Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
FACT-CHECKING   2020-04-28

АЖИЛЛАСАН ТОСЫГ НЭРЖ, БЕНЗИН ГАРГАСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм.

Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн мэт харагдуулж байв. Харин тус мэдээллийг шалгахад худал байлаа. Ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаагүй, АИ-92 бензинийг колонкод нийлүүлээгүй байна. 

Мэдээллийг нягтлах явцад дараах баримтыг баталгаажууллаа. 

Архангай аймагт “Гайти” ХХК нь ажилласан техникийн тосыг дахин боловсруулж,  үйлдвэрлэл явуулахаар зэхэж байгаа аж. Мөн тус аймгийн Эрдэнэбулган сумаас ажлын хэсэг гарч,  газар дээр нь очиж шалгасан байна.

Шалгалтын тайланд тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Жаргалцэцэг  “Үйл ажиллагаа явуулаагүй, зуухны засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа” гэсэн тайлбарыг тус компанийн захирал өгсөн. Ажлын хэсгээс холбогдох зөвшөөрөл гарсны дараа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг сануулсан” хэмээн бичжээ. 

Харин бичлэгт гарч байгаа өтгөн хар утааны талаар  “Гайти” ХХК-ийн захирал Г.Ганбаяраас тодруулахад “Үйлдвэрийн галлагааны зуухыг халж буйг  шалгахаар тухайн үед үйлдвэрт байсан бензиний фракцийг маслотой хольж галласных” хэмээн тайлбарлалаа.  Мөн тэрбээр “Энэ утаа  15-20 минут орчим гарсан юм. Энэ үед бичлэг хийгдэж, олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Ер нь үйлдвэр ажиллаж эхэлбэл ямар ч утаа гарахгүй. Учир нь, дизель түлшээр галладаг зориулалтын буу ашигладаг юм. Янданд усаар дамжаад сэнсэн дэх шүүлтүүрээр шүүгддэг дамжлагатай. Энгийнээр бол монгол архи нэрэх технологитой төстэй.  Аюултай хог хаягдал болох ашигласан маслыг тодорхой шат дамжлагаар нэрж, боловсруулаад АИ-80 бензин, газ, мазот, дизель түлш гаргах боломжтой. Ийм хэрэгцээ манайд  бий. Энэ үйлдвэр ажиллавал Монгол Улсын стандартад тохирсон бүтээгдэхүүн гаргаж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Дараа нь борлуулалтын  асуудал яригдана” гэв. 

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайханаас ажилласан тосыг үйлдвэрт хэрхэн ашиглах болон манай улсад стандарт бий эсэхийг тодруулахад “Ажилласан техникийн тосыг нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь  хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаа юм. Олон улсад хог хаягдлыг аль болох дахин боловсруулах, эргүүлэн ашиглах замаар байгалийн баялгийг хэмнэх бодлогыг баримталж байна. Ашигласан техникийн тос нь аюултай хог хаягдалд ордог. Түүнийг шууд хөрсөнд хаяна гэдэг бол байгаль орчинд маш хортой үйл ажиллагаа. Хөрс, усыг их хэмжээгээр бохирдуулдаг. Ийм хог, хаягдлыг дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн хийнэ гэдэг сайн зүйл. Хаягдал тосыг нэрж моторын тос, гидравлик тос гэх мэт нефтийн бүтээгдэхүүнүүд гарган авах боломжтой.  Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Монгол Улсын стандартад нийцэж байж, зах зээлд гарах учиртай юм. Манай улс дизель түлш, бензин гэх мэт нефтийн бүтээгдэхүүнүүдийн стандарттай шүү дээ.Үүнд мэргэжлийн байгууллагууд нь хяналтаа тавиад ажиллах ёстой. Харин тухайн үйлдвэр байгаль орчинд хортой, хоргүй юу гэдэг нь  үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологиос хамаарна. Ажилласан тосыг шууд байгальд хаях нь үйлдвэрлэл явуулахаас илүү хортой. Нэг литр хаягдал тос нэг сая куб метр усыг бохирдуулдаг гэж үздэг”  гэв.

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia

О.Амарзаяа, Архангай медиа групп

А.Амартүвшин, Factcheck.mn,

Э.Эрдэнэцэцэг, ”Үндэсний шуудан” сонин

561   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох