Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2020-02-11

ЦАЛИНГАА НЭМСНИЙ ЦААД УЧИР...

Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр “цалингаа нэмэгдүүлэх шийдвэр дээр өөрөө гарын үсэг зурсан” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд болон зарим сайт дээр түгээд байна. Тодруулбал, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020.02.06-ны өдрийн 11-р тогтоолыг нийтэлжээ.

Энэ тогтоолоор хурлын даргын үндсэн цалинг 1700,900 төгрөг болгож, шинэчлэн тогтоогоод, түүнийг нь 2020.01.02-ны өдрөөс тооцож олгохоор шийдвэрлэсэн байна. Ингээд уг тогтоолд хурлын дарга гарын үсэг зуржээ.

Гол асуудал нь: хурлын дарга цалингаа нэмэгдүүлсэн шийдвэрт өөрөө гарын үсэг зурсанд байгаа юм. Тэгвэл дээрх тогтоолыг гаргахдаа үндэслэсэн хууль, тогтоомжийг задлан шинжилье.

ЦАЛИНГАА НЭМСЭН “ГАРЫН ҮСЭГ”

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.2-т: Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэсэн байдаг аж. Үндсэндээ өөрийг нь сонгох, чөлөөлөхөөс бусад бүх тогтоолд зөвхөн хурлын дарга гарын үсэг зурдаг байх нь. Харин хурлын даргын эзгүйд даргын санал болгосноор хэн нэгэн Тэргүүлэгч хуралдааныг удирдаж болох эрх зүйн зохицуулалт байдаг юм байна.

Хурлын даргын удирддаг бүрэлдэхүүн буюу хурлын тэргүүлэгчдээр цалингаа тогтоолгож, өөрөө гарын үсэг зурах шаардлага байсан уу?

Архангай аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Батдорж тэтгэвэрт гарах болсноор 2019 оны 12-р сарын 20-ны өдөр шийдвэрээ гаргуулж, 12-р сарын 31-нд ажлаа хүлээлгэн өгчээ. Хурлын ажлын албыг ахалж, санхүү болон тушаал зэрэгт 1-р гарын үсэг зурдаг нарийн бичгийн даргын албан тушаалд дахин томилгоо хийгдтэл хурлын дарга үүргийг нь хавсран гүйцэтгэж байгаа юм байна.

Зарчмаар бол хурлын Нарийн бичгийн дарга цалин нэмэх тушаал гаргаж, гарын үсэг зурах учиртай. Харин Архангай аймгийн ИТХ-ын нөхцөл байдал дээр нарийн бичгийн даргын ажлыг хавсарч байгаа хурлын дарга өөрөө өөртөө тушаал гаргаж болохгүй тул Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, цалин нэмэгдүүлэх асуудлаа шийдвэрлүүлсэн юмсанж.

НАРИЙН БИЧГЭЭ ЯАГААД ТОМИЛОХГҮЙ БАЙГАА ВЭ?

Нарийн бичгийн даргын ажлыг хурлын дарга хавсарч байгаа тухайд аймгийн ИТХ-ын ажлын албаны холбогдох ажилтны өгсөн тайлбар:

Эрхэлсэн түшмэлийн албан тушаалын тусгай шаардлага хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтан байхгүй тохиолдолд түр орлон гүйцатгэгч томилох боломжгүй ба ИТХ-ын дарга нь өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд хурлын байгууллагыг төрийн захиргааны удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн туслалцааг Тэргүүлэгчдэд өгч, хуулийн хүрээнд ажиллах нөхцөл боломжоор хангах ёстой албан тушаал юм.

Хуульд нийцүүлэх үүднээс хууль бус томилгоо хийхгүй гэж Төрийн албаны төв зөвлөлд сул албан тушаалын мэдэгдлээ хуулийн хугацаанд нь хүргүүлсэн. Тэндээс сул албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаад Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлж, Тэргүүлэгчид томилох хуулийн заалттай

Төрийн албаны зөвлөл энэ асуудлыг хуулийн хугацаанд буюу ойролцоогоор хоёр сарын дотор сонгон шалгаруулалт зарлаад асуудлыг шийдвэрлэх ёстой.

Энэ хугацаанд төсвийн шууд захирагчийн эрх мэдлийг хэн нэгэн хүнд заавал орлон гүйцэтгэгч нэрээр шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Аль болох түр орлон гүйцэтгэгч нэртэй хууль бус томилгооноос татгалзах нь зүйтэй юм.

Өмнөх туршлагаар Тэргүүлэгчид томилно гэдгээрээ “Бид өөрийн хүнээ тавих эрхтэй” гэдэг буруу хандлага байснаас болж, хурлын нарийн бичгийн даргад улс төрийн томилгоо хийж ирсэн. Уг нь энэ албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд төрийн албаны хуулиар зохицуулагдаж байх ёстой.

ХУРЛЫН ДАРГЫН ЦАЛИНГ ЯАГААД НЭМСЭН БЭ?

2020 оны 1-р сараас төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлсэнтэй уялдуулан “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 472-р тогтоолыг Засгийн газар 2019 оны 12-р сарын 25-нд гаргажээ. Энэ тогтоолын 2-р хавсралтаар Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ буюу цалингийн шатлал, албан тушаалын зэрэглэлийг тогтоосон байна.

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар УИХ-ын 2019 оны 19-р тогтоолоор баталгаажуулсан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлээр бол улс төрийн албан тушаалтан буюу ТӨ-5 гэсэн зиндаатай. Улс төрийн албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоосон хууль байхгүй тул тэдгээрийн цалинг УИХ-ын 2019 оны 63-р тогтоолын хавсралт буюу Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрээр тооцдог байна.

Тодруулбал, ТӨ-5 зиндааны албан тушаалтны цалинг Төрийн захиргааны албан тушаалтны цалингийн сүлжээний хамгийн өндөр шатлал буюу ТЗ-15-3 /1232536 төгрөг/-ыг итгэлцүүрийн хэмжээгээр /ТӨ-5 нь 1,38/ үржүүлэн тогтоодог аж. Энэ тооцооллоор аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар 2020 оноос эхлэн бүгд 1700900 төгрөгийн цалинтай болжээ.

3830   12
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох