Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-01-31

АРХАНГАЙД 1-Р САРД ӨРНӨСӨН ҮЙЛ ЯВДАЛ

АРХАНГАЙД ЭНЭ САРД ӨРНӨСӨН ҮЙЛ ЯВДАЛ

СУМДААС МЭДЭЭЛЖ БАЙНА

ХАШААТ

ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН АЖИЛЛАВ

Өнгөрсөн долоо хоногт улс, аймгийн Онцгой байдлынхан Хашаат суманд ажиллажээ. Эмч нарын бүрэлдэхүүн багийн иргэдэд хүрч, эрүүл мэндийн үзлэг хийсэн байна. Хашаатын Жаргалант багаас бусад багт нь өвөлжилт хүндэрсэн. Малчид нь Өлзийт сум, Булганы Гурванбулаг, Могод, Төв аймгийн Эрдэнэсант руу отроор нүүжээ. Отор нүүдлийн зөрчил ихтэй байгаа ба зарим малчид хаваржаандаа бууж байна.

ТАРИАТ

МАЛЫН ХУЛГАЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ

Тариат сумын Бөөрөлжүүт багийн малчин Н-ын бэлчээрт яваа адуунаас хоёр гүү хулгайлсныг богино хугацаанд илрүүлжээ. Хоёр гүүг хулгайлсан хүмүүс Завхан аймгийн Алдархаан сумын ах дүүс байжээ. Хулгайчийг барихад Цахир сумын мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг, Солонготын даваа орчмын айл өрхийн иргэний мэдээлэл тус болжээ.

ЦЭЦЭРЛЭГ

ДОТУУР БАЙРНЫ ОРНЫ ХҮРТЭЭМЖ САЙЖИРЛАА

Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургууль нь Франц улсын SUJE төрийн бус байгууллагатай 2012 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ байгууллагаас эрэгтэй сурагчдын дотуур байранд 9,6 сая төгрөгийн өртөг бүхий 40 хүүхдийн 20 ширхэг давхар ор, 40 ширхэг хөнжил, гудсыг хандивлалаа. Ингэснээр сурагчид тус тусын ортой болоод байна.

БУЛГАН

ЖИШИГ ХОРООЛОЛТОЙ БОЛОВ

Булган сумын иргэд, ойн мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хамтран Зуун мод багийн Нураг хорооллыг жишиг хороолол болголоо. Үүнд ОНХС-ийн хөрөнгө 13,5 сая төгрөгөөр гүний худаг барьж, 30 өрхийн хашааны банзыг хөрөө рамуудаар үнэгүй зүсүүлж шинэчилжээ. Энэ ажилд 10 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.

ЦАХИР

ПААРАЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуудан Цахир сумын ИТХ-ын ажлын албанаас сумын аварга шалгаруулах паарайн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 72 тамирчин оролцов. Паарай хэмээх тоглоом нь хуучнаар сайн ноён аймгийн Далай чойнхор вангийн хошууныхан түүний дотроос одоогийн Цахир, Хангай, Тариат сумынхны дунд дэлгэрсэн тоглоом юм.

ӨЛЗИЙТ

ДАРХЛААГ ДЭМЖИХ САРЫН АЯН ЭХЛҮҮЛЖЭЭ

Өлзийт сумын ЭМТ-өөс санаачлан үдийн цайнд хамрагддаггүй ахлах, дунд ангийн хүүхдүүдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 10 хоногийн дархлаа дэмжих аяныг эхлүүлжээ. Энэ хүрээнд хүүхэд бүр амны хаалт зүүж хэвших, өдөр бүр витаминжүүлэх аяныг өрнүүлж байгаа юм байна.

ЭРДЭНЭМАНДАЛ

ГУРВАН ЭЭЛЖИЙН АМНЫ ХААЛТЫГ ХЭРЭГЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Эрдэнэмандал сумын Эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэгийн 250, сургуулийн 1-р ангийн 96 хүүхдэд 5 хоног хэрэглэх С витаминыг удирдлагуудад нь хүлээлгэн өглөө. Мөн иргэдэд амны хаалт хэрэглэх болон томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх гарын авлага тарааж, сурагчдыг 3 ээлжийн амны хаалт хэрэглүүлж эхэллээ.

ЖАРГАЛАНТ

ХҮҮХДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛОВ

Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас “Сум орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн Хүүхдийн хөгжил хамгаалал хүрээн дор анх удаа болж байгаа энэ чуулганд сумын сургуулийн 6-12 дугаар ангийн тэргүүний 100 гаруй сурагч оролцсон байна.

ТӨВШРҮҮЛЭХ

ШИНЭ БАРИЛГУУД АШИГЛАЛТАД ОРОВ

Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын хоёр давхар шинэ байр ашиглалтад орлоо. Барилгыг Улаанбаатар хотын “Бридж констракшн” компани улсын төсвийн 650,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан байна. Мөн ХААН банкны Төвшрүүлэх тооцооны төв шинэ байртай болсон нь Архангай аймгийн хэмжээнд, банкны стандартад нийцсэн гурав дахь байгууламж болжээ.

ӨГИЙНУУР

УЛСЫН  АВАРГЫН ТЭМЦЭЭНҮҮДЭЭС МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Залуучуудын Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Өгийнуур сумын тамирчин Б.Алтангэрэл хүрэл медаль хүртжээ. Мөн Жижүцү Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 85 кг-ийн жинд Т.Ганбат хүрэл медаль, 69 кг-ийн жинд Ц.Бөхбаатар мөнгөн медаль хүртсэн байна.

ЦЭНХЭР

МӨСНИЙ БАЯР БОЛОВ

Шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан Цэнхэр суманд Мөсний баярыг хийжээ. Жил бүр уламжлал болгон явуулдаг энэ баярт 100 гаруй иргэн, албан хаагч оролцсон байна. Арга хэмжээг сумын ИТХ, ЭМТ зохион байгууллаа.

ЧУЛУУТ

“ЧУЛУУТ ҮЙЛДВЭРЛЭЛ-2020”  ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОВ

“Чулуут үйлдвэрлэл-2020”  үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулж, 18  иргэн,  цагаан идээ, талх, гурилан бүтээгдэхүүн, оёдол,  суран эдлэл,  монгол гутал зэрэг төрлөөр  оролцжээ. Бүтээгдэхүүнүүдээс шалгаруулаад тэргүүн байранд орсон иргэнийг 2,0 сая төгрөгийн зээл авах эрхийн бичгээр урамшуулжээ.

ХАНГАЙ

"ТЭРХИЙН ЖАВАР - 2020" МӨСНИЙ БАЯР БОЛОВ

Энэ жилийн мөсний баярын тэмцээнүүдийг сумын ИТХ, Хүүхдийн цэцэрлэг хамтран зохион байгууллаа. Энэ баярт сумын зургаан багийн малчид, иргэд, төрийн албан хаагчид, мөн Тариат, Цахир сумын иргэд оролцлоо. Олс таталт, мөсөн шагай, сумо, волейбол, тэшүүр, буухиа тэмцээнүүд болж, мөн үндэсний хувцсаар Хос дээл уралдаан явуулав.

ӨНДӨР-УЛААН

БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ХУРАЛДАВ

Өндөр–Улаан сумын төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын шинэ оны анхны хуралдаан болжээ. Энд цаг үеийн асуудал болон томуу ,томуу төст өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Мөн төрийн албан хаагчид, иргэдийн  хөдөлгөөний  эрүүл мэндийг дэмжих зорилгоор 2, 4, 5, 9-р саруудад тэмцээн, явган аялал, спартакиад зэргийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

ХОТОНТ

БҮЖГИЙН ӨДРИЙГ БИЙ БОЛГОЖЭЭ

Хотонт сумын Соёлын төвөөс төрийн албан хаагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний эрүүл мэндийг нь дэмжих зорилгоор долоо хоног бүрийн пүрэв гаргийг Бүжгийн өдөр болгожээ.

БАТЦЭНГЭЛ

“МАЛЧИД ДУУЛЖ БАЙНА” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Малчин телевизээс зохион байгуулж буй “Малчид дуулж байна” улсын хоёрдугаар уралдааны Гала тоглолтонд Батцэнгэл сумын Дайр бор багийн малчин Л.Соёлмаа, С.Нэргүй нар шалгаран оролцжээ. Шилдэг 32 малчнаас Л.Соёлмаа 7-р байр, С.Нэргүй тусгай байранд шалгарсан байна.

АРХАНГАЙ МЕДИА ГРУППИЙН СУМЫН СУРВАЛЖЛАГЧ НАР:

БАТЦЭНГЭЛ:           Н.БАЗАРДЭРЭГ

БУЛГАН:                    П.ОЮУНЧИМЭГ

ЖАРГАЛАНТ:            М.БАЯРМАГНАЙ

ИХТАМИР:                Б.ПҮРЭВДАМБА

ӨГИЙНУУР:             Д.ОЮУНБААТАР

ӨЛЗИЙТ:                  Т.ЭНХЦЭЦЭГ

ӨНДӨР-УЛААН:       Л.ЦЭВЭЛМАА

ТАРИАТ:                    В.ХАСБААТАР

ТӨВШРҮҮЛЭХ:         Ч.ТҮМЭНЖАРГАЛ

ХАНГАЙ:                    Э.СУВД-ЭРДЭНЭ

ХАШААТ:                   А.ЛХАГВАСҮРЭН

ХОТОНТ:                   И.БҮЗМАА

ЦАХИР:                     Л.ГАНХУЯГ

ЦЭНХЭР:                  Х.ЭНХМАНДАЛ

ЦЭЦЭРЛЭГ:             Д.ДАШНЯМ

ЧУЛУУТ:                   А.БААСАНЖАРГАЛ

ЭРДЭНЭМАНДАЛ:   Б.ОТГОНСҮРЭН

1194   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох