үйлдээд өгье, хариуд нь чи харин надад мөнгө өгөөрэй" хэмээн шоолж билээ" хэмээсэн нь Монголчууд эртнээс нааш хүний оршин амьдрах анхдагч эрхийг эрхэмлэн дээдэлж ирснийг гэрчилнэ.

   Монголчуудын уламжлалт сэтгэлгээнээс авч үзвэл тогтвортой амьдралын үндсийн үндэс нь хүний алтан амь, эзэн суух газар нутаг, оршин амьдрах орон байр, ажил үйлс, амьдралтай залгах гарааны хөрөнгө гэсэн гурван язгуур хэрэгцээ, гурван язгуур эрхүүдэд оршин авай.

   /Германы Бонны Их сургуульд “Тогтвортой хөгжил-Монголчуудын уламжлалт сэтгэлгээ” сэдвээр лекц уншсаны дараа, профессор, багш, оюутнуудын хамт. 2017 оны 1-р сар/

Доктор, профессор Д.МӨНХЖАРГАЛ нь 1967 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 1988 онд УБДС-ийг төгсөөд Эрдэнэмандал сумын сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1989-1996 онд УБДС-д багш, 1996-2000 онд Гэгээрлийн яамны хэлтэс,  газрын даргаар ажилласан. 1996 онд Японы Айчигийн Боловсролын их сургуульд магистр, 2006 онд АНУ-д докторын зэрэг хамгаалсан. 2007-2012 онд ОССК-д дэд захирал, газрын захирал,  2012-2014 онд МУБИС-ийн проректор, 2014-2017 онд ректорын ажлыг гүйцэтгэсэн. 2018 оноос АНУ-ын Брүүкингс хүрээлэнгийн Бүх нийтийн үнэлгээ төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Архангай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн даргаар 14 дэх жилдээ ажиллаж байна. “Зая Түлкү” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга.

1272   3
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох