Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2020-03-27

ЗАСГИЙН ГАЗРААС 5,0 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХИЙХЭЭР БОЛЛОО

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд ард иргэд, хувийн хэвшлүүдийг дэмжих чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргаснаа мэдэгдлээ.

4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэл 6 САРЫН ХУГАЦААНД авах арга хэмжээ:

1. Бүх аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг бүрэн чөлөөлж, тэглэнэ.

2. Иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ авахгүй, бүрэн чөлөөллөө.

3. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлж байна.

4. Хувийн хэвшлийн ажилтан бүрт сард 200,0 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

5. Малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж хариуцна.

6. 18 нас хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20,000 төгрөг дээр нэмж 10,000 төгрөгийг 3 сарын хугацаанд нэмж олгоно.

7. 4-р сарын 15-наас шатахууны литр тутмаас 300-400 төгрөг буулгана.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ

Төсөвт тодотгол хийхгүй. Бүтээн байгуулалтын ажлаас танахыг хүсэхгүй байна. Цаана нь ажлын байр байгаа. Хөрөнгө оруулалтаа таначихвал дотоодын компаниуд ажлын байргүй болно.

Арилжааны банкуудын удирдлагууд болон Монгол банкны удирдлагатай уулзсан. Монгол банк бие даасан байгууллага. Арилжааны банкууд ангид байдаг хуультай. Эдгээр нь бидний удирдлагын гадна байдаг. Монгол банк бодлогын хүүгээ бууруулсан. Өшөө багасга гэдэг хүсэлт тавина.

Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандахыг хүсч байгаа. Бодлогын хүү, хадгаламжийн хүүгээ бууруулах хэрэгтэй. Ер нь шинэчлэл хийх цаг болсон.

Хүсэлт биелэгдэхгүй бол засаг арга хэмжээгээ авна. Арилжааны банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авагдах байх аа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

3-р сарын 26-ны байдлаар МУ-ын үндсэн төсөв 275,0 тэрбумаар дутуу явж байгаа.

5 их наядын эх үүсвэрийг Төрийн сангийнхаа мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийднэ. Бид санхүүгийн сахилгыг нэлээн сайн бэхжүүлж чадсан. Тулсан байсан өрийн дарамтуудыг нугалж чадсан учраас одоо байгаа мөнгөн хөрөнгийнхөө хүрээнд саадгүй шийдэх боломжтой.

Биднийг ажил авахад валютын ханш 1 тэрбум долларын нөөцтэй байсан одоо 4 тэрбумын нөөцтэй байна.

Эдийн засгийн бодлогын арга хэмжээг олон орны туршлагыг судалж, Хятадын эдийн засгийн бодлоготой уялдуулан авч байгаа. Алдаа гаргах эрх байхгүй. 7 хэмжиж 1 огтлох зарчмаар авсан арга хэмжээ юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ХҮНДРЭЛИЙГ ДАВЖ ГАРАХ БОЛОМЖ ЗАСГИЙН ГАЗАРТ БИЙ

Дараагийн 6 сарын төлөвлөлт бэлэн байгаа. Улсын эдийн засаг экспортон дээр тогтож байгаа. Зэсийн ханш унаад эхэллээ. Урд хөршийн эдийн засаг сайжирч байна. Хятадын талтай ярьж, нүүрсний экспортыг хэвийн байдалтай болгохоор эхний арга хэмжээнүүдийг авч байна.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих боломж энэ цаг үед бий болсон. Бид хүнс экспортолдог орон болох боломж бүрэн байгаа. Мал 70,0 сая хүрсэн. Энэ жил 25,0 сая төл хүлээн авна.

Мах, гурилын нөөц байгаа. Гаднаас авдаг, монголд үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүнийг авах асуудлыг зохицуулсан. Хүнсний хомсдол гарахгүй.

Ард иргэд сэтгэл зүйн худалдан авалтыг хийгээд хэрэггүй. Санаа зоволтгүй. Хоол хүнсээр хангах боломж байна.

СОНГУУЛЬ ХОЙШЛОГДОХ НӨХЦӨЛ ҮҮСЭЭГҮЙ

Бүх зүйл хуулийн дагуу явагдана. Сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна. Цагийн байдал өөрчлөгдөөд нөхцөл байдал хүндрээд ирвэл энэ тухай асуудлыг ярина. Өнөөдрийн байдлаар сонгууль хойшлогдох шалтгаан харагдахгүй байгаа. Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байгаа, УИХ хуралдаж шийднэ.

Энэ үед сонгууль ярихыг хүсэхгүй байна. 6-р сарын 2-ноос эхлээд л сонгуулийн компанит ажлаа ярих хэрэгтэй.

ВИРУСЭЭР УЛС ТӨР ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ

Ард иргэд маань Төр засгийнхаа шийдвэрт хүндэтгэлтэй, ухамсартай хандаж байна. Монголчууд нэгдэж, зохион байгуулалтад орж чаддаг юм байна. Нийлж нэгдэж хүндрэлийг давж чадна гэдгийг харж байна.

Дэлхий нийт дайны цагийн байдалд, үхэх үү сэхэх үү гэсэн ирмэг дээр байна. Бид амьдрах ёстой. Бие биенээ хайрлах хэрэгтэй. Коронавирус дээр улс төр хийгээд хэрэггүй. Энэ үед бид хамгийн хүнлэг байх ёстой.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа ард иргэддээ их санаа зовж байна. 150-160 мянган монгол иргэд цацсан шагай шиг амьдарч байна. Тэд жаргал хөөж яваагүй, амьдрал хөөж явсан юм шүү.

Бүх иргэдээ татаж авчирч чадахгүй, нуугаад яахав. Харин элэг нэгт монгол ахан дүүс маань тухайн орныхоо хууль дүрмийг баримталж, өөрийн эрүүл мэнд, бусдынхаа эрүүл мэндийг хамгаалахыг хүсч байна.

Эх орны чинь хөх тэнгэр, уул ус, ижий аавын чинь сэтгэл та бүхнийг өршөөж, тэтгэж дэмжинэ гэдэгт итгэж байна.

 

843   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох