Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
FACT-CHECKING   2020-04-15

“ХҮНСНИЙ НОГОО ГАДНААС АВАХЫГ ХОРИГЛОЛОО” ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!”  гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна. 

Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа.

Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад: “Хориглосон шийдвэр гараагүй. Дотооддоо тариалалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэсэн бол Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч: “Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг танилцуулахдаа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэрээ хүнсний ногоог дотоодоосоо хангах чиглэл баримтална гэсэн. Тэрнээс ХХААХҮЯ-нд ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэв.

Эндээс “Хүнсний ногоог гаднаас авахыг хориглолоо” гэх мэдээлэл нь худал гэдэг нь тодорхой байна. Мөн news.medleg.me цахим сайтад оруулсан бичлэгийг шалгаж үзэхэд,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гуравдугаар сарын 27-нд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан хэсгээс тасдаж авсан нь тодорхой байгаа юм. 

Уг бичлэг дээр Ерөнхий сайд:  Цаашдаа бид хүнсний ногоо, сонгино, сармис, байцаа, лууван гээд гадаадаас авмааргүй байна. Төмс, гурилаа бид 100 хувь дотоодоо хангаж байгаа. Энэ ажлуудаа сайн зохион байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал бид дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Үүнийг бас ХХААХҮЯ зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ илтгэе”  гэж хэлжээ.

 
 
 
 

Энэхүү мэдээлэлд бичсэн иргэдийн сэтгэгдлийг харахад: “Маш зөв, дэмжиж байна”, “Ямар сайхан мэдээ вэ”, “Баярлалаа” гэх мэтээр бичжээ.

Тус мэдээлэл нь нийгмийн сүлжээнд Залуус 2020 Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг Зүүн бүсийн иргэд, Өмнөговь шуурхай зар (15 Сум), Сонгинохайрхан Иргэдийн нэгдэл гэсэн фэйсбүүк группууд, Тусгаар Монголын Иргэд фэйсбүүк пэйжд тархаж, зарим аймгийн /Архангай/ ЗДТГ-ын групп хуудаснаа ч түгсэн байна. 

Мэдээллийг нягталсан: Fact-Check Mongolia

А.Амартүвшин-(Factcheck.mn)

Э.Эрдэнэцэцэг-(Үндэсний Шуудан сонин)

О.Амарзаяа-(Архангай медиа групп

Тодотгол:

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардлагатай болжээ.

Тиймээс мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж бид Fact-Check Mongolia хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байна.

409   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох